Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 46

 

“Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, Б.Болдбаатар, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 667 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0752 дугаар магадлалтай, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 271.6 дугаар зүйлийн 271.6.2, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1, 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Болд төмөр Ерөө гол” ХХК-аис Гаалийн ерөнхий газрын дарга, Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 16/06 дугаар удирдамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0752 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16/06 дугаар удирдамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гааль, татварын ерөнхий газрын /хуучин нэршилээр/ эрсдэлийн удирдлагын газраас хийгдсэн судалгаагаар “Болд төмөр ерөө гол” ХХК эрсдэл бүхий гэж үнэлэгдсэн байдаг.

Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар “Гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор чөлөөт эргэлтэнд байгаа барааны мэдээллийг үнэн зөвийг шалгах эрхтэй”.

Чөлөөт эргэлтэнд байгаа барааны үнэн зөвийг шалгах зорилгоор гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 235.2 дахь хэсэгт зааснаар шалгалт хийх мөн хуулийн 249.1 дэх хэсэгт “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна” гэж заасан.

 Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-аар эрсдэл бүхий аж ахуйн нэгжид бүрдүүлэлтийн дараах хяналт, шалгалтын удирдамжийг Гаалийн ерөнхий газрын дарга батлах эрхтэй гэж заасан байдаг.

Улмаар Гааль, татварын ерөнхий газрын дарга 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 16/06 дугаар бүхий хяналт шалгалтын удирдамжийг баталж, үүний дагуу “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн 2011-2015 оны татварын ногдуулалт, төлөлт болон гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн байдалд хяналт шалгалт хийх гэж тодорхойлсон.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсэний үр дүнд огт илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарснаар цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гаргахад чиглэгдсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...“Болд төмөр ерөө гол” ХХК-д бүрэн шалгалт хийх гэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хяналт шалгалт хийх удирдамжийг баталж байгаа асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн үйлчлэлд хамааралгүй, харин уг удирдамжийн хүрээнд явуулах хяналт шалгалтын дүнд татвар төлөгчид хариуцлага ногдуулах болон албан татвараас чөлөөлөх харилцаанд энэ хуулийг хэрэглэх зохицуулалттай байна.

Татвар болон гаалийн хууль тогтоомжоор татвар төлөгч нь албан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлээ Гааль, татварын байгууллагад мэдүүлж, холбогдох албан татварыг төлөх үүрэгтэй.

Гагцхүү эрсдэл бүхий аж ахуйн нэгж байгууллагад энэхүү үүргийн биелэлтийг хангуулахын тулд дээрх хяналт шалгалтын удирдамж батлагддаг тул шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хяналт шалгалтын явцад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хүрээнд ил болгоогүй хөрөнгө, орлого илэрвэл холбогдох хариуцлага хүлээлгэх тухай ярьсан болохоос тайланг үнэн зөв гаргасан эсэхэд хяналт шалгалт хийх тухай огт яриагүй билээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан.

Хэдийгээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдан гарсан ч татварын албанаас хийгдэх хяналт шалгалтыг хийхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 221 дугаар зүйлийн 221.1.1 -т “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах”, 221 дугаар зүйлийн 221.1.2-т зааснаар “татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих” нь татварын албаны чиг үүрэг байдаг.

Гэтэл шүүх магадлалдаа “Болд төмөр Ерөө гол” ХХК-д бүрэн хяналт шалгалт хийх гэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгтэй заасантай зөрчилдөж байна" гэж дүгнэсэн нь татварын албыг татварын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байна. Татварын хууль тогтоомж нь өөр хоорондоо харилцан уялдаатай хэрэгждэг. Жишээлбэл, компани өөрийн эзэмшилдээ автотээврийн хэрэгсэлтэй байлаа гэхэд түүнийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд үндсэн хөрөнгөөр бүртгэж, элэгдлээр нь татвар ногдох орлогоос хасч тооцно.

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд заасны дагуу төлбөр төлнө.

Дээрх бүгд албан татвар, төлбөр төлсөн эсэхийг холбогдох татварын тайланг үндэслэн татварын улсын байцаагч хянан шалгана. Ийнхүү хяналт шалгалт хийх гэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан "... тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж заасныг зөрчихгүй юм.

Гагцхүү татварын хууль тогтоомжийн уялдаа, нягтлан бодох бүртгэлээс хамаарч татварын хяналт шалгалтын удирдамжийг өргөн цар хүрээтэй баталсан нь татвар төлөгчийн ил тодын тайланг нотлох баримт болгон ашиглах, захиргааны хариуцлага хүлээлгэх гэсэн хэрэг биш юм.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа "... хууль тогтоогчоос холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр зөрчлөө ил тод болгосон хувь хүн, хуулийн этгээдийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, ийнхүү чөлөөлөхөөр заасан үндэслэлээр дахин хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг гаргасны үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээс зөрчлөө ил тод болгон мэдүүлсэн байхад тэдгээрийн тайлагнасан тайлан, мэдүүлгийг хугацаа, хүрээг хамруулан хяналт шалгалт хийхээр удирдамж баталж байгаа нь нэхэмжлэгчийн дээрх хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн ...” гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Болд төмөр Ерөө гол” ХХК-аас “Гааль, татварын ерөнхий газар /хуучин нэрээр/-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16/06 дугаартай “Хяналт шалгалтын ажлын удирдамж”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа “удирдамж” нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх захиргааны үйл ажиллагааны хэлбэр болох захиргааны актын гадагш чиглэсэн болон эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн захирамжилсан шинжийг агуулаагүй байна.

 Тодруулбал, дээрх хяналт шалгалтын ажлын удирдамжаар “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн 2011-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлт болон гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, эд юмс, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн байдалд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хуулийн хариуцлага хүлээлгэх, Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс ажлын 10 өдөрт багтаан гүйцэтгэхээр баталжээ.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” гэж зааснаар татварын улсын байцаагч нь аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх эрхтэй бөгөөд уг хяналт шалгалтаа энэ хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэж зааснаар байгууллагын даргын баталсан удирдамжийг үндэслэн явуулахаар байна.

Өөрөөр хэлбэл, удирдамж нь эрх бүхий албан тушаалтнаас улсын байцаагчид хяналт шалгалт явуулах бүрэн эрхийг нээсэн буюу байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулсан дотогш чиглэсэн баримт бичиг юм.

Нөгөөтэйгүүр, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.13-д “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж зааснаар нэхэмжлэгч нь татварын тайланг үнэн зөв гаргаж, татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй байна. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаад дээр дурдснаар эрх бүхий захиргааны байгууллага хяналт тавих эрхтэй бөгөөд харин нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй.

  Удирдамж батлагдснаар нэхэмжлэгч “Болд төмөр Ерөө гол” ХХК-д татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийх үндэслэл бий болохоос бус нэхэмжлэгчид шууд чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно.

Учир нь татварын улсын байцаагч нар дээрх удирдамжийн дагуу нэхэмжлэгч компанийн татвар төлөлт, санхүүгийн тайлан тэнцэл гаргах үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдах байгаа эсэхийг хяналт шалгалтаар тогтоож, хуульд заасан шийдвэр гаргах бөгөөд хэрэв уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн бол Татварын ерөнхий хуулийн  17 дугаар зүйлийн 17.1.6-д “татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах” гэж зааснаар гомдол гаргах эрхтэй байна.

Гэтэл захиргааны байгууллага хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үүднээс зөвхөн хяналт шалгалт явуулах удирдамж баталсан, хяналт шалгалтаар зөрчил илрэх эсэх нь тодорхой бус, эрх зүйн үр дагавар үүсээгүй байхад нэхэмжлэгчээс урьдчилан таамаглаж, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй... ” хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Дээрхээс үзвэл хяналт, шалгалтын удирдамж нь захиргааны акт биш бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байхад шүүх удирдамж хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...удирдамж нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй...” гэх хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 667 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0752 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, “Гааль, татварын ерөнхий газар /хуучин нэрээр/-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16/06 дугаартай “Хяналт шалгалтын ажлын удирдамж”-ыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                ШҮҮГЧ                                                                     Л.АТАРЦЭЦЭГ