Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2027/ШЦТ/389

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Д.Э.Ут холбогдох эрүүгийн ................... тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .......-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "..."-д зөөгч ажилтай, ам бүл 4 аав, ээж дүүгийн хамт, ......тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай  Д.Э.У / РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.У нь 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 07-98 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр С.Мөнхнямыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороолол хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн Худалдаа хөгжлийн банкны картнаас 600 доллар авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Хохирогч С.Мөнхням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 13 дугаар хорооллоос Тоёота аллион маркийн саарал өнгийн машинд сууж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороолол хүргүүлээд уг машинд хар өнгийн түрийвчтэй бичиг баримтаа мартаж буусан. Тэгээд шөнө 04 цаг 43 минутанд миний Худалдаа хөгжлийн банкны 415025264 тоот олон улсын данснаас 600 долларын зарлага гарсан гэж утсанд мессэж ирсэн ба Худалдаа хөгжлийн банк руу ярьж картаа хаалгаад цагдаад мэдэгдсэн...” гэжээ. / хх-16-17-р тал/

 

Гэрч Т.Гэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Э.У нь Циркийн ойролцоо "Старс паб"-д зөөгч хийнэ гэж надад хэлж байсан. Яг тэндээ ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй. Э.У одоо цагаан өнгийн Тоёота аллион маркийн автомашинтай уг автомашиныг түүний эцэг, эх хоёр 3 жилийн өмнө авч өгч байсан...” гэжээ. / хх-22-р тал/

 

Гэрч Ж.Жаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...С.Мөнхням нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улс руу 3 сарын аяллын визтэй явсан. Хэзээ ирэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Таксинд эд зүйлээ орхиод буцааж авсан. Тэр үед нь би хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байсан. Нөхөр маань эд зүйл, мөнгөө буцааж авсан хохиролгүй болсон байгаа...” гэжээ. / хх-60-61-р тал /

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, Ял шийтгэлийн хуудас /хх-41/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-36-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.У нь 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 07-98 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн С.Мөнхнямыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороолол хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн Худалдаа хөгжлийн банкны картнаас 600 доллар авч завшсан болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 13 дугаар хорооллоос Тоёота аллион маркийн саарал өнгийн машинд сууж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороолол хүргүүлээд уг машинд хар өнгийн түрийвчтэй бичиг баримтаа мартаж буусан. Тэгээд шөнө 04 цаг 43 минутанд миний Худалдаа хөгжлийн банкны 415025264 тоот олон улсын данснаас 600 долларын зарлага гарсан гэж утсанд мессэж ирсэн ба Худалдаа хөгжлийн банк руу ярьж картаа хаалгаад цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлгээр /хх-16-17тал/,  гэрч Т.Гэрэлийн “...Э.У нь Циркийн ойролцоо Старс пабд зөөгч хийнэ гэж надад хэлж байсан. Яг тэндээ ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй. Э.У одоо цагаан өнгийн Тоёота аллион маркийн автомашинтай уг автомашиныг түүний эцэг, эх хоёр 3 жилийн өмнө авч өгч байсан...” гэх мэдүүлгээр /хх-22 тал/, гэрч Т.Жаргалын “...С.Мөнхням нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улс руу 3 сарын аяллын визтэй явсан. Хэзээ ирэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Таксинд эд зүйлээ орхиод буцааж авсан. Тэр үед нь би хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байсан. Нөхөр маань эд зүйл, мөнгөө буцааж авсан хохиролгүй болсон байгаа...” гэх мэдүүлгээр /хх-60-61тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч Э.Уыг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Э.Ут Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Ут торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх шүүгдэгчийн төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Э.Уыг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Эрдэнэбатын Э.Уыг 450 / дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.У нь торгуулийн ялаас зайлсхийвэл арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргуулах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ