| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2017/0377/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/375 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Э-ын А-д холбогдох эрүүгийн 201626031027 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Оюунгэрэл, хохирогч С.Д, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт хххх тоотод оршин суух хаягтай, кофе шопд ажилтай, Ц овогт Э-ын А- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Нэг. Шүүгдэгч Э.А нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах үйлдлээр
1. 2016 оны 09 сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн 1 давхарын алт үнэт эдлэлийн лангуун дээрээс Г.Л-ын 1 ширхэг алтан бөгжийг хулгайлж 380.188 төгрөгийн хохирол учруулахыг завдсан,
- 2016 оны 09 сарын 21-ний оройн 16:00-17:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төвийн 16 дугаар павилоны 5 дугаар лангуун дээрээс иргэн С.Дын Айфоне Эс-6 маркийн гар утас хулгайлж 920.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан,
2. 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 20:000 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос-Өргөө-1” хотхоны 29а-73 тоотод оршин суух Б.Ц-гийн гэрээс Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлж 959.400 төгрөгийн хохирол учруулсан,
- 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рок кофе шопд үйлчүүлж байсан Б.Цэ-ы ширээн дээр тавьсан гар утсыг хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2016 оны 07 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Сайнбилэгийн гэрээс бэлэн 450.000 төгрөг хулгайлж хохирол учруулсан,
- 2016 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэгээнтэн хотхоны CUE нэртэй паб-д иргэн Л.А-ийн цүнхнээс 740.000 төгрөг, 39.000 төгрөгний гар утасны чихэвч, цэнэглэгч хулгайлж 779.000 төгрөгний хохирол учруулж, нийт бусдад 4.178.588 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт,
Хоёр. Мөн хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах үйлдлээр:
1. 2016 оны 10 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Голомт банкны хажуу талын “кофе шопт” иргэн Л.Т-гийн Айфоне Эс-6 маркийн гар утсыг худалдаж авна гэж итгүүлсэн дуураймал гар утсаар сольж, залилан 920.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2016 оны 10 сарын 24-нд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ti Аmoi” кофе шопт иргэн О.Т-ийн Айфоне-7 плас маркийн гар утсыг худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2016 оны 11 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “DBH building-901” тоот өрөөнөөс иргэн Г.Б-ын Айфоне-7 гоулд маркийн гар утсыг худалдаж авна гэж итгүүлсэн дуураймал гар утсаар сольж залилан 1.557.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2016 оны 11 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Tom Toms” кофе шопт иргэн М.Г-ын Айфоне-7 плас гар утсыг худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.890.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2016 оны 10 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Blue sky төвийн 407 тоот өрөөнөөс иргэн А.А-ын Айфоне-6 плас маркийн гар утсыг худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.024.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2016 оны 10 сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн орчмоос иргэн Х.Мөнхдөлийн Айфоне 7 плас гоулд маркийн гар утсыг худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.832.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2016 оны 11 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден хотхоны орчимд иргэн Б.Н-ын Айфоне 7 плас гар утсыг худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2016 оны 11 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-баатарын Айфоне 7 плас гар утсыг худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2016 оны 09 сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэди төвийн 14-р павилоны 9 дүгээр лангуун дээрээс иргэн Д.Э-гийн Айфоне 6 эс маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 920.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2016 оны 11 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Гранд плаза дэлгүүрийн урд талд иргэн Э.Э-ийн Айфоне 7 маркийн гар утсыг худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.557.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2016 оны 11 сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 302 тоот өрөөнөөс иргэн Д.Г-ын Айфоне 7 плас маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2016 оны 09 сарын 23-ны өдөр, 2016 оны 09 сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” төвийн 9 дүгээр павилоны 5 дугаар лангуунаас иргэн С.У-ын Айфоне 6, Айфоне 6 эс, Айфоне 6 плас гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээр бусдад нийт 20.260.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Э.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Хохирогч Л.А-ийн цүнхэнд 740.000 төгрөг байгаагүй. 30.000 төгрөг байсан. Байцаагч надад хохирогчийн мэдүүлгээр явдаг гэж хэлсэн учраас 740.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Гар утасны чихэвч, цэнэглэгчийг би аваагүй. Бусад бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирол болон үнэлгээний үнийн дүн дээр маргаан байхгүй. Би хохирогч Л.А-т учруулсан 779.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна.
Мөн хохирогч Б.Ц-, Л.А-, Б.Цэ-, О.Т- нарын хохирол нийлээд 4.528.400 төгрөг болж байгаа. Эдгээр хохирогч нарын хохирлыг бүрэн төлнө. Надад хулгай, залилан хийх ямар нэгэн шалтгаан байгаагүй. Эдгээр хэрэгт намайг өөр хэн нэг хүн уруу татсан, удирдан зохион байгуулсан, зааж зөвлөсөн зүйл байхгүй.
Би дуураймал гар утсуудыг ашиглах боломжтой гэдгийг фэйсбүүкээс өөрөө олж мэдсэн. Айфоне-7 загварын оригиналь биш дуураймал гар утсуудыг 500.000 төгрөгөөр, Айфоне Эс-6 загварын оригиналь биш дуураймал гар утсыг /Эс-6/ 300.000 төгрөгөөр худалдан авдаг. Эдгээр хуурамч утаснуудыг худалдан авах мөнгөө тухайн үед хүн залилсан мөнгөөрөө авдаг байсан. Эд мөрийн баримтаар хураагдсан оригиналь биш гар утсууд нь ашиглаж болох утаснууд юм. Хэрэгт хураагдсан 100.000 төгрөг нь хохирогч Эрдэнэтөгсөд барьцаа болгож үлдээсэн мөнгө байсан. барьцааны 100.000 төгрөгөөс гадуур хохирогч Эрдэнэтөгсийн 400.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн.
Хохирогч нарт хохирлыг би ажил хийж, бас манай ээж зээл авч төлсөн. Би одоо кофе шопт ажиллаж байгаа. Яллах дүгнэлтэд бичигдсэн залилан, хулгайн үйлдлүүдээс өөр хийсэн хэрэг байхгүй, өөр ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй. Би дахин алдаа дутагдал гаргахгүй, шударгаар хөдөлмөрлөж амьдарна. Иргэний хариуцагч Энхбаярын 1.000.000 төгрөг, хохирогч Б.Ц-гийн 959.400 төгрөг, Л.А-ийн 779.000 төгрөг, Б.Цэ-ы 690.000 төгрөг, Төгөлдөрийн 2.100.000 төгрөгийн хохирлыг тус тус төлөөгүй байгаа.
Хохирогч Баярбаатарын 1.680.000 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөгийг төлсөн, үлдсэн 1.180.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нэг жилийн хугацааж төлж барагдуулахаар бичгээр гэрээ хийсэн байгаа. Би одоо нэг кофе шопт ажиллаж байгаа. Сарын 600.000 төгрөгийн цалинтай. Хохирогч нарын хохирлыг цалингаараа төлж, ямар ч байсан хохиролгүй болгоно. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цаашдаа хохирогч нарын хохирлыг төлж, сургуульд сурах болно...” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч С.Доос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“..Анужин нь миний хохирлыг төлж барагдуулсан Түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Надад номол санал байхгүй. Гэмт халдлагад өртөхгүйн тулд өөрийн ажиллуулж байгаа лангууны хоёр талд камер суурьлуулсан. Ер нь жинхэнэ утас, хуурамч утас нь хоорондоо ялгахад хэцүү адилхан. Мэдэхгүй хүмүүс бол анзаарахгүй. Миний айфоне- 6S гар утсыг Анужин нь үзээд өгье гэж хэлээд авсан. Тухайн үед нь би анзаараагүй байсан. Хуурамч гэх утаснуудад ID код ашиглаж болно.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 201626031027 дугаартай хэргээс:
1. Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2005 оноос 2009 он хүртэл хугацаанд Баянгол дүүрэгт байрлах Радуга бүрэн дунд сургуульд суралцаж байсан юм. Тухайн үед ангийнхаа Анужин гэх охинтой найзалдаг байсан. Би 2009 оноос эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суралцсан ба зуныхаа амралтаар Монгол улсад ирэхдээ Анужинтай хааяа уулздаг байсан. 2016 оны 05 дугаар сарын эхээр сургуулийн зуны амралтаар Монгол улсад ирсэн ба тухайн оны 06 дугаар сарын сүүлээр Анужин нь өөрийнхөө 99402421 дугаарын утаснаас надтай ярьж, холбоо барьдаг байсан.
Ярих болгондоо л “чи яагаад надтай уулзахгүй байгаа юм, хоёулаа уулзъя” гээд байдаг байсан. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 20-ны Анужинтай уулзсан. Ингээд дахин 2016 оны 07 дугаар сарын 19-ний 18 цагийн үед Анужин над руу яриад “уулзъя” гээд гуйгаад байхаар нь би түүнтэй Улсын их дэлгүүрийн орчимд уулзаад, их дэлгүүр рүү орсон, мөн тус дэлгүүрийн ойролцоо байх кофе шоп руу орж кофе уусан. Ингээд орой 20: 00 цагийн үед манай аав Булган миний гар утас руу залгаснаа “хаана юу хийгээд яваад байгаа юм бэ, гэртээ ир” гэж ярихаар нь би Анужинд “би гэртээ харилаа, манай аав уурлаад байна”
|
|
гэж хэлээд таксинд суух гээд хүлээгээд зогсож байтал тэрээр “би чамтай хамт танай тийшээ явна” гэж хэлсэн.
Ингээд Анужин бид хоёр таксинд суугаад манай гэрийн гадаа ирэхээр нь би Анужингаас “чи яах гэж байгаа юм бэ” гэж асуутал тэрээр “манай гэрийнхэн хөдөө явсан, эгч бид хоёр дундаа нэг түлхүүртэй, манай эгч 3-4 цагийн дараа ирнэ, эгчийг хүлээж байснаас чамайг гэрийн чинь гадаа хүлээж байя, чи гэртээ орчихоод буцаж гарч ирэх эсэхээ хэлээрэй” гэж хэлсэн. Ингээд Анужин намайг дагаж орц руу ороод намайг дагаад манай гэрийн үүдэнд хүрээд ирэхээр нь би түүнээс яах гэж байгаа тухай нь асуутал “тэрээр би танай гэр рүү оръё” гээд байсан. Тухайн үед би Анужинд “манай аав ууртай байгаа, би чамайг гэр лүүгээ оруулахгүй гэж хэлтэл тэрээр намайг гадаа хүлээхээр болсон. Ингээд би гэртээ орох гэтэл Анужин чи өөрийнхөө гар утсыг 20 минут өгчих, би чамайг хүлээх зуураа хөгжим сонсоод байж байя гээд гуйгаад байхаар нь би түүнд гар утсаа өгөхгүй гэдгээ хэлчихээд гэр рүүгээ орсон. Гэртээ ороод 10 орчим минут болж байхад хүн хаалга тогшихоор нь би хаалгаа нээтэл Анужин “бие засах гэсэн юм, гэрт чинь оръё” гээд байсан.
Тэгэхээр нь түүнийг гэртээ оруултал “танай аав, ээж хоёртой чинь мэндэлье” гээд байхаар нь би түүнд манай аав ууртай байна хэрэггүй гэтэл тэрээр “ядаж айлд орж ирчихээд ээжтэй чинь мэндэлье” гээд байхаар нь зөвшөөрсөн. Ингээд би Анужинд “ээж дүүгийн өрөөнд байгаа” гэж хэлчихээд, би том өрөөгөө цэвэрлэж байхад Анужин дүүгийн өрөөний баруун урд талд байх миний өрөө рүү орж байгаа харагдсан. Тухайн үед би Анужинг миний өрөөнд орж цүнхээ тавих гэж байгаа юм байна л гэж бодож байсан. Ингээд удаагүй байтал Анужин миний өрөөнөөс гарч ирээд ариун цэврийн өрөө орчихоод гарч ирсэнээ “чи байнга л надтай иймэрхүү байдлаар уулзах юм аа, дараа тэгж байгаад тухтай уулзъя, найз нь явлаа” гэж хэлээд гараад явсан. Анужин нь тухайн үед хар өнгийн, дөрвөлжин хэлбэртэй богино оосортой цүнхтэй явж байсан. Анужинг гараад явсны дараа 5 минутын дараа өрөөндөө ороод орон дээр тавьсан гар утсаа авах гэтэл байхгүй байсан.
Тэгэхээр нь ээжийнхээ 88113425 дугаарын утаснаас өөрийнхөө хар хөх өнгийн, Самсунг Галакси Эс 6 Эджэ плас маркийн 99880107 дугаарын утас руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд л Анужин миний гар утсыг хулгай хийсэн гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд би Анужингийн 99402421 дугаарын гар утас руу ээжийнхээ гар утаснаас залгахад тэрээр олон дахин залгуулж байж утсаа авахаар нь би “миний утсыг аваад ир, утас аваад ирэх юм бол би цагдаа сэргийлэх гэж явахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Анужин “чи найздаа яагаад итгэхгүй байгаа юм бэ, би чиний гар утсыг аваагүй” гэж хэлснээ утсаа салгачихсан. Тэгэхээр нь би түүний гар утас руу дахин залгатал тэрээр утсаа аваагүй. Монголд ирэхээрээ л хааяа Анужинтай уулздаг. Тийм болохоор Анужингийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй.
Би өөрийн алдсан гар утсаа 2016 оны 01 дүгээр сард Монгол улсад өвлийнхөө амралтаар ирээхдээ Юнител ХХК-иас 1.890.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг утас нь дэлгэцнийхээ гол хэсгээр цуурсан байгаа. Үүнээс өөр онцлох содон шинж тэмдэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43-44х/,
2. Хохирогч Б.Цэ-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“..2016 оны 08 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед өөрийн эрхлэн ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рок” нэртэй кофе шопд байж байгаад текэн дээр хар өнгийн гэртэй, хар өнгийн Айфоне 6 плас маркийн гар утсаа орхиод, гал тогоо руу ороод 5-10 минут болчихоод гараад иртэл миний гар утас алга болчихсон байсан.
Намайг гар утсаа текэн дээр орхиод гал тогоо руу ороход манай ажилтан Золжаргал байсан ба гал тогооноос гараад ирэхэд ажил тарчихсан, Золжаргал явсан байсан. Намайг гал тогоо руу ороход зааланд үйлчлүүлэгч байгаагүй. Ингээд би Золжаргал /88152859/ руу яриад түүнээс өөрийнхөө гар утсыг асуутал тэрээр “зааланд нөгөө охин” үлдсэн гэж хэлсэн. Тэгээд Золжаргалтай ярилцаж байж л манай кофе шопоор 2-3 удаа үйлчлүүлдэг Анужин гэх охин манай кофе шопт үлдсэн болохыг мэдсэн. Ингээд л Анужин миний гар утсыг хулгайлсан болохыг мэдсэн. Би өөрийн алдсан утсаа 2015 оны 06 дугаар сард Монгол мөнгөөр 2.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо би уг гар утсаа 650.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 95-96х/,
3. Хохирогч О.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Unegui.mn зарын сайтанд “Айфоне 7 плас маркын гар утас зарна” гэсэн зар байрлуулсан. Тэгтэл 2 цагийн дараа 99402421 гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаж “утсыг чинь авъя. Хүүхдийн 100 дээр 19:00 цагт хүрээд ирээч” гэхээр нь “тэгье” гээд, би 19:00 цагт Голомт банкны үүдэнд уулзаж, Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд “Ти амой” кофе шопд орж суусан. Тэр эмэгтэй “ээждээ төрсөн өдрийн бэлэг гэж ахтайгаа нийлж авч өгөх гэж байгаа юм” гээд миний утсыг хайрцагнаас гаргаж үзэж байгаад “бэлэгний боолтоор боолгуулая” гээд үүдний бэлэг дурсгалын дэлгүүрт боолгуулчихаад, “ах залгаж байна, гараад мөнгө аваад ирье” гээд гарсан. Тэгээд 10 орчим минут өнгөрөхөд орж ирэхгүй болохоор нь 99402421 утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгэхээр нь боосон утсаа задлаад үзтэл дотор нь хуурамч дуураймал Айфоне 7 плас гар утас хийсэн байхаар нь цагдаа дуудсан. Тэр эмэгтэй том хар цүнхтэй байсан, тэкний хажууд миний гар утсыг үзээд байсан, тэгэж байхдаа сольсон байх. Би одоо гар утсаараа буюу 2.365.000 төгрөгөөр хохирч байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 9-13х/,
4. Хохирогч Г.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би Улсын их дэлгүүрийн нэг давхарт алт мөнгөний лангуу ажиллуулдаг. 2016 оны 09 сарын 14-ний өдөр 19:00 цагийн орчимд ажил дээрээ байж байхад 18-20 орчим насны өндөр бор охин алтан хослол үзье гэхээр нь үзүүлчихээд байж байтал арай хядхан дан бөгж үзье гэсэн. Тэгэхээр нь 920.000 төгрөгөөр зарагдаж байсан алтан бөгжийг үзүүлчихээд байж байтал дахиад гинж үзье, гаргаад өгчих гэхээр нь би алтан гинжээ лангуунаас авч өгөх гээд тонгойх хооронд үзэж байсан алтан бөгжөө тавиур дээрээс аваад хулгайлаад явчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан. Чигчи хуруунд зүүдэг, 999 сорьцтой, эмэгтэй 4 грамм бөгж. Дэлгүүрийн камерын бичлэг ухрааж үзэхэд тэр охин авсан байсан. Би аваагүй гээд байхаар нь камерын өрөөнд очиж бичлэг үзсэн юм. Охиныг өмнө харж байгаагүй. Бөгжөө буцааж авсан. Ямар нэгэн гомдол санал алга.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 163-164х/,
5. Хохирогч Б.Сайнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Анужин манай дүүгийн найзынх нь дүү юм. 2016 оны 07 сарын 21-ний орой гэртээ байж байхад 21:00 цагийн орчимд Анужин орж ирээд миний сууж байсан буйдангийн хажууд сууж байснаа удалгүй босоод угаалгын өрөө орсон. Ингээд 22:00 цагийн болох гэж байхад гэрээс явсан. 2016 оны 07 сарын 22-ны өглөө 05:00 цаг болох гэж байхад босоод хувцасаа өмсөөд гарах гээд түрийвчээ хайгаад олдохгүй болохоор нь тэр чигт нь орхиод онгоц тосохоор явсан. Буцаж ирээд хайгаад олдоогүй. Өчигдөр орой Анужин гэрт орж ирснээс өөр хүн орж ирээгүй. Тэгээд Анужинг авсан юм байна гэж таамгалсан. Түрийвчинд 450.000 төгрөг байсан. Анужин угаалгын өрөөнд ороод удаад байсныг санаад угаалгын өрөөнд орж түрийвчээ хайхад почкины доод талд миний бор түрийвч байсан. Доторхийг нь үзэхэд баримт бичиг нь бүрэн, бэлэн байсан 450.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122-123х/,
6. Хохирогч Л.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2016 оны 05 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн хотхоны 3 давхарт байх “GUE” нэртэй пабад шоуны арга хэмжээнд оролцож байхдаа ширээн дээр тавьсан байсан гар цүнхээ алдсан. Миний цүнхийг тухайн пабын эмэгтэйчүүдийн угаалгын өрөөнд оруулаад хаясан байсан. Түрийвчин дотор байсан 740.000 төгрөг, айфоне гар утасны цэнэглэгч, чихэвч зэрэг зүйлс алдагдсан. Хяналтын камер дээр миний сууж байсан ширээний арын ширээнд сууж байсан зүс таних охин цүнхийг маань хулгайлж аваад угаалгын өрөө лүү орж байгаа нь харагдаж байсан. Сүүлд цагдаа нар харчихаад Анужин гэдэг хүүхэд байна гэж ярьж байсан. Би 740.000 төгрөгөө, цэнэглэгч, чихэвчний мөнгө болох 30.000 төгрөгийг тэр Анужин гэдэг хүнээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 142-143х/,
7. Хохирогч Л.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2016 оны 10 сарын 12-ны өдөр Үнэгүй.мн зарын фейсбүүкийн групп дээр Айфоне-6 эс ROSE голд алтлаг ягаан өнгийн 16 гегатай гар утасс зарна гэсэн зар байршуулсан байсан. Зарын дагуу 17:00 цагийн үед нэг эмэгтэй 99882421 дугаарын утсаар яриад гар утсыг авъя, хаана уулзаж үзэх вэ гэж ярьсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 3-р хороо Хүүхдийн 100-н тэнд байрлах Голомт хотхон дээр уулзахаар тохирч, 18:00 цагаас өмнө хэрэгтэй байна, найзын төрсөн өдөр болох гэж байгаа гэсэн. Тэгээд Tia Amo кофе шопт уулзаад нөгөө охин гар утсыг үзээд авахаар болж, гар утасны Apple ID кодыг гаргуулаад бүх зүйлийг нь устгаад шинэ гар утас юм шиг болгоод аваад үзэж байх хооронд надтай хамт явж байсан найз Чанцалын бал унаад тэрнийгээ авах хооронд тэр охин гар утсыг хуурамч гар утсаар сольж хийсэн байсан. Тэр үедээ би мэдээгүй. Нөгөө охин гар утсыг авч гараад кофе шопын үүдэнд байдаг бэлэг дурсгал дээр очиж боолгуулаад буцаж ирээд боолгуулсан чигээр нь гар утсыг өгөөд “би гараад мөнгөө аваад ирье, найз гадаа ирчихсэн, машины зогсоол хайгаад явж байна” гэж хэлээд гарсан. 10 орчим минут болоод орж ирэхгүй болохоор нь гар утас луу залгахад дуудаад авахгүй, блоклочихсон. Анх 1.300.000 төгрөгөөр авч байсан. 1.080.000 төгрөгөөр зарах гэж байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 229-230х/,
8. Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2016 оны 11 сарын 01-ний өдрийн орчим Үнэгүй.мн сайтад өөрийн 2 ширхэг Айфоне 7 маркийн гар утас 1.850.000 төгрөгөөр зарна гэсэн зар байршуулсан. Тэгтэл 2016 оны 11 сарын 04-ний өдөр 15:00 цагийн үед 98898877 дугаараас залгаад “үзэж хараад авъя” гэсэн. Тэгээд 17:00 цаг өнгөрч байхад манай ажил дээр /DBH building-901 тоот өрөө/ ирээд гар утсыг задалж үзээд имей дугаарыг нь шалгаж аваадахая гэж хэлээд, задлаад үзэж байгаад нэг хүнтэй утсаар яриад “за би одоо гарлаа гээд надад “утсыг чинь энд тавьлаа шүү” гэж хэлээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирээгүй. Би тухайн үед нь юм бодоогүй, гэртээ очоод байж байхад манай хүүхэд утсыг үзэж байснаа “утас өөр болсон байна” гэхэд имей дугаарыг нь үзтэл утас солигдсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 2016 оны 10 сарын 20-ны үед АНУ-аас 725 ам доллараар худалдан авч байсан юм. 32 gb-тай, Айфоне-7 голд, 1.850.000 төгрөгөөр зарах гэж байсан учир энэ үнээр хохироод байна.” гэсэн мэдүүлэг хэргийн 2-р хавтас 37-38х/,
9. Хохирогч М.Г-оос мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би Үнэгүй.мн сайтад Айфоне 7 плас гар утас зарна гэсэн зар тавьсан. 2016 оны 11 сарын 08-ны өдөр 99402421 дугаарын эмэгтэй хүн залгаж “гар утсыг чинь худалдаж авъя, хаанаас очиж авах вэ” гэхээр нь 1 дүгээр сургуулийн урд талын “Twin tower”-ийн 3 давхарт Tom and Tom,s coffee shop-д дуудаж 20:00 цагийн орчимд ирж ширээнд суугаад лацтай, хайрцаг савтай, Айфоне-7 маркийн гар утсыг өгөхөд задалж үзээд сим картаа хийж үзэж байгаад “худалдаж авъя дансаа өгчих” гээд миний Хаан банкны дансыг аваад одоо мөнгө ороод ирнэ гээд хүлээж байхдаа ариун цэврийн өрөө ороод ирье гээд буцаж ирээгүй.
Удаад байхаар нь хайрцагтай утсаа шалгатал дуураймал хуурамч Айфоне 7 плас гар утас хийчихсэн байхаар нь цагдаа дуудсан. 17-20 орчим насны цайвар царайтай, хар үстэй, шүдэндээ аппараттай эмэгтэй хүүхэд байсан. Надад 2.250.000 төгрөгийн хохирол учраад байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 82-83х/,
10. Хохирогч А.А-оос мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2016 оны 10 сарын 20-ны өдөр Facebook хуудсанд Айфоне-6 Эс плас гар утас зарна гээд зар байрлуулсан байсан. Тэгтэл 3-4 цагийн дараа 99882421 дугаараас эмэгтэй хүн залгаж “ээждээ бэлэглэх гэсэн юм, одоо очоод авъя, утсыг чинь үзье” гэсэн. Тэгээд би “Blue sky tower”-ийн 407 тоот өрөөнд ажил дээрээ дуудсан. Тэгээд тэр эмэгтэй ирээд миний гар утсыг үзэж байгаад “энэ ёстой гоё утас байна, ямар ч өө сэвгүй” гэж хэлээд буцааж хайрцаганд хийгээд “манай ах мөнгө авчирч байгаа, би доошоо буугаад мөнгөө аваад ирье” гээд гарч яваад буцаж ирээгүй. Гайхаад дугаар луу нь залгахад миний дугаарыг блок хийсэн байсан. Тэгэхээр нь өөрийн хайрцагтай утсаа үзтэл миний гар утас биш, дуураймал хуурамч хятад гар утас хийчихсэн байхаар нь цагдаа дуудсан. Би гар утсаараа буюу 1.500.000 төгрөгөөр хохироод байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 109-111х/,
11. Хохирогч Х.Мөнхдөлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2016 оны 10 сарын 29-ний өдөр 15 цагийн үед гэртээ байх үед миний интернэтэд тавьсан зарын дагуу нэг эмэгтэй хүн 85550124 дугаарын утсаар залгаад “Айфоне-7 гар утсыг чинь үзье, авъя” гэсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Макс малл худалдааны төвийн гадна уулзсан. Тэнд 20 орчим насны охинтой уулзаж тэр миний зарах гэж байсан Айфоне-7 плас гар утсыг үзсэн. Тэр охин Улаанбаатар их дэлгүүр орж ээжээс мөнгө авна гэсэн. Тэгээд миний машинтай Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд зогссон. Тэр охин “утсаа аваарай, би ээжээс мөнгө авчихаад ирье” гээд буусан. Би зогсоолд машинаа тавьчихаад утсаа шалгасан чинь миний зарах гэж байсан утсыг солиод оронд нь өөр дуураймал гар утас үлдээсэн байсан. Тэгээд тэр охины дугаар луу залгахад утас нь дуудахгүй байсан. Харвал танина. 20 орчим насны цагаан царайтай, үсээ задгай тавьсан, 160-165 см орчим нуруутай, бараан хувцастай хүн байсан. Үлдээсэн утас нь доод талын боолт дээрээ лац наасан, сим ордог хэсэг нь холхисон хөдөлгөөнтэй, асааж үзэхэд асалт нь шал өөр байсан. Тэр охин ганцаараа явж байсан. Би тэр Анужин гэх охиноос 2.0 сая төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 139-140х/,
12. Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2016 оны 11 сарын 15-ны өдөр Үнэгүй зарын сайтад Айфоне-7 гар утас зарна гэсэн зар тавьсан байсан. 2017 оны 11 сарын 16-ны өдөр 98898878 дугаарын утсаар залгаад утас зарах уу гэж асуусан. Тэгээд “үзье” гэхээр нь “гэрт ирээд үз” гэхэд “танай гэрийг олохгүй юм байна аа, манайх Ревер гарден хотхонд байдаг юм, та утсаа авчираад үзүүлчихээч” гэхээр нь би тэр газарт нь утсаа авч очин үзүүлсэн. Намайг утсаа үзүүлэхээр очтол 18-20 насны эмэгтэй байсан ба “хоёулаа дотогшоо кофе шоп орьё” гээд орж суугаад, манай аав гарч ирээд таньд мөнгө өгнө, гэхээр нь би хамт кофе шоп орсон. Тэгтэл нөгөө эмэгтэй утсыг үзэж байгаад “аав гарч ирж мөнгө өгч чадахаа больжээ, таны данс руу чинь мөнгө шилжүүлчихье, би 00 ороод ирье, таны утсыг энд тавьлаа шүү” гээд ширээн дээр утас тавиад 00 руу явахаар нь би үйлчлэгч залуугаас “танай 00 хаана байдаг юм бэ” гэхэд нөгөө залуу 00 өрөөг нөгөө эмэгтэй явсан газрын эсрэг зүг рүү заасан. Тэгэхээр нь би юу болов гэж бодоод утсаа үзтэл миний утсыг өөр утсаар солиод авч явсан байхаар нь араас нь гартал нэг цагаан өнгийн таксинд сууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би араас нь машинаар хөөж, шахаж байж барьж авч, цагдаад өгсөн. Би утсаа буцааж авсан. Зарах гэж байсан утас АНУ-аас ирсэн шинэ утас байсан юм. 2.200.000 төгрөгөөр зарах гэж байсан. Уг эмэгтэйгээс утсаа буцааж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй. “гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 161-163х/,
13. Хохирогч Г.Б-баатараас мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2016 оны 11 сарын 04-ний өдөр Үнэгүй зарын сайтад Айфоне-7 гар утас зарна гэсэн зар тавьсан. 98898878 дугаарын утсаар залгаад үзье гэсэн. Тэгээд миний ажил амжихгүй байж байгаад утсаар нь ярьж ажлын хаягаа зааж өгөөд, ажил дээр хүрч ирээд үзчих үү гэхэд зөвшөөрсөн. Орой нь 19:00 цаг өнгөрч байхад 18-20 орчим шүдэндээ аппараттай эмэгтэй ирээд утас үзээд “утсыг чинь авна аа, манай ах мөнгө авчирч өгөх юм аа” гэж хэлээд 20:20 цаг хүртэл хүлээсэн. Манай ажлын хурлын танхимд хүлээж суусан. Тэгээд утсаараа яриад ах мөнгө аваад ирсэн байна, би гараад мөнгөө аваад ирье гээд гарч явсан. Би тэр эмэгтэй гараад 20-30 минут болсны дараа нөгөө эмэгтэй утасны дугаар луу залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд энэ юу болов гэж бодоод зарах гэж байсан утсаа хайрцагнаас нь гаргаад үзтэл хуурамч утсаар солиод аваад явсан байсан. Зарах гэж байсан утсыг АНУ-аас манай эгч таньдаг хүнээрээ өгч явуулсан, би 2.200.000 төгрөгөөр зарах гэж байсан юм. Утсаа тэр эмэгтэйгээс нэхэмжилнэ.” /хэргийн 2-р хавтас 173-175х/,
14. Хохирогч Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2019 оны 09 сарын 26-ны өдөр 15 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэдий төвийн 14-9 дүгээр лангууныхаа ард байхад нэг охин ирээд “айфоне 6 эс маркийн гар утас сонирхож “үзье” гэхээр нь би лангуун дотроос гаргаж үзүүлсэн.
Тэр хооронд би хувцасаа тайлаад лангууны доод талын шүүгээнд хийгээд буцаж өндийгөөд харахад тэр охин надаас авсан утсаа буцаагаад хайрцагтай нь өгсөн. Тэгээд дахиад шар өнгөтэй айфоне 6 маркийн гар утсыг үзье гээд лангуун доороос авахуулсан. Тэр охин хэлэхдээ “айфоне 6 юм уу айфоне 6 эс маркийн гар утас аль нэгийг нь авна, гэхдээ эгчтэйгээ зөвлөж байж болно, доошоо буучихаад ирье” гээд павилоноос гараад явсан.
...Удалгүй өөр нэг эрэгтэй хүн орж ирээд “айфоне 6 эс маркийн гар утас үзье гэхээр нь нөгөө охинд үзүүлсэн утсаа гаргаж ирээд үзүүлэх гэтэл айфоне 6 маркийн ID кодтой гар утас байсан. Тэгээд камер шүүгээд харахад нөгөө охин намайг хувцасаа тайлаад лангуун доогуур шүүгээнд хийгээд тонгойж байх хооронд утсыг минь солиод аваад явсан байсан. ...19-20 орчим насны, цагаан царайтай, шүдэндээ аппарат зүүсэн эмэгтэй хүн байсан. Би утсаа 1.150. төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 185-188х/,
15. Хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2016 оны 11 сарын 10-ны өдөр өөрийн Айфоне 7 гар утсыг зарах гэж зар тавьсаны дагуу над луу 98898878 дугаарын утсаар “утсыг чинь авъя, баруун 4 замын Гранд плаза дэлгүүр дээр хүрээд ирээч гэхээр нь би 18 цагийн үед Гранд плаза дэлгүүрийн урд Тээврийн прокрорын хажууд миний машин дотор уулзахаар болсон. Тэгээд Гранд плаза дотроос 20 орчим насны эмэгтэй хүүхэд гарч ирж машинд орж суугаад миний зарах гэж байсан гар утсыг үзсэн. Би утсаа хайрцагнаас нь гаргаагүй байсан юм. Тэр охин миний гар утсыг хайрцагнаас нь гаргаж салгаад, шалгаж үзээд авахаар болсон. Тэгээд “ааваас мөнгө авна” гэж хэлээд 30-40 минут бид хоёр аавыг нь мөнгө шилжүүлэхийг хүлээсэн боловч мөнгө орж ирээгүй. Тэгсэн тэр охин “манай аав арай болоогүй юм шиг байна аа, би явж бие засчихаад ирье” гээд надад барьцаа болгон 100.000 төгрөг үлдээгээд, гар утсыг хайрцаг дотор нь үлдээгээд буугаад явсан. Би тэр охиныг явсаны дараа хайрцагыг нээж үзэхэд миний утас биш, оронд нь хуурамч гар утас хийсэн байсан. Тэгээд би машинаас буугаад тэр охиныг хайгаад олоогүй.
Миний алдсан гар утас нь айфоне 7 маркийн, 1.750.000 төгрөгийн үнэтэй, 2016 оны 10 дугаар сард гадаадаас явуулсан шинэ утас байсан юм. Маш их гомдолтой байна. Шүүх хуралд оролцохгүй ” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 215-217х/,
16. Хохирогч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2016 оны 11 сарын 02-ны өдөр орой 17:00 цагийн үед миний фейсбүүк дээр тавьсан “I phone 7 Plus маркийн Rose голд өнгийн 32 gb багтаамжтай гар утсыг 930 доллараар зарна” гэсэн зарын дагуу 99882421 гэсэн дугаараас миний гар утас луу нэг эмэгтэй залгаад “утсыг чинь үзээд худалдаж авъя” гэхээр нь би ажил дээр ирээд үзчих гээд Чингэлтэй дүүргийн 4-р хороо, УБ хотын цагдаагийн газрын 302 тоот өрөөнд оруулж ирэхэд 17 орчим насны эмэгтэй орж ирээд “ээждээ бэлэг болгон өгөх гэсэн юм, манай ах сая доллар авах гээд Найман шарга явчихлаа” гээд байсан. Тэгээд миний утсыг хайрцагнаас нь задлах гээд байхаар нь би чи яг авах юм уу гэхэд би авна аа, одоо манай ах хүрээд ирнэ, тэр хооронд би ориг үгүйг нь шалгаад сууж байя гээд хайрцагнаас нь задлуулж үзээд ориг утас байна гээд байсан. Тэгсэн ах нь гэх хүнтэй утсаар яриад “та мөнгөө аваад ороод ир” гээд дуудаад байсан. Тэгснээ удалгүй” гадаа зосгоол байхгүй байна гэнэ ээ, би гараад мөнгөө аваад ороод ирье” гээд миний утсыг үлдээгээд гарах шиг болсон. Би тухайн үедээ утсаа шалгаж үзээгүй гаргачихсан юм. Тэгээд буцаж орж ирэхгүй удаад байхаар нь гар утас луу залгатал холбогдох боломжгүй болчихсон байсан.
Гэртээ хариад эхнэртээ “нэг охин ирээд утас авна гэж байгаад болиод явчихлаа” гэж хэлтэл эхнэр “залилдаг хүн байсан юм биш үү” гэхэд нь “үгүй” байх гэж бодоод тоогоогүй. Гэтэл өнөө өглөө /2016 оны 11 сарын 18-ны өдөр/ ажил дээрээ ирээд утсаа үзтэл миний зарах гэж байсан шинэ утсыг хуурамч “Iphone 7 plus” маркийн гар утсаар сольсон байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний зарах гэж байсан утас АНУ-д үйлдвэрлэгдсэн, 2.300.000 төгрөгийн үнэтэй, хайрцаг савтайгаа задлаагүй, шинэ утас байсан. Харцаг савнаас нь задалсан болохоор одоо мэдээж энэ анхны үнээрээ зарагдахгүй. Иймд утсаа хүлээж авсан ч зөрүү мөнгийг нэхэмжилнэ. Миний залилуулсан гар утасны 2.300.000 төгрөгийг тэр Анужин гэх охиноос нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 3-6х/,
17. Хохирогч С.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Миний бие Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төвийн 2 давхарт 9-5 тоот лангууг түрээслэн ажиллуулдаг. 2016 оны 09 сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байх үед 17:00 цагийн үед нэг шүдэндээ аппараттай охин орж ирээд “I phone 6, I phone 6s маркийн гар утаснууд үзэж байгаад гараад явсан юм. Гараад явсных нь дараа манай хажуу талын лангууны хүн “утсаа солиулчихлаа” гэхээр нь өөрийнхөө үзүүлсэн утаснуудаа шалгаж үзэхэд хоёуланг нь ID кодтой гар утсаар сольчихсон байсан. Тэгтэл манай эхнэр 2016 оны 09 сарын 23-ны өдөр намайг сууж байхад тэр охин чинь бас утас үзсэн ш дээ гэхээр тэр үзүүлсэн гар утсыг нь гаргаж ирээд үзэхэд I phone 6 Plus гар утсыг бас ID кодтой гар утсаар сольчихсон байсан. Ийм асуудал болсон учир Цагдаагийн байгууллагад хандсан. Тэр солигдсон утаснууд болох I phone 6 гар утас нь 1 gb багтаамжтай 850.000 төгрөгөөр, I phone 6s гар утас нь 16 gb багтаамжтай 1.100.000 төгрөгөөр, I phone 6 Plus гар утас нь 64 gb багтаамжтай 1.050.000 төгрөгөөр зарагдаж байсан гар утаснууд юм. Өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг хүсч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 30-32х/,
18. Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2016 оны 10 сарын 22-ны өдөр фейсбүүк зар үзэж байгаад Энхжин Алтанхуяг гэсэн нэртэй хүнтэй холбогдож Баянгол дүүргийн Модны-2 урагшаа автобусны буудлын ойролцоох ломбард дотроос барьцаанд тавигдсан байсан Айфоне 6 эс маркийн гар утсыг 972.000 төгрөг өгч, тэр охинд өөрт нь бэлэн 180.000 төгрөг өгч, нийт 1.150.000 төгрөгөөр худалдан авсан. Би гар утсыг худалдаж аваад сим картаа хийгээд ашиглаж байгаад 2016 оны 11 сарын 08-ны өдөр Бум-Эрдэнэ гэх хүнд зарсан юм. Надад үл таних тэр эмэгтэй өөрийгөө утас зарах гэж байгаа хүн байна гэж танилцуулаад ломбард луу явцгаая гэж хэлээд тэр утсыг авсан юм. Сүүлд нь цагдаагаас дуудаад таны Анужингаас худалдаж авсан гар утас хулгайн утас байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сүхбаатар дүүргийн цагдаа нарт Анужингаас худалдан аваад гар утас зарсан Бум-Эрдэнэ гэдэг хүнийг олж өгсөн.
Тэгээд цаад утсаа залилуулсан гэх хохирогч Ариунболд нь Бум-Эрдэнээс утсаа олж авч хохиролгүй болсон. Би Бум-Эрдэнэд Айфоне 6 эс плас утсыг 1.000.000 төгрөгөөр зарсан болохоор түүнд уг мөнгийг нь буцааж өгсөн. Ингээд Бум-Эрдэнэ, Ариунболд гэх хүмүүс ямар нэг хохирол төлбөргүй болоод би ганцаараа 1.000.000 төгрөгөөр хохироч үлдсэн. Тиймээс Анужин гэх намайг залилсан охиноос 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 113х/,
19. Хохирогч Д.Э-гээс хэрэгт гаргаж өгсөн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 189х/,
20. Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хохирогч Х.Мөнхдөл/ /хэргийн 2-р хавтас 141-142х/,
21. Эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргасан тогтоол, тэмдэглэл баримтууд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 255-226х, 2-р хавтас 32-33х, 34х, 73-74х, 79х, 105-106х, 170х, 233х, 3-р хавтас 163-180х/,
22. Шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 181-189х/
23. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн гаргасан хулгайд алдагдсан болон залилуулсан гэх нэр бүхий 17 хохирогчийн алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон 2017 оны 11 сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 4-р хавтас 85-87х/,
24. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулах тухай Прокурорын 2017 оны 11 сарын 14-ны өдрийн 24 дугаартай тогтоол /хэргийн 4-р хавтас 92-96х/,
25. Шүүгдэгч Э.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 4-р хавтас 131-160х/,
26. Шүүгдэгч Э.Агаас нэр бүхий зарим хохирогчид хохирол төлсөн талаархи баримтууд,
27. Шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...Би 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед найз Цолмонтой Сүхбаатар дүүрэг Улсын их дэлгүүрийн орчимд уулзсан. Ингээд бид хоёр Барилгачдын талбайн урд талд байрлах “Грийн зоне” нэртэй кофе шоп орчихоод буцаад Улсын их дэлгүүр лүү явсан. Ингээд Цолмон бид хоёр дэлгүүр хэсч байгаад 18 цагийн үед Цолмон бид хоёр түүний Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хос-Өргөө-1 хотхонд байх гэр лүү нь таксинд сууж явсан. Тухайн үед Цолмон надад “аав, ээж хоёр уурлаад байна” гэж хэлж байсан. Тэгээд Цолмон надад “чи хүлээж байгаарай, би гэр лүүгээ ороод дахиж гарч болох эсэхийг ээж ааваасаа асууя” гэж хэлээд орсон. Тэгээд би түүнийг орцонд нь хүлээгээд байхад Цолмон гэрийнхээ хаалгаар шагайснаа би гэрээсээ гарч чадахгүй юм байна, аав ээж 2 уурлаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цолмонд би танай гэр лүү хальт оръё гэж хэлээд Цолмонгийн өрөөнд ганцаараа түүнийг хүлээж байсан. Түүний өрөөнд ороход Цолмонгийн хөх өнгийн, Самсунг Галакси Эс 6 Эджэ плас маркийн гар утас орон дээр байхаар нь би тэр гар утсыг унтраагаад цүнхэндээ хийчихээд, Цолмонд “би явлаа баяртай” гэж хэлээд гэрээс нь гарсан. Ингээд хотхоны зүүн талаас таксинд суугаад Тэди худалдааны төвд хүргүүлсэн. Ингээд Цолмонгийн гар утсыг Тэдигийн гадаа байсан 40 орчим насны эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарсан. Уг утасны дэлгэц нь хагарсан байсан болохоор хямдхан зарсан юм. Уг гар утсыг худалдан авсан залууг дахин харвал би танихгүй.
Би Цолмонгийн гар утасны нууц дугаарыг нь мэддэг юм. Би гар утас зараад олсон 200.000 төгрөгөөр хоол идээд, таксинд суугаад, өөртөө нүүр болон биеийн тос аваад л дууссан.
Би мөн 2016 оны 08 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рок” нэртэй кофе шопд ороод кофе худалдан аваад гарах гэж байтал үүдний хажуу талын ширээн дээр хар өнгийн, Айфоне 6 маркийн гар утас байсан. Тэгэхээр нь уг утсыг авсан. Тухайн үед уг утас унтраалттай байсан. Ингээд кофе шопын урд талаас таксинд суугаад Тэди худалдааны төв хүргүүлээд тус төвийн гадна явж байсан 28-29 орчим насны, 180 орчим сантиметр өндөртэй, цэнхэр өнгийн жинсэн өмд, нил ягаан өнгийн фудволктой залууд 50.000 төгрөгөөр зарсан. Уг гар утасны нүүр нь хагархай байсан. Уг гар утсыг худалдан авсан залууг дахин харвал би танихгүй. Гар утас зарсан мөнгөөрөө Улсын их дэлгүүрийн нэгдүгээр давхарт байх нүдний шил зардаг тасгаас 36.000 төгрөгөөр нүдний линз худалдан авсан. Үлдсэн мөнгөөр нь таксинд суугаад л дуусгасан.
2016 оны 03 дугаар сарын үеэр найз Ариунзаяагийн Чингэлтэй дүүргийн 4-р хороонд /гэрийн хаягийг нь тодорхой сайн мэдэхгүй байна/ байх гэрт нь байхдаа түүний хэтэвчнээс нь 400.000 төгрөгийг хулгайлан авсан.
2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Теди” төв дээр үдээс хойш явж байгаад 16 тоот лангуун дээр очиж нэг ахаас “I РНONЕ 6” маркын утсыг нь үзэж байгаад хуурамч гар утсаар солиод авч гарсан. Хуурамч гар утсаа Chingis Chingis гэсэн фейсбүүк хаягтай хүнээс 250.000 төгрөгөөр авсан гар утас байсан бөгөөд түрийвчин доороо хийж барьж байгаад нөгөө утастай нь солиод авчихсан. Би авсан гар утсаа 88105500 гэсэн дугаар луу яриад гэрт нь буюу 120 мянгатад нэг эмэгтэй хүнд аваачиж 650.000 төгрөгөөр зарсан. Би ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна.
2016 оны 10 сарын 12-ны өдөр Unegui.mn рүү орж гар утасны зар үзэж байтал Iphone master сору утаснууд зарна гэсэн байсан. Тэгэхээр нь тэр зар руу орж утасны дугаарыг нь авч залгаад Улсын их дэлгүүр дээр уулзаж, Айфоне-6 сору гар утсыг 400,000 төгрөгөөр худалдаж аваад, дахиж Unegui.mn зараас Айфоне-6 эс роус гар утас зарна гэсэн зарыг үзэж байгаад уг хүнтэй утсаар нь холбогдож Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Голомт банкны урд уулзаж утсыг нь үзэж байгаад, өмнө авсан байсан утсаараа сольж хийгээд оригинал утсыг нь авч солиод, би мөнгөө аваад ирье гэж хэлж гараад Теди төв орж авсан утсаа гадаа байдаг хүнд 900.000 төгрөгөөр зарсан. Би байр түрээсэлж байгаад түрээсийн өрөнд орж мөнгө хэрэг болсон, намайг хэн нэгэн дарамталж, уруу татсан зүйл байхгүй.
2016 оны 10 сарын 24-ний өдөр Unegui.mn рүү орж гар утасны зар үзэж байтал Iphone master сору утаснууд зарна гэсэн байсан. Тэгэхээр нь зар луу орж утасны дугаарыг нь авч залгаад Улсын их дэлгүүр дээр уулзаж Айфоне 7 плас copy 400.000 төгрөгөөр уг гар утсыг худалдаж аваад дахиж Unegui.mn зараас Айфоне 7 плас гар утас зарна гэсэн зарыг үзэж байгаад уг хүнтэй утсаар нь холбогдож Ти аймо кофе шопод уулзаж утсыг нь үзэж байгаад өмнө авсан байсан хуурамч утсаараа сольж хийгээд ориг утсыг нь авч солиод би мөнгөө аваад ирье гэж хэлж гараад Теди төв орж утсаа гадаа байдаг хүнд 1.200.000 төгрөгөөр зарсан.
2016 оны 11 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо DBH building-ийн 9 давхарт Айфоне 7 голд маркийн ар утас худалдаж авахаар орсон. Би уг гар утсыг хайрцагнаас нь гаргаад үзэж байхад гар утасны эзэн түр гарсан хойгуур нь өөрт байсан хуурамч гар утсыг хайрцаганд сольж хийгээд жинхэнэ гар утсыг өөрөө авсан, тэгээд гар утсыг эзнийг нь орж ирэхээр би гар утасныхаа мөнгийг аваад ирье гэж хэлээд гарсан. Би сольж гараад шууд Теди төв орж гадна байсан гар утас худалдаж авна гэсэн танихгүй хүнд 1.000.000 төгрөгөөр зарсан. Би хоол унд идэж, өөртөө хувцас авсан тэгээд нэг мэдэхэд мөнгө үрэгдсэн байсан.
2016 оны 10 сарын 20-ны өдөр Unegui.mn рүү орж гар утасны зар үзэж байтал Iphone master сору утаснууд зарна гэсэн байсан. Тэгэхээр нь тэр зар луу орж утасны дугаарыг нь авч залгаад Улсын их дэлгүүр дээр уулзаж 400.000 төгрөгөөр уг гар утсыг худалдаж аваад дахиж Unegui.mn зараас Айфоне-6 плас гар утас зарна гэсэн зарыг үзэж байгаад уг хүнтэй утсаар нь холбогдож Блью скай-н 4 давхарт гарч ажлынх нь өрөөнд орж утсыг нь үзэж байгаад өмнө авсан байсан хуулбар утсаараа сольж хийгээд ориг утсыг нь авч солиод би мөнгөө аваад ирье гэж хэлж гараад 19 дүгээр хорооллын ард Дөлгөөнийд очиж хоносон.
2016 оны 10 дугаар сарын сүүлээр Unegui.mn сайтаас зар харж байгаад Айфоне-7 маркын гар утас зарна гэсэн байхаар нь өөрийн 85550124 дугаараар холбогдож дөрвөн замын Макс молл худалдааны гадна уулзаж хар өнгийн машин дотор Улаанбаатар их дэлгүүр лүү явж мөнгө авна гэж хэлээд замдаа явж байхдаа гар утасны эзэн нь жолоо бариад анхаарал сарнисан байхад өөрт байсан хуурамч гар утсыг энэ гар утсаар сольж хайрцаганд хийгээд Улаанбаатар их дэлгүүрийн гадна очоод би мөнгөө аваад ирье гээд явсан. Тэндээсээ Модны 2-т байрлах автобусны буудлын ломбарданд 1.500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.
2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди худалдааны төв рүү ганцаараа ороод 2 дугаар давхарт гараад нэг Айфоне 6 эс маркын ягаан өнгийн гар утсыг нэг эрэгтэй хүнээс авч үзсэн. Тэгээд өөрт байсан ашиглаж болохгүй Айфоне 6 эс маркын ягаан өнгийн гар утсаар солиод тэр утсаа өгчихсөн. Худалдагч ах анзааралгүй лангуун дотроо аваад хийчихсэн. Би анхнаасаа утас солих зорилготой орсон. Мөнгө хэрэгтэй байсан болохоор гар утсыг сольсон юм.
Сар, өдрийг нь санахгүй байна 2016 оны 11 дүгээр сард би гэртээ байж байгаад Үнэгүй.мн сайтаас Айфоне 7 гар утсыг зарна гэсэн зар байхаар нь 99995551 дугаартай утас руу залгахад эрэгтэй хүн авсан. Би гар утсыг чинь үзмээр байна таалагдах юм бол авъя гэж хэлсэн. Тухайн залуу гар утсаа 1.700.000 төгрөгөөс яриад 1.650.000 төгрөгеөр зарна гэхээр нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гранд плазагийн ойролцоо уулзахаар болсон. Оройн 19 цагийн орчим Гранд плаза дэлгүүрийн гадна талын машин зогсоол дээр тухайн гар утас зарна гэж байсан залуугийн машин дотор уулзан гар утсыг үзсэн. Тухайн гар утас хар өнгийн гадаргуутай Айфоне 7 маркийнх байсан. Би өөртөө бэлдсэн байсан copy буюу харахад ижил хуурамч гар утсаар, гар утасны эзнийг хараагүй байхад нь сольж аваад хуурамч гар утсыг нөгөө залууд өгсөн. Би нөгөө залууд энэ утсыг авахгүй харин залгаж энд ирүүлснийхээ төлөө 100.000 төгрөг өгье гэж хэлэн 100.000 төгрөг өгч машинаас нь буусан. Би тухайн утсыг аваад Өргөө кино театрын ойролцоо байрлах нэрийг нь мэдэхгүй ломбарданд ямар нэгэн бичиг баримт үзүүлэхгүй 7 хоногийн хугацаатай 1.0 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд мөнгийг үрж дуусгасан.
2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үнэгүй.мн сайт дээрээс Айфоне 7 плас /Rose/ маркийн гар утас зарна гэсэн зар хараад 99116218 дугаарын утас руу өөрийн 99882421 дугаараас залгаж таны утсыг авах гэсэн юмаа, хаана очиж үзэх үү гэж асуутал Улаанбаатар хотын Цагдаагийн газарт ирээд үзчих гэхээр нь тэр өдрийнхөө орой 17:00 цагийн орчимд явж очоод 302 тоот өрөөнд орж утсыг нь үзтэл хайрцаг савтайгаа шинээрээ байхаар нь манай ах Найман шарга руу доллар солиулах гээд явчихсан удахгүй ирнэ, тэр хооронд таны утсыг задлаад үзэж байя, энэ утсыг аваад ээждээ гэнэтийн бэлэг болгож өгөх гэж байгаа юмаа гэхэд тэр хүн зөвшөөрсөн. Тэгээд хайрцгийг нь задлаад үзэж хуурамч /Сору/ утсаар сольж хайрцагт нь хийгээд манай ах гадаа ирчихсэн орж ирэх гэсэн зогсоол олдохгүй байна гэнэ, би гарч мөнгөө аваад ороод ирье гээд ориг утсыг аваад гараад явчихсан. Тэгээд тэндээсээ шууд Хороолол орж модны 2-т байдаг “Жи Эс Бридж” нэртэй барьцаат зээлийн үйлчилгээний газарт орж 1.500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Барьцаанд тавьсан мөнгөө өөрийн хэрэглээндээ зарцуулаад дуусгасан.
2016 оны 09 сарын 23, 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Теди” төвийн 2 дугаар давхарын 9-5 тоот лангуун дээр очиход нэг 30 орчим насны эмэгтэй хүн байхаар нь “I РНОNЕ 6 рlus” маркийн утсыг нь сонирхож үзэж байгаад оронд нь хуурамч гар утсаа гаргаад, шинэ утсыг нь сольж халаасандаа хийгээд хуурамч утсаа өгчихөөд яваад өгсөн.
Түүний дараа 26-ны өдөр тус лангуун дээр нэг ах байсан бөгөөд тэр ахаас “I РНONЕ 6s” болон “I РНОNЕ 6” гар утаснуудыг нь үзэж байгаад хоёуланг нь солиод хуурамч утсаа оронд нь үлдээгээд явсан. Би тухайн утаснуудыг солихдоо түрийвчнийхээ доор хуурамч утсаа барьж байгаад солиод нөгөө утсыг нь авчихсан юм. Би тэр хуурамч утаснуудыг фейсбүүкээр Chingis Chingis гэсэн хаягтай хүнээс нийт 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 84х, 112х, 132х, 197-198х, 244-245х, 2-р хавтас 17-18х, 55-56х, 88-89х, 125-126х, 150-151х, 201-202х, 243-244х, 3-р хавтас 13-14х, 52-53х, 74-76х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Д.Чулуун-Эрдэнэ /хэргийн 3-р хавтас 88х/, гэрч Г.Энхжаргал /хэргийн 3-р хавтас 90х/, гэрч Ц.Эрдэнэбаяр /хэргийн 3-р хавтас 92х/, гэрч Г.Энхмаа /хэргийн 3-р хавтас 94х/ нарын мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 3-р хавтас 142х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Нэг. Шүүгдэгч Э.А нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар:
1. 2016 оны 09 сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхарын алт үнэт эдлэлийн лангуун дээрээс Г.Л-ын 1 ширхэг 380.188 төгрөгөөр үнэлэгдсэн алтан бөгжийг хулгайлан авахыг завдсан,
- мөн 2016 оны 09 сарын 21-ний оройн 16:00-17:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төвийн 16 дугаар павилоны 5 дугаар лангуун дээрээс иргэн С.Дын Айфоне Эс-6 маркийн 920.000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг тус тус хулгайлан авахаар завдсан,
Мөн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар:
1. 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос-Өргөө-1” хотхоны 29а-73 тоотод оршин суух Б.Ц-гийн гэрээс Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлж 959.400 төгрөгийн хохирол,
2. 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рок кофе шопд үйлчүүлж байсан Б.Цэ-ы ширээн дээр тавьсан гар утсыг хулгайлж 690.000 төгрөгийн хохирол,
3. 2016 оны 07 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Сайнбилэгийн гэрээс 450.000 төгрөг бэлнээр хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол,
4. 2016 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэгээнтэн хотхоны CUE нэртэй паб-д иргэн Л.А-ийн цүнхнээс 740.000 төгрөг, 39.000 төгрөгний гар утасны чихэвч, цэнэглэгч хулгайлж 779.000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 4 удаагийн үйлдлээр дээрх нэр бүхий хохирогч иргэдийн эд хөрөнгө, мөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад нийт 4.178.588 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Ц-гийн хэргийн 1-р хавтас 43-44х/, Б.Цэ-ы /хэргийн 1-р хавтас 95-96х/, Г.Л-ын /хэргийн 1-р хавтас 163-164х/, С.Д /хэргийн 1-р хавтас 179-182х/, хохирогч Б.Сайнбилэгийн /хэргийн 1-р хавтас 122-123х/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг баримтууд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэгээний тайлан баримт, шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Сайнбилэг, С.Д нарт хохирол төлсөн талаархи тодорхойлолт баримт, Хаан банкны /Анужинг өсгөсөн ээж гэх Д.Чулуун-Эрдэнийн харилцах данс/ дансны хуулга баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.А нь дээрх 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон үедээ 18 насанд хүрээгүй байсан ба түүнд “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан” хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял сонсгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх явцад буюу 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдсөнтэй холбоотойгоор прокурорын хяналтын шатанд хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарах “давтан” үйлдэх гэсэн шинж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хасагдсан бөгөөд мөн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг багасгаж тогтоосноос гадна эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг халсан байна.
Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Э.Агийн:
- 2016 оны 09 сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхарын алт үнэт эдлэлийн лангуун дээрээс Г.Л-ын 1 ширхэг 380.188 төгрөгөөр үнэлэгдсэн алтан бөгжийг хулгайлан авахыг завдсан,
- мөн 2016 оны 09 сарын 21-ний оройн 16:00-17:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төвийн 16 дугаар павилоны 5 дугаар лангуун дээрээс иргэн С.Дын Айфоне Эс-6 маркийн 920.000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг тус тус хулгайлан авахаар завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж:,
Бусад төгссөн үйлдлүүд болох
- 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос-Өргөө-1” хотхоны 29а-73 тоотод оршин суух Б.Ц-гийн гэрээс Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлж 959.400 төгрөгийн хохирол,
- 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рок кофе шопд үйлчлүүлж байсан Б.Цэ-ы ширээн дээр тавьсан гар утсыг хулгайлж 690.000 төгрөгийн хохирол,
- 2016 оны 07 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Сайнбилэгийн гэрээс 450.000 төгрөг бэлнээр хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол,
- 2016 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэгээнтэн хотхоны CUE нэртэй паб-д иргэн Л.А-ийн цүнхнээс 740.000 төгрөг, 39.000 төгрөгний гар утасны чихэвч, цэнэглэгч хулгайлж 779.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэлд нь прокуророос тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох” зохицуулалтад нийцсэнээс гадна хуулийн зүйл, хэсэг нь шүүгдэгч Э.Агийн гэмт үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Аг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахыг завдсан болон бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх завдсан болон төгссөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Л-д 380.188 төгрөгийн, С.Дод 920.000 төгрөгийн, Б.Ц-д 959.400 төгрөгийн, Б.Цэ-д 690.000 төгрөгийн, Б.Сайнбилэгт 450.000 төгрөгийн, Л.А-т 779.000 төгрөгийн, нийт бусдад 4.178.588 төгрөгийн шууд хохирол учирснаас шүүгдэгч нь хохирогч Г.Л-ын эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч С.Дод учирсан хохирол 920.000 төгрөг, Б.Сайнбилэгт учирсан хохирол 450.000 төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч Г.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, С.Дын шүүх хуралдаанд өгсөн: “... Анужин надад учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан. Миний бие гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Сайнбилэгийн тус шүүхэд бичгээр гаргасан: “Миний бие Б.Сайнбилэг иргэн Э.Агаас надад учруулсан хохирлын дүн болох 450.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдөр төлж барагдуулсан тул гомдолгүй болсноо тодорхойлж байна.” гэсэн тодорхойлолт баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдсон ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт бусад хохирогчид болон Б.Ц-гийн 959.400 төгрөг, Б.Цэ-ы 690.000 төгрөг, Л.А-ийн 740.000 төгрөгийг тус тус нөхөн төлөхөө илэрхийлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Иймд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч Э.Агаас 2.389.400 /хоёр сая гурван зуун наян есөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д 959.400 төгрөг, Б.Цэ-д 690.000 төгрөг, Л.А-т 740.000 төгрөг тус тус олгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хоёр. Мөн шүүгдэгч Э.А нь 18 насанд хүрээгүй байхдаа 2016 оны 09 сарын 23-наас 2016 оны 11 сарын 16-ны өдрүүдэд
- нэр бүхий хохирогч иргэдийн “Unegui.mn” зарын сайт болон facebook зарын сайтад Айфоне 7 плас, 6 Эс маркийн гэх зэрэг гар утас зарна гэсэн зарын дагуу тэдгээр хүмүүс руу зард байршуулсан утсаар нь холбогдож “гар утсыг нь үзье, худалдаж авна, хаанаас үзэх вэ“ гэх зэргээр ярьж, хэлэлцэн тохирсон газарт нь очиж, тэдгээр нэр бүхий иргэдийн өндөр үнэтэй зарах гэж буй гар утсыг нь “найздаа, ээждээ төрсөн өдрийн бэлэг болгон авч өгөх гэж байгаа юм” гэж итгүүлж, гар утсыг нь шалгаж үзэж буй мэт ойлголт төрүүлэн үзэх явцдаа өөр дуураймал, хуурамч /copy/ гар утсаар сольж авах,
- мөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Теди төвд гар утасны худалдаа эрхлэх нэр бүхий зарим хохирогч нарын лангуун дээрээс Айфоне 6, Айфоне 6 эс маркийн гар утас сонирхож буй дүр эсгэж, гар утсыг нь үзэх явцдаа ID кодтой адил маркийн, өөр гар утсаар солих зэрэг аргаар буюу хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах үйлдлээр:
1. 2016 оны 10 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Голомт банкны хажуу талын “кофе шопт” иргэн Л.Т-гийн Айфоне Эс-6 маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлсэн дуураймал гар утсаар сольж залилан 920.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2016 оны 10 сарын 24-нд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ti Gmoi” кофе шопт иргэн О.Т-ийн Айфоне-7 плас маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2016 оны 11 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “DBH building-901” тоот өрөөнөөс иргэн Г.Б-ын Айфоне-7 голд маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлсэн дуураймал гар утсаар сольж залилан 1.557.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2016 оны 11 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Tom Toms” кофе шопт иргэн М.Г-ын Айфоне-7 плас гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.890.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2016 оны 10 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Blue sky төвийн 407 тоот өрөөнөөс иргэн А.А-ын Айфоне-6 плас маркийн гар утсыг худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.024.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2016 оны 10 сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн орчмоос иргэн Х.Мөнхдөлийн Айфоне 7 плас голд маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.832.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2016 оны 11 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден хотхоны орчимд иргэн Б.Н-ын Айфоне 7 плас гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2016 оны 11 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-баатарын Айфоне 7 плас гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2016 оны 09 сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэди төвийн 14-р павилоны 9 дүгээр лангуун дээрээс иргэн Д.Э-гийн Айфоне 6 эс маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 920.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2016 оны 11 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Гранд плаза дэлгүүрийн урд талд иргэн Э.Э-ийн Айфоне 7 маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 1.557.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2016 оны 11 сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 302 тоот өрөөнөөс иргэн Д.Г-ын Айфоне 7 плас маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2016 оны 09 сарын 23-ны өдөр, 2016 оны 09 сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” төвийн 9 дүгээр павилоны 5 дугаар лангуунаас иргэн С.У-ын Айфоне 6, Айфоне 6 эс, Айфоне 6 плас гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн дуураймал гар утсаар сольж залилан 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 20.260.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Л.Т-гийн /хэргийн 1-р хавтас 229-230х/, хохирогч О.Т- /хэргийн 2-р хавтас 9-13х/, хохирогч Г.Б-ын /хэргийн 2-р хавтас 37-38х/, хохирогч М.Г-ын /хэргийн 2-р хавтас 82-83х/, хохирогч А.А-ын /хэргийн 2-р хавтас 109-111х/, хохирогч Х.Мөнхдөлийн /хэргийн 2-р хавтас 139-140х/, хохирогч Б.Н-ын /хэргийн 2-р хавтас 161-163х/, хохирогч Г.Б-баатарын /хэргийн 2-р хавтас 173-175х/, хохирогч Д.Э-гийн /хэргийн 2-р хавтас 187-188х/, хохирогч Э.Э-ийн /хэргийн 2-р хавтас 215-217х/, хохирогч Д.Г-ын /хэргийн 3-р хавтас 3-6х/, хохирогч С.У-ын /хэргийн 3-р хавтас 29-32х/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхбаярын /хэргийн 2-р хавтас 113-114х/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг баримтууд, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 189х/, Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 141-142х/, Эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргасан тогтоол, тэмдэглэл баримтууд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 255-226х, 2-р хавтас 32-33х, 34х, 73-74х, 79х, 105-106х, 170х, 233х, 3-р хавтас 163-180х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-р хавтас 181-189х/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн нэр бүхий хохирогч иргэдийн хулгайд алдсан болон залилуулсан гэх эд хөрөнгө, эд зүйлсийн үнэлгээг тогтоосон 2017 оны 11 сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан баримт /хэргийн 4-р хавтас 85-87х/, шүүгдэгч Э.Агаас нэр бүхий зарим хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн талаарх шүүх хуралдаанд гаргасан бичгийн баримтууд, шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Э.А нь дээрх 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт холбогдсон үедээ 18 насанд хүрээгүй байсан ба түүнд “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан ял сонсгон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх үед буюу 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор прокурорын хяналтын сонсгосон ялыг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хэргийн зүйлчлэлийг тогтоосон буруу биш юм. Учир нь:
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарах “давтан” үйлдэх гэсэн шинж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хасагдсан бөгөөд мөн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг багасгаж тогтоосноос гадна эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг халсан байна.
Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэж, шүүгдэгч Э.Агийн дээрх нийт 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авч, нэр бүхий 12 хохирогчид 20.260.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд нь тохирсон, Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн байдлаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирол нь төлөгдөөгүй зарим хохирогчдын хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Иймд шүүгдэгч Э.Аг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нар нь нийт 20.260.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол хүлээсэн байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрх, ...эд хөрөнгөд ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй ба зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр төлж болно, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Э.А нь бусдын эд хөрөнгийн залилах гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон хохирогч Л.Т-, Г.Б-, М.Г-, А.А-, Х.Мөнхдөл, Б.Н-, Д.Э-, Э.Э-, Д.Г-, С.У- нарт тус тус учирсан эд хөрөнгийн хохирлыг мөнгөөр нөхөн төлж барагдуулсан, хохирогч Г.Б-баатарын хохирлын 1.680.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлж, үлдэх 1.180.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр хохирогчтой хэлэлцэн тохирч, “Хохирол барагдуулах гэрээ” байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Агийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт хавсаргуулахаар өгч, шинжлэн судлуулсан хохирол төлбөрийг хүлээн авсан талаарх нэр бүхий хохирогч нараас бичгээр гаргасан тодорхойлолт баримтууд, Хаан, Голомт банкны орлогын мэдүүлэг баримтууд, харилцагчийн дансны хуулга баримтууд, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Г.Б-баатар Э.А нарын хооронд бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.А-ын “гар утсаа буцаан авч, хохиролгүй болсон. Гомдолгүй” гэсэн мэдүүлэг хэргийн 2-р хавтас 111х/, хохирогч Б.Н-ын “Анужин гэх хүүхдээс гар утсаа буцааж авсан. Миний хохирол бүрэн барагдсан, надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 163х/ баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Э.Агаас хохирогч О.Т-т учирсан хохирлын 2.100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч /хохирогч/ Б.Энхбаярт учирсан хохирол 1.000.000 төгрөг, мөн хохирогч Г.Б-баатарт учирсан хохирлын төлөгдөөгүй үлдэгдэл 1.180.000 төгрөг, бүгд 4.280.000 төгрөг гаргуулж хохирол нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Агаас бүгд 6.708.000 /зургаан сая долоон зуун найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Ц-д 959.400 /есөн зуун тавин есэн мянга дөрвөн зуун/ төгрөг, Б.Цэ-д 690.000 /зургаан зуун ерэн мянган/ төгрөг, Л.А-т 779.000 /долоон зуун далан есэн мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Энхбаярт 1.000.000 /нэг сая/ төгрөг, О.Т-т 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг, Г.Б-баатарт 1.180.000 /нэг сая нэг зуун наян мянган/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн ба хохирлын дүнг Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлээний тайлан баримтад тусгагдсан үнэлгээгээр тооцсон болно.
1.2. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүх шүүгдэгч Э.А нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахаар завдсан,
- мөн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,
- хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан тус тус гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн тухайн зүйл хэсэгт ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Энэ хэргийн шүүгдэгч Э.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ЦЕГ-ын МСТ-ийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 3-р хавтас 135-142х/ тогтоогдсон.
Шүүгдэгч Э.А нь 1999 оны 05 сарын 19-нд төрсөн, бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан болон хулгайлах, залилах гэмт хэрэг тус тус үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан ба хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх энэ өдрийн байдлаар насанд хүрсэн /18 нас 6 сар 17 хоногтой/ насанд хүрсэн болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 3-р хавтас 133х/, төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 3-р хавтас 155-156х/, нас тоолсон тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 50-65х/ баримтаар тус тус нотлогдсон, гэмт хэрэг үйлдэж нэр бүхий 12 хохирогч иргэдэд учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан, үлдсэн 5 хохирогчийн хохирлыг нөхөн төлж барагдуулахаа өөрөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлтийн хүрээнд “нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Агийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт /төгссөн 4 удаагийн үйлдэл/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Хуурч, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 12 хохирогч иргэдийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан дээрх нийтэд тусдтай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу нэмж нэгтгэхэд эдлэх ял нь бүгд 850 /найман зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болох бөгөөд энэ нь “хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй бөгөөд албадан ажил хийлгэх ялын 8 цаг нь хорих ялын нэг хоногтой дүйцнэ гэж тооцвол 850 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь 106 хоног хорих буюу 3 сар 16 хоногийн хорих ялтай дүйцэж байна.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийн хамгийн хүнд ял нь тухайн төрлийн гэмт хэргийг онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй /үндсэн энгийн, хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүн/ үйлдэгдэх өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд ял нь “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” байна.
Шүүх, шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр цагдан хоригдсон /хэргийн 3-р хавтас 63х, 68х Шүүгчийн захирамж №78, 78а/ 14 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож” нийт 112 цагийн ялыг шүүгдэгчид нийт оногдуулсан 850 /найман зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцон Э.Агийн эдэлвэл зохих нийт ялын хэмжээг 738 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ: “Шүүгдэгч Анужингийн холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруу болон учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэгт маргах зүйл байхгүй. Прокурорын сонсгон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Э.А үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож ухамсарлаж хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, үлдсэн 4 хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан, одоо 21 насанд хүрээгүй зэрэг нөхцөл байдлыг авч үзэн ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх 8 дугаар бүлэгт заасан журмыг хэрэглэж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эсхүл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх, мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Анужинд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсний хувьд хохирол нөхөн төлөх хугацааг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх боломжтой байна.” гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус тусдаа мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиуцуулалт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс хорих ял оногдуулсан болон оногдуулвал зохих хорих ялыг оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тохиолдолд хэрэглэх зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн болон хорихоос өөр төрлийн ял хариуцлага хүлээлгэх нөхцөлд хуулийн дээрх журам хамаарахгүй гэж ойлгоно. Түүнчлэн эдгээр журмуудыг “шүүх хэрэглэж болно” гэж заасан болохоос биш “заавал хэрэглэх ёстой” гэсэн үүрэгжүүлсэн заалт биш тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн оригиналь биш хуурамч, дуураймал гэх 12 ширхэг гар утас, бэлэн АА6448253, АВ3900655, АD0891915, AZ8661242, AC7175187 сери дугаартай 20.000 дэвсгэртээр 5 ширхэг буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Агийн хохирол нөхөн төлөхөд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэх зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц овогт Э-ын А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хуурч, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Э.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дэхь хэсэгт тус тус зааснаар Э.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг бүгд 850 /найман зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Агийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 112 /нэг зуун арван хоёр/ цагийг эдэлвэл зохих 850 /найман зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, ялтан Э.Агийн биечлэн эдлэх ялыг бүгд 738 /долоон зуун гучин найман/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Агаас бүгд 6.708.000 /зургаан сая долоон зуун найман мянга/ төгрөг гаргуулж,
- хохирогч Б.Ц-д 959.400 /есөн зуун тавин есэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг,
- хохирогч Б.Ц-д 690.000 /зургаан зуун ерэн мянган/ төгрөгийг,
- хохирогч Баянгол дүүрэг Бичил хороолол 5а-56 тоотод оршин суух хаягтай, /РД:УШ95083141/ Боржигон овогт Лхүндэвийн Ариундэлгэрт 779.000 /долоон зуун далан есэн мянган/ төгрөгийг,
- иргэний нэхэмжлэгч /хохирогч/ Б.Э-т 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,
- хохирогч О.Т- 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг,
- хохирогч Г.Б-д 1.180.000 /нэг сая нэг зуун наян мянган/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, оригиналь биш хуурамч, дуураймал гэх 12 ширхэг гар утас, бэлэн АА6448253, АВ3900655, АD0891915, AZ8661242, AC7175187 сери дугаартай 20.000 дэвсгэртээр 5 ширхэг буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус Э.Агийн хохирол нөхөн төлөхөд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД