Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/571

 

 

 

 

 

 

 

  2018           7           06                                     571

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхзул, 

шүүгдэгч: Н.З, түүний өмгөөлөгч Б.Баярням /0226/,

гэрч: О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Зд холбогдох эрүүгийн 1805 0009 40206 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн дотоод хяналтын ажилтанаар ажилладаг, сард 1 200 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эхнэр, охины,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, З.

 

             Шүүгдэгч Н.З нь 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 89 дүгээр байрны 13 тоотод Б.Нтай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.З мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 12-ны 17 цагийн үед би Мтай “би Дарь-Эхэд байна хүрээд ир” гэж утсаар ярьсан. Гэтэл тэр Нтай хамт ирсэн ба бид тэнд нэг шил архи уугаад, манай гэр рүү таксигаар явсан. Бид нар багын найзууд юм. Манайд 2-3 шил архи уусан. Энэ үед М надад “Ныг манай эхнэртэй фэйсбүүкийн мессенжерээр харьцдаг” гэж хэлсэн. Тэгээд би Нт “хүний эхнэртэй фэйсбүүкээр харьцаж байгаа юм уу, дэмий шүү дээ” гэж хэлээд маргалдан, эхлээд нүүр рүү нь мангасдан гараараа түлхсэн. Тэгтэл Н гал тогооны өрөөнөөс 2 ширхэг хутга аваад миний хоолойд тулгасан. М босож ирсэн ба би Нын хутгыг нь булааж авахаар баруун гартай нь ноцолдоод гарыг нь мушгиад булааж авсан. М нөгөө гарт нь байсан хутгыг салгасан. Би Нын хутгыг булааж аваад, шанаан тус газар баруун гараараа 2-3 удаа цохисон. Н ч буйдан дээр суусан ба М бид хоёрын гар, хөлөөс цус гарсан байсан. Тэгээд би ГанЗ гэдэг найзыгаа дуудсан. Би хохирогчид учирсан хавирганы гэмтлийг санаатай учруулаагүй. Наас хутгыг булааж авахад тэр ширээн дээр өнхрөөд унахдаа хавиргаа хугалсан, эсхүл хутгыг булааж авах гэж ноцолдох явцад хавирга нь хугарсан байж магадгүй. Н тухайн үед ухаан алдаагүй байх. Н өөрөө халамжид байдаг болохоор эрүүл мэндийн даатгалаараа Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байсан. Одоо түүний эрүүл мэнд хэвийн, бас бид нарын харилцаа хэвийн байгаа. Би түүний эмчилгээний зардалд 200 000 төгрөг өгсөн. Н миний багын найз тул хойшид ч түүнд тусална гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-О.М мэдүүлэхдээ:

 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр З, Н, бид гурав Зийн гэрт нэг шил архи уусан. Н надад Зийн эхнэртэй фэйсбүүкээр харьцдаг байсан талаараа хэлж байсан. Тэгэхээр нь би үүнийг нь Зт хэлсэн ба үүнээс болж Н, З нар маргалдсан. Маргалдаж байгаад Н босоод шүүгээнээс 2 ширхэг хутга гаргаж ирээд Зийн хүзүүнд тулгасан. Тэгээд З бид хоёр Нын гараас хутгыг булааж авах гэж ноцолдож байхад миний хөл, Зийн гар зүсэгдсэн. Хутгыг авсны дараа З Ныг цохиод авсан. Тэгээд З, бид хоёр ГанЗ гэх найзыгаа дуудаж, өөрсдөө цусаа боосон. ГанЗ ирээд “түргэн дууд” гэхээр нь Ныг хутга барьсан гээд цагдаа барьчих байх гэж бодоод дуудаагүй. Тэр үед Н ямар нэгэн байдлаар ухаан алдаагүй. Н Зийн гэрээс явахад түүнд таксины мөнгө өгөхөд тэр хар цүнхээ үүрээд явсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Н мэдүүлэхдээ:

Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15-16 цагийн хооронд шиг санагдаж байна. Найз Мийн гэр болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19-15 тоот гэрт нь явж очсон. Тухайн үед Мийн гэрт очихоосоо өмнө архи уугаагүй байсан ба Мийн гэрт орохдоо дэлгүүрээс 0.33 граммын Хараа архи авч орсон юм. Ингээд М бид хоёр миний авсан архийг хувааж уугаад сууж байтал Зийн эхнэр Жагай над руу фэйсбүүкийн чатаар “танай найзтай чинь ерөөсөө таарахгүй юм байна. Хоорондоо тохирохгүй учир суухгүй” гэсэн утгатай мессеж чатаар хоёр хоногийн өмнө бичсэн байсан учир Мт мессежийг уншуулсан юм. Одоо мессеж нь байхгүй, устгачихсан. Ингээд М бид хоёр Зийн эхнэрийн талаар над руу мессеж бичээд байна “яах вэ” гэтэл Зоод хэлээд хэрэггүй шүү гээд хоорондоо ярилцаад байж байтал З 19-20 цагийн хооронд залгаад “Дарь-Эхэд хүрээд ир, уулзъя, Нямаагийн гэрт очъё” гэж хэлсэн. Ингээд Нямаагийн гэрт очиход Нямаа, Зоо хоёр 750 граммын Хараа архийг талд нь оруулчихсан уугаад сууж байсан. Тэгээд архийг нь дөрвүүлээ хувааж уугаад байж байтал З “манай гэр рүү явъя” гэхээр нь Нямаагийн гэрт 30-40 минут болоод гарч явсан. Ингээд Нямаагийн гэрээс такси бариад замаараа 100 айл орчмын дэлгүүрээс 750 грммын Хараа архи аваад Зоогийн гэр болох 10 дугаар хороололд гэрт нь ирсэн. Гэрийнх нь хаягийг мэдэхгүй ба гэрт нь гурвуулаа ороод 750 граммын Хараа архиа хувааж уусан. Зоогийн гэрт хүн байхгүй байсан ба бид гурав архиа хуваагаад ууж байхад гурвуулаа нилээн согтоод М нь Зоод ярихгүй гээд байсан салсан эхнэр Жагайгийн над руу чатаар холбогдож байгаа талаар хэлэхэд Зоо уурлаж, эхнэртэйгээ хардаж, хэрэлдэж маргалдаад гэрт сууж байсан том өрөөнийхөө буйдан дээр миний зүүн гар талд сууж байхдаа заамдаж аваад зүүн талын нүд рүү зүүн гараараа нэг удаа цохисон. З нь солгой гартай ба тэгээд шууд намайг заамдсан чигээрээ газар унагааж байгаад дээрээс баруун, зүүн талын хавирга хэсэг рүү удаа дараа цохиж дэвсэж, өшиглөөд, дээрээс гараараа толгой цээж рүү цохиод байсан. Ингээд би олон цохиулсан учраас 20-30 минут ухаан алдсан ба хэсэг хугацааны дараа газар, ширдэг дээр сэртэл З, М хоёр үлдсэн архиа хувааж уугаад сууж байсан. Тэгснээ З намайг сэрсэнийг хараад дахиж зодох гэж дайрахад нь босоод гал тогооны өрөөний шургуулганаас бор өнгийн иштэй жижиг хутга гаргаж ирээд өөрийгөө хамгаалж, айлгах санаатай З руу далайсан. Тэгтэл З хутга булааж авах гэж оролдож байгаад баруун гарынхаа алга хэсгийг зүсэхэд цус гарсан ба бид хоёр том өрөөний буйдангийн хажууханд хутга булаацалдсан тул хажууд орон дээр хэвтэж байсан М “болиоч” гээд намайг баруун хөлөөрөө тийрэхдээ миний баруун гарт барьж байсан хутганд хөлөө зүсчихсэн. Тэгтэл З, М хоёр намайг газар унагааж дарж байгаад хутгыг булааж аваад М хутгыг цааш нь тавих үед З нь дахин миний нүүр рүү, хамар руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд М ирж салгаад хоорондоо юм ярилгүй байж байгаад би ширдэг дээр унтсан ба М, З хоёр буйдан дээр унтаад өгсөн. Ингээд би маргааш өглөө нь сэрэхэд М, З хоёр дахин 1 шил 750 граммын Хараа архи авчихсан уугаад сууж байхаар нь би босоод бид гурав архиа хувааж уусан ба архиа ууж байхдаа өчигдөрийн болсон асуудлын талаар ярихад М, З хоёр үгээ нийлүүлж намайг гэнэт хутга барьж дайрсан гэж яриад байсан. Тэгэхээр нь би дахиж зодуулахгүйн тулд чимээгүй байж байгаад архиа хувааж уусан. Тэгээд архи дуусаад “гэртээ харьлаа” гэтэл ийм нүүртэй яаж явдаг юм, ажил явдал дөнгөж өнгөрөөд байхад ийм байдалтай явж болохгүй гээд гэрээсээ З, М хоёр явуулахгүй байсан ба дахин М нь миний картаар 750 граммын Хараа архи аваад бид гурав үргэлжлүүлж архи уусан. Тэгээд би 12 цагийн үед тасраад унтчихсан ба 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цагийн үед сэртэл нөгөө хоёр унтаж байсан. Тэгээд босох гэтэл бие өвчин орчихсон босож чадахгүй байсан. Өглөө болоод Зийн гэрээс 10 цагийн үед М архи авах гэж гарахаар нь би дагаж гараад Зийн байрны урд талаас такси бариад ах Болдбаатарын гэрт очсон. Тэгээд гэртээ очоод хэвтэж байтал цээж өвдөөд, цусаар бөөлжөөд болохгүй байсан тул ах Болдбаатарт хэлж, ах шууд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Энэ үедээ болсон асуудлын талаар ах Болдбаатарт бүгдийг нь ярьсан ба гэмтлийн эмнэлэгт очоод биеэ үзүүлэхэд биеийн байдал хүнд байна. Уушигинд чинь хий, устай, хавирга чинь хугарсан байна, шууд хэвт гэж хэлээд гэмтлийн эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо гэрээрээ эмчилгээ хийж байгаа. Энэ хугацаанд З, М хоёр өргөдлөө эргүүлж аваа, асуудлыг эвээр шийдье гэж хэлж байсан ба би өөрөө өргөдөл гаргаагүй гэдгээ хэлж байсан. Харин ах Болдбаатар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Гэхдээ өргөдөл гаргаагүй. Надад учирсан гэмтлийг З учруулсан. Толгойн тус газар 3-4 удаа цохиж, зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд дахиад цохиж аваад байх шиг байсан. Баруун болон зүүн талын хавирга хэсэг рүү 5-6 удаа өшиглөж, цээжин дээр 4-5 удаа дэвссэн. Би бас ухаан алдсан байхад хаана хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Намайг гараараа болон хөлөөрөө зодсон. М ерөөсөө цохиж зодоогүй. Хэрүүл маргаан болох үед бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Харилцан хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй. Би болсон асуудлын талаар тодорхой хэмжээгээр санаж байна. Ямар ч байсан З нь намайг цохиж зодож байсан бүх үйл явдлыг санаж байна. Би маш их гомдолтой байна. Би уг нь энэ асуудлыг цагдаагаар шийдүүлэхгүй байя гэж бодож байсан боловч надаас ирж уучлалт гуйж, эмчилгээтэй холбоотой асуудал яриагүй учир гомдолтой байна. Миний биеийн байдал гайгүй, зүүн нүдний хөхрөлт одоо болтол арилаагүй, хагалгаа хийлгэх ёстой гэхдээ мөнгөгүй болчихоод хагалгаа хийлгэж чадаагүй л байж байна. Гэхдээ би гомдолгүй. Эмчилгээний баримт байгаа, гаргаж өгье, хохирлын мөнгө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй. Зтой би сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэжээ.  (хэргийн 8-10, 79-82 дугаар хуудас)


Мөрдөн байцаалтад гэрч-Д.ГанЗ мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад 22-23 цагийн орчим байх хадам эгчийн гэрт 21 дүгээр хороололд байж байтал М миний утас руу залгаад “миний найз хаана байна, 10 дугаар хороололд Зийн гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Би очихгүй санаатай байж байтал М, З хоёр хоёулаа ээлжлээд хэд хэдэн удаа залгаад “хүрээд ир” гээд яриад байхаар нь би 23 цаг болж байхад Зийн гэр рүү явсан. Тэгтэл З, М хоёр яасан гэдгээ хэлэхгүй “аптек руу ороод цус тогтоогч, перкис, бинт, зүү аваад хүрээд ирээч” гэж яриад байхаар нь би замдаа эмийн сан орж захиж хэлсэн зүйлийг нь болон өвчин намдаах эм аваад Зийн гэрт очсон. Зийн гэрт ороход том өрөөний хивс, банны өрөө, коридор, буйдан зэрэг нь нилээд их цус болсон байсан. Би ороод юу болсон талаар асуухад том өрөөний зурагтны стенк дээр бор өнгийн хутга, модон иштэй шар өнгийн арай богино хутга тавьсан байсан ба энэ хутгаар Н бид хоёрыг хутгалчихлаа гэсэн. Тухайн үед Зийн баруун гарын алганаас, Мийн зүүн хөлийн улнаас цус гарч байсан. Тэгээд тэр хоёроос цус их гараад байсан учир намайг яаралтай дуудсан. Хурдан арга хэмжээ авахгүй бол цус алдаад байна гэж хэлсэн. Тухайн үед Нын нүдний зүүн талын хэсэг нь нилээн хавдаж, хөхөрсөн, буйдангийн баруун хэсэгт хажуу тийшээ харсан хэвтэж байсан. Би Нт “чи одоо яаж байгаа юм бэ” гэхэд юм дуугарахгүй байсан ба би тамхи татахад надад өгчих гээд тамхи авч татсан. Би М, Зт хоёрын байгаа байдлыг хараад эргэж гараад эмийн сан ороод хөмсөг задрахаар наадаг наалт байхаар нь аваад эргэж ороод наалтыг нааж өгсөн. Тэгээд би М, З хоёрт “та хоёрыг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгмөөр байна. Ядаж нэг нь хамт яваадах” гэсэн чинь “яах юм бэ, цагдаа сэргийлэх болно” гээд явахгүй байсан. Тухайн үед Зийн гэр ерөнхийдөө энд тэндгүй цус болсон байсан. Тэгээд би М, Зт нарын гар хөлний цусыг нь цэвэрлэж өгөөд харихаар явсан гэжээ. (хэргийн 87-89 дүгээр хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 413 тоот дүгнэлтэд:

1. Нын биед зүүн уушигны авчилт, зүүн 6, 7, 8 дугаар хавирга, баруун 8 дугаар хавирганы далд хугарал, зүүн ухархайн дотор хана, доод хананд хугарал, зүүн зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, 2 зовхинд цус хуралт,  зүүн хөмсөг, духанд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)

     

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.З нь Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.З нь 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 89 дүгээр байрны 13 тоот гэртээ “эхнэртэй маань фэйсбүүкийн чатаар мессеж бичиж харьцлаа” гэсэн шалтгаанаар хохирогч Б.Нтай маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн уушигны авчилт, зүүн 6, 7, 8 дугаар хавирга, баруун 8 дугаар хавирганы далд хугарал, зүүн ухархайн дотор хана, доод хананд хугарал, зүүн зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, 2 зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, духанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н, гэрч ГанЗ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 413 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд Н.Зийг хохирогч Б.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй

 

Хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар нотлох баримт хэрэгт гаргаагүй, “хохирлын мөнгө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй, Н.Зтой би сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан гэмт хэргийн хор уршигийг арилгахтай холбоотой цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Хохирогч Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Зийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.З нь торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.Н нь энэ хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.З цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН