| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандашийн Амарсанаа |
| Хэргийн индекс | 135/2016/0109/и |
| Дугаар | 126 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 126
Б.Н-, Л.Ц-, Г.Н-, Л.П-, Ж.Д- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/0109/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 583 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б овогтой Б-ийн Н-,
Нэхэмжлэгч Б овогтой Л-ийн Ц-,
Нэхэмжлэгч А овогтой Г-ийн Н-,
Нэхэмжлэгч Б овогтой Л-ийн П-,
Нэхэмжлэгч Б овогтой Ж-ийн Д- нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол суманд байрлах “Шарын гол” ХК-д холбогдох,
“Шарын гол ХК-аас тус уурхайд ажиллаж байгаад Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу 1 удаагийн тэтгэмж Б.Н-т 8.448.000 төгрөг, Л.Ц-д 8.832.000 төгрөг, Г.Н-д 11.136.000 төгрөг, Л.П-д 9.216.000 төгрөг, Ж.Д-д 11.136.000 төгрөг нийт 48.768.000 төгрөг тус тус гаргуулах” тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ээс:
Нэхэмжлэгч бид тус уурхайн үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон группт орж, дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Бид Геологи, уул уурхайн салбарын 2012-2013 оны хамтын хэлэлцээрийн 5.5-д заасны дагуу “Шарын гол” ХК-ний захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд “Шарын гол” ХК-аас тус уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж нийт 48.768.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-гээс:
Хариуцагч тал болох “Шарын гол” ХК нь биднийг энэ олон жил ажиллаж тэтгэмж тогтоолгох эрх үүссэн байхад нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Уг байгууллагад ажиллаж байсан хугацаанд үйлдвэрчийн байгууллагаар эрхээ хамгаалуулж байсан. Улсын 3 талт хамтын тарифын хэлэлцээрийг барьж би шүүхэд хандсан гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсагаас:
Ахмадууд нь 1974-1982 оны хооронд Шарын голын уурхайд орж тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан. Геологи уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн тарифт зааснаар геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан ажилтнуудыг тус салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож ажилласан жилээр бодож 1 удаагийн тэтгэмж олгохоор заасан. Тарифын хэлэлцээрийг хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн. Хөдөлмөрийн хуулинд өндөр настай ахмадууддаа байгууллагууд тэтгэмж олгох талаар заасан байдаг. Эдгээр ахмадууд нь “Шарын гол” ХК-д тэтгэмж гаргуулахаар хандаж байсан. Шарын голын уурхай нь ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байх тул ахмадууд хамтын маргаан үүсгэх шаардлагагүй. Хамтын хэлэлцээрт тусгагдсанаар хэн хариуцаж тэтгэмж гаргах нь тодорхойгүй ба уг гэрээг уул уурхайн салбар мөрдөж ажиллах ёстой. Үйлдвэрийн хурц хордлогод орсон ажилтнуудад нөхөн төлбөр олгоно гэж тусгасан. Хамтын хэлэлцээрийн заалтыг хамтын гэрээнд нөхөн төлбөр нэрээр тусгасан байна гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангаас:
2013-2014 оны хэлэлцээр байгуулагдсан боловч одоо үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй, уг хэлэлцээр нь 3 талт хэлэлцээр байна. Хамтын тарифын хэлэлцээрийн ерөнхий зүйлийн 5.5-д зааснаар ажиллаж байсан ажилтнуудад ажил олгогч нь тэтгэмж өгөх талаар заагаагүй, нийгмийн асуудлын талаар тохиролцсон хэсэгт ажил олгогч нь тэтгэмж олгоно гэж бичигдээгүй байна. Тарифын хэлэлцээрийг хамтын гэрээнд тусгаж тэтгэмж олгох ёстой байсан. Энэ хэлэлцээр дээр төлөөлөх эрх бүхий биш төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байсан. Хамтын хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилтны асуудлыг журамладаг, урьд нь ажиллаж байсан ахмадуудад хамааралгүй гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан гэрээний харилцаа нь тэтгэмж олгоно гэж хамтын тарифын хэлэлцээрт заагаагүй байна. Хэлэлцээрийг мөрдөхийн тулд хамтын гэрээнд заавал тусгаж байж хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах боломжтой юм. Нэхэмжлэл гаргаж буй хүмүүс нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарах үедээ тэтгэлэгээ гаргуулж авсан байна. Нийгмийн халамжийн хуульд нэг сангаас дахин тэтгэмж гаргуулж авах эрхгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-т 4.224.000 төгрөг, нэхэмжлэгч Г.Н-д 3.072.000 төгрөг, нэхэмжлэгч Л.Ц-д 2.112.000 төгрөг, нэхэмжлэгч Л.П-д 2.880.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Д-д 5.568.000 төгрөгийг тус тус хариуцагч “Шарын гол” ХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгч Б.Н-ийн 4.224.000 төгрөг, нэхэмжлэгч Г.Н-н 8.064.000 төгрөг, нэхэмжлэгч Л.Ц-гийн 6.144.000 төгрөг, нэхэмжлэгч Л.П-гийн 6.336.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Д-гийн 5.568.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч Б.Н- нарыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6577 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Шарын гол” ХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан нийт дүн болох 18.432.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 250.110 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгч нар нь “Шарын гол” ХК-ийн ажилтан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж, хүнд хэлэлцээрийн заалт үйлчлэх буюу тэрхүү заалтыг үндэслэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэлийг хуулиар тогтоогоод өгсөн заалтыг хэрэглэхгүй буюу хамтын хэлэлцээрийн заалт үйлчилнэ гэдэг хууль зүйн үндэслэл гаргаж ирж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хамтын хэлэлцээр нь ямар ч тохиолдолд ажилтан биш хүнд үйлчлэхгүй, хамтын гэрээн дээрх тохиолдолд ажилтан биш хүнд үйлчилж болохоор хууль зүйн зохицуулалт өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Хамтын хэлэлцээрээр цөөн хэдэн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагч, ажилтан, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга зэрэг албан тушаалтан компаниа төлөөлж гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарагдаагүй байдлаас харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тэтгэмж олгох асуудлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ гэснийг сайн мэдэж байгаа бөгөөд “Шарын гол” ХК-ийн хамтын гэрээнд тусгаж өгөөч гэсэн хүсэлтийг 2014 онд гаргаж, “Шарын гол” ХК хариуг 2014 оны 05 дугаар сарын 16-ны 4/110 тоот хамтын гэрээний 5.5 дахь заалтыг тусгах боломжгүй байна гэж мэдэгдсэн. Шүүх хамтын гэрээнд тусган хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэснээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсанаас үзэхэд хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх ёстой. Хамтын гэрээгүйгээр нэхэмжлэгчид шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн явдал юм. Хэлэлцээрийн аль нэг тал хэрэгжүүлэхгүй буюу хамтын гэрээндээ тусган хэрэгжүүлэхгүй тохиолдолд хэлэлцээрийн аль нэг тал хамтын маргаан үүсгэж, хамтын маргааныг шийдвэрлэж хамтын гэрээнд оруулсан тохиолдолд шаардах эрх үүснэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Н-, Л.Ц-, Г.Н-, Л.П-, Ж.Д- нарын нэр бүхий 5 нэхэмжлэгч Шарын голын уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу 1 удаагийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Шарын гол” ХК-д холбогдуулан гаргасныг,
Хариуцагч “Шарын гол” ХК байгууллагыг төлөөлөх эрх бүхий биш этгээд хамтын тарифын хэлэлцээр дээр гарын үсэг зурсан. Хамтын гэрээ хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилтны асуудлыг зохицуулахаар журамласан болохоос урьд нь ажиллаж байсан ахмадуудад хамаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар мэргэжлээс шалтгаалан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож эмнэлэг магадлалын хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа цуцлагдсанаар тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн 5.5-д зааснаар нэг удаагийн тэтгэмжийг ажил олгогч хуулийн этгээдээс шаардах эрхтэй байна гэж дүгнээд
нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.
Геологи, Уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-д “Геологи, Уул уурхайн салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад салбарт ажилласан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно” гэжээ. /х/х-ийн 162 дугаар хуудас /
Хөдөлмөрийн тухай хуульд заасан хамтын хэлэлцээр гэдэг нь тухайн салбарын ажлын болон ажилтны онцлог нөхцөл байдлыг бусад салбараас ялгагдах нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн орчин түүнээс үүсэх эрдслийг бууруулах, урьдчилан сэргийлэх эрсдэл үүссэн болон гэм хор учирсан тохиолдолд хамгаалах, нөхөн сэргээх, хөнгөлөлт урамшууллыг Хөдөлмөрийн хуульд зааснаас илүү нөхцлөөр тогтоох зорилготой бөгөөд ийнхүү тогтоосон нь хууль тогтоомжид нийцснийг бүртгэсэн байх шаардлагыг хуульчилсан байна. Харин энэхүү хэлэлцээр нь хуулийн дээрх шаардлагыг хангажээ.
Мөн хамтын гэрээ хэлэлцээрийн заалт нь зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад хамаатай гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй бөгөөд аливаа хамтын гэрээ хэлэлцээр нь тус байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалан өвчний улмаас тахир дутуу болох, өндөр насны тэтгэвэрт гарсан этгээдийн нийгмийн асуудлыг зохицуулсан байдаг бөгөөд Геологи, Уул уурхайн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-д тус салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалан өвчний улмаас группт орсон иргэд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа тохиолдлыг тусгайлан тусгажээ.
Нэхэмжлэгч нар нь дээрх хэлэлцээрийн шаардлагыг хангаж байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Б.Н- нарын нэр бүхий 5 нэхэмжлэгч 2013-2014 оны хуулиар тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг, үүнийг 2 дахин нэмэгдүүлж уур уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 384.000 төгрөг гэж мөрдөхөөр тогтоосныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218-д заасан “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэснийг төсөөтэй хэрэглэн тэтгэмжийг хэмжээг 192.000 төгрөгөөр тооцож олгосныг буруутгах боломжгүй байна.
Харин шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тэтгэмж гаргуулахдаа нэхэмжлэгч нарын тэтгэвэрт гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг анхаараагүй байна.
Нэхэмжлэгч Ж.Д- 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, Б.Н- 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, Г.Н- 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон учир 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөгөөр,
Нэхэмжлэгч Л.П- 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, Л.Ц- 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон учир 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцохоор байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Н-, Г.Н-, Л.Ц-, Ж.Д-, Л.П- нарын тэтгэмжийн хэмжээг буруу тооцсоныг зөвтгөж, анхан шатны шүүх зарим нэхэмжлэгчийн ажилласан хугацааг буруу тооцсон байх тул түүнийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр буюу нэхэмжлэгч Г.Н- 28 жил, Л.Ц- 17 жил, Л.Пүрэв 24 жил гэж мөн хууль хэрэглээний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлах нь илүү оновчтой гэж үзэж дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “Б.Н-т 4.224.000 төгрөг” гэснийг “3.088.800 төгрөг”, “Г.Н-д 3.072.000 төгрөг” гэснийг “3.931.200 төгрөг”, “Л.Ц-д 2.112.000 төгрөг” гэснийг “3.264.000 төгрөг” “Ж.Д-д 5.568.000 төгрөг” гэснийг “4.071.600 төгрөг”, “П-д 2.880.000 төгрөг” гэснийг “4.608.000 төгрөг” гэж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Б.Н-ийн 1.135.200 төгрөг, Ж.Д-гийн 1.496.400 төгрөг, Г.Н-гийн 859.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг:
“Шарын гол” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж болох 250.110 төгрөг” гэснийг “252.767 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.230 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
Л.АМАРСАНАА