Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0092

 

О.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 466 дугаар шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу О.Г-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Төрийн аудитын тухай хуулийн 9.2-т зааснаас өөрөөр улираан томилох, сунгах эрх зүйн үндэслэл хууль тогтоомжид байхгүй. Гэтэл О.Г-ыг 7.6 жил ажиллуулж байсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Түүнийг албан тушаалаас чөлөөлөхдөө хуулийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөн. Мөн түүнд өмнө нь удаа дараа энэ талаар мэдэгдэж байсан. О.Г аймгийн аудитын газарт ахлах аудитораар ажиллах хүсэлтээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад мэдэгдэж байсан. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 466 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын ерөнхий аудиторын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч О.Г урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Ерөнхий аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Г-ын цалин хөлсний нөхөн олговрыг тооцож олгохдоо түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж хөлстэй тэнцэх олговрыг тооцож, түүнээс нь ногдох нийгмийн даатгал болон даатгалыг тус тус тооцож төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. Шүүх үндэслэх хэсэгтээ: Ерөнхий аудитор нь О.Г-ын бүрэн хугацаа дуусахаас өмнө буюу улируулан томилсноос хойш 1,6 жилийн дараа албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзжээ.

Гэтэл "бүрэн эрхийн хугацаа 6 жил" гэж хуулиар тогтоосон хязгаарыг /улираан томилох, сунгах зэргээр хугацааг давуулах хуулийн зохицуулалт байхгүй/ тасралтгүй 7,6 жил ажиллуулсан байхад шинээр томилсонтой адилтган үзэж хугацааг тоолсон нь буруу гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл ерөнхий аудитор нь "аймгийн ерөнхий аудиторыг томилж, чөлөөлөх эрхээ хэрэгжүүлж мөн "бүрэн эрхийн хугацаа 6 жил байна" гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Мөн "засаг даргаас хэрхэн, ямар байдлаар хараат байж болзошгүй, хэрхэн талархан дэмждэг байсан талаар нотлох баримт, мөн түүнд хэн, хэрхэн, шахалт үзүүлсэн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул тайлбар нотлогдоогүй" гэжээ.

Хариуцагч нь "хууль бус үйлдэл хийсэн тухай аливаа нотлох баримтыг үндэслээгүй харин аймгийн Иргэдийн хурлын хяналтын чиг үүргийг аймгийн ерөнхий аудиторыг Засаг даргаас хараат бусаар, олон улсын дагуу, хуулийн хүрээнд бие даасан байдлаар ажиллуулах, аудитын олон улсын байгууллагын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хангахад чиглэсэн "Төрийн тусгайлсан хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Харин аливаа хууль бус үйлдэл хийсэн тухай ямар нэг нотлох баримт бол хариуцлага тооцох тухай тусдаа асуудал болж яригдах ёстой байсан гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх /шинэ нэрээр/-ийн 2013.11.06-ны өдрийн 466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 81 дүгээр тушаалаар О.Г-ыг Хөвсгөл аймгийн Ерөнхий аудитораар томилж, бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа түүнийг мөн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 110 дугаар тушаалаар тухайн албан тушаалд улируулан томилсон боловч 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаар тушаалаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч О.Г-ыг албан тушаалд томилох, чөлөөлөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д аймгийн ерөнхий аудитор нь төрийн жинхэнэ албан хаагч болохыг тодорхой заасан байснаас үзэхэд тухайн албан тушаалаас албан тушаалаас чөлөөлөгдөхөд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтууд хамаарч, уг албан тушаалтан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдаж байжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд О.Г Төрийн албаны хуулийг зөрчиж, 25, 26 дугаар зүйлд зааснаар төрийн албанаас халагдах болон сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчил гаргаагүйгээс гадна талууд

энэ талаар маргаагүй байна. Тийм байтал хариуцагч албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заагдаагүй үндэслэл зааж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгааг зөрчиж О.Г-ыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Хариуцагчаас Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т аймгийн ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх эрхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт олгосноос гадна бүрэн эрхийн хугацаа нь 6 жил байхаар заасан, улируулан томилох хуулийн зохицуулалтгүй байхад дахин томилсон нь буруу учраас чөлөөлсөн гэх боловч тухайн шалтгаан нь дээрх захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Тодруулбал, О.Г-ыг аймгийн ерөнхий аудитораар томилсон 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 110 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түүнийг Төрийн албаны тухай хуульд заагдаагүй үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 466 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: