Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2017/00539

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2017/00539

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, Байхара овогт Ш.Хы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Узынмылтых овогт С.Гад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Х, хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн мөнгө 4840000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Ш.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Х би Баяннуур сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Гад 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 4840000 төгрөгийг түр хугацаатай зээлсэн юм. Уг 4840000 төгрөгийг С.Г бид хоёр хамт банкинд ирж 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн А.Дийн ХААН банк дахь хувийн дансанд бэлэн бусаар гуйвуулсан юм. Ш.Х би А.Дээс 4840000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх Ш.Х миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.

Учир нь тухайн мөнгийг А.Д биш С.Г хариуцах ёстой байжээ. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхийн хуралдааны үед тухайн мөнгийг анх С.Г нь Ш.Хаас түр хугацаагаар зээлж авсан тул А.Д хариуцах хууль зүйн үндэслэл муутай гэсэн шийдвэр гарсан юм. Иймд С.Гаас 4840000 төгрөг гаргуулан Ш.Х надад олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Би 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр С.Г нь надаас 5 сая төгрөг авч Т.Достыхбект өгсөн ба 2 сарын хугацаатай, 150,000 төгрөгийн хүүтэйгээр авна, та хүүгээ хасаж аваарай гэж Т.Достыхбекийн ХААН банкан дахь 50340309 тоот дансанд шилүүлсэн байгаа. нь төлж өгсөн байсан юм. Т.Достыхбек бид нар нэг нутгийн танил хүмүүс учраас тэдэнд итгэж мөнгө өгсөн, С.Г надад таныг хохироохгүй өгнө гэсэн нотлох баримтууд болох СД бичлэг, дуу хураагуур зэрэг надад байгаа болно. Үүнийг шүүх хуралдаанд авч ирээгүй, гэхдээ өмнөх хуралдаанд тухайн баримтыг хавсаргасан байгаа. Иймд уг мөнгийг С.Гаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Г 2014 оны 1 дүгээр сараас Баяннуур сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сараас хүмүүжлийн эрхлэгчээр ажиллаж байна. Баяннуур сумын 5 дугаар багт оршин суудаг Байхара овогт Ш.Хы гаргасан нэхэмжлэлтэй танилцаж энэхүү тайлбарыг гаргах нь.

Манай сургуульд 2014 онд 100 хүүхдийн шинэ дотуур байрны барилга барихад Улаанбаатар хотоос Цамхаг өргөө ХХК, гүйцэтгэгчээр Нөхөд ХХК зөвшөөрлөө авч гүйцэтгэсэн. 2015 оны 9 дүгээр сарын 16-нд ашиглалтад өгсөн.

2015 оны 8 дугаар сарын сүлд Нөхөд ХХК-ны захирал А.Д хүүтэй зээл өгөх мөнгөний боломжтой хүн байвал надад 5000000 төгрөг зээлдэж өгөх үү гэхэд миний бие Ш.Хаас 5000000 төгрөгийг 2 сарын хүүг урьдчилан төлөөд Асылжан ХХК-ны данснаас А.Дийн дансанд шилжүүлсэн юм.

Ш.Х сургуулийн дотуур байрны хоол хүнсийг нийлүүлэхэд өөрийн нэр дээр байгаа Асылжан ХХК-д 3 жилээр гэрээ хийж ажиллаж байсан. Ш.Х өөрөө дотуур байрны багш албан тушаалтай нөхөр нь Х.Х сургуулийн нярав албан тушаалтай ажилладаг.

Ингээд Ш.Х 9 сард надад та миний хоол хүнс бэлтгэх бэлэн мөнгийг хүнд зээлдсэн болохоор аймагт танил хүнсний дэлгүүрээс нэг сарын хоол хүнсийг зээлээр авч өгөх уү гэсэн чинь би Номын Астана хүнсний дэлгүүрийн эзэн Д.Анартай холбоо барьж 2 удаа дотуур байранд Хуанганы захиалсаны дагуу хүнсний бараа авч жагсаалтын дагуу хүлээлгэж өгсөн.

Би аймгийн малын захаас 2 удаа 37 хонийг тэнд нядалж гулууз махыг нь зээлээр авчирч өгсөн. Түүнийг нотлоход тухайн үед авсан хүн болон хүргэж өгсөн таксиний жолооч нараас тодорхойлолт авч эсвэл гэрчээр нь татаж асуулгах болно. Би дотуур байранд хоол хүнс өгч ашиг олгоход биш нэг удаа Хуанганаас мөнгө зээлдэж өөр хүнд өгснөөр хоол хүнс бэлтгэж өгсөн.

Миний 9, 10 дугаар сард Хуанганд Асылжан ХХК нэрийн өмнөөс 5826700 төгрөгийн хоол хүнсийг жагсаалтын дагуу өгч мөнгийг нь аваагүй, яагаад гэвэл А.Д өгсөн 5000000 төгрөгийг өөрөө ав гэсэн чин би 2016 оны 3 дугаар сард өөрийн дансанд шилжүүлж авсан.

Тэгээд Хуанганд тооцоо хийж 1000000 төгрөгийг банкнаас бэлэн гаргаж өгсөн. Нотлох баримтыг тухайн үед гараж өгөх болно. 2016 оны 10 дугаар сард би өөр ажилд томилогдсон дараа Ш.Х А.Дээс мөнгө нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тухайн еед би хөндлөнгийн гэрчээр оролцож бүх үнэнээ хэлсэн.

 

Би захирлаар ажиллах үед Ш.Хд албаны ажлын талаар шаардлага тавьж хууль бус ашиг сонирхлын талаар хяналт тавьж ажиллахдаа надад өш хонзон санаж тухайн үед хоол хүнс хүлээлгэн өгөх бичиг баримт үйлдээгүй далимдуулж нэхэмжлэл гаргаж байна. Ийм учраас Ш.Хы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ш.Х нь С.Гаас 4840000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Баяннуур сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Гад 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 4840000 төгрөгийг зээлсэн тул эргүүлэн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч нь 2014 онд 100 хүүхдийн шинэ дотуур байрны барилгын ажлыг гүйцэтгэсэн Нөхөд ХХК-ийн захирал А.Д хүүтэй мөнгө зээлэх мөнгөний боломжтой хүн байвал 5000000 төгрөг зээлдэж өгөх үү гэхээр Ш.Хаас 5000000 төгрөгийг 2 сарын хүүг урьдчилан төлөөд Асылжан ХХК-ийн данснаас А.Дийн дансанд шилжүүлж өгсөн ба Ш.Х нь хоол хүнс бэлтгэх бэлэн мөнгийг хүнд зээлдсэн болохоор аймагт танил хүнсний дэлгүүрээс нэг сарын хоол хүнсийг зээлээр авч өгнө үү гэсний дагуу тухайн мөнгөний оронд хүнсний зүйлийг зээлээр авч өгсөн ба А.Дийн шилжүүлсэн мөнгийг Ш.Хд зээлээр авч өгсөн хүнсний барааны үнийн оронд авч үлдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Х нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 4840000 төгрөгийг А.Дт шилжүүлсэн нь ХААН банкны мөнгөн шилжүүлгээр тогтоогдсон байна. Уг баримтыг үндэслэн Ш.Х нь А.Дээс 4840000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00034 дугаартай магадлалаар А.Д нь Ш.Хтай мөнгө зээлэх талаар тохиролцоогүй ба А.Гүлзаттай мөнгө зээлэх талаар ярилцаж С.Г нь Ш.Хаас мөнгө зээлж А.Дт шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул Ш.Х, А.Д нарын хооронд гэрээний үүрэг үүсээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон С.Гын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргаж байсан тайлбар зэргээр Ш.Х, С.Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон гэж үзлээ.

Хариуцагч С.Г нь Ш.Хаас авсан 5000000 төгрөгийн оронд хүнсний бараа авч тооцоог дуусгасан гэж тайлбарлаж 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Нур астана ХХК-ийн зарлагын баримт, Нур астана ХХК-ийн тамгатай баримт, Е.Адилбек, Х.Салтанат нарын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү баримтууд нь С.Г 5000000 төгрөгийн оронд хүнсний бараа авч өгч Ш.Хд өгөх 4840000 төгрөгийн зээлийг төлснийг мөн С.Г нь Ш.Хаас 5000000 төгрөгийн оронд бусдаас зээлээр хүнсний бараа авч өгөхөөр харилцан тохиролцсоныг нотлох баримт биш байх тул тухайн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж С.Гаас 4840000 төгрөгийг гаргуулан Ш.Хд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Гаас 4840000 төгрөгийг гаргуулан Шаметийн Хуанганд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Гаас 92400 төгрөгийг гаргуулан Ш.Хд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК