| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2017/0404/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/393 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,
улсын яллагч Б.Баярхүү,
хохирогч Б.У-,
гэрч Б.Урансайхан,
шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Б-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030508 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-ын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 10 дугаар байрны 27 тоот түрээсийн байранд амьдарч байсан хохирогч Б.У-ийг зээлсэн мөнгөө төлсөнгүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, мөн сарын 04-ний өдрүүдэд тус тус зодож биед нь цээжний зүүн талын 4, 7-р хавирганы цууралт, дух, хамар, хацар, мөр, бугалга, гуя, шилбэ, тавхай, өгзөгний цус хуралт, хүзүү, шилбэний арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Б.У-: “...2016 оны 12 дугаар сарын 15-наас эхэлж шүүгдэгчээс мөнгө авсан. Би эхлээд хүүтэй мөнгө зээлэх үү гэхэд зээлнэ гээд би мөнгө зээлсэн. Би өөрөө өртэй байсан болохор шүүгдэгчид тэр талаараа хэлж чадаагүй. Сая, сая төгрөгөөр цувуулж мөнгө авсан, тэгээд хэлэх боломжгүй байсаар байгаад 4 дүгээр сарын 03-ны өдөр Б- эгчид хэлсэн. Б-гийн ОХУ-аас авчирсан хувцас надад байсныг намайг зодох үед нь буцааж өгсөн. Би 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө Б- руу залгаад “таны зээлсэн мөнгийг би хувьдаа хэрэглэсэн” гэхэд, “чи юу гэнэ ээ, чамайг би очиж байгаад ална” гээд өдөр 14 цагт ирээд намайг зодсон. Оросын холбооны улсаас авчирсан хувцсыг гаргаж ирэхэд одоо энэ зарагдахгүй гээд мөн нэмж зодсон. Орой цагдаа дээр дагуулж очиход миний буруу гэж бодоод Б-д зодуулснаа хэлээгүй. Цагдаа нар зөвшилцөөд ир гэхээр нь нөхөр болон эгч рүү залгаад 7 хоногийн дараа зээлсэн мөнгөө өгөхөөр болсон. Маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахиад зодсон. Зодохдоо нүүр рүү цохиж, өсгийтэй гутлаар зодсон. Тэгээд болъё эсвэл намайг алчих гээд цагдаа дээр очсон. Миний утас бичиг баримтыг Б- аваад үлдсэн. Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр очоод би буруутай ч гэсэн ингэж зодуулж болох юм уу гэхэд өчигдөр яагаад хэлээгүй юм бэ гэхэд нь “коридорт ална шүү” гэж заналхийлсэн болохоор хэлээгүй гэж хэлсэн. Хохирлоо нэхэмжилнэ, зодуулсандаа гомдолтой байна...” гэв.
Гэрч Б.Урансайхан: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед У- залгаад Б- авгай ирээд намайг зодсон, аллаа гэсэн. Тэгэхээр нь чамайг яагаад зоддог юм бэ гэхэд мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн өдөр У-тай уулзахад цээж нь урагдсан, уруул нь хавдсан, дух нүүрний арьс овойж хөхөрсөн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр У- Б- зодоод алах гээд байна гэж дахин залгасан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж Б.У-тай уулзсан...” гэв.
Шүүгдэгч Б.Б-: “...У- удаа дараа намайг залилсан. Надаас мөнгө зээлж цувуулж авсан. Эхлээд авахдаа 1 сарын хугацаатай зээлнэ гэчихээд одоо болтол өгөөгүй. Тийм болохоор түрээсэлж байсан байрандаа буюу өөрийн гэртээ очоод мөнгөө нэхсэн. Би хүний хавирга хугалаагүй. Би үсийг нь зулгаасан, гарын араар цохисон. Би 1 л удаа очиж зодсон...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Б- эгчийн түрээсийн байранд байж байхад Б.Б- эгч хүүтэйгээ ирж хаалга тогшоод, гараад ир гэхээр нь би бага хүүхэдтэйгээ байна та ороод ир гэж хэлэхэд удаагүй манай гэрт орж ирээд “чи хаан юм уу, заан юм уу” гэж уурлаад миний баруун өгзөг рүү өшиглөөд үснээс зулгааж байгаад хацарлуу 2 удаа алгадсан. Тэр үед миний баруун өгзөг хөхөрчихсөн, толгой их өвдөж байсан. ...Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө намайг гэртээ байхад Б- эгч залгаад мөнгө нэхэхээр нь би уучлалт гуйгаад, мөнгийг чинь хувьдаа үрчихсэн гэж хэлэхэд “чи яана гэнээ, чамайг очиж ална” гэж хэлээд 14:00 цагийн үед манай гэрт ганцаараа ирээд миний толгой, нүүр рүү таарсан газраа гараа зангидаж байгаад цохиод өсгийтэй гутлаараа хөл рүү өшиглөж зодсон. Тэр үед миний нүүр, хамар хавдсан, өшиглөсөн хэсгүүд болох хоёр хөл, шилбэ, гуяны хэсэгт хөхөрчихсөн байсан тэр үед Б.Б- эгч хүүгийнхээ машинаар намайг дагуулж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж намайг мөнгө залилсан гэдэг өргөдөл өгөх гэхэд нь хүлээж авахгүй байхаар нь манай нөхрийг ажлаас нь авч, миний төрсөн дүүгийн ажил руу явж хамт уулзаад салсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байхад Б.Б- эгч манай гэрт ирээд “чамайг бодохоор зэвүү хүрээд байна” гэж хэлээд намайг хүүгээ тэвэрсэн байхад үснээс зулгааж, татаад хөл рүү өшиглөөд байхаар нь “та одоо больчих, би хичнээн буруутай ч гэсэн ингэж зодож болохгүй ш дээ, би цагдаад мэдэгдэхгүй гэж бодогдож байсан, одоо мэдэгдлээ” гээд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн. ...Би Б-д өөрөө өртэй болохоор нэхэмжлээд байх зүйл алга, гэхдээ сэтгэл санааны хувьд хэцүү байдалд оруулсанд гомдолтой байна. ...Миний зүгээс Б-гаас ямар нэгэн байдлаар мөнгө, эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Энэ хүний намайг зодсон үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” /хх-ийн 19-21, 107-108/ гэсэн,
Гэрч Б.Батдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...У- гэх эмэгтэй манай ээж Б.Б-гийн нэр дээр байдаг Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо 10 дугаар байрны 27 тоот 2 өрөө байрыг түрээслэж амьдарч байсан. Энэ хугацаанд У- гэх эмэгтэй манай ээжийг хууран мэхэлж мөнгө аваад өгөхгүй байсан. Тэгээд У- манай гэрт ирэхэд ээж зээлсэн мөнгөө нэхэхэд “би ажлынхаа хүмүүст зээлчихсэн байгаа, маргааш өгнө” гэж хэлсээр 4 сар болсон. ...Би ээжтэй хамт У-ийнд нэг л удаа очсон...” /хх-ийн 22/ гэсэн,
Гэрч Б.Урансайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр У- над руу залгаад “би хүнээс мөнгө зээлсэн юм, энэ хүн надаас мөнгөө нэхээд байна, чи надад зургаан сая төгрөг зээлээч” гэсэн. Тэгж байхад Б- У-ийн гар утсаар “танай эгч надаас зургаан сая төгрөг зээлээд өгөөгүй удаж байна, эгчийг чинь цагдаа руу дагуулж явна” гэж хэлсэн. Тэр өдөр Б- У-ийг зодоод над руу залгасан, тухайн үед би зодсон талаар мэдээгүй байсан. Б- У-ийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирсан. У- надад “Б- чамтай уулзмаар байна” гээд ажлын гадаа ирээд уулзсан. Б- У-ийн нөхрийн хамт машинаас бууж 30 минут мөнгөний талаар ярилцаад У- дээр очиход уруул нь хавдаад хөхөрсөн, хамар нь шалбарсан, цээж нь урагдаж шалбарсан байсан. Тэгээд би нүүр чинь яасан бэ гэхэд Баясаа эгч намайг зодсон гэсэн. Тэгэхэд би Б-д “Та ямар аймаар юм бэ, нялх хүүхэдтэй хүнийг зодоод” гэхэд Б- “ямар хамаатай юм, би дахиад зодно” гэсэн. Тэгээд би долоо хоногийн дараа мөнгийг чинь өгье гээд салаад явсан. Маргааш нь 14 цагийн орчим У- над руу залгаад “Баясаа эгч намайг зодоод, дарамтлаад байна” гэсэн. Намайг Б-тай ярихад “яг одоо мөнгөө аваад ир” гэсэн. Би “та ямар сонин юм бэ, долоо хоногийн дараа мөнгийг чинь өгнө гэж ярилцсан биздээ” гэхэд утсаа салгасан. Удалгүй У- дахин залгаад “чи хүрээд ир, Баясаа эгч намайг алах гээд байна” гэхэд нь би “цагдаа дуудаад яваад очьё” гэсэн чинь утсаа салгасан. Дахин залгахад утсаа авахгүй байсан. У- гэрээсээ зугтааж гараад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очсон. Тэгээд би 1 цаг орчмын дараа нөхөртэйгөө хамт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ирэхэд У- их айсан байдалтай, сандал дээр сууж байсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл бичих явцдаа У- “Баясаа эгч намайг 3 дугаар сарын 31-ний өдөр зодсон” гэж хэлсэн...” /хх-ийн 23-24/ гэсэн,
Гэрч С.Баасанжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр У- болон хүү Баасанбатын хамт зарын дагуу Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, Саарлын 10-27 тоотод байрлах хоёр өрөө байрыг Б-гаас нэг сарын 500.000 төгрөгөөр түрээслэж суусан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын эхээр ажил дээрээ байх үед Б-, эхнэр У-ийг дагуулчихсан ирээд “танай эхнэр надаас 3.000.000 төгрөг зээлж авчихаад өгөхгүй удаад, асуухаар худлаа яриад байна” гэсэн. Тэр үед эхнэрийн шанаа хэсэгт хавдчихсан байхаар нь та манай эхнэрийг зодсон юм уу гэхэд “надад худлаа хэлээд мөнгө өгөхгүй байхаар нь би зодчихсон юм” гэж хэлж байсан. Б- эгчийг дагуулаад, дүүтэй нь Урансайхантай уулзахаар очсон. Тэр үед Урансайхан эгчийгээ зодуулсан гэж мэдсэн. Тэгээд бид нар мөнгийг нь долоо хоногийн дараа өгнө гэж ярилцаад салсан. ...Б- эгч манай эхнэрийг ажил дээр дагуулж ирэхээр 2-3 хоногийн өмнө У-ийн гуя хөхөрсөн байдалтай байхаар юу болсоныг асуухад юманд цохисон гэж хэлсэн. Тэр үед Б- ирж манай эхнэрийг зодсон гэдгийг сүүлд мэдсэн...” /хх-ийн 25/ гэсэн,
Шинжээч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...У-ийн биед цээжний зүүн талын 4, 7 дугаар хавирганы цууралт, дух, хамар, хацар, мөр, бугалга, гуя, шилбэ, тавхай, өгзөгний цус хуралт, хүзүү, шилбэний арьсны зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа мөн хөнгөн зэрэгт хамаарч болно. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 03 болон 04-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Шинэ гэмтэл гэдэг нь цаг хугацааны хувьд хэрэг болсноос хойш 1-ээс 2 хоногийн хугацаа гэж ойлгож болно. Учирсан гэмтэл нь шаралж ногоороод ирэхээр хуучин гэмтэл болно. Тэгэхээр тухайн гэмтлүүд 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдөр үүссэн байх боломжтой. 4, 7-р хавирганы хугарал нь тусдаа хөнгөн зэрэгт, том хэмжээний цус хуралт дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Харин хүзүү, шилбэний зулгаралтууд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй байж болно. Жижиг хэмжээний цус хуралтууд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдөр учирсан гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27-28/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 10-27 тоотод байрлах өөрийн эзэмшлийн хоёр өрөө байрыг “Байр хөлслүүлнэ” гэсэн зарын дагуу У- гэх эмэгтэй ирж уулзаад нэг сарын 500.000 төгрөгөөр төлбөрийг сар бүр урьдчилж төлөхөөр болж оруулсан. Тухайн үед У- нь “АПУ” ХК-нд савлагчаар ажилладаг манай нөхөр ч хамт ажилладаг гэж хэлж байсан ба хоёр сарын дараа манай гэрт ирж уулзаад “Би хүмүүст мөнгө зээлж хүүлдэг юмаа, өгч аваад сурчихсан найдвартай хүмүүс, санхүүгийн ажилтнууд, мөнгөтэй хүмүүс байгаа. Манай эгч Туркэд ажилладаг тэр эгчээсээ мөнгө аваад 20% хүүлж өгдөг байсан танд мөнгийг чинь өсгөөд өгье надад 1.000.000 төгрөг зээлээч гэхээр нь итгээд 1.000.000 төгрөг өгөөд явуулсан. Тухайн үед надад хэлэхдээ 20 хоногийн дараа 1.200.000 төгрөг болоод өсгөөд өгнө гэж хэлж байсан. Тэрнээс хойш бага багаар зээлж авсаар 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн тэр үед намайг ОХУ руу явж ирсэний дараа бараануудаас зарж өгнө гэж хэлж аваад өгөөгүй. Улмаар түрээсийн мөнгөө ч өгөхгүй байхаар нь түрээсийн байрандаа очиж мөнгөө нэхэхэд удаа дараа худлаа ярьж байгаад сүүлдээ надад мөнгө өгч чадахгүй таны мөнгийг үрчихсэн, би танд худлаа ярьсан юмаа гэж хэлэхээр нь эхний удаа очихдоо хацар руу нь алгадаж үснээс нь зулгаасан. Тэр үед бас л худлаа яриад байснаа сүүлдээ үнэнээ хэлэхээр нь уур хүрээд хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Мөн гарны дотор хэсгээр нь базаж хөл рүү нь өшиглөсөн. ...2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.У-тай уулзахад надад худлаа ярьснаа хэлж “надад мөнгө авах боломжтой, хуурч болох хүн та л байсан юмаа” гэж хэлэхээр нь уур хүрээд Б.У-ийг гараараа хэд хэдэн удаа цохьчихоод гараад явсан. Тэрнээс хойш дахиж очоогүй...” /хх-ийн 35-36, 38-39, 126/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №4700 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.У-ийн биед цээжний зүүн талын 4, 7 дугаар хавирганы цууралт, дух, хамар, хацар, мөр, бугалга, гуя, шилбэ, тавхай, өгзөгний цус хуралт, хүзүү, шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 29/ гэсэн,
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц судлалын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №971 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Б- нь одоо “Тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг болно. Б.Б- нь мэдрэлийн эмчийн хяналтад байсан бөгөөд СЭМҮТ-д 3 удаа хэвтэн эмчлэгдсэн өвчний түүх байна. Дээрх эмгэг нь тодорхой үе шатлалтай явагддаггүй эмгэг болно.
2. Б.Б- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Б.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна...” /хх-ийн 110-113/ гэсэн дүгнэлтүүд,
- Шүүгдэгч Б.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39, 62, 67-67-72/,
- Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 45-59/
- Хохирлын баримтууд /хх-ийн 77-79/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 10 дугаар байрны 27-тоот түрээсийн байранд амьдарч байсан иргэн Б.У-ийг зээлсэн мөнгө төлсөнгүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь цээжний зүүн талын 4, 7 дугаар хавирганы цууралт, дух, хамар, хацар, мөр, бугалга, гуя, шилбэ, тавхай, өгзөгний цус хуралт, хүзүү, шилбэний арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.У-ийн “...2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Б- эгчийн түрээсийн байранд байхад Б.Б- эгч хүүтэйгээ ирж хаалга тогшоод, гараад ир гэхээр нь би бага хүүхэдтэйгээ байна, та ороод ир гэж хэлэхэд удаагүй манай гэрт орж ирээд “чи хаан юм уу, заан юм уу,” гэж уурлаад миний баруун өгзөг рүү өшиглөөд үснээс зулгааж байгаад хацарлуу 2 удаа алгадсан. Тэр үед миний баруун өгзөг хөхөрч, толгой их өвдөж байсан. ...Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө намайг гэртээ байхад Б- эгч залгаад мөнгө нэхэхээр нь би уучлалт гуйгаад, мөнгийг чинь хувьдаа үрчихсэн гэж хэлэхэд “чи яана гэнээ, чамайг очиж ална” гэж хэлээд 14 цагийн үед манай гэрт ганцаараа ирээд миний толгой, нүүр, таарсан газраа гараа зангидаж байгаад цохиод өсгийтэй гутлаараа хөл рүү өшиглөж зодсон. Тэр үед миний нүүр, хамар хавдсан, өшиглөсөн хэсгүүд болох хоёр хөл, шилбэ, гуяны хэсэгт хөхөрсөн байсан, тэр үед Б.Б- эгч хүүгийнхээ машинаар намайг дагуулж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж намайг мөнгө залилсан гэдэг өргөдөл өгөх гэхэд нь хүлээж авахгүй байхаар нь манай нөхрийг ажлаас нь авч, миний төрсөн дүүгийн ажил руу хамт явж уулзаад салсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байхад Б.Б- эгч манай гэрт ирээд “чамайг бодохоор зэвүү хүрээд байна” гэж хэлээд намайг хүүгээ тэвэрсэн байх үед үснээс зулгааж, татаад хөл рүү өшиглөөд байхаар нь “та одоо больчих, би хичнээн буруутай ч гэсэн ингэж зодож болохгүй ш дээ, би цагдаад мэдэгдэхгүй гэж бодогдож байсан, одоо мэдэгдлээ” гээд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн...” /хх-ийн 19-21, 107-108/ гэсэн,
Гэрч Б.Урансайханы “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр У- надад “Б- чамтай уулзмаар байна” гээд ажлын гадаа ирээд уулзсан. Б- У-ийн нөхрийн хамт машинаас бууж 30 минут мөнгөний талаар ярилцаад У- дээр очиход уруул нь хавдаад хөхөрсөн, хамар нь шалбарсан, цээж нь урагдаж шалбарсан байсан. Тэгээд би нүүр чинь яасан бэ гэхэд Баясаа эгч намайг зодсон гэсэн. Тэгэхэд би Б-д “Та ямар аймаар юм бэ, нялх хүүхэдтэй хүнийг зодоод” гэхэд Б- “ямар хамаатай юм, би дахиад зодно” гэсэн. Тэгээд би долоо хоногийн дараа мөнгийг чинь өгье гээд салаад явсан. Маргааш нь 14 цагийн орчим У- над руу залгаад “Баясаа эгч намайг зодоод, дарамтлаад байна” гэсэн. Намайг Б-тай ярихад “яг одоо мөнгөө аваад ир” гэсэн. Би “та ямар сонин юм бэ, долоо хоногийн дараа мөнгийг чинь өгнө гэж ярилцсан биздээ” гэхэд утсаа салгасан. Удалгүй У- дахин залгаад “чи хүрээд ир, Баясаа эгч намайг алах гээд байна” гэхэд нь би “цагдаа дуудаад яваад очьё” гэсэн чинь утсаа салгасан. Дахин залгахад утсаа авахгүй байсан. У- гэрээсээ зугтааж гараад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очсон. Тэгээд би 1 цаг орчмын дараа нөхөртэйгөө хамт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ирэхэд У- их айсан байдалтай, сандал дээр сууж байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,
Гэрч Б.Баасанжавын “...2017 оны 04 дүгээр сарын эхээр ажил дээрээ байх үед Б-, эхнэр У-ийг дагуулж ирээд “танай эхнэр надаас 3.000.000 төгрөг зээлж авчихаад өгөхгүй удаад, асуухаар худлаа яриад байна” гэсэн. Тэр үед эхнэрийн шанаа хэсэгт хавдчихсан байхаар нь та манай эхнэрийг зодсон юм уу гэхэд “надад худлаа хэлээд мөнгө өгөхгүй байхаар нь би зодчихсон юм” гэж хэлж байсан. ...Б- эгч манай эхнэрийг ажил дээр дагуулж ирэхээ 2-3 хоногийн өмнө У-ийн гуя хөхөрсөн байдалтай байхаар юу болсоныг асуухад юманд цохисон гэж хэлсэн. Тэр үед Б- ирж манай эхнэрийг зодсон гэдгийг сүүлд мэдсэн...” /хх-ийн 25/ гэсэн,
Шинжээч Ж.Ганцэнгэлийн “...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 03 болон 04-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Шинэ гэмтэл гэдэг нь цаг хугацааны хувьд хэрэг болсноос хойш 1-ээс 2 хоногийн хугацаа гэж ойлгож болно. Учирсан гэмтэл нь шаралж ногоороод ирэхээр хуучин гэмтэл болно. Тэгэхээр тухайн гэмтлүүд 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдөр үүссэн байх боломжтой. 4, 7-р хавирганы хугарал нь тусдаа хөнгөн зэрэгт, том хэмжээний цус хуралт дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдөр учирсан гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27-28/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б-гийн “...2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.У-тай уулзахад надад худлаа ярьснаа хэлж “надад мөнгө авах боломжтой, хуурч болох хүн та л байсан юмаа” гэж хэлэхээр нь уур хүрээд Б.У-ийг гараараа хэд хэдэн удаа цохьчихоод гараад явсан. Тэрнээс хойш дахиж очоогүй...” /хх-ийн 35-36, 38-39, 126/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №4700 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.Б.У-ийн биед цээжний зүүн талын 4, 7 дугаар хавирганы цууралт, дух, хамар, хацар, мөр, бугалга, гуя, шилбэ, тавхай, өгзөгний цус хуралт, хүзүү, шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ийн биед цээжний зүүн талын 4, 7 дугаар хавирганы цууралт, дух, хамар, хацар, мөр, бугалга, гуя, шилбэ, тавхай, өгзөгний цус хуралт, хүзүү, шилбэний арьсны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 281.000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг /хх-ийн 77-79/ хэрэгт хавсаргажээ. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгч Б.Б- “...нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б- нь одоо 57 настай байх тул түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б- нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 281.000 /хоёр зуун наян нэгэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 201726030508 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР