| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00433/И |
| Дугаар | 130/ШШ2017/00545 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2017/00545
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 130/ШШ2017/00545 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Санырау байбол овогт Б.М ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч К.Болат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн үлдэгдэл мөнгө 6452093 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.М 1956 онд төрсөн ба 1980 оны 6 дугаар сард МУИС-ийг төгсөж ирээд мөн оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Их барилгын хэлтэст мэргэжилтэн, Улсын байцаагч, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтэст ахлах мэргэжилтэн, ерөнхий архитектор бөгөөд хэлтсийн даргаар тус тус төрийн албанд 37 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Тухайн үед хууль журмын дагуу ажлаа Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар төрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд олгох 36 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж болох надад тооцож өгөх ёстой 26345681 төгрөгөөс 2016 оны 7 дугаар сарын 26-нд 12249588 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 7644000 төгрөгийг тус тус олгож, үлдсэн 6452093 төгрөгийг олгоогүй болно.
Тэр цагаас хойш эрх бүхий байгууллагын албан тушаалтан холбогдох хууль журмын дагуу үлдэгдэл мөнгийг олгох байх гэж хүлээсэн боловч сураг чимээгүй болсон. Эрх бүхий албан байгууллага, албан тушаалтанд олон удаа өргөдөл гаргаж, үлдэгдэл мөнгийг олгохыг хүссэн боловч ямар нэгэн нааштай шийдвэр гарсангүй. Уг нь бол Төрийн албаны тухай хуулийн заалтыг биелүүлэн эрх бүхий байгууллагаас тэтгэмж авах эрх нь үүссэн иргэнд олгох л ёстой мөнгө билээ.
Одоо миний бие тэтгэвэрт гараад нэг жил өнгөрсөн боловч дээрх тэтгэмжийн мөнгө болох 6452093 төгрөгийг авч чадахгүй байгаа учраас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн үлдэгдэл мөнгө 6452093 төгрөгийг гаргуулан Б.М надад олгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Миний нөхөр 2014 онд өндөр насны тэтгэвэрт гарах болж, холбогдох материалыг бүрдүүлж, тэтгэмжийн захиалга өгсөн ба 2016 оны 5 дугаар сарын 28-ний өдөр 60 нас хүрч, мөн оны 06 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр гарсан юм. Тухайн үед төрөөс нэг удаа өгөх тэтгэмжийн мөнгө ирээгүй байсан ба байгууллагаас 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 12,249,588 төгрөг авсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сард 7 сая төгрөг авсан ба нийтдээ 19 сая төгрөг авсан байгаа. Энэ нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нягтлан бодогч Шолпаны тодорхойлолтоор нотлогдож байгаа бөгөөд уг баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн болно. Үүнээс хойш 1 жил 3 сарын хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд авах ёстой байсан тэтгэмжийн мөнгийг бүрэн авч чадаагүй, тус газрын өмнөх дарга болон одоогийн даргад энэ асуудлаар хэд хэдэн удаа очиж уулзаж байсан. Ингэхэд бид нарт мөнгө байхгүй тодотголд оруулаад өгнө гэсэн хариу өгдөг ба үүнийг бид нар өгөхийг хүсэхгүй байгаа гэж хувьдаа үзэж байгаа. Б.М нь эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй учраас түүнийг итгэмжлэлээр төлөөлөн миний бие оролцож байна. Бид тэтгэмжийн мөнгийг зохих ёсоор, тогтоосон хугацаанд авч чадаагүй явдалд маш их гомдолтой байгаа. Иймд тус газраас 6452093 төгрөгийг гаргуулж өгөхийг эрхэм шүүгчээс хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Болат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Мын нэхэмжлэлтэй танилцав. Байгууллагаас шууд олгох боломжгүй. Тодотгол хийж өгөхийг хүсэж албан бичиг илгээсэн. Тодотгол хийж өгвөл татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Болат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний би тус газрын даргаар 2016 оны 09 дүгээр сард томилогдсон. Тухайн үед 11 дүгээр сард олгогдох 7 сая төгрөг байгууллагын санхүүд тусгагдсан байсан юм. Тусгагдсан мөнгийг би Б.Мад бүрэн гаргаж өгсөн. Өмнө нь ямар агуулга, үндэслэлтэй өргөдөл өгснийг би мэдэхгүй, 7 сая төгрөгийг өгсний дараа надад тийм мөнгө дутуу байна гэсэн өргөдөл өгсөн болно. Миний бие манай байгууллагын санхүүд шилжиж ирсэн мөнгийг танд бүрэн өгсөн өөр асуудлыг би мэдэхгүй гэдгийг хэлсэн байгаа.
Харин эдгээр хүмүүсийн өгсөн өргөдлийн дагуу дээд шатны байгууллагад уламжилсан байгаа. Зөвхөн Б.М биш Н.Б нарын 3 иргэний өргөдлийг дээд шатны байгууллагад уламжилснаар Н.Бы санхүүжилт нь жилийн эцэст ирсэн. Бусад хүмүүсийн мөнгө 2017 оны 10 дугаар сард УИХ-ын тодотголоор болсон талаарх албан ёсны хариу бидэнд ирсэн байгаа. Хэрэв дээд шатны байгууллагаас санхүүжилт нь ирвэл энэ хүмүүсийн мөнгийг өгөхөд би бэлэн байгаа. Хэрэв мөнгө ирэхгүй бол ажилчдын цалин хөлсийг өгөх боломжгүй гэдгийг хэлье. Надад ажилчдын цалинг өөр хүнд шилжүүлж өгөх эрх байхгүй, үүнийг төрийн сан зөвшөөрөхгүй учраас өнөөдрийн байдлаар тэтгэмжийн мөнгө өгөх боломжгүй байна. Гэхдээ н.Насихат гуайд өгч байсан өргөдөл надад шилжиж ирээгүй учраас 1 жил 3 сар гэсэн нэхэмжлэгчийн тайлбарт холбоотой асуудлыг би хүлээн авах боломжгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Б.М нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн үлдэгдэл мөнгө 6452093 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Мыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан буюу тэтгэвэрт гаргах насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх тул мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрх үүссэн байна. Мөн тухайн тушаалын 2 дахь заалтаар тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгохыг ахлах нягтлан бодогчид даалгасан байна.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид нийт 26345681 төгрөг авах ёстойгоос 19893586 төгрөг авсан ба одоогийн 6452093 төгрөг үлдсэн гэж тайлбарласан бөгөөд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нягтлан бодогчийн Б.М нь 2016 оны 6 дугаар сарын 01-нд өндөр насны тэтгэвэрт гарсан ба төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 2016 оны 7 дугаар сарын 26-нд 12249588 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 8-д 7644000 төгрөг бүгд 19893586 төгрөг авсан бөгөөд цалингийн сүлжээний ТЗ-7 шатлалаар 733863х35,9 жил ажилласан= 26345681 төгрөг авах ёстойгоос 19893586 төгрөгийг авч 6452093 төгрөгийг дутуу авсан нь үнэн болно гэж тодорхойлжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь Б.М нь төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжээс 6452093 төгрөг дутуу болох талаар маргаагүй байх ба уг мөнгийг байгууллагаас шууд олгох боломжгүй, тодотгол хийж өгөх талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тодотгол хийж өгөх талаар хүсэлт явуулсан, тодотгол хийж өгвөл татгалзах зүйлгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Б.Мад Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрх үүссэн ба Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгаж олгох бөгөөд нэхэмжлэгч нь нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс 6452093 төгрөгийг дутуу авсан болох нь тогтоогдож байх тул Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 6452093 төгрөгийг гаргуулан Б.Мад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 6452093 төгрөгийг гаргуулан Б.Мад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 длугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 118183 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК