Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 343

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт од холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Н., нарийн бичгийн даргаар Ц. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.той 2011 онд гэр бүл болж, 2012 оны 08 дугаар сард гэрлэлтээ батлуулж, одоог хүртэл хамт амьдарч байна. Би гэр бүл болохоос өмнө хүү О.ыг төрүүлсэн байсан. Бидний дундаас охин Б. 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Б. нь сүүлийн үед намайг хэл амаар доромжилж, хүүхдүүдийн нүдэн дээр зоддог болсон. Мөн хүүхдүүдийг зүй бусаар хэлж зоддог болсон. Бид хамтран амьдарснаас хойш гэр бүлийн зориулалттай өмчлөлийн газар, хувийн орон сууц, Зил-130 маркын машин зэрэг эд хөрөнгүүдийг бий болгосон. Зил-130 маркын машиныг 2013 онд, хашаа байшингаа 2015 онд тус тус би цалингийн зээлээ авч худалдаж авч байсан. Одоо бид хоёр эд хөрөнгө дээрээ эвлэрсэн.

Шүүхээс бид хоёрт эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй. Цаашид Б.той хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.г миний асрамжид үлдээж, Б.оос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэр бүлийн дундын эд хөрөнгө дээрээ эвлэрч гэрээ байгуулсан. Охин Б.г өөрийнхөө асрамжид авна. Би одоогоор тогтсон тодорхой ажилгүй. Хэрэв охиныг эх Э.*******ын асрамжид өгвөл хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.од холбогдуулан  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б. нар нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Б. төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Харин нэхэмжлэгч Э.******* нь хүү О.д холбогдуулан хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчидэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б. нь шүүх хуралдаан дээр охин Б.г өөрийн асрамжид авах талаар тайлбар  гаргасан ба шүүхээс хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах, өсөж хүмүүжих орчин, хариуцагчийн эдийн засгийн байдал зэргийг харгалзан үзэж охин Б.г эх Э.*******ын асрамжид үлдээж, сар бүр эцэг Б.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.г эх Э.*******ын асрамжид үлдээсэн нь эцэг Б.ын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Гэрлэгчид нь шүүх хуралдаанд гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* тоотод байрлах 1064 мкв талбай бүхий газар, 55 мкв талбай бүхий хувийн сууцыг эхнэр Э.*******, охин Б., хүү О. нарын өмчлөлд үлдээх, 6 ханатай гэрийг нөхөр Б.ын өмчлөлд үлдээж, 26-42 УБЯ улсын дугаартай зил-130 машиныг худалдан борлуулж 2,500,000 төгрөгийг Хаан банкнаас авсан барьцаат зээлийн эргэн төлөлтөд хийхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.*******ын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт , ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.г эх Э.*******ын асрамжид  үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.*******д даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* тоотод байрлах 1064 мкв талбай бүхий газар, 55 мкв талбай бүхий хувийн сууцыг нэхэмжлэгч Э.*******, охин Б., хүү О. нарын өмчлөлд үлдээх, 6 ханатай гэрийг хариуцагч  Б.ын өмчлөлд үлдээж, 26-42 УБЯ улсын дугаартай зил-130 машиныг худалдан борлуулж 2,500,000 төгрөгийг Хаан банкнаас авсан барьцаат зээлийн эргэн төлөлтөд хийхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан болохыг  дурдсугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.МАРИНА