| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 133/2016/0032/э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2016-06-21 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Өлзийбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр
Улсын яллагч Б.Өлзийбат
Хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Э-ын Т холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ****сумд төрсөн, Есөнбулаг сумын ****** баг, **-**** тоотод оршин суух ам бүл *, *** хамт амьдардаг, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, хувьдаа *** орон сууцтай, барилгын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан, У овогт Э-н Т гэв.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Э.Т нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах ****** ХХК-ийн уурын зуухны арын зам дээр **-** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж замын зорчих хэсэгт хэвтэж байсан иргэн Д.Т-ыг дайрч бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед цагдаагийн араар өгсөж явсан. Өмнөөс ирж байсан машины гэрлийн гялбаанд орсон. Машины хамар дор шахуу нэг хар юм харагдсан миний машины гупер түр тар гээд яваад өгсөн. Машинаа зогсоох арга хэмжээ аваад зогссон, бууж ирээд харах үед машины ард хүн хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг рүү дуудлага өгсөн. Энэ үед цагдаа нар ирсэн. Удалгүй эмнэлэг ирсэн. Хохирогчийн эмнэлэг рүү явуулаад би өөрөө цагдаа орж байцаалт өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 58-р хуудас гэрч Ц.Б-гийн мэдүүлэг, 66-рт гэрч Б.Ц-ийн мэдүүлэг, 67-рт гэрч Т.Г-ын мэдүүлэг, 68-рт гэрч Ю.Ц-ын мэдүүлэг, 69-рт гэрч шинжээч эмч Т.Алтайбаатарын мэдүүлэг, 93 тоот шинжээчийн дүгнэлт, 72-73-рт Д.Т-ын цусанд шинжилгээ хийсэн дүгнэлт, 112-рт замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, 2016 оны 04 сарын 12-ны өдөр шүүгдэгч Э.Т-ийн машинд үзлэгт хийж машины доод талаас цус авч хохриогч Д.Т-ын цустай харьцуулсан ДНК-ийн шинжилгээнд явуулсан шинжилгээний хариу зэрэг нотлох баримтад үзлэг хийв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 14-рт Б.Л-н тайлбар, 23-рт Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 46-рт гэрч М.У-ын мэдүүлэг, гэрч Б.Л-н мэдүүлэг, ял шалгах хуудас, Д.Т-ын аав Дугарсүрэнгийн дансанд мөнгө орсон баримт зэрэг нотлох баримтад үзлэг хийв.
Э.Т нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах ***** ХХК-ийн уурын зуухны арын зам дээр **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж замын зорчих хэсэгт хэвтэж байсан иргэн Д.Т-г дайрч бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид сайн дураараа хохиролд 3.520.000 төгрөг төлсөн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.5,55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т-д оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашины хүрдний гадна бүрээсийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Хохирогчид хохирол 3.520.000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Э-ын Т-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Э.Т-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.
5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Э.Т нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс ялтан Э.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Э.Т-йн ********** регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, ********* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгож, ******** дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан машины хүрдний бүрээсийг ялтан Э.Т-д буцаан олгосугай.
9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, ялтнаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 3.520.000 төгрөг төлсөн гэснийг тус тус дурдсугай.
10. Хохирогч Б.Т цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний журмааршүүхэл хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Т-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА