Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0093

 

 

“О.Г”, “А с” ХХК-иудын  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.У, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ц.О, Ч.Э нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 430 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын дагуу “Тансаг Аптай”, “А с” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч компаниуд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 21/13, 22/13 дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэр бүхий компаниудын Монголын үндэсний хуралдаа, аж үйлдвэрийн танхимд гаргасан хүсэлт, Импортлогчдын зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичгүүдийн дагуу “А с”, “О.Г” ХХК-иудад Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гаалийн тухай хуульд заасны дагуу шалгалт явуулсан.

Нэхэмжлэгчээс Гаалийн тухай хуулийн 7.1-ийн дагуу импортын барааны гаалийн үнийг мэдүүлсэн тул гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.1.1-д заасныг хүлээн зөвшөөрч гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн.

Гаалийн улсын байцаагч нар нь ХБНГУ-ын “В” ХХК-ийн үнэ, нэхэмжлэгчийн  харьцуулсан үнийн жагсаалтаар нотлогдож байгаа нь “хийсвэр, зохиомол” үнэ ашигласан гэдгийг үгүйсгэж байна.

Мөн хуулийн 15.2.1.1-д зааснаар барааны үнийг тогтоосон. Түүнчлэн нэхэмжлэгчээс Гаалийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлуудад тухай бүрт нь хуулийн үндэслэлтэй хариуг өгч байсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 237 дугаар зүйлийн 237.2, 241 дүгээр зүйлийн 241.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 249.3, 271 дүгээр зүйлийн 271.1.7, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "О.Г" ХХК болон "А с" ХХК-ийн нэхэмжлэлээр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалт Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн "О.Г" ХХК-д төлбөр тогтоосон "Татвар нөхөн төлүүлэх тухай" 21/13 дугаартай акт, мөн "А с" ХХК-д төлбөр тогтоосон "Татвар нөхөн төлүүлэх тухай" 22/13 дугаартай актуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...2013 оны 09-р сарын 2-ны өдрийн 01/3055 тоотоор явуулсан хүсэлт. 2013 оны 10-р сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: "...нэхэмжлэгч өнөөдөр энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Герман Улсад энэ асуудлыг тавьж шалгуулах хүсэлт гаргахаас өөр аргагүй болж байна..." гэсэн 2 удаагийн хүсэлтийг хүлээн аваагүй явдал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1-д заасныг хэрэгжүүлээгүй болно. Үүнд:

Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ", Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, "1954 оны ,1-р сарын 1-ний өдөр баталж, 1957 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай конвенц"-ийн 8 дугаар зүйлд: " Хэлэлцэн тохирогч аль нэг улсын шүүхийн байгууллага нь өөрийн хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн тохирогч нөгөө улсын холбогдох эрх бүхий байгууллагад хандан иргэний буюу худалдааны хэргийн талаар өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд байцаалт, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх бусад үйл ажиллагаа явуулах хүсэлт бүхий шүүхийн даалгавар гаргаж болно” гэж заасан байна.

Мөн тодорхойлох хэсэгт: "...холбогдох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэдгийг зохих журмын дагуу тогтоосон тохиолдолд ,..."гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх хуралдааны явцад Монгол Улс 2006 онд нэгдэн орсон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц болон 1999 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Брюссель хотноо үйлдсэн Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцод нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколын 2 дугаар бүлгийн Зүүлт 1, зүүлт 2-ыг буюу конвенцод заасан гарал үүслийн гэрчилгээний шаардлагыг илт зөрчсөн хуурамч гарал үүслийн гэрчилгээ үйлдсэн нь агуулгын хувьд тогтоогдож байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1 дэх хэсэгт нотлох баримтын үнэлэх ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна.

Харин нэхэмжлэгч талын хүсэлт бүрийг хүлээн авч Гаалийн ерөнхий газарт Статистикийн хэлтэс, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар болон Барааны ангилал.үнэлгээний хэлтсийн мэдээллийн санд 2 удаа үзлэг явуулсан нь хэт нэг талыг хүсэлтийг биелүүлж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

  1. Шүүгчийн 430 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт: "Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 237 дугаар зүйлийн 237.2, 241 дүгээр зүйлийн 241.1,249 дүгээр зүйлийн 249.1, 249.3, 271 дүгээр зүйлийн 271.1.7, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалтад заасныг тус тус баримталжээ..." Гэтэл гаалийн тухай хуулийн 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэгт заасан үүргээ "О.Г"ХХК, "Алтайн Сүлжээ" ХХК биелүүлээгүй хаяг нь "А С" ХХК -ийн хаяг тодорхойгүй Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн эрэн сурвалжлах тухай 1469 тоот шийдвэр гаргуулж байсан, 2013 оны 10-р сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 5-р хуудсанд "Анхны илтгэх хуудсан дээр холбогдох бичиг баримтаа гаргаж өгөхгүй байна гэсэн зүйл байгаа" гэсэн шүүх хуралдааны явцад тухайн компаниуд хуулийг зөрчиж шалгалт явуулах нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй байхад тогтоох хэсэгт Гаалийн тухай хуулийн 237 дугаар зүйлийн 237.2 дахь хэсгийг баримталсан байна.
  2. Шүүгчийн 430 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт: Гаалийн тухай хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсгийг баримталсан байна. Гэтэл гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүй 249.1 дэх хэсэгт заасан "...гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах.." үйл явцтай Гаалийн тухай хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэг зөрчилдөж байна.
  3. Шүүгчийн 430 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт: Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249. 3 дахь хэсгийг баримталсан боловч гаалийн улсын байцаагчийн 21/13, 22/13 тоот акт нь Улаанбаатар хотын гаалийн газрын архиваас тус компаниудын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх баримтад тулгуурлан акт тогтоосон учир тухайн зүйлийн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч Д.Зоригтбаатарын гаргасан анхан шатны шүүхийн 430 тоот шүүгчийн шийдвэрийн тогтоох хэсэгт гаалийн бүрдүүлэлт болон бүрдүүлэлтийн дараах шалгалт явуулах үйл явцыг нэг дор баримталсан, гаалийн тухай хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэг, 249.1 дэх хэсэг зөрчилдөөнтэй байх тул шүүгчийн шийдвэрийг эргэн харах.

Хилийн чанадад нотлох баримт цуглуулах эрх зөвхөн шүүхэд байх тул 2013 оны 09-р сарын 2-ны өдрийн 01/3055 тоотоор явуулсан хүсэлтийг хангаж "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай конвенц"-ийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлэх үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх мөн хуулийн дүгээр зүйлийн 31.1-т заасан нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс

шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “О.Г”, “А с” ХХК-будаас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 21/13, 22/13 дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан улсын байцаагч нар акт тогтоохдоо гаалийн үнийг зөв тодорхойлсон эсэх дээр маргаж, үүнтэй холбоотой баримтуудыг цуглуулах шаардлага шүүхэд үүсжээ.

Гэтэл хэрэгт захиргааны актуудын үндэслэл болсон, маргаанд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой баримтууд, тухайлбал, нэхэмжлэгч компаниудаас тухайн үед гаалийн байгууллагад гаргасан мэдүүлгүүд болон түүнд хавсаргасан баримтууд бүрэн авагдаагүйн зэрэгцээ, авагдсан зарим нь нотлох баримтын хуулиар тогтоосон шаардлага хангахгүй байдлаар авагдсан байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх заалтыг зөрчжээ.

Мөн хэргийн оролцогчид “О.Г”, “А с” ХХК-иудын импортолж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн гарал үүслийн, чанарын болон эрүүл ахуйн гэрчилгээ, ХБНГУ-ын “В” ХХК-ийн үнийн жагсаалт зэрэг баримтууд хуурамч байсан эсэхтэй холбогдуулан маргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” байх шаардлагыг хангаагүй байдлаар нотлох баримтыг бүрдүүлснээс гадна талуудын тухайн маргаанд шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч нар гаалийн үнийг тодорхойлж, акт тогтоохдоо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д заасан аргыг хэрэглэж, бусад импортлогчийн адил төстэй мэдүүлгүүдийг ашигласан гэх боловч үүнтэй холбоотойгоор шүүх “Бүрдүүлэлтийн дараах шалгалтын программ”-д үзлэг хийсэн гэснээс өөрөөр нотлох ажиллагааг явуулаагүй байна. Зүй нь шүүх тухайн харьцуулалт хийсэн компаниудын холбогдох баримтуудыг нотлох баримтаар авч, нэхэмжлэгч компаниудынхтай харьцуулалт хийх замаар гаалийн улсын байцаагч нарын акт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх байжээ.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

Ц.ЦОГТ

Б.МӨНХТУЯА

Д.БАТБААТАР