Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/216

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Ж.Ц-, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З овогт Ж-гийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910000810137 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн 12 дугаар гудамжны 568 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Октябрын районы ардын шүүхийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 01 жил хорих ял шийтгүүлсэн,

Нийслэлийн шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн е-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 64 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил, 08 сар, 10 хоногийн ялыг тэнссэн сулласан, бие эрүүл, ухаан бүрэн, З овогт Ж-гийн Ц,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ц- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 12-568 тоот хашаанд цагдаа Э.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхдээ нүүрэн тус газар цохиж, самардан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ж.Ц-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 37 минутад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 12-568 тоотод дуудлагын дагуу очиход Ц- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан болохоор Ц-ийн хамтран амьдрагч Сарантуяа түүнийг эрүүлжүүлэх хүсэлт амаар гаргасан. Тэгэхээр нь Ц-ид шаардлага тавьж байшингаас дагуулан гарч машины  хойд талд суулгасан, ахмад Ж.Алтанцоож эхнэрээр нь аюулын зэргийн үнэлгээний маягт бөглүүлээд үлдсэн. Намайг машиндаа суухад Ц- надад ямар нэгэн агсам тавьсан зүйл байхгүй, та нар яагаад намайг авч явах гээд байгаа пиздакууд вэ гэхээр нь би “...та чимээгүй бай, хэлтэс дээр очиж байгаад асуудлыг шийднэ...” гэж хэлсэн. Тэгтэл гэнэт миний хоолой хэсгээс боож, нөгөө гараараа миний нүүрийг самардахаар нь би гарыг нь тавиулаад цагдаагийн албан хаагчийн биед яагаад халдаад байна вэ гэхэд яадаг юм, чи намайг амжихгүй шүү, чи наад хувцасаа тайлчих хоёулаа зодолдоё гэсэн. Тэр үед ахмад Алтанцоож гарч ирээд бид хоёр Ц-ийг машинаас буулгаад гавлах гэхэд зугтах гэж байгаад цасан дээр нүүрээрээ унасан, татаад босгоход хамар, дух хэсэг нь шалбарсан байдалтай байсан...” /хх-ийн 13-14, 71/ гэсэн,

 

Гэрч А.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой ажлаа тараад том хүү Цаст-Оргилын хамт гэртээ ирэхэд Ц- гэрт архи уугаад байж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд шилтэй архийг гаргаад шидчихсэн чинь янз бүрийн авир гаргаад уурлаад байхаар нь хүү Цаст-Оргилд цагдаа дууд гэж хэлсэн. ...Удалгүй хоёр цагдаа ирээд нэг нь Ц-ийг аваад гарсан, нөгөөх нь надаар аюулын зэргийн үнэлгээ хийлгэж, өргөдөл бичүүлж авна гэхээр нь янз бүрийн ноцтой асуудал үүсээгүй, гомдол санал байхгүй, зүгээр эрүүлжүүлэх гэсэн юм гэж хэлсэн. ...Тэгээд цагдаатай хамт гадагш гарахад Ц- цагдаагийн машины хажууд 4 хөллөөд тонгойчихсон нүүр нь шалбараад цус гарсан байдалтай байсан...” /хх-ийн 20/ гэсэн,

 

Гэрч Д.Мөнх-Оргил мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед манай хойд эцэг Ж.Ц- архи ууж байхад гаднаас ээж орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирээд нэг нь манай хойд аавыг авч гараад нөгөөх нь ээжээс юм асуугаад үлдсэн. Удалгүй хүний орилох дуу гарахаар нь гадагш гарахад манай хойд аавыг цагдаа машинаас чирж буулгаад гавлаж байсан...” /хх-ийн 76/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.Ц- мөрдөн шалгах ажиллагааны яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг цагдаагийн машинд суулгахаар нь бууж шээнэ гээд машины хаалга онгойлгоод буухад цагдаа бууж ирээд цохих гэж байгаа юм шиг гараа далайхаар нь би цочсондоо гараараа сарвайтал миний гарын хумс сөрчихсөн байсан нүүрэнд  нь хүрээд шалбалсан. Тэгтэл миний нүүрэнд гар хүрдэг чи хэн бэ гээд намайг барьж аваад өчих гэхэд би өчүүлэхгүй гээд ноцолдсон. Тэгж байхад гэр дотроос хүмүүс гарч ирээд хоёр цагдаа нийлж намайг гавлаад машинд суулгаад эрүүлжүүлэх рүү авч явсан. Гадаа ноцолдож байхад тэр цагдаа миний нүүрийг маажиж, газарт нэдэрч унагаасан..” /хх-ийн 66-67, 84-85/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №837 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Э.Б-ын биед хоёр нүдний зовхи, зүүн хацар, хамрын угалз, хамар, уруулын гурвалжин, уруулын булан, эрүүнд зулгаралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт,

 

- Пост, машинт эргүүлийн томилгоо /хх-ийн 16/,

- Дуудлагын дэвтэр /хх-ийн 17/,

-  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-78/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 86/,

- Шүүгдэгч Ж.Ц-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 45-62, 63/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Ц-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ж.Ц- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 12-568 тоот хашаанд цагдаа Э.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа нүүрэнд нь цохиж, самардан эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, зүүн хацар, хамрын угалз, хамар, уруулын гурвалжин, уруулын булан, эрүүнд зулгаралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлсдэн болох нь хохирогч Э.Б-ын “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 37 минутад ...Ц-ид шаардлага тавьж байшингаас дагуулан гарч машины  хойд талд суулгасан, ахмад Ж.Алтанцоож эхнэрээр нь аюулын зэргийн үнэлгээний маягт бөглүүлээд үлдсэн. Намайг машиндаа суухад Ц- надад ямар нэгэн агсам тавьсан зүйл байхгүй, та нар яагаад намайг авч явах гээд байгаа пиздакууд вэ гэхээр нь би “...та чимээгүй бай, хэлтэс дээр очоод асуудлыг шийднэ...” гэж хэлсэн. Тэгтэл гэнэт миний хоолой хэсгээс боож, нөгөө гараараа миний нүүрийг самардахаар нь би гарыг нь тавиулаад цагдаагийн албан хаагчийн биед яагаад халдаад байна вэ гэхэд яадаг юм, чи намайг амжихгүй шүү, чи наад хувцасаа тайлчих хоёулаа зодолдоё гэсэн. Тэр үед ахмад Алтанцоож гарч ирээд бид хоёр Ц-ийг машинаас буулгаад гавлах гэхэд зугтах гэж байгаад цасан дээр нүүрээрээ унасан, татаад босгоход хамар, дух хэсэг нь шалбарсан байдалтай байсан...” /хх-ийн 13-14, 71/ гэсэн, шүүгдэгч Ж.Ц-ийн “...Бууж шээнэ гээд машины хаалга онгойлгоод буухад цагдаа бууж ирээд цохих гэж байгаа юм шиг гараа далайхаар нь би цочсондоо гараараа сарвайтал миний гарын хумс сөрчихсөн байсан нүүрэнд нь хүрээд шалбалсан. Тэгтэл миний нүүрэнд гар хүрдэг чи хэн бэ гээд намайг барьж аваад өчих гэхэд би өчүүлэхгүй гээд ноцолдсон...” /хх-ийн 66-67, 84-85/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №837 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Э.Б-ын биед хоёр нүдний зовхи, зүүн хацар, хамрын угалз, хамар, уруулын гурвалжин, уруулын булан, эрүүнд зулгаралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт, пост, машинт эргүүлийн томилгоо /хх-ийн 16/, дуудлагын дэвтэр /хх-ийн 17/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-78/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 86/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, зүүн хацар, хамрын угалз, хамар, уруулын гурвалжин, уруулын булан, эрүүнд зулгаралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт  бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 750,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул /хх-ийн 86/ энэ шүү хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.   

 

Шүүгдэгч Ж.Ц- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ж.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910000810137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч Ж-гийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж-гийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.Ц-ийн нийт ялыг 3,150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ж.Ц-ид оногдуулсан 3,150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Ц- оногдуулсан торгуулийн ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1910000810137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Ц-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР