Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Догмиддорж,

         Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 2219000100047 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Т.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Залуус хорооллын гаднаас Э.Мөнхтөрийн өмчлөлийн 47-66 УБГ улсын дугаартай, Тоёото Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Э.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай найз Мөнхбаяр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өглөө манай гэрт ирээд “Найздаа машинаа өгөөд явуулчих” гэж гуйхаар нь өөрийн 47-66 УБГ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслээ өгч явуулсан. Тэгсэн Мөнхбаярын ажил дээр манай ажлын Б очиж “Мөнхтөр машин аваад ир гэсэн” гэж хэлээд миний машиныг аваад явсан байсан. Миний хувьд Бат-Эрдэнийг Мөнхбаяраас машин аваад ир гэж хэлсэн зүйл огт байхгүй байхад Мөнхбаяр бид хоёрын дунд худлаа хэлж миний машиныг зөвшөөрөлгүй авч явсан. Утсаар залгахад утсаа авахгүй, блок хийсэн, 2 хоног сураггүй алга болсон учир цагдаад гомдол гаргасан ... машин дотор байсан бетоны буу алга болсон байсан. Миний машины урд гупер хагарсан, их гэрэл хагарсан байсан  ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 16-17 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би Мөнхтөрийн 47-66 УБГ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслийг Мөнхбаяраас гуйж шалсаар байгаад аваад шууд Говьсүмбэр аймаг руу ганцаараа явсан. Би уг тээврийн хэрэгслийг авахдаа ганцаараа байсан. Тэгээд Мөнхбаярт “уг машиныг Мөнхтөрд аваачиж өгнө, үгүй бол чамтай холбогдож байгаад өгнө” гэж хэлсэн. Уг машины урд гуперыг Сайншанд сумаас гараагүй байхдаа арын уурын зуухны гадна зогсоол дээр байсан төмөр мөргөсөн. Тухайн үед ойр хавьд хүн байгаагүй. Би эвдэрсэн эд ангийг багажид нь хийсэн. Би Говьсүмбэр аймагт 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед очоод Найдан гэх зүс таних айлын хашаанд тавиад, би өөрөө 2021 оны 12 дугаар сарын 03-ны шөнө вагоноор Улаанбаатар хот руу явсан. Би явахдаа Найданд машины түлхүүрийг үлдээсэн ... Би Мөнхбаяраас Мөнхтөрийн машиныг гуйж байгаад ойр зуурын ажил амжуулна гэж хэлж аваад Говьсүмбэр аймаг руу ямар нэгэн хүний зөвшөөрөлгүй авч явсан ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41, 47 дугаар хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №264 дугаартай “...  буфер урд 550,000 төгрөг, будах зардал 120,000 төгрөг, эд анги солих 20,000 төгрөг, шууд бус зардал 20,000 төгрөг, нийт 710,000 төгрөг ... “ гэсэн үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Залуус хорооллын гаднаас Э.Мөнхтөрийн өмчлөлийн 47-66 УБГ улсын дугаартай, Тоёото Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болон тээвэрлэх, чирэх байдлаар завших зорилгогүйгээр авч явсан санаатай үйлдэл ба автотээврийн хэрэгслийг авч явж, өмчлөгч, эзэмшигчид хохирол учруулсан эсэхээс үл хамааран автотээврийн хэрэгслийг авч явсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

          Шүүгдэгч Т.Б нь өмлөгч Э.Мөнхтөрийн зөвшөөрөлгүйгээр 47-66 УБГ улсын дугаартай, Тоёото Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Говьсүмбэр аймаг руу жолоодож явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

        Иймд шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Т.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь 1 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь 1 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА