Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

хохирогч: О.Ц, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү /2139/

шүүгдэгч: Ж.М, түүний өмгөөлөгч О.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 1805 0094 50438 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын гааль татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, 10 сартай хүү нарын хамт, М.

 

             Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны гадна талд маргааны улмаас О.Цгийн баруун гарын 3 дугаар хурууг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.М мэдүүлэхдээ:

2018 оны 2 дугаар сарын 07-ний өдөр манай дүү Билгүүнбат яриад эхнэрээсээ саллаа гэхээр нь би ээжтэйгээ хамт гэрт нь очсон. Намайг очиход Ц, Б хоёр гарч ирээд манай дүүг загнаад зогсож байсан. Намайг машин дотор сууж байхад манай дүүг загнаад сүүлдээ манай гэрийнхнийг доромжлоод байхаар нь машинаас буугаад очтол Цэвэлмээ куртекээ тайлж шидээд над руу чичлээд дайрсан. Би тухайн үед жирэмсэн байсан болохоор өөрийгөө хамгаалах гээд Цгийн гарын цохисон. Түүний гарын хугалана гэж бодоогүй. Маргаан 4-5 секунт л үргэлжилсэн байх. Мөн хохирогч маргалдаж байх явцдаа миний гарыг майжсан. Тэгээд маргаан болж дууссаны дараа хохирогч гарын хуруу хугалчихлаа гэж хэлсэн. Одоогоор ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлөөгүй байгаа. Хохирол төлбөр төлөхөд ар гэрийн санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Гэхдээ хохирол төлбөрийг 3-4 сарын хугацаанд төлнө. Хохирогчоос уучлалт гуйж байна. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Ц мэдүүлэхдээ:

2018 оны 2 дугар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад хүргэн дүү Билгүүнбат залгаад “ирж дүүгээ ав” гэж хэлсэн. Дүүгээ авах гээд очтол манай дүү байгаагүй. Гадаа нь Билгүүнбат, Билгүүнбатын ээж, эгч, ах нар ирээд гэрийн эд зүйлийг зөөгөөд байж байсан. Би Отгондарь хаана байгаан, яагаад маргалдаад байдын бол гээд Билгүүнбатын ээжтэй яриад зогсож байхад машин дотроос М гарч ирээд манай дүү рүү “чи юу гээд байгаан” гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод салгаж байхад М миний нүд рүү цохихоор нь би Мыг түлхсэн чинь миний гарыг хажуу тийш дарсан. Тухайн үед миний гарын хуруу өвдөөд байхаар нь мултарчихсан юм байх даа гэж бодож байтал хугарсан байсан. Одоо би Маас 1 400 086 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд гар маань бүрэн атгагдахгүй өвдөөд байгаа. Харин шүүгдэгчийн гарыг маажсаны хувьд миний гарыг мушгихаар нь тавиулах гээд майжсан байх гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Б мэдүүлэхдээ:

2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр манай эгч Ц руу хүргэн Билгүүнбат яриад дүүгээ ирээд ав гэсэн. Тэгээд эгч намайг хамт явах уу гэхээр нь бид хоёр хамт явсан. Тэгээд дүү Отгондарийн гэрт ирэхэд Отгондарь байхгүй, Билгүүнбат юмаа машин руугаа зөөж байсан. Эгч байрны шатан дээр Билгүүнбатыг загнаад, дээшээ гэр рүү нь орсон. Дүү Отгондарь байхгүй болохоор эргэж гараад машин руу нь очоод Билгүүнбаттай уулзахад Билгүүнбатын эгч М машинаас бууж ирээд над руу дайраад эгч Ц миний урдуур орж боль гэхэд эгчийг М нэг удаа нүдний хэсэгт цохисон. Тэгээд эгч урдаас нь дайрахад эгчийн гарыг хойш дарсан. Эгч Ц гар хугалчихлаа гэсэн чинь хохьчино гэж М хэлээд байр руу яваад орсон. Билгүүнбатын ах нь намайг заамдаж авахад Билгүүнбатын ээж нь дундуур орж ирээд болиулсан гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Ж мэдүүлэхдээ:

Тухайн өдөр манай хүү Билгүүнбат над руу яриад ээж би хүүхдээ аваад гэртээ очмоор байна, та хүрээд ирээч гээд над руу залгасан юм. Би хүүгийн гэрийн гадаа очоод нийтийн байрны гадаа машины зогсоолд машинаа тавиад гэрт нь орсон. Тэгээд гарч ирэхэд манай машины өмнө Билгүүнбатын эхнэр Отгондарийн эгч нь Билгүүнбатыг загнаад янз бүрээр хэлээд байсан. Машин дотор манай охин М сууж байгаад машинаас бууж ирээд ээж явъя гэхэд Ц хэл амаар доромжлоод байсан. Манай охин Мыг Ц болон хамт явсан эрэгтэй дүү нь хүртэл доромжлоод тэгээд зодох гээд ирэхэд нь М нэг удаа Цг түлхсэн. Тэнд өөр зүйл болоогүй, Ц манай охины гарыг маажсан. Ц тухайн үед машины хажууд хуруу хугалчихлаа гээд орилоод бөөн юм болсон. Тэгтэл М би чиний хурууг хугалаагүй, чи л өөрөө зодох гээд дайрсан биз дээ гэсэн. Тэр хоёрыг манай том хүү салгасан юм. Билгүүнбатын амьдардаг нийтийн байранд манай ээж Цэрэнтогтох болон том хүү Үнэнбат, дүү Цэрэнмядаг нар тэнд тус тусдаа өрөө түрээслэж амьдардаг. Бид нарыг гадаа хашгиралдахаар нь том хүү Үнэнбат юу болж байгаа юм бол гээд гарч ирээд Цг Маас салгасан. Ц эрэгтэй дүүгийнхээ хамт М руу дайраад байсан юм. Тэгээд Ц эмнэлэг явна гээд явчихсан. Ц нь Билгүүнбатыг янз бүрээр загнаад, гуйлгачин гээд элдэвээр хэлээд байсан. Тэгээд М ээжээ явъя гэхэд Ц нь манай охин Мыг доромжлоод, Мын өмнөх хүүхэд нь 5 сартай нас барсан юм. Гэтэл чи өмнөх хүүхдээ алсан биз дээ гээд хүний эмзэг асуудлаар нь дайрч доромжлоод байсан гэжээ. (хэргийн 54-55 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2393 тоот дүгнэлтэд:

1. О.Цгийн биед баруун 3 дугаар хурууны 3 дугаар үеийн ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Даваасүрэн мэдүүлэхдээ:

О.Цгийн биед учирсан баруун 3 дугаар хурууны 3 дугаар үеийн ташуу хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.М нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 75 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны гадна талд маргааны улмаас О.Цгийн баруун гарын 3 дугаар хурууг хугалж, эрүүл мэндэд нь баруун 3 дугаар хурууны 3 дугаар үеийн ташуу хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Ц, гэрч О.Б, Д.Жамъяанмядаг шинжээч Б.Даваасүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2393 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч О.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 1 400 086 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ж.М төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заажээ.

 

Бодонгууд овогт Жийн Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.М цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Ж.Маас 1 486 000 төгрөг гаргуулж, хохирогч О.Цд олгосугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН