| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0806/Э |
| Дугаар | 2020/ ШЦТ/836 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2020/ ШЦТ/836
2020 10 26 2020/ШЦТ/836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч Н.А,
шүүгдэгч Б.А,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Монгол овогт Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011013620903 тоот хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлийн мэргэжилтэй гэх, ам бүл 4, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112.1, 125.2- т зааснаар 4 жил хорих, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125.2-т зааснаар 2 жил 6 сар хорих, 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих, 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.10, 145 дугаар зүйлийн 145.2- т зааснаар 8 жил хорих ял, 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,Б.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хамтран амьдрагч хохирогч Н.А-ийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус тус Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар гудамжны 414 тоот өөрсдийн түр оршин суух гэртээ эсхүл гадаа гудамдаа байнга гэмтэл учруулахгүйгээр хоолойг цамцны захаар боох, бие махбодод нь хүч хэрэглэх зэргээр зодсон гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгч Б.Аы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...2020.07.17-ны өдөр хамтран амьдрагч А-, А-ийн төрсөн дүү Г- төрсөн ах нь болох Т- нарын хамт 2 шил архи авсан, 1 шил архиа хувааж уучхаад ахиад нэгийгээ уух гэтэл А- амбаар руу аваад орсон би гэрт унтсан. Тэгээд буцаад сэрэхэд гэрт хэн ч байхгүй байсан, амбаарт ороход бөөнөөрөө архи уугаад сууж байсан, тэгээд би А-ийг гэртээ ор гэж хэлэхэд орохгүй гэсэн тэгэхээр нь би чулуу аваад толгойг нь хагалчихсан, тэгээд цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
- хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Атай хамт амьдраад 12 жил болж байгаа бөгөөд бид 2 дундаасаа хүү охин хоёртой болсон. 2020 оны 07 сарын 17-ний орой 18-19 цагийн үед ах Т-, дүү Г-, А бид 4 нийлээд 2 шил архи аваад 1 шил архиа хувааж уучхаад сууж байсан чинь А унтаад өгөхөөр нь Т-, Г- нартай цуг амбаарт ороод үлдсэн 1 шил архиа хувааж уугаад сууж байтал А орж ирээд “Гэртээ ор” гэхээр нь би “Одоохон орлоо” гэсэн чинь газраас чулуу аваад толгойруу 1 удаа цохисон тэгээд толгойноос цус гараад эхэлсэн чинь хэн эмнэлэг, цагдаа дуудсан юм мэдэхгүй цагдаа эмнэлэг хүрээд ирчихсэн байсан... А миний гарыг хутгаар 2017 онд гэмтээж байсан, гэхдээ эмнэлэг цагдаа болон өөр бусад хүнд мэдэгдээгүй нуугаад өөрөө эдгээж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
- насанд хүрээгүй гэрч А.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би бараг гэртээ байдаггүй юм аа учир нь аав ээж 2 ер нь л байнга архи уугаад байдаг юм. Би гэрийнхээ ойр хавьд байдаг найз нөхөд тэдний эмээ нарын гэрт амьдардаг гэж хэлж болно. Аав миний дэргэд ээжийг хааяа алгадаж, бие лүү нь өшиглөж цохидог гэхдээ дандаа ээжээс болж маргаан үүсдэг юм. Аавыг зүгээр байх үед гэнэт ээж үглээд хараагаад, сонин сонин юм яриад байдаг учир аав тэсэхгүй ганц хоёр цохидог. Аав ихэвчлэн согтуу үедээ ээжид гар хүрдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,
- гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 46-53х/,
- цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өгсөн дуудлага мэдээллийн хуудас /хх-ийн 57-66х/,
- Асап сангийн лавлагаа /хх-ийн 70-72х/,
- Б.А шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 589 /хх-ийн 76- 77х/, 540 /хх-ийн 78-79х/, 205 /хх-ийн 74-75х/ дугаартай шийтгэврүүд,
- ял шалгах хуудас /хх-ийн 80-81х/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 54-55х/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар хөпөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.А нь албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй хамтран амьдрагч хохирогч Н.Аийг ахуйн хүрээнд хамт архидан согтуурч, улмаар хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй бус харилцааны улмаас Н.Аийн бие махбодод нь олон удаагийн давтамжтайгаар гар, хөлөөр цохиж, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт үйлдэлд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад: “...нөхөр Б.Ад гомдолгүй, хохирол талаар маргаан байхгүй...” /хх-ийн 111х/ гэх хүсэлтийг гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Н.А-ийн санал хүсэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, бага насны 2 хүүхэдтэй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн түүнийг нийгмээс тусгаарлан хүмүүжүүлэх шаардлагагүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлд нөлөөлсөн тул шүүгдэгчид тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Б.Аыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ