Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1128

 

Ч.Х-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

хохирогч Г.Сэр-Од, түүний өмгөөлөгч С.Батзаяа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Сэр-Од, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Х-д холбогдох эрүүгийн 201501080234 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ахиад овгийн Ч.Х.....................;

 

Ч.Х нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Хгаас 25.567.375 төгрөгийг гаргуулан иргэн С.Ням-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч С.Ням-Эрдэнэд төлбөр төлөөгүй, өөрийн өмч болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот байрыг охин Х.Эрдэнэ-Ундрахын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Ү-2207003158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан шилжүүлсэн, 2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.Урантуяагийн нэр дээр шилжүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 62.000.000 төгрөгийг Э.Урантуяагийн данснаас нөхөр Ц.Даваацэрэнгийн дансаар дамжуулан авч Ү.Ариунтуяад худалдан өөрийн эд хөрөнгийг шилжүүлж зайлсхийсэн, мөн төлбөр төлөгч Ч.Х нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 77 дугаар байрны 1 дүгээр орц 16 тоот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 46 тоот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 58 тоот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 103 дугаар байрны 37 тоот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 101 дүгээр байрны 26 тоот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 30 дугаар байрны 58 тоот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 55А дугаар байрны 406 тоот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 07 тоотод оршин суух зэргээр шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ч.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ахиад овогт Ч.Х-г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ахиад овогт Ч.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гарсан зардалгүй, шүүгдэгч Ч.Х нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Сэр-Од давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Х барилгын компанитай худалдах, худалдан авах гэрээ хийж, засварлан орж амьдарч, эзэмшиж байгаад гэрчилгээ олгох үед нь охин Эрдэнэ-Ундрахдаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж охиныхоо нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан байхад бэлэглэлийн гэрээг наториатч Дашцэдэн Ч.Хгийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 12 тоот орон сууц Ч.Хгийн өмч гэдэг байдлаар баталгаажуулсан. Ч.Х нь татвар төлөгч учраас охиндоо орон сууцаа шилжүүлсэн үйлдэл нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн болохыг тогтоогоод өгч байгаа. Ийм тодорхой бөгөөд хангалттай нотлох баримт бүхий хэргийг шалгуулахаар заагаад өгч байхад мөрдөгч М.Баярсайхан нь Ч.Хгийн хууль бусаар олж авсан гэрчилгээг цуцалж, хууль бусаар шилжүүлсэн үйлдлийг нь мөрдөн байцаалтын эхний шатанд хуулийн дагуу ямар ч маргаангүйгээр эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байгааг мэдсээр байж шалгаж тогтоогоогүй атлаа шийдвэр гүйцэтгэгч нар ажиллагаа хийгээгүй. 2007 оноос хойш Ч.Хгийн нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй, Ч.Хд шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн үйлдэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дүүргийн Ерөнхий прокурор хянаад 5/225 тоот тогтоолын шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоож, Ч.Х өөрийн өмч болох 12 тоот орон сууцаа охиндоо шилжүүлсэн, иргэн Ховдоод түрээслүүлсэн зэрэг хавтас хэрэгт авагдсан эд хөрөнгөө нуун дарагдуулж бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр хэргийг сэргээн 2015 оны 9 дүгээр сарын 04-нөөс 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 30 хоногоор хугацаа тогтоож хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг даалгасан байхад 2015 оны 5 дугаар сарын 16-нд хохирогч миний бие цагдаагаас эрэн сурвалжлагдаж байсан Ч.Х 12 тоот орон сууцыг иргэн Н.Бямбажавт худалдах гэж байхад нь илрүүлэн саатуулж цагдаа дуудан баривчлуулж мөрдөгч М.Баярсайханд хөрөнгөтэй нь хүлээлгээд өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 1-т “иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгийг хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн эсхүл хуулиар тэдний төлөө эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй” гэж үүрэгжүүлэн заасан ажиллагааг хийгээгүй. Мөрдөгч М.Баярсайхан нь Ч.Х олдохгүй байна, эрж хайж байна гэх нэрийдлээр ямар ч ажиллагаа хийгээгүй хуулийн хугацаагаа дуусгаж хэргийг шалгаж тогтоохгүй байсан атлаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрөө хүсэлт гарган хугацаа сунган шалгах нэрийдлээр Ч.Хг эрж хайсан дүр эсгэж байтал Ч.Хгийн 12 тоот орон сууцыг хэрэг шийдэгдээгүй, хохирогч гомдолтой байхад төлбөрөөс зайлсхийх зорилгоор иргэн Э.Урантуяад 67 сая төгрөгөөр хууль зөрчин худалдаж шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн хэргийг мөрдөн байцаалтын шатанд давтан үйлдэж байхад мөрдөгч М.Баярсайхан нь Ч.Хд 12 тоот орон сууцыг хууль зөрчин худалдах цаг хугацааны боломж олгочихоод мэдсэн ч мэдээгүй байдлаар хориг тавиагүй. Хэрэг үүсгэж шалгаагүй, хавтас хэрэгт үг, үсэг ч тэмдэглэлгүй, ул мөргүй болтол нь нуун дарагдуулж хэргийг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэгдэх ямар ч боломжгүй болгосон байхад дүүргийн цагдаа, прокурорын газар нь ийм тодорхой нотлох баримттай, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, шалган тогтоох ямар ч арга хэмжээ аваагүй. Ч.Х төлбөрийн чадваргүй болсныхоо дараагаар охиндоо орон сууцаа шилжүүлж шүүхийн шийдвэр үл биелүүлсэнээ, өөрөө аль эрт хүлээх ёстой байсан хэргээ хүлээн зөвшөөрч хэрэгт учирсан хохирлын 25.567.375 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сард бүрэн төлж гэм буруугаа арилгана, гэм буруутай гэдгээ ойлгож ухамсарлаж байна гэж хуурамчаар илэрхийлсэн юм. Өршөөлийн хуулийг буруугаар ашиглан, хэргийг хэрэгсэхгүй болгож хууль бусаар шийдвэрлэсэн байхад Дүүргийн прокурорын газар ямар ч хяналт тавиагүй, хууль бус үйлдлүүдийг тухайн үед нь таслан зогсоож хуулийн дагуу шударгаар шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлвэл тухайн үед нь үүрэгт ажлаа хуулийн дагуу хийж хэрэгжүүлээгүйн улмаас Ч.Х охиндоо орон сууцаа шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй хэвээрээ байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг нь 66 дугаар байрны 12 тоот орон сууц нь анхнаасаа Эрдэнэ-Ундрахын өмч байна, мөрдөгч М.Баярсайхан нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Ч.Хгийн ашиг сонирхолын үүднээс ажиллагаа явуулаагүй, хээл хахууль авсан нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь мөрдөгч М.Баярсайхан, хэрэг бүртгэгч Б.Тогтох нарыг үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож Ч.Хтай үгсэн хуйвалдаж, албан тушаал албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болсон. Дүүргийн Ерөнхий прокурор хэргийг хянаад 5/225 тоот тогтоолын шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоож, тодорхой үүрэг даалгавар өгсөөр байхад тодорхой арга хэмжээ аваагүйн улмаас мөрдөгч М.Баярсайхан, яллагдагч Ч.Х нар дахин хууль зөрчиж хавтас хэрэгт авагдсан 12 тоот орон сууцыг худалдаж авч ашигласан, худалдсанаа нуун дарагдуулж Өршөөлийн хуулийг буруугаар ашигласан. Ер нь хэргийг анхнаас нь хуулийн дагуу шийдвэрлэх хүсэл бодолгүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Хохирол барагдуулах ёстой цорын ганц хөрөнгө болох 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг хуулийн дагуу олж өгөлгүй албан тушаал, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Ч.Хд холбогдох хэргийг 3 удаа санаатайгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэв.

Хохирогч Г.Сэр-Одын өмгөөлөгч С.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс шүүгдэгч Ч.Хг эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчилсөн, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдлоо гэж дүгнэсэн
боловч 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд оргон зайлсан гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэсэн заалттай нийцэхгүй байна. Учир нь Ч.Х шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд саад учруулж, шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүй оршин суух хаягаа өөрчилж, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байсан учраас шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тогтоол”-оор Ч.Хг эрэн сурвалжилж байсан. Мөрдөн байцаалтанд гэрч С.Энхмөрөнгийн өгсөн “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Хажидмаагийн Хуланг эрэн сурвалжлах тогтоолын дагуу Хуланг эрэн сурвалжилж, 13-22 УНГ Тоёота приус маркийн машинтай явж байхад нь 2018 оны 2 дугаар сарын 21-нд олж авч шийдвэр гүйцэтгэгч Урангоод хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг баримтаар Ч.Хгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн гэмт үйлдэл нь 2018 оны 2 дугаар сарын 21-нд төгссөн байна. Шүүхээс шүүгдэгч Ч.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан нь тогтоогдохгүй байх бөгөөд 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Ч.Хгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан нөхцөл байдлын талаар бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас зайлсхийсэн гэмт үйлдлийн талаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа бөгөөд ийнхүү зайлсхийсэн үйлдэл нь 2018 оны 2 дугаар сарын 21-нд төгссөн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх буруу дүгнэлт хийсэн. Иймд Ч.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байгааг хянаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан байдаг. Энэхүү зорилгын хүрээнд Ч.Хгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, эд хөрөнгөө нуун дарагдуулж, бусдад шилжүүлсэн гэмт үйлдлийг хууль бус гэдгийг нь тогтоосон атлаа эд хөрөнгө нь бусдад шилжсэн нь хууль ёсны үр дагавар мэтээр үзэж, ямар ч арга хэмжээ авалгүй орхигдуулан шийдвэрлэсэн нь хуулийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцэхгүй байна. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 3.2 дахь заалтад “Иргэний эрх зүйн хэлцлийг эрүүгийн гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон бол шүүх тухай хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ нь хэдийгээр хуучин хууль мөрдөж байх цаг хугацаанд гарсан хэдий ч одоо үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилт зарчимд нийцэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсний дагуу эрүүгийн хэргийн хохирлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байна. Хохирогч Г.Сэр-Од нь мөрдөн байцаалтын үеэс “Ч.Х өөрийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг охин X.Эрдэнэ-Ундрахад шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болгож өгөхийг хүсч, өргөдөл гомдол гаргаж байсан боловч прокурор, шүүх энэ талаар хэргийг хянан шийдвэрлэхдээ орхигдуулсан. Ч.Х, X.Эрдэнэ-Ундрах нарын байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлсэн хэлцэл” байсан нь гэрч X.Жовдоо, гэрч Н.Бөхбаяр, гэрч Э.Урантуяа нарын мэдүүлгээр нотлогддог. Учир нь X.Эрдэнэ-Ундрах тус байрыг захиалж, төлбөрийг нь төлж авсан, татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ байгуулсан гэдэг боловч байрыг түрээслэх, бусдад барьцаалах, худалдах зэрэг захиран зарцуулах эрхийг Ч.Х хэрэгжүүлж байсан. Нөгөө талаар Ч.Х өөрийн өмчлөлийн байрыг охин X.Эрдэнэ-Ундрахын нэр дээр шилжүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд саад учруулж, эд хөрөнгөө нуун дарагдуулж бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл болсон. Үүний дараа Ч.Х уг байрыг 15 сая төгрөгөнд барьцаалж, Э.Урантуяагийн өмчлөлд 67 сая төгрөгөөр худалдаж шилжүүлсэн гэх 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, Э.Урантуяагаас Ч.Ариунтуяад шилжүүлсэн 2015 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг хангах зарчимд нийцэх байсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ч.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 10 жилийн хугацаанд яагаад төлбөр төлж чадаагүй гэхээр 2002 оноос эхлээд 66 дугаар байрны 12 тоот буюу тухайн орцны 15 айлын орон сууцанд засвар хийж өгсөн. Тэгээд “Эс Эм Эс” ХХК-ийн захирал Ж.Сосорбарам гэх хүнтэй би 10 жилийн хугацаанд заргалдаж байсан. Би төлбөрөө барагдуулъя гэхэд надад ямар ч хөрөнгө байгаагүй. Тухайн завсар хийлгэж орсон гэх 15 айлыг Ж.Сосорбарам гэх хүн хөөж гаргасан. Мөн би 2015 онд жирэмсэн байж байгаад төрсөн. Тухайн хугацаанд би ажил хийж чадаагүй. Би Налайх дүүрэгт энэ хүний худалдаж авсан байранд нэхэмжлэл гаргасан байгаа.” гэв.

 

Шүүгдэгч Ч.Хгийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Хд холбогдох хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Ч.Хг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэх гэм буруутайд тооцсон. Прокуророос Ч.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэр нь үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан бөгөөд энэ шаардлага хангагдаагүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх дүгнэлт хэсэгт “Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Хгаас 25.567.375 төгрөгийг гаргуулан иргэн С.Ням-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х нь өөрийн өмч болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот байрыг охин Х.Эрдэнэ-Ундрахын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, 2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.Урантуяагийн нэр дээр шилжүүлсэн, мөн төлбөр төлөгч Ч.Х нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдоо.” гэж дүгнэсэн атлаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан нь тогтоогдохгүй байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.” гэж агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийжээ.

Гэмт хэргийн үйл баримт, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн оролцуулж, тэдний эрх зүйн байдалд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тодруулж, хэргийн оролцогч мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасан байхад хэргийн хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж төгссөн үеэс хугацааг тоололгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Харин давж заалдсан гомдлууд хуулийн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Хд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Хд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ч.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                                      ШҮҮГЧ                                                     Ц.ОЧ

 

                                      ШҮҮГЧ                                                    Д.МЯГМАРЖАВ