Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00244

 

С.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00243 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

С.Өгийн нэхэмжлэлтэй,

Р.Стой садан төрлийн холбоотой болохыг тогтоолгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Ө, түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ө, төрийг төлөөлж Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ө шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1952 оны 05 дугаар сарын 20-нд Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Нуурмаг гэдэг газар малчин ард Р.Сын гэрт эх Сосорбарамын анхдугаар хүү болж төрсөн. Өвөг эцэг Рэнчингийн С нь намайг эхээс боож авч охин Сосорбарамын хамт нэг гэрт амьдарч байгаад Р.С нь 1971 оны 6 дугаар сарын 10-нд нас барахад миний бие толгойг нь түшиж нас баруулсан билээ. Р.С нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн баривчлагдаж 10 жилийн хорих ялаар шийтгүүлж биеэр ялыг эдэлсэн юм. Би Сд албан ёсоор үрчлэгдээгүй ч өөрөөр нь овоглож явдаг юм. Ээж маань амьд сэрүүн байхдаа нөхөх олговрыг хөөцөлдөж авч байсан. Хэлмэгдэгчийн төрсөн болон үрчлэгдсэн хүүхдэд 40.000.000 төгрөгийн нөхөх олговор олгоно гэсэн Улсын Их Хурлын тогтоол гарсан учраас би хэлмэгдэгч Р.Стой садан төрлийн холбоотой буюу түүний зээ хүү мөн болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00243 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар Шарнууд овогт Сын Ө /РВ52052018/-г хэлмэгдэгч Рэнцэнгийн Стой садан төрлийн холбоотой /зээ хүү/ болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Өгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хорих ялаар шийтгүүлж явсан Рэнчингийн Стой садан төрлийн холбоо болох, түүний үрчлэгдсэн зээ хүү болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Сын садан төрлийн холбоотон зээ хүү болохыг тогтоосныг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Би Р.Сд үрчлэгдсэн зээ хүү нь болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлан ярьж байсныг шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгаагүй, шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл хоёр нь зөрүүтэй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь намайг шүүх хуралдаанаас өмнө өөрт нь холбогдох бусад материалаа бүрдүүлж ирүүлсэн байх талаар зөвлөж байгаагүйгээс цуглуулсан баримт материалаа бүрэн өгч чадаагүй, шууд шүүх хурал нь товлогдож, хэргийн бүрдэл хангагдаагүй байхад шүүх хурлыг товлосон байна.

Энэ тухай давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүсэлт гаргаж, орхигдсон 18 хуудас материалыг дарааллаар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болно.

Р.С нь өөрийн охин Сосорбарамаас хүү Өгээ төрмөгц эх барьж, үрчлэн авч, өөрөөрөө овоглуулан, 1971 он хүртэл нас бартлаа хүү Өтэйгээ 19 жил нэг гэрт хамт амьдарч байсан нь гэрч З.Лонжид, Ц.Гомбо нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож байхад шүүх хэрэгт авагдсан хагас дутуу баримтад үндэслэн шийдвэр гаргасан байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.26-ны өдрийн 00243 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...зээ хүү” гэсний өмнө “үрчлэгдсэн” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Сын Ө нь анхан шатны шүүхэд төрөл садангийн холбоо тогтоолгохоор хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Өг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Р.Сын зээ хүү болохыг тогтоосон, үүнийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулалгүй магадлал гаргасан.

С.Ө нь хэлмэгдэгч Р.Сын үрчлэгдсэн зээ хүү нь болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсныг нь хуралдааны тэмдэглэлд огт тусгаагүй болно. Шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл нь зөрүүтэй байна.

Анхан шатны шүүх нь С.Өг шүүх хуралдаанаас өмнө өөрт холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өгөх талаар өөрт нь мэдэгдээгүйгээс баримт материалаа өгч чадаагүй болно. Энэ тухайгаа давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүсэлт гаргаж, орхигдсон 18 хуудас баримтыг шүүх хуралдаан тэмдэглэлд тусгуулсан болно.

Р.С нь өөрийн охин С.Сосорбарамыг хүү Өгээ төрүүлмэгц эх барьж, охиноосоо үрчлэн авч, өөрөөрөө овоглуулан, 1971 он хүртэл нас бартлаа хүү Өтэйгээ 19 жил нэг гэрт хамт амьдарч байсан болох нь гэрч З.Лонжидын мэдүүлэг, холбогдох иргэний бичиг баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад хоёр шатны шүүх нь хагас дутуу баримтанд үндэслэж шийдвэрлэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 1 дэх заалтад “...зээ хүү” гэсний өмнө “үрчлэгдсэн” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Ө нь  өөрийгөө Р.Стой садан төрлийн холбоотой болохыг тогтоолгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх садан төрлийн холбоотой /зээ хүү/ болохыг тогтоосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нь  Р.Сын үрчлэгдсэн зээ хүү болохыг тогтоож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүсч, хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэнгүй.

Ө нь 1952 оны 5 дугаар сарын 20-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Нуурмаг гэдэг газар малчин ард Р.Сын гэрт, түүний бага охин С.Сосорбарамын анхдугаар хүү болон төрсөн, төрсөн цагаасаа хойш өвөг эцэг Р.Сыг нас барсан 1971 он хүртэл түүнтэй хамт амьдарч, өвөг эцэг Р.Сд албан ёсоор үрчлэгдээгүй ч Р.Соор овоглож ирсэн тул садан төрлийн холбоотойг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь өвөг эцэг Р.Сд үрчлэгдсэн тухай үйл баримтыг тогтоолгохыг хүссэн эсхүл, Р.Сд үрчлэгдсэн түүний хүү болохыг тогтоолгохыг хүссэн аль нь болох нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, зорилгыг тодруулалгүй, маргаангүй байгаа үйл баримт болох Р.Сын зээ хүү болохыг тогтоосон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар Шагдарсүрэнгийн Ө 1952 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрснийг 1959 оны 12 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 74-т бүртгүүлсэн байна.

Шагдарсүрэнгийн Ө үрчлэгдсэн бүртгэл байхгүй гэсэн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн лавлагаа авагдсан байтал хэрэгт 1968-1993 онд олгогдсон Өгийн дунд боловсролын аттестат, нэгдлийн гишүүний үнэмлэх, цэргийн батлах, цэргийн үүрэгтний үнэмлэх, татварын улсын байцаагчийн үнэмлэх, мэргэжил дээшлүүлэх институтын үнэмлэх, улмаар 2012 онд олгогдсон иргэний үнэмлэх зэрэг нь бүгд  Соор овоглогджээ.

Иймд Улсын бүртгэлийн байгууллагаас Сын Өгийн түүхчилсэн лавлагааг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэрэг бөгөөд энэ тохиолдолд шүүх холбогдох баримтыг бүрдүүлсний эцэст хэргийг шийдвэрлэх учиртай. Анхан шатны шүүх шаардлагатай баримтыг гүйцэд бүрдүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00243 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.Ө, түүний өмгөөлөгч  Б.Түмэндэмбэрэл нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Өгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД