| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0806/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/792 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/792
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа
улсын яллагч Д.Энхболд /онлайн/,
шүүгдэгч Л.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Л.Өод холбогдох эрүүгийн ..........дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл-2 ээжийн хамт ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б.Л.Ө /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхантай хөшөөний орчим иргэн Б.Чинбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Э.Ган-Өлзий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 23 цаг өнгөрч байх үед танилцах үдэшлэгээ тараад тухайн үдэшлэг дээр танилцсан охинтойгоо Бурхантай хөшөөний орчим алхаад явж байтал уг охины ангийн хүүхэд гэх залуу тухайн охин руу залгасаар байгаад хүрээд ирсэн. Тэгээд ирээд тухайн охинтой чи хаачих гээд байгаа гэж уурлаж байснаа мөн над руу чи юу билээ гэж уурлаж давраад байгаарай бацаан минь гэж хэлээд нүүрэн тус газар эхлээд нэг удаа алгадаж дараа нь дахин хэд хэд цохисон тэгээд чи намайг цохь гээд байхаар нь үгүй ээ би чамтай муудалцмааргүй байна гэж хэлсэн тэгээд дараа нь дахин үсдэж намайг цохисон тэгээд байж байтал хажуугаар явж байсан нэг ах ирж салгаад би цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/
Гэрч Ж.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай ангийн залуу Л.Ө залгаад намайг очоод авъя гэж хэлээд араас хүрээд ирсэн тэгээд намайг тухайн Бурхантай хөшөөний орчим байхад Л.Ө ирээд хамт явъя гэж хэлсэн тэгэхээр нь би за за гэж хэлээд Чинбаяр гэх залууг чи одоо яв яв гэж хэлтэл нөгөөх чинь явахгүй зогсоод байсан тэгтэл Л.Ө уурлаад чи яагаад явахгүй байгаа гэж хэлээд очоод нүүрэн тус газар нь хоёроос гурван удаа цохих шиг болсон чинь Чинбаярын нүүр аймар улайгаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11376 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Чинбаярын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 20-21 тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад /хх-33-35/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхантай хөшөөний орчим иргэн Б.Чинбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Чинбаярын эрүүл мэндэд учирсан “...зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Л.Ө түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Өын, хохирогч Б.Чинбаярын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Өын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Ө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Өод оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Л.Өод оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2010000000954 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Ө бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Л.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагвадоржийн Л.Өыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Өод оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ