Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар ахлах прокурор Г.Ганцэцэг,

         Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн 2219000040032 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Т.М

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Т.М нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөөний гудамж, 11 дүгээр байрны 42 тоотод байрлах өөрийн гэртээ гар утсаар Pokerrrr-2 гэх фейсбүүк цахим хаягаар буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 9,868,471 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

        Шүүгдэгч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Pokerrrr2 апликэйшнийг ашиглан, өөрийн танилын хүрээнд тоглуулж байсан бөгөөд хялбар аргаар ашиг олох боломжтой байхаар нь уг тоглоомыг өргөжүүлсээр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цахимаар мөрийтэй тоглоом тоглуулсан юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний Хаан банкны 5360394779 дугаарын данс хаагдчихсан байгаа ... Би өөрийнхөө Хаан банкны 5360394779 тоот дансыг ашиглаж байхдаа 9,800,000 орчим төгрөгийн ашиг олсон ... Уг тоглоомыг зохион байгуулахдаа гэртээ өөрийн хуучин ашигладаг байсан Самсунг Эс-7 маркийн гар утсаар гэрийнхээ интернэтийг ашиглан зохион байгуулж байсан  ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18, 27 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Т.Мгийн эзэмшдэг Хаан банк дахь 5360394779 дугаарын харилцах дансанд үзлэг хийсэн “... Т.М нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа ашигласан гэх Хаан банкны 5360394779 дугаарт дансанд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд нийт 3,219 удаагийн гүйлгээгээр 249,023,314 төгрөгийн орлого, 951 удаагийн гүйлгээгээр 239,154,870 төгрөгийн зарлага хийгдсэн байна. Хаан банкны 5360394779 дугаарт дансанд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд орсон 249,023,314 төгрөг нь гэрч Т.Мгийн цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад тоглосон иргэдийн цэнэглэлт хийсэн мөнгө болох нь гүйлгээний утгаар тогтоогдож байна. Хаан банкны 5360394779 дугаарт дансанд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд 239,154,870 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба тухайн мөнгө нь мөрийтэй тоглоомд оролцсон хүмүүст хонжвор хэлбэрээр олгосон байх ба нийт 9,868,471 төгрөгийг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон хууль бус орлого гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хаан банкны 5360394779 дугаарт данснаас хувийн хэрэгцээнд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд 20 удаагийн гүйлгээгээр 6,280,500 төгрөгийн орлого, 61 удаагийн гүйлгээгээр 13,833,981 төгрөгийн зарлага гарсан нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан ашгаас 7,553,481 төгрөг хувьдаа зарцуулсан болох нь гүйлгээний утгаар тогтоогдож байна. Хаан банкны 5360394779 дугаарт данснаас  2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд банкны шимтгэлээр 324,100 төгрөг зарлагадсан, банкны барилтаар 1,888,695 төгрөг байгаа нь тогтоогдож байна ...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №546 дугаартай “... Гар утас /Самсунг А-8/, 150,000 төгрөг ...” гэсэн хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

          Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50/11692 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1340 дугаартай прокурорын зөвшөөрөлд дурдсан 5360394779 тоот дансны зарлагын гүйлгээг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хязгаарласан болно” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Т.М нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөөний гудамж, 11 дүгээр байрны 42 тоотод байрлах өөрийн гэртээ гар утсаар Pokerrrr-2 гэх фейсбүүк цахим хаягаар буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 9,868,471 төгрөгийн ашиг олсон үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Шүүгдэгч Т.М нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 9,868,471 төгрөгийг шүүгдэгч Т.Мгийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 150,000 төгрөгийн үнэ бүхий, Самсунг А-8 маркийн гар утсыг улсын орлогод оруулж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Мд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйл, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Шүүдэгч Т.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг анхаарсугай.

          6.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Мд мэдэгдсүгэй.

          7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 9,868,471 төгрөгийг шүүгдэгч Т.Мгийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

          8.Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1340 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шийтгэх тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлснээр хүчингүй болгосугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 150,000 төгрөгийн үнэ бүхий, Самсунг А-8 маркийн гар утсыг улсын орлогод оруулж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

         11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА