Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие Ховд аймгийн ******* сумын бага сургуульд 1975 онд орж суралцаад өөрийн эрүүл мэндийн байдлын улмаас 1982 онд сургуулиас гарч, 1983 оны 01 дүгээр сараас аав, ээжтэйгээ тус сумын Оч нэгдлийн хаг багт /тухайн үеийн нэрээр/ өсвөр насны бог мал /хурга/ маллаж эхэлсэн. 1983-1989 он хүртэл аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1989 оны 01 дүгээр сард Ууш овогтой Батболдтой гэр бүл болж одоог хүртэл амьдарч байна. Миний ажиллаж байх хугацааны зарим баримтууд олдохгүй байгаа тул миний 1983-1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Х.******* нь 1983-1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -Х.*******ын 1984-1990 оныг дуусталх ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Х.*******ын 1991 оны 01 сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 522 дугаартай лавлагаа,

            -Ховд аймгийн ******* сумын Хаг бригадын 1983-1987, 1989-1992 онуудын Х.*******ын нэр бичилттэй 70-р дансны хуулбарууд,

            -Гэрч О.*******гийн “бид хоёр 1983 онд 8-р анги төгсөөд эвлэлийн итгээлтээр мал дээр гарсан. Үүнээс хойш тасралтгүй одоог хүртэл мал маллаж байна. Тэрээр Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд нэгдэл тарах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг,

            -Гэрч Д.гийн “намайг 1988 онд Ховд аймгийн ******* суманд Ендэрт багт мал дээр гарахад Х.******* мал маллаж байсан. Түүнээс хойш одоог хүртэл мал маллаж байна. Манай хоёрынх айл саахалт байдаг” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно. 

            Хүсэлт гаргагч Х.******* нь 1983-1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Х.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ыг 1983-1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА