Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Адъяа |
Хэргийн индекс | 167/2022/0068/Э |
Дугаар | 2022/ШЦТ/70 |
Огноо | 2022-05-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 2219000000110 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн кемпэд хохирогч М.Дтэй маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч М.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би төмөр замын далангийн ажил явуулж байгаа “Д” ХХК-д 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш түрээсийн жолоочоор ажиллаж байгаа. 2022 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим хамт ажилладаг Атараа ахын байрладаг гэрт юм яриад байж байхад гаднаас инженер Б согтуу орж ирээд “намайг дагаад яв” гэж хэлсэн. Би гарч инженерүүдийн байрладаг гэрт ороход Б “чи муу гөлөг миний үгэнд ордоггүй зоддог хэн бэ” гээд над руу дайрахаар нь би “та ярих юм байвал эрүүл саруулдаа хэл” гэсэн чинь Б “миний ууж идэх чамд ямар хамаатай юм” гээд над руу дайрахаар нь би орон дээр түлхэж унагаад, өмсөж байсан подволкоор нь боосон. Тэгтэл гаднаас манай ажлын хүмүүс орж ирээд намайг салгаад гараад явсан. Би гараад зодуулчихлаа гээд орилоход хамт ажилладаг жолооч нар ирсэн. Б инженер араас гарч ирээд дахиад дайраад байхаар нь би мөргөх гэсэн чинь хүмүүс зууралдаад мөргөж чадаагүй. Тэгтэл Б миний нүүр рүү 2 удаа цохисон. Хажуу талаас нэг түлхээд авах шиг болохоор нь би газар унахад нэг шар гуталтай хүн миний цээж рүү өшиглөсөн байх гэж бодсон ... Миний баруун хавирга гэмтсэн, хамрын яс чинэрч өвдөөд байгаа ... тухайн үед Б инженерээс өөр хүнтэй муудаагүй, хажуугаас өөр хүн ороогүй, хүмүүс салгаж болиулсан. Б эмчилгээний зардал 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ... Б над 1 000 000 төгрөг, дараа нь 500 000 төгрөг, бас 300 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 75, 40 дүгээр хуудас/,
Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... инженерүүдийн гэрт Б, Т, Б нарын хамт ороход жолооч М.Д инженер Бийг орон дээр нь подволкоор нь хоолойг нь боосон байдалтай дараад байж байхаар нь очиж салгаад М.Дийг гэрээс гаргасан. Тэгтэл М.Д гадуур “намайг хүн зодчихлоо” гэх зэргээр хашхираад байхаар нь инженер Б гарч ирээд “наад дуугаа намсга, би чамд шаардлага тавьсан, чи өөрөө намайг эхэлж цохисон биз дээ” гэхэд М.Д “чам шиг инженер байдаггүй юм” гээд мөргөөд авах шиг болоход Б М.Дийн нүүр рүү цохиод авах шиг болсон. Тэгээд бужигнаад хүмүүс салгасан ... М.Дийг газар унахад ямар ч хүн өшиглөөгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 34-35 дугаар хуудас/,
Гэрч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... удалгүй түс тас гээд хүмүүс түжигнээд байхаар нь инженерүүдийн гэрт ороход жолооч М.Д инженер Б нар муудсан бололтой М.Д орон дээр гараад подволкоор нь боосон байдалтай Б доороос нь зууралдаад байж байсан. Би М.Дийг чирээд салгаж байхад гаднаас манай ажлын хүмүүс орж ирээд М.Дийг гэрээс авч гарсан. Тэгээд би хүмүүст хоол хүргэж өгөхөөр явсан ... би салгаад Б инженерийг харахад шүд нь цус болсон харагдсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Бий мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр инженер Г, Ц нартай Соёрхол нэртэй 0,75 литрийн архи хувааж уугаад, кемп дээр буцаж ирэхэд манай ажлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажилтан Долгорсүрэн нь надад “жолооч М.Д шаардлага эсэргүүцээд хүн юм хэлэхээр тоохгүй байна” гэхээр нь би М.Дийг хайж ажилчдын амрах өрөөнд орж, М.Дийг дуудаж, өөрийн амралтын гэрт орж, “чи яагаад шаардлага биелүүлэхгүй байгаа юм” гэхэд М.Д “чи яахаараа согтуу байж надад шаардлага тавиад байгаа юм” гээд намайг мөргөж, орон дээр түлхэж унагаад хувцсаар минь боосон. Тэгээд дээрээс цохиж байхад гаднаас хүмүүс орж ирж салгасан. Тэгээд М.Д гадаа гараад орилж хашхираад байхаар нь би гараад “чи яагаад байгаа юм боль” гэхэд М.Д намайг мөргөхөөр нь би зөрүүлээд нүүр рүү нь 2 удаа цохиод авахад туслах ажилчин Чинзо гэх залуу хажуу талаас бид хоёрыг салгах гээд түлхэхэд М.Д хойшоо унасан. Тэгээд би болъё гээд М.Дийг татаж босгосон ... Тухайн үед М.Д надаас өөр хүнтэй муудаагүй, бид хоёрыг муудаж байхад хажуу талаас М.Дийн биед халдсан зүйл байхгүй. Би тухайн үед одоо өмсөж байгаа хар өнгийн хоншоортой, шар өнгийн ажлын гутал өмсөж байсан. М.Д газар унахдаа цээжээ эвгүй болгосон байх, газар унасан үед би шууд татаад босгож ирсэн, өөр зүйл болоогүй ... М.Дт эмчилгээний зардал 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 300 000 төгрөг нэмж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 34, 54 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02/0160 дугаартай “... М.Дийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлийн шинэ, хуучин аль нь болохыг тогтоох боломжгүй. Учирсан гэмтэл нь ямар арга хэлбэр, дэс дарааллаар үүссэн болохыг тогтоох боломжгүй Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч М.Дийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 19-28 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хавтаст хэргийн 60-66 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Ж.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19-20 цагийн үед Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн кемпэд хохирогч М.Дтэй маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ж.Бий үйлдлийн улмаас хохирогч М.Дийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02/0160 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч М.Д нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 75-76 дугаар талд авагдсан байна.
Хавтаст хэргийн 42 дугаарт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Ж.Бий биед хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдож, гэмтлийн зэрэгт хамаарахгүй, өөрөөр хэлбэл хохирол учруулахгүйгээр хүний биед халдсан нь хохирогч М.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...над руу дайрахаар нь би орон дээр түлхэж унагаад, өмсөж байсан подволкоор нь боосон. Тэгтэл гаднаас манай ажлын хүмүүс орж ирээд намайг салгаад гараад явсан. Би гараад зодуулчихлаа гээд орилоход хамт ажилладаг жолооч нар ирсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... инженерүүдийн гэрт Б, Т, Б нарын хамт ороход жолооч М.Д инженер Бийг орон дээр нь подволкоор нь хоолойг нь боосон байдалтай дараад байж байхаар нь очиж салгаад М.Дийг гэрээс гаргасан. Тэгтэл М.Д гадуур “намайг хүн зодчихлоо” гэх зэргээр хашхираад байхаар нь инженер Б гарч ирээд “наад дуугаа намсга, би чамд шаардлага тавьсан, чи өөрөө намайг эхэлж цохисон биз дээ” гэхэд М.Д “чам шиг инженер байдаггүй юм” гээд мөргөөд авах шиг болоход Б М.Дийн нүүр рүү цохиод авах шиг болсон... М.Дийг газар унахад ямар ч хүн өшиглөөгүй ...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... удалгүй түс тас гээд хүмүүс түжигнээд байхаар нь инженерүүдийн гэрт ороход жолооч М.Д инженер Б нар муудсан бололтой М.Д орон дээр гараад подволкоор нь боосон байдалтай Б доороос нь зууралдаад байж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
Хохирогч М.Д нь удирдах албан тушаалтны тавьсан шаардлагыг үл биелүүлж эсэргүүцэн, шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглэснийг далимдуулан, “чам шиг инженер байдаггүй” гэж гутаан доромжилж улмаар хоолойг нь боох, мөргөх зэргээр эрх чөлөөнд нь халдсан атлаа гадаа гарч “ би зодуулчихлаа гээд орилж“ зүй бус үйлдэл хийсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон байна гэж үзлээ.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг адил тэнцүү харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны товыг хохирогч М.Дт 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэхэд “шүүх хуралдааны товыг мэдлээ, би оролцохгүй, би Улаанбаатар хотод байна, цахимаар оролцохгүй” гэсэн хариу өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж хуульчилсан тул хохирогчыг шүүх хуралдаанд оролцуулах эсэхийг талуудын саналыг харгалзан хохирогч хүсэлт гаргаагүй тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэх боломжтой гэж үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б нь торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Шүүгдэгч Ж.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА