| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00428/и |
| Дугаар | 425 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, Ш******* овогт Д*******ийн Б*******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Д.Б******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Миний бие 1982 онд ар гэрийн гачигдалаар сургуулиас гарч Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд аав ээжийн хамт 1982-1988 оныг дуустал мал маллаж байгаад ******* бригадын малчин Цэнд овогтой Батаатай айл гэр болоод 7 хүүхэд төрүүлж өсгөсөн.Мөн 1989 оноос хойш одоог хүртэл мал маллаж ажилласаар байна.Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 1983-1992 он хүртэл малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн лавлагагаар шүүлгэхэд ажиллаж байсан 1986, 1987 он дутуу тухайн үеийн бригадын 70-р данс архивд шилжиж ирээгүй байгаа тул Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 1982-1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлын тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Б******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.Б******* нь Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 1982 оны 9 сарын 1-нээс 1990 он хүртэл ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 994 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын 1989-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Д.Б*******ын 1982 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр нээлгэсэн эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Зуноровын“....Би 1979-1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн 2 дугаар бригадад бригадын тоо бүртгэгч, хэлтсийн ахлагч, агент зэрэг ажлыг хийж байсан. Д.Б*******ын аав Даваа нь аймгийн аварга малчин хүн байгаа юм. Д.Б******* нь 1982 онд илгээлтээр хөдөө гарч малчин болоод нэгдэл тартал буюу 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн 3 дугаар бригадад ажилласан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг, ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хавтаст хэрэгт байгаа гэрч Б.Зуноров, Ц.Бадарч нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 44 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн, 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн сайшаалын үнэмлэх дээрх Д.Б******* гэх нэр балласан, Д.Б*******ынх болох нь эргэлзээтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Төрийн банканд тушаасан 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш******* овогт Д*******ийн Б*******ыг Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 1982 оны 9 сарын 1-нээс 1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА