Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/383

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн 1710 0000 00220 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Болорчулуун, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Шинэ өргөө” хүнсний дэлгүүр хувиараа ажиллуулдаг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүд, ээж, дүү нарын хамт амьдрах, ххххавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Г-ын Б- /РД: /,

 

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Шинэ өргөө хотхоны “Шинэ өргөө” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа М.Э-ыг “алим хулгайллаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад                                                     

                                        

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж,  өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бэс өгсөн:   

“...Би тухайн хэрэг гардаг өдөр хохирогч хүүхдийг зүгээр байхад нь барьж авч зодоогүй. Зүгээр байгаа хүүхдийг зодож цохидог танхай этгээд би биш. 2017 оны 10 сарын 30-ны өдөр Halloween-н баярын өдөр хүүхдүүд айл айлын хаалга тогшиж чихэр гуйгаад явдаг. Тухайн өдөр өөрийн ажиллуулдаг Шинэ өргөө хүнсний дэлгүүрт оройны 24 цаг хүртэл ажилласан. Манай дэлгүүрт өглөөнөөс хойш хүүхдүүд орж ирсэн, хүүхдүүд орж ирж чихэр гуйсан. Гуйсан хүүхдүүдэд өгсөн. Манай дэлгүүр хоёр хаалгатай, нэг хаалга дээр нь кассан дээр суудаг, нөгөө хаалгаар хүмүүс чөлөөтэй орж гарч болдог. Би орой 19:00 цагийн үед олон хүмүүс кассан дээр оочерлосон байхад хэдэн хүүхдүүд орж ирээд цаад талын хаалга дээр шуугилдаж байснаа гэнэт гараад зугтаад яваад өгсөн.

Манай дэлгүүрийн нөгөө хаалгыг /кассын эсрэг байдаг/ хянасан камертай юм. Тэгээд камерын дэлгэцээр хартал хүүхдүүд лангуунаас ямар нэг зүйл авч байгаа харагдсан. Би тэр үед нь хүүхдүүд алим авсан байсныг мэдээгүй. Манай дэлгүүр байрнуудын дунд байдаг болохоор үйлчлүүлэгч хүмүүсээ таньдаг болчихсон байдаг тул хоёр, гурван таньдаг хүмүүстэй кассаа орхиод, хүүхдүүдийн араас “юм авчихлаа” гэж бодоод хөөсөн.

Тэгээд би зогс гээд орилоход нэг хүүхэд гүйж байснаа зогссон. Тэгэхээр нь би та нар яагаад хулгай хийж байгаа юм бэ гээд гарынхаа ар хэсгээр цохисон. Тэгээд тухайн хүүхдийг дагуулаад дэлгүүр лүү оруулаад, “бусад хүүхдүүдээ дагуулж олж ир” гэж хэлээд цүнхийг нь авч үлдээд явуулахад тэр хүүхэд нэг хүүхдээ дагуулж ирсэн.

Гэтэл тухайн хүүхэд нь хоёр ширхэг алим барьсан орж ирсэн. Тэгэхээр нь би чи яагаад хулгай хийж байгаа юм бэгээд хоёр хүүхдийг хоёуланг нь зогсоогоод бөгс рүү нь зөөлхөн нэг нэг удаа өшиглөсөн. Тэгээд зогсоож байгаад хоёр хүүхдийг 21:40 цагийн үед “маргааш эцэг, эхийгээ дагуулж ирээрэй” гэж хэлээд явуулсан. Тэгээд маргааш өглөө нь хамгийн эхэлж баригдсан хүүхдийн эцэг, эх над дээр ирээд гомдолтой гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр очъё гэсэн. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл гарсан байсан.

Тухайн үед миний араас нь хөөж барьсан хүүхдийн куртикнээс нь татахад суга хэсгээрээ урагдсан байсны хохиролд нэхэмжилсэн 120.000 төгрөгийг төлсөн. Цохисон асуудалд гомдол байхгүй гэсэн. Куртик нь урагдсан хүүхдийг би анх барьж аваад алгадсан, тухайн үед хүүхэд гэмтсэн байгаа. Хохирогч цаашид нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй гэсэн. Хохирогч 7 дугаар ангийн 13 настай хүүхэд байсан байна. Би 3 настай нэг хүүхэдтэй. Би тухайн хүүхдүүдийг “санаатайгаар цохьё гэж бодоогүй, дахиад ингэхгүй байх болов уу” гэж хашраах гэж зөөлөн зөөлөн өшиглөсөн. Миний бага насны хүүхдийг цохисон нь үйлдэл буруу гэдгийг ойлгож, гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000000220 дугаартай хэргээс:

 

1. Арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 10 сарын 31-ний өдөр Хүннү молл төвд аймшгийн баяр болно гээд ангийнхаа хэсэг хүүхдүүдтэй хамт очсон. Тэгээд тэндээ байж байгаад буцаад гэртээ харих замдаа Шинэ-Өргөө хорооллын айлуудын хаалгыг тогшиж чихэр гуйх гэсэн боловч орцны кодыг нь мэдэхгүй байсан. Тэгээд тэнд байран дунд байсан супермаркетаар дамжаад орц руу оръё гэж бодоод найзууд хамт орсон боловч уг дэлгүүрээр дамжиж орж болохгүй байсан ба би тэр дэлгүүр дотор лангуун дээрээс үрлэн улаан лоолиноос 2 ширхгийг идчихсэн. Тэгсэн манай найзууд хурдан алхаад дэлгүүрийн хаалгаар гарсан ба би араас нь гарахад гүйгээд зугтаагаасан. Тэгсэн араас уг дэлгүүрийн худалдагч ах гарч ирээд, бид нарыг хөөсөн ба би юм аваагүй юм чинь гэж бодоод зогссон. Тэгсэн тэр ах намайг барьж аваад, “та нар яагаад хулгай хийгээд байгаа юм бэ” гэж асуухаар нь би тэр ахад “юу ч аваагүй” гэхэд намайг барьсан чигтээ баруун хацар луу гараараа нэг удаа цохисон.

Тэгээд намайг дэлгүүр лүүгээ дагуулж ороод миний хичээлийн цүнхийг авч үлдээд “бусад найз нарыгаа олж ир” гээд явуулсан. Тэгээд би дэлгүүрээс гараад автобусны буудал дээр найз нартайгаа уулзаад болсон явдлыг хэлээд ”авсан алимуудаа буцааж аваачиж өгье” гэж хэлсэн ба найз О.Эрхэмбаярын хамт 2 ширхэг алим буцааж аваачиж өгсөн. Тэгсэн худалдагч ах бид хоёрыг бөгс рүү нэг, нэг удаа зөөлөн өшиглөсөн, мөн хүзүүний ар хэсгээс гараараа базаад байсан. Тэгснээ тэр ах О.Эрхэмбаярыг нэг удаа алгадаад бид хоёрт алим бариулаад дэлгүүрийн цонх руу харуулаад зогсоосон. Нилээн удаан зогсоосны дараа худалдагч ах бид хоёрын цүнхийг авч үлдээд гэртээ харь гэж явуулсан. Тэр үед бараг 22:30 цаг болж байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, одоо миний толгой янгинаад өвдөж байгаа. Өөр ямар нэг зовиур байхгүй. Худалдагч ах намайг барих үедээ өмсөж явсан куртикнээс хүчтэй татаж ханцуйны ар хэсгийг урчихсан. Би куртикээ төлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

 

2. ШШҮХ-ийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13726 тоот дүгнэлтэд:

1. М.Э-ын биед баруун хацарт цус хурсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 21х/,

 

3. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 4-р хороо Шинэ-Өргөө хорооллын 616 дугаар байранд “Шинэ өргөө” нэртэй супермаркет ажиллуулдаг юм. 2017 оны 10 сарын 31-ний өдөр би дэлгүүрийнхээ касс дээр сууж байсан. Орой 20:00 цагийн үед 12-13 орчим насны 6-7 хүүхэд орж ирсэн ба хэсэг хугацааны дараа манай дэлгүүрийн эсрэг талын хаалгаар гүйлдээд гарахаар нь би тэд нарыг “дэлгүүрээс хулгай хийчихлээ” гэж бодоод араас нь хөөж байгаад автобусны буудлын орчим нэгийг нь барьсан ба “та нар яах гэж хулгай хийж байгаа юм бэ” гэж асуухад “би аваагүй” гээд байсан.

Тэгээд уг хүүхдийг баруун гараараа барьж байгаад зүүн гарын сарвууны ар хэсгээр нэг удаа цохисон. Тэгээд түүнийг дэлгүүр лүүгээ дагуулж ороод, цүнхийг нь авч үлдээд “бусад хүүхдүүдээ олж ир” гээд явуулсан. Ойролцоогоор 10 минутын дараа уг хүүхэд бас нэг хүүхдийн хамт гартаа 2 ширхэг алим барьчихсан манай дэлгүүрт орж ирсэн. Тэгэхээр нь би сүүлд орж ирсэн хүүхдийг баруун гараараа зүүн талын хацар луу нь нэг удаа зөөлөн алгадсан. Тэгээд би уг 2 хүүхдэд хулгайлсан алимыг нь бариулаад цонх руу харуулаад зогсоож байгаад 22:00 цагийн орчим цүнхийг нь авч үлдээд, гэр лүү нь явуулсан юм.  Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.   

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнххуяг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 81 дугаартай тогтоолоор хүлээн авч ханган, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

1. Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 10 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Шинэ өргөө хотхоны “Шинэ өргөө” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх үедээ арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Э-ыг “дэлгүүрийн лангуун дээрээс алим хулгайллаа” гэх шалтгаанаар саатуулан барьж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа алгадах хэлбэрээр нэг удаа цохиж биед нь “...баруун хацарт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн

- Арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Э-ын: “..Би 2017 оны 10 сарын 31-ний өдөр Хүннү молл төвд аймшгийн баяр болно гээд ангийнхаа хэсэг хүүхдүүдтэй хамт очсон. Тэгээд тэндээ байж байгаад буцаад гэртээ харих замдаа Шинэ-Өргөө хорооллын айлуудын хаалгыг тогшиж чихэр гуйх гэсэн боловч орцны кодыг нь мэдэхгүй байсан. Тэгээд тэнд байран дунд байсан супермаркетаар дамжаад орц руу оръё гэж бодоод найзууд хамт орсон боловч уг дэлгүүрээр дамжиж орж болохгүй байсан ба би тэр дэлгүүр дотор лангуун дээрээс үрлэн улаан лоолиноос 2 ширхгийг идчихсэн. Тэгсэн манай найзууд хурдан алхаад дэлгүүрийн хаалгаар гарсан ба би араас нь гарахад гүйгээд зугтаагаасан. Тэгсэн араас уг дэлгүүрийн худалдагч ах гарч ирээд, бид нарыг хөөсөн ба би юм аваагүй юм чинь гэж бодоод зогссон. Тэгсэн тэр ах намайг барьж аваад, “та нар яагаад хулгай хийгээд байгаа юм бэ” гэж асуухаар нь би тэр ахад “юу ч аваагүй” гэхэд намайг барьсан чигтээ баруун хацар луу гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг дэлгүүр лүүгээ дагуулж ороод миний хичээлийн цүнхийг авч үлдээд “бусад найз нарыгаа олж ир” гээд явуулсан. Тэгээд би дэлгүүрээс гараад автобусны буудал дээр найз нартайгаа уулзаад болсон явдлыг хэлээд ”авсан алимуудаа буцааж аваачиж өгье” гэж хэлсэн ба найз О.Эрхэмбаярын хамт 2 ширхэг алим буцааж аваачиж өгсөн. ...Тэр ах О.Эрхэмбаярыг нэг удаа алгадаад, бид хоёрт алим бариулаад дэлгүүрийн цонх руу харуулаад зогсоосон. Нилээн удаан зогсоосны дараа худалдагч ах бид хоёрын цүнхийг авч үлдээд гэртээ харь гэж явуулсан. Тэр үед бараг 22:30 цаг болж байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, одоо миний толгой янгинж өвдөөд байгаа. Өөр ямар нэг зовиур байхгүй. Худалдагч ах намайг барих үедээ өмсөж явсан куртикнээс хүчтэй татаж ханцуйны ар хэсгийг урчихсан. Би куртикээ төлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

- “М.Э-ын биед баруун хацарт цус хурсан гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно, цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн  2017 оны 11 сарын 10-ны өдрийн 13726 тоот дүгнэлт /хэргийн 21х/ болон шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

 

Өсвөр насны хохирогч, түүнтэй хамт явсан гэх бусад хүүхдүүд нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн ажиллуулдаг гэх “Шинэ-Өргөө” супермаркетаас улаан лооль, алим зэргийг нууцаар авсан зохих буруутай үйлдэл тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон хэдий ч ахмад настай хүний хувьд шүүгдэгч нь бага насны тэдгээр хүүхдэд болохгүй зүй бус үйлдэл гаргаж байгаа талаар нь анхааруулж зөвлөх, ойлгуулж хэлэх байдлаар зааж сургах байтал хохирогч хүүхдийн гаргасан үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд нь илт тохироогүй хүч хэрэглэсэн, бие, эрх чөлөөнд нь халдсан гэмт үйлдлээр арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилж тогтоосон.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн “дэлгүүрээс хулгай хийлээ” гэх шалтгаанаар арван зургаан насанд хүрээгүй М.Э-ын нүүрэн тус газар алгадаж цохисны улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотловол зохих байдал бүрэн тогтоогдсон ба шүүгдэгч Г.Б нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймд шүүх, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Э-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.   

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй”  талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан бөгөөд арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнххуяг нар нь “Г.Бтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан учир цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа прокурорын хяналтын шатанд /хэргийн 54х/ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн хувьд энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.     

 

 1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Энэ хэргийн шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь /хэргийн 37х/ хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгаж, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах юм.

      

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Г.Бд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон төлбөргүй, арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнххуяг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах эь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. А овогт Г-ын Б-ийг  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Г.Б нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.М нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД