Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2020/ ШЦТ/837

 

 

 

 

 

    2020         10         26                                   2020/ШЦТ/837

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч  Г.Анармөнх ,

шүүгдэгч Ц.Б, Л.Г, П.Б тэдгээрийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б... овогт Ц...гийн Б, Б... овогт Л...гийн Г, Х... овогт П...ын Б холбогдох эрүүгийн 2011000000834  дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, зурагчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Б... овогт Ц.Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 5 дугаар сарын 30-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд  боловсролтой, ..ч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл .. нөхөр, ..хүүхдийн хамт, урьд С.. дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20. .оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ... дугаартай магадлалаар уг ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн, уг ялыг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гүйцэтгэсэн.

Б... овогт Л.Г

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 2 дугаар сарын 6-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд  боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл .., эхнэрийн хамт, урьд ...  дүүргийн шүүхийн 19.. оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 25000 төгрөгөөр торгох ял.

Х... овогт П.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ яллагдагч  Л.Г, Ц.Б, П.Б нарыг бүлэглэн хуурамч баримт бичиг ашиглах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

шүүгдэгч Л.Г нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сард П.Бд санал тавьж улмаар П.Бын 2020 оны 2 дугаар сард .. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зураг авах үйл ажиллагаагаа эрхэлдэг Ц.Бээр хуурамчаар үйлдүүлсэн Монгол улсын төрийн шагнал болох “......”-ийн үнэмлэх, мөн П.Бын 2020 оны 2 дугаар сард ... дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Г..” ХХК-ны захирал ажилтан Ш.Б...оос засварлуулан авсан “......”-ийн хуучин тэмдэг зэргийг хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж 2020 оны 7 дугар сарын 5-ны өдөр С...н дүүргийн нутаг дэвсгэрт П.Баас авч, улмаар 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр .. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өөрийн төрсөн эгч Л.Г...т бусдаар гардуулан өгүүлж ашигласан гэмт үйлдэл хийсэн болох нь,

шүүгдэгч П.Б нь Л.Г, Ц.Бтэй бүлэглэн, Ц.Бээр 2020 оны 2 дугаар сард ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зураг авах үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байранд нь Монгол улсын төрийн шагнал болох “......”-ийн үнэмлэхийг хуурамчаар үйлдүүлж, улмаар уг үнэмлэхийг 10 000 төгрөгөөр худалдан авч 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр С... дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас авсан “......”-ийн тэмдгийн хамт Л.Гт өгч ашигласан гэмт үйлдэл хийсэн болох нь:

шүүгдэгч Ц.Б нь П.Бтай бүлэглэн түүний санал тавьснаар 2020 оны 2 дугаар сард .. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зураг авах үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байрандаа Монгол улсын төрийн шагнал болох “......”-ийн үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн, улмаар П.Бд 10 000 төгрөгөөр худалдсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: ”.... Г надаас эгчдээ гавьяат багш тэмдэг олгож өгмөөр байна. Миний эгч 2017 оноос хойш энэ талаар хөөцөлдөж байгаа, чи надад туслаач” гэж хэлэхээр нь би тусалъя гэж бодоод Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Б...оо гэх хүний тамга тэмдэг хийдэг газраас очиж гавьяат багш тэмдэг болон улаан хавтастай үнэмлэхийг нь 2020 оны 3 дугаар сарын орчим хийлгэж авсан. Тэгээд Гт би “Энэ гавьяат багш тэмдэг, хавтастай үнэмлэх нь хуурамч шүү” гэж түүнд хэлээд би өгсөн”, “...5-6 жилийн өмнөөс мэдэх болсон Б- гэж дууддаг хуучин гутлын 22-ын гэж нэрлэдэг байсан газрын ойролцоо зурагчин ажилтай залууг гуйж байгаад дээрх үнэмлэхийг энгийн өнгөт принтер ашиглан хуурамчаар хийлгэсэн юм аа. Энэ үнэмлэхийг хуурамч гэдгийг Б- гэх залуу мэдэж байсан ба би гуйж байгаад 10 000 төгрөг өгөөд 2020 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын дараа хийлгэсэн...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 20-21х, 22-23х/,

- шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “... ажлаа хийгээд байж байтал 5-6 жилийн өмнө таньдаг болсон ах Б над дээр хүрч ирээд ......ийн үнэмлэх хийгээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би эхэндээ чадахгүй гээд татгалзсан. Тэгтэл өглөөнөөс орой болтол  гуйгаад ажил дээрээс явахгүй болохоор нь аргаа бараад интернэт рүү ороод ......ийн үнэмлэх хайгаад үзтэл зураг нь байхаар нь  компьютер рүү татаж суулгаад бага зэргийн засвар хийгээд фотошоп программаар бага зэрэг өөрчлөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг, тамга зэргийг байрлуулаад шагнуулах гэж байгаа гэсэн хүний овог, нэрийг нь бичээд Б ахад энгийн өнгөт хэвлэгч принтер хэвлэн өгөөд 10.000 төгрөг аваад хийж өгөөд явуулчихсан юм. Би энэ үнэмлэхийг ажлын байранд байхдаа хийсэн. Миний ажлын байр нь .. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С...н талбайн ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах .. байрны..  тоот өрөөнд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

- гэрч Ш.Б...ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 2 дугаар сард өөрийн ажиллуулдаг 5 дугаар сургуулийн ард талд байрлах Г.. ХХК-д ажлаа хийгээд байж байтал надаас хэдэн насаар ах болов уу гэмээр намхандуу нуруутай ах орж ирээд гавьяатын тэмдэг байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би нэг ширхэг байгаа гэж хэлээд 50.000 төгрөгөөр нөгөө ахад зарсан. Харин үнэмлэхий нь би мэдэхгүй байна. Надаас тэр хүн гавьяат багшийн  үнэмлэх аваагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

- гэрч М.Т...ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр миний утас руу 886600.. гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад Г... багш чинь гавьяат багшийн цол тэмдэг авчихлаа, би дүү нь байгаа юм гардуулаад өгчих гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ... ын 1 дүгээр давхарт байрлах өрөөнд бага ангийн багш Г...т гавьяат багшийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг өөрийн биеэр гардуулан өгсөн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Т...ын “...Шинжилгээнд ирүүлсэн “......ийн үнэмлэх” нь хуурамч ... Шинжилгээнд ирүүлсэн “......ийн үнэмлэх”, түүн дээрх гарын үсэг тамгын дардас гэх зүйлсийг бүхэд нь ердийн хэрэглээний цаасан дээр ...төрлийн өнгөт хэвлэн олшруулах төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “......ийн үнэмлэх”-ийн дэвсгэр, гарын үсэг, тамганы дардасуудыг хэвлэсний дараа хэвлэмэл бичвэрийг дээр нь хэвлэсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-40х/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг  хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Г, Ц.Б, П.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар 1 дэх хэсэгт, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон оролцогч нарын мэдүүлэг тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж дүгнэлт хийхэд шүүгдэгч нар нь тус хэргийг бүлэглэж гүйцэтгэхдээ гурвуул анхнаас урьдчилсан байдлаар хийх үйлдлээ хуваарилан авч, ярилцаж тохирсон байдал тогтоогдохгүй байх ба зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин зарим шүүгдэгч нар нь бие биеэ огт танихгүй ба гэмт хэрэг үйлдэхдээ дам дамандаа бие биедээ санал тавьж үйлдлээр нэгдэж бүлэглэсэн байдал тогтоогдож байна. Иймд дээрх Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар 1 дэх хэсэгт, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан шүүгдэгч нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнийг шаардлагагүй гэж үзэн шүүх хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иймд шүүгдэгч Л.Г, П.Б нарыг үйлдлээрээ бүлэглэн гүйцэтгэж төрийн шагналыг хуурамчаар бусдаар үйлдүүлэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, шүүгдэгч Ц.Бийн бусадтай үйлдлээрээ нэгдэн бүлэглэн гүйцэтгэж төрийн шагналын үнэмлэхийг хуурамчаар үйлдэн, хуурамч болохыг мэдсээр байж худалдсан тус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Г, Ц.Б, П.Б нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй байх ба тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч Л.Г, Ц.Б, П.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж  гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, Л.Г, П.Б нар урьд нь ял шийтгэл эдэлж байсан, Ц.Б урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхдээ гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус бүр ялгамжтайгаар тохирох ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Монгол Улсын гавьяатын үнэмлэх” гэсэн бичиглэл бүхий улаан хавтастай үнэмлэх 1 ширхэг, “Гавьяат багш” тэмдэг 1 ширхгийг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэн бий болгосон эд зүйл бөгөөд хэргийн үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий баримт бичиг, тэмдэг байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн хэрэгт үлдээж, хавсаргах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б... овогт Ц.Бийг бусадтай бүлэглэн гүйцэтгэж төрийн шагналын үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж худалдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,  

Шүүгдэгч Б... овогт Л.Г, Х... овогт П.Б нарыг бүлэглэн гүйцэтгэж төрийн шагналын тэмдэг, үнэмлэхийг хуурамчаар үйлдэх, хуурамч болохыг мэдсээр байж ашиглах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б... овогт Ц.Бийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б... овогт Л.Гийг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Х... овогт П.Быг 1000 /мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Б, Ё.Г, П.Б нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг  5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Монгол Улсын гавьяатын үнэмлэх” гэсэн бичиглэл бүхий улаан хавтастай үнэмлэх 1 ширхэг, “Гавьяат багш” тэмдэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт нь үлдээсүгэй.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Б, Л.Г, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ