Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00251

 

О.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00562 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 858 дугаар магадлалтай,

О.Бий нэхэмжлэлтэй

Г.Д, С.Ннарт холбогдох

Баянгол дүүрэг 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээд Б.Агийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Бэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.О.Бэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Нболон Г.Д нартай хэлцэл хийсэн. Уг хэлцлээр Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг О.Бэ 92 000 000 төгрөгөөр худалдан авах баталгаа болгож урьдчилгаанд 53 000 000 төгрөгийг Г.Д болон С.Ннарт өгсөн ба энэхүү хэлцлээ нотариатаар батлуулсан. Байрны үлдэгдэл төлбөр 39 000 000 төгрөгөө төлөхийг байнга шаардаж байсан бөгөөд ипотекийн болон банкны зээлээр төлөхөөр хөөцөлдөж байсан боловч зээл гарахгүй удааширч, үлдэгдэл төлбөрөө яаралтай төлөхийн тулд хувиараа мөнгө зээлдүүлдэг этгээд болох Б.Аг зар, мэдээ сониноос мөнгө зээлдүүлнэ гэх зарын дагуу залгаж, хувиараа мөнгө зээлэхээр тохиролцсон. Үлдэгдэл 39 000 000 төгрөгийг төлөхийн тулд О.Бэ нь иргэн Б.Аг өөрөө олж ирэн О.Бэд барьцаанд тавих зүйл байхгүй, хариуцагч нар нь Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч байсан тул Б.Атай Г.Д болон С.Ннар 30 000 000 төгрөгийн Барьцаат зээлийн гэрээ байгуулсан ба уг 30 000 000 төгрөгийг О.Бэ нь шууд Г.Д болон С.Ннарт орон сууцны төлбөрт өгсөн. Харин үлдэх 9 000 000 төгрөгийг О.Бэ өөрөө цалингийн зээл аваад төлсөн. Нэхэмжлэгч үндсэндээ хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцны үнийг буюу 92 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгасан. О.Бэ нь банкны зээл гарсны дараа Б.Ариунзаягаас зээлсэн мөнгийг өөрөө Б.Ад төлөөд байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар Г.Д, С.Н, Б.А нартай анхнаасаа тохиролцсоноор 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр О.Бэ нь хариуцагч Г.Д болон С.Ннартай Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гуравдагч этгээд болох Б.А нь анхнаасаа өөрөөс нь зээлж буй 30 000 000 төгрөг нь О.Бийг тус байрны өмчлөгч болохын тулд төлж буй байрны үлдэгдэл төлбөр гэдгийг мэдэж байсан. Хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь банкнаас орон сууцны зээл авахад зориулж хийсэн гэрээ, харин хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Мөнгө бэлэглэлийн гэрээ нь банкинд байрны зээлэнд хамрагдах үүднээс урьдчилгаа мөнгөө хийснээ харуулах гэж хийсэн гэрээ юм. Хариуцагч Г.Д, С.Ннарт өгөх байрны үлдэгдэл төлбөр дуусгавар болсны дараа банкны зээлийн асуудал их сунжирсан. Банкнаас тухайн байрны зээлд нийт 50 000 000 орчим төгрөг гарах боломжтой гэсэн шийдвэр гарсан, орон сууцны зээл авахаар болсон тул Б.Ад байрыг барьцаанаас чөлөөлүүлэхээр хандсан. Гэвч Б.А нь ...зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөг төлөх ёстой, мөнгө дутуу тул хүлээж авахгүй, 55 000 000 төгрөг дээр л тохирно гэсэн. Улмаар, Б.А нь Г.Д, С.Ннарыг шүүхэд өгч, 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу тэднээс нийтдээ 69 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргуулсан. Хариуцагч Г.Д, С.Ннар нь шүүхэд уг мөнгийг О.Бийн төлөх ёстой зээл гэж хэлсээр байгаад, мөн тухайн хэрэгт үнийн дүнг багасгах, давж заалдах гомдол гаргах зэрэг хариуцагчийн эрхээ эдлээгүй. Энэхүү шийдвэрийн дагуу О.Бэ нь Г.Д, С.Ннарт 92 000 000 төгрөгийн нийт төлбөрийг нь төлж дуусгавар болсон байр шийдвэр гүйцэтгэлээр Б.Агийн өмчлөл дээр шилжих болоод байна. Улмаар энэ асуудлаас болоод банк зээлээ буцаан татсан. Нэхэмжлэгч О.Бэ гэр бүлээрээ байртай болохын төлөө 92 000 000 төгрөгөө төлсөн атлаа байргүй хоцорч, Б.А нь 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хариуд тухайн байрыг өөртөө авч үлдэх нөхцөл байдалтай болж байна. Б.А нь банкнаас тус байран дээр гарсан 50 000 000 төгрөгийн зээлийг өөртөө хүлээн авсан тохиолдолд тухайн бүх асуудал шийдэгдэх бүрэн боломжтой байсан. Тус зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь дээрх нөхцөл байдлыг халхавчилж хийсэн хэлцэл бөгөөд Б.А, хариуцагч, нэхэмжлэгч бид бүгд мэдэж байсан. Иймд нэхэмжлэгч О.Бэ нь байрны төлбөрөө бүрэн төлж дуусгасан учир эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Баянгол дүүрэг 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны сууцны хууль ёсны өмчлөгчөөр О.Бийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Н, Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, өмгөөлөгч Г.Тамир нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Учир нь О.Бэ нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч нараас худалдан авахаар тохирч, улмаар байрны үнэ болох 92 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгасан. Эхлээд 53 000 000 төгрөгийг, дараа нь 39 000 000 төгрөгийг төлсөн. 39 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг О.Бэ иргэн Б.Агаас авсан зээлээр төлсөн. Тэрээр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул бидний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр л тогтоолгох учир гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч Г.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр хариуцагч Г.Д, С.Ннар нь иргэн Б.Агаас 30 000 000 төгрөг зээлж авсан, барьцаанд нь 13 Б байрны 100 тоот байрыг барьцаалсан, зээлийн гэрээгээ удаа дараа сунгаж байсан, мөн зээлийг эргүүлэн төлөөгүй болохыг тогтоосон. Уг шийдвэрээр Г.Д болон С.Ннараас нийт 69 300 000 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон. Уг шийдвэрт хэн аль нь гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад Б.Агийн өмчлөлд шилжих шатандаа ирсэн боловч энэ хэргээс шалтгаалаад ажиллагаа түдгэлзсэн байгаа. Нэхэмжлэгч О.Бэ нь уг шүүх хуралдаанд гэрчээр биечлэн оролцсон, ийм асуудал үүсээд байгааг сайн мэдэж байсан. Гэтэл худалдан авсан байр нь гэнэт л өөр хүний өмчлөлд шилжсэн мэтээр шүүхэд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00562 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 858 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр О.Бийг тогтоосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 622 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.А хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Шийдвэрээр Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү хэрэг маргаанд миний бие бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон билээ. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр О.Бийг тогтоож шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: 1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулж шаардлага гаргах эрхтэй, мөн 220 дугаар зүйлийн 220.3-д Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй болохыг зохицуулсан ба орон сууцны үнийг төлснөөр худалдан авагчийн өмчлөх эрх үүсэх боломжтой гэх нэхэмжлэгчийн тайлбар гомдол үндэслэлтэй байна.” гэжээ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээг өөрчлөх тухай шаардлага огт биш юм. Худалдах худалдан авах гэрээний гол зохицуулалт бол худалдагч талаас эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх байдаг. Худалдагч талаас барьцаанд байгаа эд хөрөнгийг худалдаж тухайн худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй болгосон нөхцөл байдал нь тухайн гэрээний үүргээ худалдагч тал биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал юм. Хэрэв худалдагч талаас энэхүү биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, уг хөрөнгийг шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд Иргэний хуулийн 253.1-т “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй." гэж заасны дагуу худалдагч талаас тухайн эд хөрөнгийн доголдлыг буюу барьцаанаас 1 чөлөөлөх, эсхүл өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүргийг хүлээх ёстой билээ. Гэтэл барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөх шийдвэрийг гаргаж байгаа нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. 2. Давж заалдах шатны шүүх барьцааны эрх өмчлөгчид шилжсэн хүчин төгөлдөр байх боломжтой талаар тайлбарлаж улмаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу орон сууц барьцааны үүргийн хамт өмчлөгчид шилждэг гэж үзжээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4-т “Барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна”, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т “Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д эаасны дагуу өөр этгээдэд нэгэн ээрэг хамтдаа шилжиж болно” гэсэн заалтууд байна. Харин Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т “Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийн баримт бичгийг шилжүүлж, түүнийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч гэж улсын бүртгэлд бүртгэсэн нөхцөлд шаардлага шилжсэн гэж үзнэ” гэж заасан байдаг. Давж заалдах шатны шүүх ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа хийгдээгүй, цаашид хэрхэн хийгдэх нь тодорхойгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөр төлөгч болон үүрэг гүйцэтгэх этгээд тогтоогдсон үйл баримтыг анхааралгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөр этгээдийг тогтоож байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгож байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах боломжгүй болсон тул өөрийн төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй билээ. 3. Хариуцагч С.Н, Г.Д нар нь 2016.03.23-ны өдөр Б.А надаас 30 000 000 төгрөг зээлж барьцаанд нь 13Б байрны 100 тоот байрыг барьцаалсан бөгөөд Баянгол дүүргийн үл хөдлөх газарт хуулийн дагуу бүртгүүлж баталгаажуулсан. Зээлийг олгохдоо ҮХЭХЭБ-ийн газраас лавлагаа авсан ба тус байр нь ямар нэг хэлцэл гэрээ бүртгэгдээгүй, барьцаанд тавиагүй байсан бөгөөд хууль ёсны өмчлөгчид болох С.Н, Г.Д нартай гэрээг байгуулсан. С.Н, Г.Д нар тус зээлийг авахдаа Голомт банкан дахь зээлийн хугацаа дуусаад ангилал буурах гээд байгаа тул тус болооч, хугацаандаа хүүтэй нь цуг буцааж өгнө гэж хэлж авсан. Дээрх барьцааны байрыг очиж үзээд мөнгийг шилжүүлж өгсөн. Ингээд зээл эргэн төлөх хугацаа болох үед “мөнгө арай бүтээгүй байна, 3 сараар сунгая, 6 сараар сунгая” гээд удаа дараа хойшлуулж зээл хүүгээ төлөхгүй байсан тул хугацаа сунгах хүсэлт тавих бүрт нь гар өргөдөл хүсэлт бичүүлэн хугацааг сунгаж байсан. Сүүлдээ мөнгө бүтэхгүй болсон болохоор дүүдээ байраа зарахаар болсон. О.Бэ ипотекийн зээл хөөцөлдөж байгаа тул дахиад хэсэг хүлээгээч гэсэн тайлбар тавьсаар ирсэн. Зээл нь бүтэхгүй байгаа тухай мессежүүд, гар өргөдлүүд болон дуу хураагуурт бичигдсэн яриа нь надад хадгалагдаж байгаа болно. С.Н, Г.Д нар нь худлаа ярьж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2017.08.28-ны өдрийн 02628 дугаар шийдвэрээр С.Н, Г.Д нараас нийт 69.300.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэр гарсан. -Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба ШШГГ-т шилжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “...шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй”, мөн хуулийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй", мөн Улсын дээд шүүхийн 2007.09.10-ны өдрийн 36 дугаар тогтоолоор /г. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд тэдгээрийн талаар маргаж болохгүй” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс тохиролцож шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж нэгэнт шийдвэрлэсэн үйл баримтын талаар дахин маргаан үүсгэж миний эрх ашгийг хохироож байна. Шийдвэр гүйцэтгэгч Болормаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулахаар шаардах бүрт О.Бэ нь зээл гарах гээд байна, одоохон, түр хүлээгээрэй гэж хугацаа авсаар байсан. Энэ хооронд би маш хүлээцтэй хүлээсэн боловч үргэлж худлаа ярьж хойшлуулж цаг аваад байсан. Ингээд ШШГГ-аас анхан шатны дуудлага худалдааг зарласан. Хариуцагч нарт мөнгөө төлөөд байраа суллаж авах хугацаа мөн л гаргаж өгч хүлээсэн. Зах зээлийнхээ үнээр өөрсдөө зараад төлөх боломж хүртэл гаргаж өгч байсан. Тэгээд ч төлөхгүй байсан учир хоёр дахь шатны дуудлага худалдааг зохион байгуулахаар зарласан үед О.Бэ нь гэнэт өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр хэвийн явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон. - Мөн зээл, барьцааны гэрээ байгуулснаас хойш буюу 2017.01.30-ны өдөр С.Н, Г.Д нар нь худалдах худалдан авах гэрээ байгуулан барьцааны зүйлийг О.Бэд худалдсан нь хууль бус болохыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өмчлөх эрх хуулийн дагуу болон хэлцлийн үндсэн дээр үүсэх боломжтой хэдий ч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний 3.4-т “гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх дуусгавар болно” гэсэн заалт биелэгдээгүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэргээс үзэхэд О.Бэ нь маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хувийн харилцаатай, төрөл садангийн хүмүүс учир хоорондоо үгсэн тохирч, ийм тайлбарыг гаргаад явж байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Хэдийгээр маргаан бүхий байр О.Бийн өмчлөлд шилжсэнээр миний барьцааны эрх байхгүй болохгүй ч энэхүү хууль бус шийдвэрээс шалтгаалаад О.Бэ нь нэгэнт үүргийн гүйцэтгэлд хураагдсан байрны талаар шүүхэд хандах эрх нь нээгдэж, эцэс төгсгөлгүй шинэ маргааны эхлэлийг тавих болоод байгааг анхаарч үзнэ үү. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Бэ нь хариуцагч Г.Д, С.Ннарт холбогдуулан Баянгол дүүрэг 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрсөн бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А нэхэмжлэлийг эсэргүүцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Агийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангажээ.

О.Бэ нь С.Н, Г.Д нартай 2015 оны 12 дугаар сарын 25, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 92 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 53 000 000 төгрөг, дараа нь цалингийн зээл авч 9 000 000 төгрөгийг, сонинд нийтэлсэн мөнгө зээлдүүлэх зарын дагуу Б.Атай холбогдон 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 30 000 000 төгрөгийг авахдаа орон сууцыг худалдаж буй С.Н, Г.Д нар зээлийн гэрээ байгуулж, орон сууцыг барьцаалсан, уг мөнгийг О.Бэ нь Б.Ад төлөхөөр хариуцагч нартай тохиролцсон, нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш орон сууцыг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасан зохицуулалтын дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.

Харин О.Бэ нь Б.Ад 30 000 000 төгрөгийн зээлийг төлөөгүйн улмаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02628 дугаар шийдвэрээр С.Н, Г.Д нараас 69 300 000 төгрөгийг гаргуулж Б.Ад олгож, зээлийн үүргийг барьцааны зүйлээс хангуулахаар шийдвэрлэсэн байх ба худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцнаас үүргийг хангуулах нөхцөл байдал үүсчээ.

Нэхэмжлэгч нь худалдаж авсан орон сууц барьцааны зүйл болсон, уг орон сууцнаас зээлийн үүрэг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан буюу эд хөрөнгө эрхийн доголдолтой болохыг мэдэж байгаа боловч худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Бэ орон сууцны үнийг бүрэн төлөөгүй учраас өмчлөх эрх үүсээгүй, орон сууцыг барьцаалсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Хариуцагч нар анх нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байсан боловч Б.Агаас авсан зээлийг нэхэмжлэгч өөрөө төлчихбөл орон сууцны үнэ бүрэн төлөгдсөнд тооцогдож, өмчлөгч болох эрхтэй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбар гаргаснаас гадна О.Бэ урьдчилгаанд 53 000 000 төгрөг, 9 000 000 төгрөгийг тус тус өгсөн, Б.Ариунаагаас зээлсэн 30 000 000 төгрөгийг хариуцаж төлөх тул орон сууцны үнэ нийт 92 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбар гаргасан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул орон сууцны үнийг төлсөн О.Бэ нь өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах, өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэжээ

О.Бэ барьцааны зүйлийн өмчлөгчөөр тогтоогдсон нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд өмчлөгчөөр тогтоогдсон үеэс эхлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох, орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд төлбөрийг төлөх, өмчлөх эрхээ хамгаалах боломжтой юм.

Худалдах-худалдан авах гэрээний талууд болох О.Бэ, нөгөө талаас С.Н, Г.Д нар орон сууцны үнэ төлөгдсөн үйл баримт, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргийн талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байдаг тул нэхэмжлэгч О.Бэ орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон ч барьцааны үүрэг хамт шилжих тул гуравдагч этгээд Б.Агийн эрх ашиг хөндөгдөөгүй байна.

Иймд зохигчийн байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосноор шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүйд хүргэсэн, нэхэмжлэгч хариуцагч нар төрөл садан учир хоорондоо үгсэн тохирч байна гэх  үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Агийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 858 дугаар магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 622 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА