Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 20

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: Ө а З а,

“Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Өмнөговь аймгийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 269 дүгээр захирамжаар “А”ХХК-д Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах 45000 м2 газрыг орон сууцны хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 0089296 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр гарсан байна.

Ө а З аас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1-2396 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бий болсон тул санал, тайлбараа ирүүлэхийг мэдэгдсэн. Тухайн мэдэгдлийн дагуу манай компанийн зүгээс хариу албан бичгийг хүргүүлсэн. Уг хариу тайлбарт барилгын зураг төслийн ажил дуусаагүйгээс барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байгаа талаар дурдсан. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс зураг төслийн ажил юунаас шалтгаалж удааширч байгааг тодруулалгүйгээр гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй байна.

Мөн “А”ХХК-ийг газраа 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2 жил дараалан зориулалтаар эзэмшээгүй гэдэг үндэслэлээр 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх нь аймгийн Засаг даргад нээлттэй байсан байтал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэлгүй юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  А/1184 дугаар захирамж нь үндэслэлтэй эсэхийг үзэхэд Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа дутуу явагдаж гаргасан захирамж гэж үзэж байгаа. Учир нь аймгийн Засаг даргаас “А”ХХК-д уг газрыг Газрын тухай хуульд зааснаар ашиглаагүй гэх үндэслэлээр цуцлах боллоо. Энэ газартай холбоотой тайлбараа ирүүлнэ үү. Хэрвээ тайлбараа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцална гэсэн мэдэгдэл явуулсан. Энэ мэдэгдлээс харахад “А”ХХК-д тайлбар явуулсан тохиолдолд энэ газар нь цуцлагдахгүй гэсэн ойлголтыг авч тайлбарыг ирүүлсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт зааснаар сонсох ажиллагаа дутуу явагдсан, хуульд заасан журмын  явагдаагүй гэж үзсэн. Хэдийгээр аймгийн Засаг дарга  нь Захиргааны ерөнхий хуулийн 27.4-д зааснаар 7 төрлийн арга, хэлбэрээр сонсох ажиллагааг явуулна гэж заасан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 27.4-ийн аль заалтыг хэрэглэсэн гэдгээ тодорхойлоогүй.  Хэрвээ тайлбараа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцална гэсэн болохоос биш ашиглаагүй тохиолдолд цуцална гэж байгаагүй болохоор гомдолтой байна.

Иймд аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дугаар захирамжийн “А”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Засаг даргын 2005 оны 269 дүгээр захирамжаар “А”ХХК-д тус аймгийн Даланзадгад сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 45000 м2 газрыг орон сууцны хорооллын зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

Өмнөговь аймгийн Хот байгуулалтын зөвлөл нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж “Газар эзэмшсэнээс хойш 14 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй буюу ямар нэгэн ажил хийгдээгүй, эскиз зураг батлуулаагүй, газар эзэмшүүлэх гэрээний 5.5-д заасны дагуу эзэмшлийн газрын гадаад тохижилт, өнгө үзэмж, ногоон байгууламжид анхаараагүй гэрээний үүргээ зөрчсөн” гэж үзэн газар эзэмших эрхийг цуцлах санал гаргасан юм.

Маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн ханган ажиллах хүрээнд шийдвэр гаргах болсон талаар мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангаж ажилласан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум. дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг хуульчилсан.

Газар эзэмшигч иргэн нь 2005 оноос хойш Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул аймгийн Засаг даргын 2019 оны А/1184 дүгээр захирамж гарч нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.

2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Газар эзэмших гэрээг байгуулсан гэрээнд газрын зориулалтыг зааж өгсөн. Тухайлбал тус гэрээний 5.5-д эзэмшлийн газрын 10-аас доошгүй хувийг хашаажуулж, мод тарих, үлдсэн газрыг орон сууц барих нөхцөлийг гэрээнд тохирсон. Гэвч 2005 оноос 2019 оны 09 дүгээр сарыг хүртэл гэрээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмшээгүй, гэрээний үүргээ зөрчсөн учраас аймгийн Засаг даргаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл явуулсан. Энэхүү мэдэгдлийн агуулга нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй Газрын тухай хуулийн 41.6-д зааснаар газар эзэмших эрхийг цуцлах талаар мэдэгдэж санал, тайлбараа ирүүл гэж хугацаа заасан. Хэрвээ заасан хугацаанд санал, тайлбараа ирүүлээгүй тохиолдолд сонсох ажиллагаа явагдсанд тооцно гэсэн агуулгатай албан бичгийг явуулсан. Үүний дараа мэдэгдлийн хариу ирсэн. Тухайн мэдэгдэлдээ манай компани нь тус газар дээрээ 550 айлын орон сууцны хороолол, 100 хүүхдийн цэцэрлэг бариулах зураг төслийг хийлгэж байна. Ийм учраас манай компанитай хамтран ажиллаж газар эзэмших эрхийг эрхийг цуцлахгүй байх хүсэлтийг ирүүлсэн. Энэхүү нөхцөл байдлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн хот байгуулалтын зөвлөлийн 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт орж 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан. Энэхүү бүрэлдэхүүн нь хэлэлцээд аймгийн Засаг даргын 2019 оны захирамжтай, захирамж гарснаас хойш тухайн газар дээр ажил хийгдээгүй, эскиз зураг батлагдаагүй, газар эзэмшиж эхэлснээс хойш 14 жилийн хугацаа өнгөрсөн. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргаас мэдэгдэл явуулсан, газар эзэмших гэрээний 5.5-д заасныг зөрчсөн учраас олонхын саналаар цуцлах саналтай байна гэсэн санал гарсан.

Аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А/1184 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрээ эрх ашиг нь хөндөгдсөн “А”ХХК-д хүргүүлж ажилласан. Газар эзэмших эрхийг цуцлах гэж байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.4-д заасан шаардлагад нийцнэ. Энэхүү хүрээнд аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2396 тоот албан бичгийг хүргүүлж ажилласан. Захиргааны байгууллагаас хууль зөрчөөгүй ажилласан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “А”нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Өмнө нь нэхэмжлэгч “А”ХХК нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 дахь удаагаа хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 120/ШЗ2020/0050 дугаар[1] захирамжаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан” байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 269 дүгээр[2] захирамжаар “А”ХХК-д Орон сууцны хорооллын зориулалтаар 45000 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Уг захирамжид эзэмшүүлэх газрын байршлыг 3 дугаар 10 жилийн сургуулиас зүүн тийш гэж тодорхойлсон бөгөөд маргаж буй газрын байршлын талаар талууд маргаагүй болно.

Маргаж буй Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1184 дүгээр[3] захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг тус тус баримталж, “эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “А”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчээс “аймгийн Засаг даргаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу хариу тайлбар хүргүүлсэн, сонсох ажиллагааг ямар хэлбэрээр явуулсан нь тодорхойгүй, хуульд заасан журмын дагуу явуулаагүй” гэж тайлбарлан маргаж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасан бөгөөд эрх бүхий этгээд хуулийн дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан эсэх, мөн “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нөхцөл байдлыг тодруулж, тогтоосон байх хуулийн шаардлагатай юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч нь захиргааны акт гаргахаас өмнө “А”ХХК-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн тухайгаа мэдэгдсэн, сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, Ө а З аас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1-2396 дугаар[4] албан бичгээр “...40.1.6 дахь заалтын дагуу...хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул...санал, тайлбараа ирүүлнэ үү” гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн, “А”ХХК уг мэдэгдлийг хүлээн авч хариуг 10 дугаар сарын 01-ний өдөр[5] хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчээс тухайн үед “уг газар дээр 550 айлын орон сууцны хороолол, үйлчилгээний төв, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар зураг төслийн ажлыг хийж байгаа. Зураг төслийн ажил дуусмагц холбогдох төрийн байгууллагуудаар батлуулж, зохих зөвшөөрлүүдийг авах тухай” үндэслэл бүхий тайлбарыг холбогдох нотлох баримтуудын хамт захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй ажээ.

Иймээс захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө уг актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” тусгай зарчим хэрэгжсэн байх тул нэхэмжлэгчийн “Зураг төсөл удааширч байгаа талаар тодруулалгүй захиргааны акт гарсан” гэх үндэслэл няцаагдаж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.3.1-д “газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх” эрх, үүрэгтэй байна.

“А”ХХК нь Даланзадгад сумын нутаг дэвсгэрт 45000 м2 газрыг Орон сууцны хорооллын зориулалтаар эзэмших Газар эзэмших эрхийн 0089296 дугаар гэрчилгээг[6] 2005 оны 10 дугаар сарын 10-ний өдөр олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[7]”-г 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулжээ.

Шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн маргаан бүхий газарт үзлэг хийхэд тус газарт ямар нэгэн үлд хөдлөх эд хөрөнгө байхгүй байв.

Шүүх[8] нэхэмжлэгчээс маргаж буй газарт барих барилгын зураг төсөл, 2005 оноос хойш зориулалтын дагуу хэрхэн эзэмшин, ашиглаж байсан талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтуудыг шаардахад 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс орон сууцны хороолол, үйлчилгээний төв, 100 хүүхдийн цэцэрлэг зэрэг барилгын зураг төсөл ажлын зургууд, зураг төслийн ажлыг гүйцэтгэх байгууллагуудтай байгуулсан гэрээ, ажлын хөлс төлсөн зэрэг баримтыг хүргүүлэх боломжгүй байна” гэх тайлбарыг бичгээр ирүүлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шүүхээс шаардсан баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч “А”ХХК хуулийн дагуу эзэмших эрх үүссэн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглахад бусдын буруутай хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, газар эзэмшигчээс үл хамаарах “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, мөн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хуанлийн бүтэн 14 жил эзэмшин, ашиглаагүй, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл уг газарт байшин барилга, газрыг тойруулан хашаа бариагүй болох нь хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, маргаан бүхий газрын фото зургаар[9] тогтоогдож байна.

Иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдсон бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байх тул “А”ХХК-ийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамж үндэслэл бүхий болжээ.

Захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан заалтыг баримтлах шаардлагагүй бөгөөд энэ нь захиргааны сонсох ажиллагаа, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралтай зохицуулалт болохыг дурьдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн тул хариуцагч нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч “А”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байх тул “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн “А”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “А”ХХК-ийн “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн “А”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “А”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

[1] Хавтас хэргийн 39-41 дэх хуудас

[2] Хавтас хэргийн 28 дахь хуудас

[3] Хавтаст хэргийн 4-6 дахь хуудас

[4] Хавтас хэргийн 14 дэх хуудас

[5] Хавтас хэргийн 16 дахь хуудас

[6] Хавтас хэргийн 5 дахь хуудас

[7] Хавтас хэргийн 9-11 дэх хуудас

[9] Хавтас хэргийн 64-68 дахь хуудас