Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0295

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

У.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч У.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, Б.Б, П.А, Ч.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, өмгөөлөгч Г.Х нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаар шийдвэртэй, У.Д-н нэхэмжлэлтэй, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр явагдсан билээ.

Уг шалгаруулалтад 522100 кодтойгоор бүртгүүлэн шалгалт өгсөн МУГЖ У.Д миний бие 80.1 хувийн оноотойгоор нийт өрсөлдсөн 5 хүнийхээ 1 дүгээрт орсон. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад уг сонгон шалгаруулалтын дүнг танилцуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалтын журмын дагуу томилогдох У.Д миний бие томилогдоогүй байна. Өөрийн асуудлаар яамны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзахад сайд томилохгүй байна. Бидний зүгээс удаа дараа танилцуулаад байгаа гэсэн хариу өгдөг. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ч.М гэгч хүн томилогдсон байна.

Сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу болон Төрийн албаны тухай хуулиараа сонгон шалгаруулалтад нэр дэвшин шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн нь томилогдох, түүнийг томилох хугацаа зэрэг нь тодорхой заагдсан боловч хэрэгжихгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Ч.М гэгчийг яг ямар эрх зүйн зохицуулалтаар томилж байгаа нь тодорхой бус байна. Миний зүгээс төрийн ажилд хүндэтгэлтэй хандаж аливаа зүйл шударгаар явагдана гэдэгт итгэн хүлээсээр өнөөдрийг хүрлээ. Гэтэл хууль бусаар тухайн орон тоонд хүн томилсон байна.

Мөн өмгөөлөгчөөр дамжуулан сайдад албан бичгээр хандахад тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин өөр ажилд томилогдох болсон гэж хариу өгсөн байдаг. Надад өөр албан тушаалд шууд томилох саналыг албан ёсоор тавиагүй.

Иймээс Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтын дагуу томилохыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү.”,

“Миний бие Соёл, спорт аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож,. онооны давуугаар тэнцсэн үндэслэлээр Төрийн албан салбар зөвлөлөөс 03 тогтоолоор миний нэрийг дэвшүүлж, дүгнэлт хүргэгдсэн боловч Ч.М-г томилсон төрийн захиргааны байгууллага болон албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлээрээ “Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтын дагуу томилохыг сайдад даалгах” шаардлага гаргаж байсан. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж, Төрийн албаны салбар зөвлөлийг хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлага үүсэж байна.

Нэхэмжлэлийн дагуу хавтас хэрэгт авагдсан Төрийн албаны салбар зөвлөлийн 03 дугаар тогтоол, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2/2242 дугаар албан бичиг, Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааны 03, 04, 05 дугаар тэмдэглэлүүд болон 04 дүгээр тогтоол, А/271 дүгээр тушаал зэрэг нотлох баримтуудаар сонгон шалгаруулалтын дагуу томилгоо хийгдээгүй, Ч.Мөнхзулыг томилсон шалтгаан нөхцөл тодорхой боллоо.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд нь Төрийн албаны салбар зөвлөлийн 03 дугаар тогтоолтой танилцаад гадаад хэлний мэдлэг шаардлагатай гэх үндэслэлээр татгалзсан байдал, мөн намайг уг сонгон шалгаруулалтаас өөрөө нэрээ татан авсан гэсэн үндэслэлээр салбар зөвлөлөөс 03 тогтоолоо өөрчлөн Ч.М-н нэрийг дэвшүүлж гаргасан 04 дүгээр тогтоол болон Ч.М-г томилсон А/271 дүгээр тушаал зэргийг хууль зөрчсөн байна гэж үзэж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэхээр дараах шаардлагыг гаргаж байна.

“Төрийн албан салбар зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дүгээр тушаалыг туус тус хүчингүй болгуулах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус яамны харьяа Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан.

Улмаар тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шалгалтад тэнцсэн нэр бүхий иргэдийг нөөцийн жагсаалтад бүртгэж, нэр дэвшүүлж шалгалтын дүнг тогтоолын хамт сайд Ц.О-д хүргүүлсэн бөгөөд сайдын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/2242 дугаартай албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 8.3 дахь хэсэгт заасны дагуу У.Д-г томилохоос татгалзаж, олон улсын түвшинд байгуулсан гадаад харилцаанд соёл, уламжлалыг хадгалах, улмаар одоогийн түвшнээс илүү олон талт соёлын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр гадаад хэлний мэдлэгтэй хүн ажиллуулах шаардлага тулгарч байгаа тул захирлаар Ч.М-г үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлт гаргасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор У.Д томилогдохоос татгалзсан тул Ч.М-г нэр дэвшүүлсэн бөгөөд сайдын 2014 оны 7 сарын 30-ны өдрийн А/271 дугаар тушаалаар Ч.М-г Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд томилсон. Иймд У.Д-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэн У.Д нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай “Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дугаар тушаал”-ыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасантай танилцлаа.

Дээр дурдсан тушаалыг одоо тус яамнаас шууд хүчингүй болгох боломжгүй тул одоо шүүхэд байгаа нотлох баримтын хэмжээнд авч үзэн, шүүх хуралдааныг явуулж, шийдвэрээ гаргаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Соёл, спорт аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл мөн адил дээрх журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Соёл, спорт аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс гаргасан шийдвэрт одоогийн “салбар зөвлөл” ямар нэг тайлбар гаргах боломжгүй юм.

Иймд Соёл, спорт аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол, тус яамны сайдын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дүгээр тушаалыг хүчингүй болгох эсэх асуудлыг шүүх холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Э миний бие У.Д-н нэхэмжлэлтэй Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Ч.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

У.Д-н нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ч.М нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад оролцож, хангалттай оноо авч 2-рт жагсан нөөцөд бүртгэгдсэн.

У.Дг нэр дэвшүүлсэн Салбар зөвлөлийн “Нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 03 тоот тогтоолын хариуг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 2014 оны 13-ны өдрийн 2/2242 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баглагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох албан ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 8.3-т зааснаар “Томилох эрх бүхий этгээд салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухай дүгнэлтээ зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэр дэвшүүлсэн этгээдэд ирүүлнэ” гэсний дагуу “Дуурь бүжгийн эрдмийн театр нь 2014 онд Австри, Оросын Холбооны Улс, Япон, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг орнуудтай удирдлагын түвшинд байгуулсан гадаад харилцаанд соёл, уламжлалыг хадгалах, улмаар одоогийн түвшнээс ч илүү олон талт соёлын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр гадаад хэлний мэдлэгтэй хүн ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул захирлаар Ч.М-г үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байна” хэмээн түүнийг томилохоос татгалзсан байна.

Иймд Ч.М нь шалгалтад тэнцэж, зохих шаардлага ханган хууль тогтоомжийн дагуу тус ажилд томилогдсон. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох албан ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 8.3-т зааснаар нэр дэвшүүлсэн этгээдийг томилохоос татгалзах, томилох эсэх нь сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

У.Д-н 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Ч.М нь шалгалтад тэнцэж, зохих шаардлага ханган хууль тогтоомжийн дагуу тус ажилд томилогдсон. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох албан ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 8.3-т зааснаар нэр дэвшүүлсэн этгээдийг томилохоос татгалзах, томилох эсэх нь сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал бөгөөд сайд бүрэн эрхийнхээ дагуу У.Д-г томилохоос татгалзаж гадаад хэлний мэдлэгээр илүү байх тул Ч.М нь У.Дгаас давуу талтай гэж шалтгаанаа тодорхой дурдсан нь тус албан тушаалд томилогдох үндэслэл болсон.

Нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаараа “Төрийн албаны Салбар зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайдын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн байна.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий тогтоол, тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэсэн асуудал байхгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1.8-д “Энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч У.Д нь дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дурдсан Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дүгээр тушаалуудын талаар маргаж шүүхэд нэхэмжлэлийг хугацаанд нь гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй, тус хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал бүрдсэн байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн “Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтын дагуу У.Д-г томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч П.А давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч У.Д нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаар шийдвэрийг зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 228 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үнэн зөвийг тогтоох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны үйл ажиллагаа, шийдвэр түүний үндэслэл нь холбогдох хууль журамд нийцэж байгаа эсэхийг хянан шалгах, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.

Соёл, спорт аялал жуулчлалын яамны захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам”, 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх даргыг сонгон шалгаруулах  журам”-д тус тус зааснаар 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явагдаж, журмын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчийн нэрсийг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүргүүлсэн.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг хариуцагч уг сонгон шалгаруулалтын захиалга болон хавсаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй тусгайлсан шаардлага нөхцөлийг үндэслэлээ болгон Ч.М-г үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлт гаргасныг, мөн уг хүсэлтээс шууд хамааран төрийн албаны Салбар зөвлөл үндэслэлгүйгээр 2 сар орчим хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй холбогдох хууль журмыг зөрчиж байгаатай холбогдуулан тайлбарласан боловч шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдууллаа.

Шүүх зөвхөн болсон үйл явдлын дэс дараалал болон маргаан бүхий акт, түүний үндэслэл болсон албан бичгүүдийн агуулгад анхаарч дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар дээр дурдагдсан үйлдэл, эс үйлдэл, баримт бичгүүдийн үндэслэл шалтгаан, хугацаа зэрэг нь сонгон шалгаруулалтын холбогдох хууль журамд нийцэж байгаа эсэхийг, мөн сонгон шалгаруулалтын зорилгод төдийгүй бодит байдалд нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгэхийг хүссэн билээ.

Ийнхүү маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгдээгүй байдал нь шүүхээс зөвхөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоход нөлөөлж, улмаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох тогтоол, журам зэрэг зохицуулалтыг хэрэглэлгүйгээр “... Сайд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн байна” гэсэн дүгнэлт хийж нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн бодит байдлаас эсрэг шийдэл гаргаж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж 228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ө давж заалдах гомдолдоо: “1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Иргэн У.Д нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зарласан Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр оноо авсан тул тус салбар зөвлөлөөс У.Д-г дээрх албан тушаалд томилохыг санал болгосон байхад Соёл, спорт, аялал жуулчлалын сайд нь Төрийн албаны хуулийг зөрчин түүнийг томилохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч эрх зүйн маргаан үүсгэсэн.

У.Д-н маргаж байгаа асуудал нь төрийн албаны маргаан мөн боловч уг маргаж байгаа ажлын байр нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг  хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах даараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалын маргаан юм.

Энэ нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоосноос Эрдмийн театр, чуулгын ерөнхий захирал нь ТҮСУ-11 ангилал, зэрэглэлд хамааруулсан байгаагаар уг албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал гэдэг нь бүрэн нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т “... болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдлыг иргэний хэргийн шүүх хэргийн харьяаллын дагуу авч хэлэлцэхээр” заасны дагуу төрийн үйлчилгээний алба, түүний удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан тул энэхүү нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэсэн нь зөв эсэх нь эргэлзээтэй байна.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг зөв гэж үзвэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас маргахгүй болно.

2.Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэг мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч У.Д нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу төрийн албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх талаар ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж, эрх бүхий байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох эрх үүссэн байхад ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр томилохоос татгалзсан талаар маргаж байгаа билээ.

Анхан шатны шүүх У.Д-г Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд томилохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар хуулийн заалтад нийцсэн талаар, эсхүл томилохгүй байх ямар хууль зүйн үндэслэл байгаа талаар, мөн түүнчлэн Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг баримталж гуравдагч этгээд Ч.М-г уг албан тушаалд томилох хууль зүйн үндэслэлтэй байсан талаар шийдвэртээ огт дурдаагүй, энэхүү эрх зүйн үйл баримтыг ямар хуульд нийцүүлэн шийдвэрлэж байгаагаа шийдвэртээ тусгаагүй байгаагаас үзвэл шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, “шүүхийн шийдвэр зөвхөн хуульд үндэслэсэн байх” зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь төрийн албан тушаалд орж ажиллах, хөдөлмөр эрхлэх эрхтэй холбоотой төрийн албаны маргаан шийдвэрлэж байгаа атлаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй тул шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Иймд, цаашид давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шүүгч нартаа “шүүхэд хэрэг маргааныг зөвхөн хуульд үндэслэж шийдвэрлэдэг” гэдгийг зааж өгөхгүй бол цаашид шүүхийн нэр хүнд унаж, иргэдээс шүүхэд итгэл итгэл алга болох, шүүгч нь хуульч мэргэжлийн дээд карьер, хуульчдаас хамгийн шилдэг нь шүүгч болдог гэдэг итгэл үнэмшлийг үгүйсгэх хортой үр дагавар бий болгож байгааг анхаарна уу.

3.Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: а/ Анхан шатны шүүх ийнхүү маргаа бүхий үйл баримт, нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар нэг эрх зүйн дүгнэлт өгөөгүй, ямар хуулийн дагуу англи хэл эзэмшсэн этгээдийг бусад этгээдээс дээгүүрт тавьж, төрийн албаны удирдах албан тушаалд томилж болох талаар хууль зүйн үндэслэлийг гаргахгүйгээр зөвхөн англи хэлийг Монгол Улсын хуулиас дээгүүрт тавьж У.Д-н маргаж байгаа үйл баримтыг өөрийн хувийн өнцгөөс, хувийн бодлоороо дүгнэсэн болох нь анхан шатны шүүхийн шийдвэрт “англи хэлтэй хүнийг Дуурь бүжгийн эрдмийн театрын даргаар томилсныг буруутгах үндэслэлгүй” гэж бичсэнээс харагдаж байна.

б/ Төрийн албаны зөвлөлөөс Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд тавигдах шаардлагуудыг тодорхойлсон тодорхойлолтыг нийтэд зарлан мэдээлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

Эндээс үзвэл уг албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагын “ур чадвар” гэсэн хэсэгт “... монгол хэл бичгийн дүрмийг бүрэн эзэмшчихсэн байх, компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх” гэсэн шаардлагыг тогтоосон байгаа боловч англи хэлний мэдлэгтэй байх шаардлагыг тогтоогоогүй байна.

Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулж хавтаст хэрэгт аваагүй атлаа Төрийн албаны зөвлөлөөс олон нийтэд мэдээлсэн дээрх шалгуурт “англи хэлний мэдлэгтэй байх” шалгуур тогтоогоогүй байхад ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр “тус байгууллагын дарга англи хэлтэй байх нь зөв” гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн шүүх шийдвэртээ “... Дуурь бүжгийн эрдмийн театр нь улс орны соёл урлагийн хөгжил, нүүр царайг илтгэх томоохон чухал нэгж болохын хувьд олон улсын түвшинд гадаад харилцааг өрнүүлж, цаашид улам хөгжүүлэх шаардлагатай гэж үзэн дэлхий нийтийн хэл болох англи, орос хэлний мэдлэг, мөн тухай үеийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.М-н хэлний мэдлэг, мөн тухай үеийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.М-н үр дүнгийн гэрээний биелэлт зэргийг харгалзан салбар хариуцсан сайдын хувьд, өөрийн эрх хэмжээний хүрээнд Ч.М-г томилсныг буруутгах боломжгүй юм” гэжээ.

Анхан шатны шүүх энэхүү дүгнэлтээ хийхдээ мөн л ямар хуулийн заалтыг үндэслэн энэ дүгнэлтээ гаргаж байгаа нь тодорхой бус бөгөөд шүүх нь Дуурь бүжгийн эрдмийн театрыг “улс орны соёл урлагийн нүүр царайг илтгэдэг байгууллага” гэж тодорхойлдог эрх бүхий этгээд бишээс гадна иймэрхүү уянгын халилаар асуудалд хандаж болдог зар сурталчилгааны болон үзэл суртлын байгууллага биш болохоос гадна англи хэлийг “дэлхий нийтийн хэл” гэж хүчлэн оруулан эрх зүйн биш дүгнэлт хийж, хуулиас дээгүүр тавьж, энэхүү эрх зүйн маргааныг хуульгүйгээр шийдвэрлэж байгаагаас харвал энд хууль, шүүх гэж огт байдаггүй хэсэг бүлэг зэрлэг хүмүүсийн нэгдэл өөрсдийн дундаас арай ухаантай гэж үзсэн хүнээрээ асуудлаа шийдвэрлүүлж байгаа мэт байна.

в/ Мөн анхан шатны шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч, хариуцагч талууд хоорондоо уулзаж, ярилцах, эвлэрэх хүсэл сонирхлоо аль аль нь илэрхийлж байжээ гэж дүгнэхээр байна” гэжээ.

Шүүгч ямар зорилгоор энэ дүгнэлтийг хийгээд байгаа тодорхой биш бөгөөд нэхэмжлэлд хамааралгүй ийм дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль бус байна.

Ийнхүү шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх зарчимд нийцээгүй, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй учир Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: “... М нь ССАЖ-н сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/30 тоот тушаалаар УДБЭТ-н захирлаар томилогдсон. Гэхдээ Соёлын тухай хуулийн 15.4-т зааснаар сонгон шалгаруулалтад ороогүй учраас ССАЖЯ-ны дэргэдэх ТАсЗөвлөлөөс УДБЭТ-н захирлын орон тоонд шалгаруулалт зарлагдаж, шаардлага хангасан 5 хүн бүртгүүлж, уг сонгон шалгаруулалтад оролцсоноор У.Д нь 80.1 оноогоор эхний байранд орсон. Энэ сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар тухайн үед талуудаас ямар ч маргаан гаргаагүй. Өөрөөр хэлбэл, 2-р байранд орсон гэх М-с ямар нэгэн маргаан гаргаагүй болно.

... 2014 оны 07 дугаар сарын 23-ны 04 тоот тэмдэглэлд ССАЖСайд Д-г ДБЭТ-н захирлын албан тушаалд томилохоос татгалзсан хариу ирүүлсэн талаар хэлэлцэж, үндэслэлийг нь дахин нягталж шалгахаар болж хойшлуулсан байдаг. Харин 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот ТАСЗ-н хуралдааны тэмдэглэлд: Сонгон шалгаруулалтад нэгээр шалгарсан У.Д нь энэ удаа сайн дураараа ДБЭТ-н захирлын албан тушаалд томилогдохоосоо татгалзаж байгаа тул хууль журмын дагуу дараагийн хүн болох Ч.М-г нэр дэвшүүлж, сайдад мэдүүлэхээр болсон.

Гэтэл У.Д нь Э даргатай уулзаж тохиролцоогүй, нэрээ татаж аваагүй байхад гүтгэж, дараагийн хүнийг дарга болгосон нь хууль зөрчсөн үйлдэл. У.Д-г өөрөө нэрээ татсан талаар ямар ч нотлох баримт байхгүй, энэ талаар У.Д-аас ч асууж тодруулалгүй асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Хэрэв У.Д өөрөө нэрээ татсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан.

Хэрэв Э даргад У.Д бичгээр дээрх хүсэлтийг гаргаад Э дарга тэр хүсэлтийг хүлээн авсан бол шүүх дээрх дүгнэлтийг гаргах нь зөв байх. Тэгээд ч эвлэрсэн асуудал байсан бол өнөөдөр шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гээд маргаан үүсгээд явахгүй байсан. Шүүхээс өмгөөлөгч Дэлгэрцэцэгийн хүсэлтийг хүлээн аваад яаж шийдвэрлэсэн талаар баримт байхгүй.

... 60-р тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаад томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 8.3-д заасны дагуу У.Д-г томилохоос татгалзаж, олон улсын түвшинд байгуулсан гадаад харилцаанд соёлын уламжлалыг хадгалах, улмаар одоогийн түвшнээс илүү олон талт соёлын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр гадаад хэлний мэдлэгтэй хүн ажиллуулах шаардлага тулгарч байгаа гэдэг шалтгаанаар Ч.М-г 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/271 тоот тушаалаар УДБЭТ-н захирлаар томилсон нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм.

Олон улсын түвшинд байгуулсан гадаад харилцааны соёл уламжлалыг хадгалах, улмаар одоогийн түвшнээс илүү олон талт соёлын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр гадаад хэлний мэдлэгтэй хүн ажиллуулах шаардлага тулгарч байгаа гэдэг бол зөвхөн шалтаг шалтгаан. Энэ бол нэр дэвшигчийг томилохоос татгалзах үндэслэл болохгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. У.Д-тэй уулзаж, гадаад хэлний мэдлэггүй, Ч.М гадаад хэлний мэдлэгтэй гэж бодсон.

Гадаад хэлний мэдлэгтэй хүн ажиллуулах шаардлага тулгарч байгаа гэх мөртөө У.Д-г гадаад хэлтэй эсэх тал дээр асууж тодруулаагүй, өөрөө У.Д-г гадаад хэл мэдэхгүй гэж- дүгнээд ийм хууль бус шийдвэр гаргасан нь буруу юм.

Түүнчлэн ийм шалгуур тавиагүй мөртөө хэлний мэдлэггүй гэдэг үндэслэлээр У.Д-г томилохоос татгалзсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийг гадаад хэлтэй эсэхийг нягталж байж шийдвэр гаргах ёстой байсан. Иймээс дээрх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хариу тайлбартаа: “С.Э миний бие У.Д-н нэхэмжлэлтэй, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг ирүүлж байна.

... Ч.М нь сонгон шалгаруулалтад тэнцэж, зохих шаардлага ханган хууль тогтоомжийн дагуу тус ажилд томилогдсон билээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох албан ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 8.3-т зааснаар нэр дэвшүүлсэн этгээдийг томилохоос татгалзах, томилох эсэх нь сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал бөгөөд сайд бүрэн эрхийнхээ дагуу, өөрийн эрхэлсэн асуудал, салбарын хэрэгцээ шаардлага, ажлын онцлогийг мэдэхийн хувьд У.Д-г томилохоос татгалзаж, гадаад хэлний мэдлэгээр илүү байх тул Ч.М нь У.Д-аас давуу талтай гэж шалтгаанаа тодорхой дурдсан нь тус албан тушаалд томилогдох үндэслэл болсон.

... Иймд, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь заалтыг баримтлан хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч У.Д-аас Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан “Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтын дагуу У.Д-г томилохыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд Усны-Эхийн Д-г “томилогдохоос татгалзсан” гэсэн үндэслэлээр Ч.М-г Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд нэр дэвшүүлж, уг тогтоолыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дүгээр тушаалаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилсон байна.

            Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч У.Д захирлын албан тушаалд томилогдохоос татгалзаагүй байх бөгөөд татгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл баримтаар нотлоогүй байх тул дээрх тогтоол үндэслэлгүй болжээ.

“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 8.3 дахь хэсэгт “Томилох эрх бүхий этгээд Салбар зөвлөл буюу аймаг, нийслэлийн Боловсролын газраас нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухай дүгнэлтээ зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэр дэвшүүлсэн этгээдэд ирүүлнэ” гэж зааснаар нэр дэвшигчийг нэг удаа татгалзах эрх нь хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад байгаа боловч сайд журамд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн “Нөөцөд бүртгэж нэр дэвшүүлэх тухай” 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 тоот тогтоолыг сонгон шалгаруулалтын дүнгийн хамт хүргүүлсэн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай албан бичгийн хариуг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт “... тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, ... хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх ...” гэж заасны дагуу У.Д нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж, хамгийн өндөр оноо буюу 80.1 оноо авсан байх бөгөөд хэргийн оролцогчид сонгон шалгаруулалтын дүнтэй маргаагүй.

Харин сонгон шалгаруулалт зарлахдаа “гадаад хэлний мэдлэгтэй” байх шаардлагыг тавиагүй, гадаад хэлний мэдлэгийг шалгах шалгалт аваагүй зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад гадаад хэлний мэдлэгтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд У.Д-г Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд томилохоос татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд сонгон шалгаруулалт явагдсаны дараа нэмэлт шаардлага тавьж, албан тушаалд томилохгүй байгаа нь сайдыг эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна.

            Иймд, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

            Нэхэмжлэгч хариуцагчаа Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх хариуцагчийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл гэж шийдвэртээ оруулсныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/271 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч У.Д-г Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд томилохыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад даалгаж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.        

                       

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ