Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 436

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Х., нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.                                                                  

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.тэй 1992 онд гэр бүл болж, амьдрах хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр Х. нь гэр бүл болсноос хойш намайг эрүүл, согтуу байсан ч хамаагүй зодож, цохиж, нүүрийг минь түлэх зэргээр байнгын хүчирхийлэлд байлгадаг. Би Цагдаагийн газарт гомдол гаргаснаар Х. шалгагдаж, прокурорт хянагдаж байсан. Х. нь архидан согтуурч, гэртээ агсам тавьж, эрүүлжүүлэгдэн баривчлагдаж байсан. Би Х.гээр зодуулж толгойдоо хүнд гэмтэл авч, аягатай хоолоор нүүрээ түлүүлж байсан. Бид байнгын айдас, түгшүүртэй байж Х.гийн заналхийлэл, дарамтыг тэсвэрлэхгүй хэмжээнд хүрч байсан. Иймд би гэрлэлтээ цуцлуулж, хүү Б., охин Б. нарыг өөрийн асрамжид авч, Х.гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн газар, хувийн орон сууцыг хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжоор хангаж, Ш.******* болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхээс бид нарт эвлэрүүлэх хугацаа олгосон. Энэ хугацаанд бид хоёр эвлэрсэн тул бид нарын эвлэрлийг батлаж өгнө үү гэв.

Хариуцагч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр эвлэрсэн. Одоо алдаа дутагдалаа ойлгоод сайхан амьдарна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Х.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Х. нар нь 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүр болсон ба тэдгээрийн дундаас 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б.Мөнхсайхан, 1994 оны 10 дугаар сарын 03-ны Б., 2001 оны 03 дугаар сарын 11-ний өдөр охин Б., 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү Б. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондоо эвлэрсэн байх ба энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Х. нарын хоорондоо эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МАРИНА