Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

             Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Б*******ийн Б*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн дугаар орон сууцны тоотод оршин суух, регистрийн дугаартай, Хойд овогт Нийн Цд холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Н.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Скайтел ХХК-ийн Ховд аймаг дахь салбарт ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан Н.Ц нь надаас 3,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлсэн мөнгөө буцааж авахаар нэхэхэд Н.Ц чамд баримт байхгүй, мөнгө зээлсэн гэдгээ яаж нотлох юм бэ, би мөнгө өгч чадахгүй гэж хэл амаар доромжилж, зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Би Н.Цд 2015 оны 01 дүгээр сарын сүүл, 2 дугаар сарын эхээр 2,000,000 төгрөгийг ээж, нөхрийн хамт бэлнээр аваачиж өгсөн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг Н.Цгийн дансаар шилжүүлж өгсөн. Иймд Н.Цгээс 3,000,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н.Ц шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Б*******ээс 3,000,000 төгрөг зээлж аваагүй, хэл амаар доромжилж байгаагүй. Хэрэгт баримт болгож хавсаргасан 1,000,000 төгрөгийн баримтыг би албаны шугамаар тушаалгуулж байсан. Гэхдээ уг мөнгийг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр биш, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлүүлж байсан. Миний дансанд Б.Б*******ээс 1,000,000 төгрөг шилжиж ирсэн нь үнэн тул би 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдсэн 2,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Н.Цд холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь 1,000,000 төгрөг авсан, харин 2,000,000 төгрөгийг зээлж аваагүй тул төлөхгүй гэж мэтгэлцлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Н.Цгийн хүсэлтээр түүний Хаан банкны 5845292994 дугаартай данс руу  2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэд хоорондын зээлийн гэрээний гол шинж нь гэрээний зүйл болох хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлдэг.

Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс хамааран Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байх бөгөөд иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогдно.

Иймд нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Н.Ц нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг хэрэгжсэн гэж үзэхээр байна.

Энэхүү зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Н.Цгээс 1,000,000 төгрөгийг шаардах эрхтэй ба хариуцагч Н.Ц нь 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******эд өгөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

            Харин нэхэмжлэгч Б.Б******* нь 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр хариуцагч Н.Цд 2,000,000 төгрөгийг бэлнээр ээж, нөхрийн хамт аваачиж өгсөн гэж тайлбарлах боловч уг мөнгийг хэзээ, хэрхэн зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иргэд хоорондын зээлийн эрх зүйн харилцааны онцлог нь зээлдүүлэгч тал гэрээний дагуу зээл олгох үүргээ гүйцэтгэсэн буюу мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ үеэс авсан зээлээ буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүсэх зохицуулалттай.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ Б.Б*******ээс 2,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлах ба нэхэмжлэгч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

            Хэрэгт нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг хариуцагч Н.Цд зээлсэн болохыг нотлуулахаар гэрчээр Б.Батцэнгэл, Ц.Гэрэлтуяа, О.Долгор нарыг асуулгасан боловч эдгээр гэрч нарын мэдүүлэгүүд нь бичгийн өөр баримтаар нотлогдохгүй байх тул тэдний мэдүүлэгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Н.Цд 2,000,000 төгрөг зээлсэн гэдгээ нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******эд олгох хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Цгээс 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******эд олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******эд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МАРИНА