Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

 

 

             

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

-улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

-хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,

-шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Э холбогдох эрүүгийн 1934000930213 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  экскаватор, ковшийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй ,урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, дугаарын регистртэй, Ц.Э,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Э нь 2019  оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн  нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон дулаан”  ХХК-ийн талбай  руу гар аргаар  алт олборлох зорилгоор дайрах үедээ чулуу шидэж, хамгаалагч Г.Б аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун 1 шүдний ирмэг эмтэрч хугарсан” хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Эрах нь: “2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Мон дулаан” гэдэг компани татан буугдаж байна хүмүүс оруулах гэж байна гэхээр нь тэр хүмүүстэй цуг орсон. Оруулахгүй гээд байхаар нь хашаанд дээр суугаад байж байсан чинь нэг хүн ирээд намайг газадсан. Тэгээд миний хоёр нүд улайгаад тэгээд гарт байсан илжгэн чихээр бамбайг нь хагалсан нь үнэн. Тэрнээс биш надад чулуу барих сөхөө байгаагүй. Чулуу бариад цохисон зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.Б нь: “2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Мон дулаан” ХХК-д хамгаалагчийн ажил хийж байсан. 12 цагийн үед шуурхай зарлаад очиход бөөн зодоон болж байсан. Энхбадрах гэдэг энэ залуу хашаа нь дээр суугаад хашааны цаана нэг залуу зогсож байсан. Манай нэг хамгаалагч газ цацахад шуудайн дотроосоо жоотуу гаргаж ирээд тэрүүгээрээ хашаа эвдэлж орж ирээд манай хамгаалагчийн бамбай руу 2-3 удаа цохисон. Тэгээд Энхбадрах гэдэг залуу манай нэг хамгаалагч залуугийн бамбайг нь хагалаад чулуу авч шидсэн. Тэгээд би доошоо уруулаа эмчлүүлэхээр явсан” гэв.

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Эрах нь 2019  оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн  нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон дулаан”ХХК-ийн талбай  руу гар аргаар  алт олборлох зорилгоор дайрах үедээ чулуу шидэж, хамгаалагч Г.Бийн аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун  1  шүдний ирмэг эмтэрч хугарч” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 9-11 тал/,

-Хохирогч Г.Бийн “... 2019  оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Мон Дулаан ХХК-ны эзэмшлийн газрыг Жаран хас харуул хамгаалалтын албанд хамгаалагч хийдэг юм. Өнөөдөр 12 цаг 30 минутын үед шуурхай зарлаад байсан юм. Тэгээд очиход 30-40 орчим машинтай 50 гаран иргэд ирчихсэн байсан. Баяжуулахын хашааг эвдээд дайрч орсон байсан. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд хашаанаас гаргаад тарааж байсан юм. Тэгэхэд хэсэг залуус нуурны талын хашааг эвдэж байсан юм. Тэгэхэд манай хамгаалагч Жавхлан, Эрдэнэням, н.Отгонжаргал нартай цуг очсон юм. Тэгэхэд намхан шар залуу н.Жавхлангийн бамбайг жоотуугаараа 4-5 удаа цохиод цаашаа буцаж гүйж байхдаа чулуу авч шидсэн юм. Тэр чулуу нь миний уруул хэсгийг онож үүдэн шүд хугарсан юм. Доод талын 3 шүд хөдөлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

            -Хохирогч Г.Бийн дахин өгсөн “...н.Жаргалан гэх байцаагчид мэдүүлэг өгөх гээд очиход Ц.Эрах гэх над руу чулуу шидсэн намхан шар залуу цагдаагийн хэлтэс дээр байж таараад надтай н.Жаргалан гэх ахмадын хажууд надад тохиролцоё, хэдэн төгрөг болох юм би эмчлүүлээд янзлуулаад өгье гэхээр нь би тохиролцохгүй гэж хэлээд н.Жаргалан гэх ахмадад мэдүүлэг өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

-Гэрч Д.Эрдэнэнямын ...2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр би 1-р пост буюу шалган нэвтрүүлэх байран дээр үүрэг гүйцэтгэж байсан чинь 12 цагийн үед шуурхай зарласан юм. “Мон Дулаан” ХХК-ны эзэмшлийн талбай нинжа нар дайраад байсан тул шуурхай зарласан юм. Тэгээд би Баяжуулах хэсэг буюу шадган 8-р пост руу явсан юм. Тэнд очиход 50 гаран хүмүүс цугларсан байгууллагын хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь бусад хамгаалагчийн хамт шаардлага тавиад гаргасан юм. Тэгсэн чинь нинжа нар гараад эргээд хамгаалалтын хашааг эвдээд дайрч орж ирээд байсан юм. Тэгээд дийлэхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн албан хаагч нар ирээд цагдаа нартай хамт нинжа буюу нутгийн иргэдийг хамгаалалтын бүсээс гаргасан юм. Тэгээд манай хамгаалагч Г.Б, н.Отгонжаргал нар хамгаалалтыг тор хашааны дагуу байж байсан чинь хэсэг хүмүүс хашааг эвдээд дайрсан нэг залуу нь хашаан дээр гарч суугаад буухгүй байхаар нь би газ цацлаа шүү хашаанаас буугаач гэсэн чинь цац цац гээд тоохгүй байхаар нь би газ цацсан юм. Тэгсэн чинь тэр шар залуу жоотуу гаргаж ирээд хашаа эвдэж орж ирээд н.Жавхлан, н.Отгонжаргал нар байхад жоотуугаараа цохиход н.Отгонжаргал гартаа барьж байсан бамбайгаараа хаасан чинь бамбай нь хагарсан юм. Баасандорж руу тэр залуу чулуу авч шидсэн юм. Тэгэхэд би гүйж очиход Г.Бийн амнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

-Гэрч С.Жавхлангийн ... 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр амралтын байран дээрээ амарч байсан чинь 12 цагийн үед шуурхай зарласан юм. “Мон Дулаан” ХХК-ны эзэмшлийн талбай нинжа нар дайраад байсан тул шуурхай зарласан юм. Тэгээд би Баяжуулах хэсэг буюу шадган 8-р пост руу явсан юм. Тэнд очиход 50 гаран хүмүүс цугларсан байгууллагын хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь бусад хамгаалагчийн хамт шаардлага тавиад гаргасан юм. Тэгсэн чинь нинжа нар гараад эргээд хамгаалалтын хашааг эвдээд дайрч орж ирээд байсан юм. Тэгээд дийлэхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн албан хаагч нар ирээд цагдаа нартай хамт нинжа буюу нутгийн иргэдийг хамгаалалтын бүсээс гаргасан юм. Тэгээд манай хамгаалагч Г.Б, н.Отгонжаргал нар хамгаалалтын тор хашааны дагуу шалгалт хийгээд явж байсан чинь хэсэг хүмүүс хашааг эвдээд дайрсан нэг залуу нь хашаан дээр гарч суугаад буухгүй байхаар нь н.Эрдэнэням газ цацлаа шүү хашаанаас буугаач гэсэн чинь цац цац гээд тоохгүй, хашаанаас буухгүй байсан юм. Чаддаг юм бол цац гээд байсан. Тэгэхээр нь н.Эрдэнэням газыг тэр хашаан дээр сууж байсан залуу руу цацсан. Тэгсэн чинь тэр шар залуу жоотуу гаргаж ирээд хашаа эвдэж орж ирээд н.Отгонжаргал бид 2 луу жоотуугаараа цохиход би бамбайгаараа 2 удаа хаасан юм. Тэгээд 3 дахь удаагаа жоотуугаараа цохих гэж далайхаар нь хойшоо ухарсан. Тэгсэн чинь нэг цагдаа гүйгээд ирсэн. Баасандоржийг яаж цохисон талаар анзаараагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

-Гэрч Б.Отгонжаргалын ... 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр амралтын байран дээрээ амарч байсан чинь 12 цагийн үед шуурхай зарласан юм. “Мон Дулаан” ХХК-ны эзэмшлийн талбай нинжа нар дайраад байсан тул шуурхай зарласан юм. Тэгээд би Баяжуулах хэсэг буюу шалган 8-р пост руу явсан юм. Тэнд очиход 50 гаран хүмүүс цугларсан байгууллагын хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь бусад хамгаалагчийн хамт шаардлага тавиад гаргасан юм. Тэгсэн чинь нинжа нар гараад эргээд хамгаалалтын хашааг эвдээд дайрч орж ирээд байсан юм. Тэгээд дийлэхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн албан хаагч нар ирээд цагдаа нартай хамт нинжа буюу тухайн дайрсан иргэдийг хамгаалалтын бүсээс гаргасан юм.Тэгээд манай хамгаалагч Г.Б, н.Жавхлан, н.Эрдэнэням нарын хамтаар  хамгаалалтын тор хашааны дагуу шалгалт хийгээд явж байсан чинь хэсэг хүмүүс хашааг эвдээд дайрсан нэг залуу нь хашаан дээр гарч суугаад буухгүй байхаар нь н.Эрдэнэням газ цацлаа шүү хашаанаас буугаач гэсэн чинь цац цац гээд тоохгүй, хашаанаас буухгүй байсан юм. Мөн чаддаг юм бол цац гээд байсан. Тэгэхээр нь Эрдэнэням газыг тэр хашаан дээр сууж байсан залуу руу цацсан. Тэгсэн чинь тэр шар залуу жоотуу гаргаж ирээд хашаа эвдэж орж ирээд н.Жавхлангийн барьж байсан бамбайг жоотуугаараа 2 цохиод бамбайг нь хаглаад, газраас чулуу авч шидэхэд Г.Б тэр чулуунд оногдсон юм. Нөгөө шар залуу орилоод байсан чинь хашааны цаана овоолсон дээл сууж байсан хүмүүс чулуу авч шидсэн. Тэгэхэд н.Жавхлан бамбайгаа хаглуулаад зугтаасан. Н.Эрдэнэням Баасандорж нар хойшоо зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

-Гэрч М.Отгонбаатар “... 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 14 цагийн үед н.Өлзийбаатар, н.Энхтүвшин бид 3 замын машинд дайгдаад “Мон Дулаан” ХХК-ны усан буу бууж байна гэсэн сургаар явсан юм. Тэнд очсон чинь хамгаалагч нар нь хүмүүсийг хашаанаасаа гаргаж байсан юм. Тэгээд торны гадуур шуудуу дагаад уруудаад явж байсан чинь торон дээр Ц.Эрах гарчихсан сууж байсан чинь эрээн хувцастай 2 хамгаалагч ирээд Ц.Эрахыг буу гэж хэлэхэд буулаа гэж байсан чинь хар өнгийн хувцастай өндөр махлаг хууз сахалтай хамгаалагч, намхан махлаг хар хувцастай хамгаалагч ирээд өндөр хар хувцастай хамгаалагч нь Ц.Эрахын нүд рүү гааз цацсан юм. Ц.Эрах хашаанаас буугаад илжгэн чих буюу дөрвөлжин төмрөөр эрээн хувцастай намхан хамгаалагч залуугийн барьж байсан бамбайг 2 удаа цохиод хагалсан юм. Ц.Эрах нүд хорсоод байна гээд цасаар нүдээ арчаад зогсож байсан чинь н.Шинэсайхан цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

-Гэрч Т.Энхбаярын “...Би он сар өдрийн сайн санахгүй байна. Би өөрийн найз  н.Билгүүний хамт “Мон Дулаан” ХХК-ний уурхай буун бууж байна гээд хүмүүс явахаар нь очиж орох гэсэн боловч хамгаалалтад авчихсан уурхайн харуул, хэлтсийн цагдаа нар ирчихсэн орох боломжгүй тэнд 30-40 орчим машин, 100 гаруй иргэд бууны шороо ухахаар цуглачихсан байсан. Уурхайн хашааны гадна талаар газар ухаад зогоон татчихсан доошоо 4-5 метр гүн ухчихсан байхаар нь тэр нүхийг гарах гээд тойроод явган машин руугаа явах гээд явж байхад Ц.Эрах уурхайн хашааны шон дээр гараад суучихсан нэг залуугийн хамт хашааны дотор талд нь 4 харуул зогсчихсон тэд нар Ц.Эрахад наад дээрээсээ буу гээд хэрэлдээд байж байсан. Нэг харуул нь Ц.Эрахыг буухгүй байхаар нь нүүр лүү гааз цацсан тэгсэн Ц.Эрах бууж ирээд барьж явсан илжгэн чих төмөр шороо ухдаг багажаар харуулын хамгаалалтын бамбай руу цохиод хагалчихсан чинь тэр үед нь ухсан зооны араас иргэд болиоч гээд чулуу шавар хамгаалагч нар луу шидэж байхад нь нөгөө харуул цаашаа яваад өгсөн. Гааз цацсан харуул нь сагсуу иргэд руу хараагаад байхаар нь би шууд найзтайгаа харж зогсож байгаад тэндээсээ гэр лүүгээ яваад ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/

-Гэрч Б.Жаргалангийн “...Би очоод тэнд тухайн үед Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөгчөөр ээлжтэй байж байгаад ээлжнээс буугаад байж байхад “Мон Дулаан” ХХК-аас дуудлага ирээд тэгээд цагдаа нар явахад нь би явсан ба очоод тэнд цугласан байсан гар аргаар алт олборлогч иргэд нарын зургийг нь гар утсан дээрээ дараад яваад байсан а тэгээд дараа нь хамгаалагч Баасандорж гэж хүн чулуунд цохиулаад гэмтсэн гээд Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс дээр ирсэн байхад нь би гар утсан дээрээ авсан байсан хүмүүсийн зургийг нь харуулахад намхан биетэй шар царайтай Энхбадрах гэж залуугийн зургийг хараад энэ залуу над руу чулуу шидсэн залуу мөн байна гээд шууд зааж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №1813 дугаартай “...Г.Бийн биед уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун 1 шүдний ирмэг эмтэрч хугарсан зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43 тал/ зэрэг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Эрахын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Г.Бийн биед “биед уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун 1 шүдний ирмэг эмтэрч хугарсан” гэмтэл учруулсан Ц.Эрахын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Г.Бийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Эрах нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.Эрахын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эрах болон өмгөөлөгч нар нь “ хохирогч Г.Б руу чулуу шидээгүй гэмтэл учруулаагүй “ гэж мэтгэлцдэг боловч мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэлээр эрх үүргийг нь тайлбарлан хууль сануулж авсан мэдүүлгүүд хууль зөрчөөгүй, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн материал хэрэгт авагдаагүй , шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.Эрахын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа боловч шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргадаг. Хохирогчид хохирол төлбөр төлөөгүй учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна. харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хугацаа хүртэл тоолно гэж заасан. Энэ нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэр, Улсын дээд шүүхээс гарсан тогтоол нь зөрчилдөөтэй байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс гадна Ерөнхий прокурорын газраас өгсөн чиглэл зааврын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар шийдвэрлэх боломжтой гэсэн чиглэл өгсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Эрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” дүгнэлтийг.

         -хохирогчийн өмгөөлөгчөөс: “Тусгайлан гаргах санал байхгүй” гэх дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчтай санал нэг байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарах хэдий ч шүүгдэгч Ц.Эрах нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргадаг бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч Ц.Эрахын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө буюу 2019  оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг байх тул  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зөрчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс нэг жил өнгөрсөн" гэж зааснаар шүүгдэгч Ц.Эрахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн байна.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрахад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000930213 дугаартай хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

         

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Хохирогч Г.Б нь мөрдөн байцаалтын шатанд 3.148.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, шүүхийн хэлэлцүүлэгт “шүдээ эмчлүүлэхэд 6.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бусад зардлаа нэхэмжлэхгүй зөвхөн шүдээ эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг гаргасан боловч энэ гэмт хэргийн улмаас түүний биед хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдсон тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан 128.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Эрахаас гаргуулж хохирогч Г.Бид олгож, ирээдүйд гарах зардлыг шүүх гаргах боломжгүй гэж үзсэн тул шүдээ эмчлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хагарсан бамбайг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, эрүүгийн 1934000930213 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Эрах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000930213 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрахаас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бид олгож, цаашид гарах эмчилгээний зардлын нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  2. Эрүүгийн 1934000930213 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хагарсан бамбайг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Эрах нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Ю.ЭНХМАА