Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/391

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт М-ын С, Б овогт Д-ийн Ц нарт холбогдох эрүүгийн 1710 0075 10226 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч М.С, Д.Ц нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт М-ын С /РД: /,

 

 2. Монгол Улсын иргэн, 1959 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Ц /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Америк сургуулийн орчим М.С-г “хүүхдээ зодлоо” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч М.С нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Америк сургуулийн орчим Д.Ц-тай маргалдан зодож, түүний бие махбодид нь хөнгөн хохирол гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   

“...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороо “Блю скай хотхоны” гэрээсээ гараад Голден драгон хорооллын орчим явж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа согтуу, 8 орчим насны хүүхдээ дагуулаад явж байсан. Би замын эсрэг талд явж байхад эрэгтэй нь тэр 8 орчим насны хүүхдээ цохих шиг болсон. Тэгээд хартал дахиад цохиод авах шиг болоход нь би замын цаанаас бага насны хүүхэд битгий зодоод бай гэхэд сонсохгүй байх шиг байхаар нь дахиад хүүхдээ яагаад зодоод байгаа юм бэ гэхэд эрэгтэй нь энэ Сүхээ шууд замаар хөндлөн гарч ирээд юу гэнэ ээ, би зодсон юм уу гээд нь би чи яагаад жаахан хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд Сүхээгийн эхнэр нь бололтой хамт явсан эмэгтэй  та яв, энэ чинь бид хоёрын хүүхэд гэсэн.

Тэгээд би аан тийм үү, гэхдээ та хоёр жаахан хүүхдээ зодоод байгаа юм уу, Зөрчлийн хууль мэдэх үү, цагдаа дуудна шүү гэхэд Сүхээ нь гэнэт уурлаад, заамдалцаад намайг эхэлж 2 удаа цохиход нь би зөрүүлээд түүнийг цохисон. Сүхээ зөрүүлээд намайг цохисон. Тэгээд би Сүхээг цохиж хөмсгөнд нь гэмтэл учруулсан. Сүхээ миний толгой тархинд гэмтэл учруулсан. Маргалдаж байгаад, тэгээд цагдаа дээр очиж учир зүйгээ олъё гээд цагдаад хандсан. Тухайн үед Сүхээ нь айлын хүүхдийн үсний найранд очоод халамцуу явж байсан юм билээ үүнийг нь би сүүлд мэдсэн. Энэ явдлаас хойш 7 хоногийн дотор бид хоёр эвлэрээд, цагдаад хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хүсэлт гаргасан боловч шинэ хуулиар болохгүй, заавал шүүхээр шийдвэрлэгдэнэ гэж ойлгуулсан. Цагдаад хэрэг шалгагдах явцад Сүхээгийн аав нь нас барсан учраас ирж чадаагүй байсан. Тэгээд хэрэг прокурор луу шилжсэн. Сүхээ, бид хоёр одоо хэн, хэндээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бие биенээсээ уучлалт гуйж ойлголцсон. Буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлан ойлгож байна.”  гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч М.Сгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   

“.. Би эхнэр, 2 дугаар ангид сурдаг хүүгийнхээ хамт 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр айлын хүүхдийн үсний найранд оччихоод тэндээсээ гараад харих гээд “Америк” сургуулийн орчимд автобусны буудал руу явж байсан. Тухайн үед хүүхдийн үсний найраас гарсан болохоор бага зэрэг архи уусан, халамцуу байдалтай байсан.

Тэр өдөр хүүхэддээ тоглоомон машин авч өгөөд тэр машинаар нь гудамжид тоглоод толгой дээгүүр нь өнхрүүлээд замаар явж байтал замын цаана эсрэг талд явж байсан Цогтсайхан гэх энэ хүн “намайг хүүхдээ зодож байна”  гэж харсан юм шиг байгаа юм. Тэгээд надад иргэний хувьд шаардлага тавьсаныг нь би халамцуу согтуу учрыг нь сайн ойлголгүйгээр Цогтсайхан гуай дээр очиж маргалдан муудалцаж, барьцалдан түүнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Миний буруу. Би ахмад настай хүнийг ийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Уучлалт гуйсан байгаа. Тухайн хэрэг гарах үед би хүүхдээ зодоогүй, хүүхэдтэйгээ тоглож байсан юм. Надад  хүүхдээ зодох ямар ч шалтгаан байхгүй. Би тухайн үед хүүхдийнхээ ажлын хувцсыг авах гэж явсан. Манай аав тухайн үед хорт хавдартай болсон байсан, би айлын ганц хүүгийн хувьд аавыгаа харж байгаад аав минь бурхан болсон. Би ажил явдлаа дуусгаад байцаагчтай уулзаад Цогтсайхан, бид хоёр бие биедээ гомдол саналгүй гээд уучлалт гуйгаад эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С мэдүүлэхдээ:

“Хохирогчийн хувьд Цогтсайханд холбогдуулан гаргах надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй Бид хоёр сайн дураар эвлэрсэн байгаа. Би Цогтсайхан гуайгаас  уучлалт гуйсан. Хохирол төлбөр гэж нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц мэдүүлэхдээ:

“Бид хоёр үл ойлголцсоноос болж зохисгүй харилцаж, харилцан бие биедээ гэмтэл учруулсан гэм буруутай байдлаа ойлголцож эвлэрэн хэлэцсэн байгаа. Надад Сүхээгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Биеийн эрүүл мэнд сайн байгаа.” гэсэн мэдүүлэг   

 

Эрүүгийн 1710007510226 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сгийн өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би эхнэр хүүхэдтэйгээ цуг айлын хүүхдийн үсний найранд орчихоод “Америк” сургуулийн орчимоор харих гээд автобусны буудал руу явж байсан. Манай хүүхэд 2 дугаар ангийн хүүхэд юм. Би хүүхэдтэйгээ тоглоод явж байсан чинь 50 гаруй настай нэг хүн ирснээ “чи муу яасан их хүүхэд дээрэлхдэг” юм гэж хэлснээ нүүр лүү цохиод авчихсан. Тэгэхээр нь би түлхэж унагаагаад дээр нь гарч суугаад яг цохих гэж байсан чинь нэг залуу ирснээ “ахаа та ийм настай намбатай хүн байж наад хүнээ цохиж яах гэсэн юм бэ” гэж хэлсэн тэгэхэд нь би хэдэн удаа цохиж авсан. Тэгээд би тэр хүнийг унагачихаад цаашаагаа гэрийнхнээ аваад явсан. “Америк” сургуулийн дээхэн талд байдаг Энхжин хотхоноос ажлынхаа хувцсыг аваад уруудаж явтал 30 орчим насны залуу ирснээ “чи миний аавыг зодсон байна” гэж хэлээд бариад авсан. Тэгэхээр нь “танай аав намайг цохисон. Би бас гомдолтой байна” гэхэд манай охин Энхмандах цагдаад дуудлага өгсөн байсан.

Цогтсайхан намайг хоёр удаа нүүрэн тус газар цохисон шиг санаж байна. Тухайн үед их хурдан болоод өнгөрсөн. Би маргалдах үедээ тухайн хүнийг хоёроос гурван удаа цохисон байх. Тухайн үед би бага зэргийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн, миний согтолтын зэрэг бага байсан. Миний ухаан санаа гайгүй эрүүл байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтүүдтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Надад учирсан гэмтлийг Цогтсайхан гэх хүн учруулсан. Харин Цогтсайханд учирсан гэмтэл нь миний учруулсан гэмтэл мөн байна. Надад одоо гомдол санал алга. Бид хоёр хоорондоо харилцан тохиролцсон ямар нэгэн гомдол саналгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6х/,

 

2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Цы өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16:40 минутын орчимд ХУД-ийн 11 дүгээр хороо “Блю скай хотхоны” гэрээсээ гараад Голден драгон хорооллын орчим явж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа согтуу 8 орчим насны эрэгтэй хүүхдээ зодоод байхаар нь би замын цаанаас “наад хүүхдээ зодохоо боль цагдаа дуудна шүү” гэхэд шууд замаар эрэгтэй нь ирээд заамдаад авахад нь би “яаж байгаа юм, тавиач” гэхэд тавихгүй намайг хоёр удаа цохиход нь би унан тусаад босож ирээд хариу цохиж авсан. Тэгээд намайг дахиж нэгээс хоёр удаа цохихоор нь зөрүүлээд нэг удаа цохисон юм.

...Сүхээ намайг нүүрэн тус газар 4-5 удаа цохиж зодсон. Би унаж тусаад байсан. Сүхээ намайг цохихоор нь хоёр удаа цохисон. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Надад учирсан гэмтлийг Сүхээ гэх хүн учруулсан. Харин Сүхээд учирсан гэмтэл нь миний учруулсан гэмтэл юм. Надад одоо гомдол санал алга. Бид хоёр хоорондоо харилцан тохиролцож ямар нэгэн гомдол саналгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4х/,

 

3. Гэрч Ц.Аранзалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017 оны 10 дугаар сарын 16-ны оройн 17:00 цагийн орчим гэртээ байж байхад манай аав Цогтсайхан нь над руу залгаад “би сая хүнтэй маргалдаад, аавыг нь хүн зодчихлоо” гэж залгасан. Тэгэхээр нь аавыг “хаана байна” гэсэн чинь Голден драгон гэдэг газрын орчим байна гэсэн. Тэгээд ээжийг дагуулаад, тэнд нь яваад очиход аав зодуулсан байдалтай байсан. ...Юу болсон талаар нь асуухад “нэг эрэгтэй хүн хүүхдээ зодоод байхаар нь болиоч гээд маргалдаад, би нэг удаа цохиод, хэд хэдэн удаа цохиулаад зодуулсан” гэж хэлсэн. Тэгээд шууд аавыг аваад гэрлүүгээ явж байтал “Америк” сургуулийн орчимд зам дээр “аавыг зодсон гэх хүн явж байна” гээд аав хараад таньсан. Тэгээд би тэр хүн дээр очоод “та манай аавыг зодсон байна, зодчихоод яагаад зугтав” гэхэд тэр хүн “би ч гэсэн гомдолтой” гэхэд нь цагдаад дуудлага өгсөн. ...Намайг очиход ...аавын нүүр нь хавдсан, зодуулсан, хувцас нь шороо болсон байдалтай байсан. Харин Сүхээ гэх хүн нь согтуу, нүд нь хөхөрсөн, бас л зодолдсон байдалтай байсан..” гэсэн мэдүүлэг /хэргийн 45х/,

 

4. Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13086 тоот дүгнэлтэд:

1. М.Сгийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй болно  гэсэн дүгнэлт /хэргийн 13х/,

 

5. Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13092 тоот дүгнэлтэд:

1. Д.Цы биед баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний доод зовхи болон алимны салстад цус хуралт, зүүн чихний гэдэс болон ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, доод эрүү, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хэргийн 14х/,

 

6. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Сгийн яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би эхнэр, хүүхэдтэйгээ цуг айлын хүүхдийн үсний найранд орчихоод “Америк” сургуулийн орчимд, харих гээд автобусны буудал руу явж байсан. Манай хүүхэд 2 дугаар ангийн хүүхэд юм. Би хүүхэдтэйгээ тоглоод явж байсан чинь 50 гаруй настай нэг хүн ирснээ “чи муу яасан их хүүхэд дээрэлхдэг” юм гэж хэлээд нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би түлхэж унагаагаад, дээр нь гарч суугаад яг цохих гэж байсан чинь нэг залуу ирснээ “ахаа, та ийм настай намбатай хүн байж наад хүнээ цохиж яах гэсэн юм бэ” гэж хэлэхээр нь би нэг хоёр удаа цохисон. Тэгээд би тэр хүнийг унагачихаад цаашаагаа гэрийнхнээ аваад явсан. “Америк” сургуулийн дээхэн талд байдаг Энхжин хотхоноос ажлынхаа хувцсыг аваад уруудаад явтал 30 орчим насны залуу ирснээ “чи миний аавыг зодсон байна” гэж хэлээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би “танай аав намайг цохисон, миний нүдийг хар, хавдчихсан байгаа биз дээ, би маш их гомдолтой байна” гэсэн. Тэгэхэд манай охин Энхмандах ерөөсөө цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан.

Цогтсайхан нь намайг нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Яг нүдэн дээр цохисон болохоор би тухайн үеийг сайн санахгүй байна, Цогтсайханыг түлхээд унагаасан. Би тухайн үед маргалдаад 2-3 удаа Цогтсайханыг цохисон. Би Цогтсайхан ахтай учир зүйгээ олсон. Бид хоёрын энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би тэр хүнд учирсан хохирлыг 100 хувь барагдуулсан. Мөн тухайн үед надад ажил явдал гараад эмчилгээ хийлгээгүй. Одоо надад нэхэмжилж байгаа мөнгө байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

 

7. Мөрдөн байцаалтын шатанд Д.Цы яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16:40 минутын орчимд ХУД-ийн 11 дүгээр хороо “Блю скай хотхоны” гэрээсээ гараад Голден драгон хорооллын орчим явж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа согтуу 8 орчим насны эрэгтэй хүүхдээ зодоод байхаар нь би замын цаанаас “наад хүүхдээ зодохоо боль, цагдаа дуудна шүү” гэхэд шууд замаар эрэгтэй нь ирээд заамдаад авахад нь “би яаж байгаа юм, тавиач” гэхэд намайг хоёр, гурван удаа цохиод унагаасан. Тэгээд босож хариу цохиод зууралдахад тэр залууг дахиад нэг удаа намайг цохисон. Тэгээд намайг газар унагаачихаад яваад өгсөн. Тэгэхээр нь би арай гэж босоод харсан чинь хэн ч байхгүй болохоор нь утсаараа хүүхэд рүүгээ залгаад хэлсэн чинь манай эхнэр хүү хоёр удалгүй хүрээд ирсэн. Тэгээд намайг хараад ”таныг хэн зодсон юм бэ” гэхэд “хүүхдээ зодоод байхаар нь боль гэсэн чинь аавыг нь ирээд зодчихлоо” гэж хэлсэн.

Тэгэхэд хүү маань “наад хүнийг чинь хууль хяналтын байгууллагад хүлээлгэж өгнө” гээд яриад гэрлүүгээ явж байтал манай гэрийн хойхон талд машин зам дээгүүр эхнэр нь явж байсныг хараад хүүдээ хэлэхэд манай хүү нөгөө хүнийг барьж аваад, цагдаа дуудах гэтэл тэдний охин  нь бас цагдаад дуудлага өгсөн

Сүхээ нь намайг нүүрэн тус газар 4-5 удаа цохисон. Би Сүхээг нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Би Сүхээд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Сүхээ дүү надаас түрүүлж уучлалт гуйгаад, бид хоёр ярилцсан. Бид хоёрын маргалдсан асуудал бол тухайн үеийн сэтгэл зүйн байдал хэн хэн нь түргэн зан гаргаснаас болж зодолдох болсон.

Бид нар нас өндөр гарсан хүмүүс, үг хэлээ ололцож, бие биенийгээ уучилсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34х/  баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотдох баримтууд нь нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн болон  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв, хууль ёсны гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.С, Д.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн болно.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Америк сургуулийн орчимд эхнэр хүүхдийн хамт явж байсан М.Сг хүүхдээ зодож байна гэж ойлгон түүнийг “бага насны хүүхэд зодохоо боль” гэсэн шаардлага тавихад шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхдаа түүнтэй маргалдаж, улмаар тэдгээр нь заамдалцан харилцан зодолдож, шүүгдэгч М.С нь  иргэн Д.Цы биед “баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний доод зовхи болон алимны салстад цус ххуралт, зүүн чихний гэдэс болон ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз ясны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, доод эрүү, баруун өвдөгт зулгаралт бүхий” хөнгөн гэмтлийг, шүүгдэгч Д.Ц нь иргэн М.Сгийн биед “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт шарх бүхий” хөнгөн гэмтлийг тус тус учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан хохирогч М.С, Д.Ц нарын мэдүүлэг, гэрч Ц.Аранзалын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдийн 13086, 13092 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.С, Д.Ц нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч М.Сгийн биед учирсан “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.Ц түүнийг цохисон үйлдэлтэй, мөн  хохирогч Д.Цы биед учирсан “баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний доод зовхи болон алимны салстад цус хуралт, зүүн чихний гэдэс болон ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, доод эрүү, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч М.С түүнийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.   

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай дээр дурьдсан үйлдэлд нь тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч М.С, Д.Ц нар нь “хүүхдээ зодлоо” гэсэн тодорхой шалтгааны улмаас маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зодолдож, харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, мөн тэдгээр нь хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцсэн үндэслэлээр шүүгдэгч нар нь тус бүр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг прокурорын хяналтын шатанд /хэргийн 51х, 52х/ бичгээр гаргаснаар Хан-Уул дүүргийн прокурорын 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 240 дугаартай тогтоолоор шүүгдэгч М.С, Д.Ц нарт холбогдох эрүүгийн 1710 0075 10226 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүх шүүгдэгч М.С, Д.Ц нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.  

 

Гэвч энэ хэргийн хохирогч Д.Ц, М.С нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож харилцан бие биенээсээ баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хэн аль нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хохирогч шүүгдэгч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тухайгаа прокурорын хяналтын шатанд, мөн шүүх хуралдаанд тус тус илэрхийлсэн баримттай /хэргийн 51-52х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/  тул шүүгдэгч М.С, Д.Ц нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. 

 

  1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч М.С, Д.Ц нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 22, 42 талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

Нэр бүхий шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах юм.      

Шүүгдэгч М.С, Д.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж,  шүүгдэгч нарт хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаархи улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан шүүх М.С, Д.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүх 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах ба тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд онгдуулвал зохих ялын төрөл хэмжээнд хорих ялын төрлийг хуульчлан зааж тусгаагүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журам нь хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл  нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан оногдуулвал зохих хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахыг тодорхой хугацаанд тэнсэж болох талаар шүүхэд эрх олгосон зохицуулалт болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч М.С, Д.Ц нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Ш овогт М-ын С, Б овогт Д-ийн Ц нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.С, Д.Ц нарт тус бүрийг 450 нэгж /дөрвөн зуун тавь/ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.С, Д.Ц нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг ялтан М.С, Д.Ц нарт мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт М.С, Д.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, тэдгээрээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Д.Ц, М.С нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.С, Д.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         С.БАЗАРХАНД