Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 447

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, Л.*******гийн нэхэмжлэлтэй, Х.*******т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Х.*******тай 2015 онд танилцаж, 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хамтарч амьдарсан. Хамтран амьдарч байх хугацаанд бид байнгын хэрүүлтэй, намайг зоддог, дарамталдаг зэргээс болж бид тусдаа амьдрах болсон. Х.******* нь намайг зодож, хутга авч дайраад миний долоовор хуруу зүсэгдэж, гэмтлийн зэрэг хөнгөн гараад би гомдолгүй гэж хэргийг хаалгаж байсан. 2016 оны 11 дүгээр сард Х.******* миний ээжийн гэрт ирээд агсам тавьсан учраас би хоёр удаа Цагдаагийн газарт өгч байсан. Бид хуримаа хийж албан ёсоор нэг гэрт амьдарч байгаагүй. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бидний охин Б.******* төрсөн. Охиноо эцгээр нь овоглуулахын тулд бид гэрлэлтээ батлуулж байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охиноо өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Л.******* миний бие Х.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Б.МАРИНА