Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан барааны үнэ 3,484,875 төгрөг, шүүхийн эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөг, бүгд 3,514,875 төгрөг гаргуулахыг хүссэн  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагч Б., нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. нь манай Ямаат улаан хүнсний дэлгүүрт 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллахдаа 3,484,875 төгрөгийн дутагдал гаргасан. Б. нь дээрх дутагдуулсан мөнгийг юунд зарцуулсан, хэзээ, яаж барагдуулах талаар санаачилга гаргахгүй чирэгдэл учруулж байх тул уг мөнгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.аас дутаасан барааны үнэ 3,484,875 төгрөг, шүүхийн эвлэрүүлэн зуучлалд төлсөн тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, бүгд 3,514,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч тал дэлгүүрийн барааны дутагдуулсан үнээс 3,000,000 төгрөг болон шүүхийн эвлэрүүлэн жуучлалын улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг төлнө гэвэл эвлэрэх боломжтой. Б. нь нийт 52 хоног Ямаат улаан хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан ба энэ хугацааны цалинг түүнд олгосон. Түүнийг худалдагчаар ажилд орсны дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дэлгүүрийн барааг тоолоход 1,143,650 төгрөгний дутагдал гарч байсан. Энэ дутагдуулсан мөнгийг Б. төлж барагдуулсан. Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тоолоход 4,484,875 төгрөгний дутагдал гаргасан. Үүнийгээ Б. хүлээн зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “тохиролцооны гэрээ”-г хийж уг төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж дуусахаар гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Иймд Б.аас дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан барааны үнэ 3,484,875 төгрөг, шүүхийн эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, бүгд 3,514,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Ямаат улаан хүнсний дэлгүүрт 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл худалдагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бараа тоолоход 1,143,650 төгрөгний дутагдал гарсан. Тэр үед би хүмүүст зээл өгч байсан учир уг төлбөрийг төлж барагдуулсан. Харин 2017 оны 06 дугаар сард би ажлаасаа гарна гэж хэлсэн тул 06 дугаар сарын 08-ны өдөр дэлгүүрийн барааг тоолсон. Гэтэл 3,500,000 төгрөгний бараа дутсан. Би энэ хугацаанд хэнд ч бараа зээлээгүй. Иймд би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.******* бид хоёрын хооронд байгуулагдсан гэх “тохиролцооны гэрээ”, хэрэгт авагдсан бараа тоолсон, хүлээлцсэн гэх материалд зурагдсан гарын үсэг минийх мөн. Гэхдээ би уг дутагдуулсан гэх мөнгийг төлнө гэж гарын үсэг зураагүй, намайг гарын үсэг зур гээд зуруулсан. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.д холбогдуулан дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан барааны үнэ 3,484,875 төгрөг, шүүхийн эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөг, бүгд 3,514,875 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “хариуцагч Б. нь дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхдаа бараа дутагдуулсан, энэхүү дутагдуулсан 3,484,875 төгрөгийг төлөхөөр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Б., нэхэмжлэгч Д.******* нар “тохиролцооны гэрээ”  байгуулсан” гэж, хариуцагч нь “би бараа дутагдуулаагүй, хүнд ч зээлээр бараа өгөөгүй, тохиролцооны гэрээ дээр намайг гарын үсэг зур гэж зуруулсан тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцлээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Д.*******тай тохиролцон 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* суманд байрлах Ямаат улаан хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хэрэгт 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хариуцагч Б., нэхэмжлэгч Д.******* нарын хооронд байгуулагдсан “тохиролцооны гэрээ” /хх-23/, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Алтанзаяагаас Б.д хүлээлгэн өгсөн тооллого /хх-06-10/, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б.ын тооцоо бодолт /хх-16/, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б.аас Батсайханд хүлээлгэн өгсөн бараа /хх-17-21/ зэрэг баримтуудыг гаргаж өгчээ. Хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар Б.ыг анх Д.*******ын Ямаат улаан хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд ороход түүнд Д.******* нь худалдаалах барааг хүлээлгэн өгсөн эсэх, хүлээлгэж өгсөн бараанаас худалдсан барааны тоо, ширхэг, үнэ, мөн Б. нь худалдагчаар ажилласан хугацаанд Д.*******д орлогыг бэлэн мөнгөөр хүлээлгэж өгсөн тооцоо, лангуунд худалдагдаагүй үлдсэн барааны тоо ширхэг үнэ, анх хүлээлгэж өгсөн бараанд бараа нэмж хүлээлгэж өгсөн эсэх, эд хөрөнгийн алдагдал хүлээсэн барааны тоо, төрөл, үнэ зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдохгүй байна.

Уг баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлэх боломжгүйгээс гадна хэрэгт хамааралтай талаас нь дүгнэлт хийхэд хангалтгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.ыг худалдагчаар ажиллаж байх хугацаанд 3,484,875 төгрөгийн бараа дутагдуулсан гэдэг нь бусад санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгүүдээр тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байна.

            Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.аас барааны үнэ 3,484,875 төгрөг гаргуулах  үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн дараагийн шаардлага болох Эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар иргэд эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрч өргөдөл гаргадаг. Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу урьдчилан төлдөг.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд маргаанаа хянан шийдвэрлүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн, улмаар үр дүн гараагүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна /хх-34/. Иймд тус маргаантай холбогдуулан өргөдөл гаргагч Д.*******ын өргөдлийн дагуу шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч ажиллагаа явуулсан байх тул уг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,188 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б.ын хяналтын тооллого /хх-11-15/, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б.ын тооцоо бодолт /хх-22/ зэрэг баримтад тооллого, бодолт хийсэн этгээдүүдийн гарын үсэггүй, шүүх хуралдаан дээр хариуцагчийн гаргаж өгсөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Алтанзаяагийн тооцоо бодолт гэх баримт нь хэрэгт ач холбогдолгүй байх тул эдгээр баримтуудыг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Б.д холбогдуулан гаргасан 3,514,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,188 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МАРИНА