Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 2119001900214 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Х.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гадуур хүр” гэх газар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Даюун маркийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоцикл жолоодон, ардаа Б.Баатарзоригт, Б.Тэргэл нарыг суулган шороон замд, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ; в/ жолоочийн даатгалын баталгаа; 3.4. Жолооч дараах үүрэг хүлээнэ: в. мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогч Ц.Баатарзоригтын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ... Дэжидханд руу залгахад “манай хүү Тэргэл тоос шороо болсон байдалтай олдсон, харин Б танай хүү хоёрыг хаана байгааг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би Ундралмаагийн хөдөө гэр рүү явдаг зам буюу Иххэт сумаас баруун урагшаа гардаг шороон замаар явж байтал “Гадуур хүр” гэх газар Ундралмаагийн машин зогссон, олон хүмүүс машинаас гарсан зогсож байсан. Намайг очоод харахад Бын унаж явсан мотоцикл хажуугаараа харсан, дугуйных нь баруун талд Б унасан, доошоо харсан байдалтай, мотоциклийн зүүн урд хэсэгт 3-4 метр зайтай манай хүү унасан байдалтай ухаангүй байсан. Тэгээд эмнэлэг дуудсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 19-20 дугаар хуудас/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай ихэр Б нь манай хүү Тэргэл, хамаатны хүүхэд Баатарзоригт нарыг сундалж, явж байгаад осолдсон. Манай хүү Тэргэл мотоциклоос унаад ямар нэгэн гэмтэл аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Баас нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 181 дуүгээр хуудас/,

          Гэрч Г.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед Бтай Иххэт сумын төв дээр таарсан. Б цэнхэр өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклтой явсан. Өглөө таарахад бага зэрэг архи үнэртүүлсэн байсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

          Гэрч Г.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дуудлагаар очиход шороон замын урд талд цэнхэр өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикл хажуугаараа харсан байдалтай, хажуу талд нь Б гэх залуу доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Мөн мотоциклийн зүүн хойд талд 5-6 настай эрэгтэй хүүхэд ухаангүй хэвтэж байсан. Хүүхдийн биеийн байдлыг үзэхэд зүрхний цохилт өндөр, чихний зүүн хойд хэсэгт тархины гавлын яс бага зэрэг хонхойсон байдалтай, зүүн хөлийн дунд чөмгийн дээд хэсгээр хугарсан, хариу урвал байхгүй, ухаангүй байдалтай байсан. Би тухайн үед зүрх судас дэмжих тариа, цус тогтоох тариа, өвчин намдаах тариа зэргийг хийсэн. Харин мотоцикл жолоодож явсан Бын биеийн байдал хүнд, амнаас нь цус гарсан, уруулын зүүн жавьж язарсан, хэл нь дунд хэсгээр язарсан, зүрхний цохилт 1 минутад 138 удаа цохилж, хугарч гэмтсэн зүйл мэдэгдээгүй. Бд цус тогтоох тариа, өвчин намдаах тариа хийж, яаралтай эрүүл мэндийн төвд авчирсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

          Гэрч У.Дэжидхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ... дэлгүүр ороод нөхрийн дүү Бтай таарсан. Тухайн үед Б “манай охин Сайншандаас ирж байгаа, охиндоо юм авах гэж байгаа юм, чи хамт дэлгүүр ороод авах юманд сонголт хийгээд өгөөч” гэж гуйсан. Дэлгүүр орж юм сонгож өгөөд хөдлөх гэхэд манай хүү Тэргэл “Б ахтай хамт явъя” гэж гуйсан. Мөн Батбаатарын хүү Баатарзоригт хамт явъя гэж гуйхаар нь хамт явахыг зөвшөөрсөн ... манай найз над руу залгаж “танай хүү манай гэрт ирсэн, хувцас нь тоос цус болсон байна, хүнд зодуулсан гэж яриад байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар хүүгийнхээ байгаа газар руу явсан. Очоод хүүтэйгээ уулзахад уйлж байгаад жоохон тайвшраад “Бтай мотоциклтой унасан” гээд унасан газраа зааж өгсөн. Унасан газар нь очиход шороон замын урд талд цэнхэр өнгийн мотоцикл хажуугаараа харсан байдалтай, хажуу талд нь Б доошоо харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Харин мотоциклийн зүүн урд талд 2-3 метр зайтай Баатарзоригт дээшээ харсан ухаангүй хэвтэж байсан ... Ер нь бол Баас бага зэрэг архи үнэртэж байсан. Харахад эрүүл хүн шиг харагдаж байхаар нь хүүхдээ өгч явуулсан. Гомдол санал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

          Гэрч Д.Цолмонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нөхөр бид хоёр мотоциклтой сундлаад хүүхдээ хайгаад Иххэт сумаас баруун урагш гараад шороон замаар явж байтал “Гадуур хүр” гэх газарт замын хажууд хүмүүс цугларсан зогсож байхаар нь очиход манай хүү Баатарзоригт болон Б нар мотоциклийн хажууд хэвтэж байсан ... Баатарзоригт одоогоор ганцаараа явж чадахгүй байгаа, хөл нь бүрэн эдгээгүй. Ослоос хойш гэрийнхэнтэйгээ юм ярихдаа зүгээр ярьж байгаа. Харин Баатарзоригтоос хүмүүс юм асуухаар мэдэхгүй гээд дуугарахгүй байгаа ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/,

          Шинжээч Л.Лхамдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалт нь тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл, үүнд тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус хуралт, тархины эсийн урт сэртэнгийн тармал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаардаг. Гэмтлийн хүнд зэрэгт амь насанд аюултай гэмтлүүд ордог ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 08 дугаар сарын 11-ний орой ... Буянжаргал, өөрийн ах Баярсайхан нартай 2 шил Хараа архи хувааж уусан. Архийг шөнийн 00-01 цагийн хооронд ууж дуусгаад гэр рүүгээ явсан. Гэртээ хоноод охиноо аймгаас ирэх гэж байгааг мэдээд дэлгүүр явсан. Дэлгүүрт бэр Дэжидхандтай таарч, охиндоо дэлгүүрээс юм сонгуулж авсан. Дэжидханд “манайх ямаа боох гэж байгаа, хамт явах уу” гэж асууж, Дэжидхандын хүү, Батбаатарын хүү нарыг суулгасан. Батбаатарын хүүгийн очдог айл нь манай ахын гэртэй ойрхон байдаг учраас мотоциклийн урд суулгасан. Би түрүүлж очиж, бензинээ хийгээд түрүүлж ахын гэр рүү хөдөлсөн. Хөдлөөд Иххэт сумын төвөөс баруун урагшаа явж байгаад, шороон зам дээр мотоциклтойгоо осолдсон байсан. Би яг яаж осолдсоноо санахгүй байна. Осол болдог өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний биед зөөлөн эдийн гэмтэл учирсан, хөл, гар бага зэрэг гэмтсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30, 138-139, 195 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04/213 дугаартай “... Ц.Баатарзоригтын биед тархины эдийн няцрал, цус хуралт, хүнд зэрэг, зүүн дунд чөмөгний гандан хэсгийн хөндлөн далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Ц.Баатарзоригтын биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/,

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04/212 дугаартай “...Х.Бын биед тархины эдийн няцрал, цус хуралт, хүнд зэрэг, зүүн нүдний ухархайн далд хугарал, уруулын шарх, нүүрний зүүн талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Х.Бын биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн117-119/,

          Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Даасүрэндүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №15 дугаартай “... Цэнхэр өнгийн, улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ; в/ жолоочийн даатгалын баталгаа; 3.4. Жолооч дараах үүрэг хүлээнэ: в. мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол болсон байна ...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,

          Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,

           Хохирогч Ц.Баатарзоригтын өвчний түүх /хавтаст хэргийн 79-116 дугаар хуудас/,

          Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан лавлагаа /хавтаст хэргийн 218 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гадуур хүр” гэх газар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Даюун маркийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоцикл жолоодон, ардаа Ц.Баатарзоригт, Д.Тэргэл нарын 6-8 насны хүүхдүүдийг суулган замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ; в/ жолоочийн даатгалын баталгаа; 3.4. Жолооч дараах үүрэг хүлээнэ: в. мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогч Ц.Баатарзоригтын эрүүл мэндэд хүнд хохирол, өөрийнхөө эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Шүүгдэгч Х.Б нь мотоцикл жолоодох эрхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаагаар ВСЕ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй ба харин мотоцикль жолоодох А ангиллын үнэмлэхгүй болох нь тогтоогдож байна.

Иймд хэрэгт авагдсан, талуудын шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Бага насны хохирогч Б.Баатарзоригтын хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар, бага насны хохирогч Б.Тэргэлийн хууль ёсны төлөөлөгч Х.Баярсайхан нар нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хүсэлтдээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргаж, шүүгдэгчийн хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нь “... авто ослын улмаас эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь хор уршиг ихтэй, ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй, гэм хор нь хожуу илэрдэг тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ...” гэсэн тул хохирогч О.Баатарзоригтын цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

          Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Х.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 1 сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Бд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Х.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 1 сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр  6 сарын хугацаагаар тэнссүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Бд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Бд тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг  зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Баатарзоригтын цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

         8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА