Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 143

 

Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00769/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 880 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Ш овогтой Ц-ийн К-т холбогдох

          “15.661.840 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Ц.К-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, хариуцагч Ц.К-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзийгөөс:

Тус сангаас Ц.К- нь хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хамрагдан, 10.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Хариуцагч нь 2012 онд 500.000 төгрөгийн төлбөр төлснөөс өөр төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9.973.760 төгрөг, зээлийн хүү 701.280 төгрөг, алданги 4.986.800 төгрөг нийт 15.661.840 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь зээл авахдаа Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Хараагийн 9-70 тоотод байрлах 60 м.кв талбайтай хувийн сууц, 2822,5 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. Эдгээр хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 880 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Ц.К-оос нийт 15.661.840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах санд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг Хараагийн 9-70 тоотод байрлах, Ү-2005000496 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай 60,0 м.кв талбайтай байшин, тус хаягт байрлах 080300247 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 2822,5 м.кв талбайтай, Г-2005000182 дугаарт бүртгэгдсэн өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.К- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх надаас 15.661.840 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ зээлийн эргэн төлөлтийн тооцоог буруу бодож, нийт төлөх зээлийн хэмжээг алдаатай тооцсон гэж үзэж байна. Би зээлийн эргэн төлөлтөнд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Мал хамгаалах сангийн дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн байхад үүнийг тооцоонд оруулаагүй. Мөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь хариуцагч Ц.К-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9.973.760 төгрөг, зээлийн хүү 701.280 төгрөг, алданги 4.986.800 төгрөг, нийт 15.661.840 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.К- нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлж тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл тогтоогдож байна.

Талууд 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Мал хамгаалах сан 10.000.000 төгрөгийг хариуцагч Ц.К-т шилжүүлэн өгөх гэрээний дагуу үүссэн үүргээ биелүүлсэн ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

Талууд зээлийн гэрээний 7.1.1-д зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлөхөөр тохирсон ба  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч тал хариуцагчийн хүүд 500.000 төгрөг төлснийг эхний 2 жилийн хүүд нийт 473.760 төгрөгийг тооцож үлдэх 26.240 төгрөгийг үндсэн зээлээс хассан гэж тайлбарласан ба үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Зээлийн гэрээгээр үндсэн зээл 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд сард 2.000.000 төгрөг төлөх, хүүг зээлийн үлдэгдлээс бодож төлөхөөр тохиролцсон боловч зээл, хүүг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй байна.

            Хариуцагч Ц.К- нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зээлийн төлбөр, хүүг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байх тул   зээлийн төлбөрт 9.973.760 төгрөг, зээлийн хүү 701.280 төгрөг, алданги 4.986.800 төгрөг, нийт 15.661.840 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд өгсөн дүгнэлт болон барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн төлөх зээлийн хэмжээг алдаатай тооцсон, зээлийн эргэн төлөлтөнд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Мал хамгаалах сангийн дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн байхад үүнийг тооцоонд оруулаагүй, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.739 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                         ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                          С.ОЮУНЦЭЦЭГ