Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 30

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Т.Эрдэнэбат

Иргэний нэхэмжлэгч Ч.Гунгаажав

Иргэний хариуцагч Д.Арсланбаатар

Шүүгдэгч Т.Лхамдуламын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Лхамдуламд холбогдох 201507000110 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бугат сум 1 дүгээр баг 1986 оны 04 сарын 30-ны өдөр төрсөн, одоо 30 настай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Нийгмийн даатгалын байцаагч ажилтай, одоо хүүхэд харах чөлөөтэй байгаа, хурим хийх үед аав ээжийн бэлдэж өгсөн гэрийн тавилга байгаа, Төрөөс авсан гавъяа шагналгүй, ДГ86043007 регистрийн дугаартай, Ончуул овогт Түвдэндоржийн Лхамдулам гэв.

Шүүгдэгч Т.Лхамдулам нь 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Бугат сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа давтан үйлдлээр Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн даатгалын сангаас 624.871 төгрөгийг,

Сайн дурын даатгалын шимтгэл төлсөн иргэн Д.Анхбаатарын 226.944 төгрөг, иргэн Д.Ишбатын 276.480 төгрөг, иргэн Ж.Баасанжавын 23.040 төгрөг, иргэн Х.Ганбаатарын 480.384 төгрөг, иргэн Ж.Байгалийн 115.200 төгрөг, иргэн Ц.Хадбаатарын 226.944 төгрөг, иргэн Д.Батсайханы 92.160 төгрөг, иргэн Т.Алдарсайханы 73.584 төгрөг, иргэн Б.Цоожмаагийн 157.824 төгрөг, иргэн Ж.Отгонбаярын 157.824 төгрөг, иргэн Ц.Гантулгын 25.000 төгрөг, иргэн Б.Цэрэннамжилын 23.000 төгрөг, иргэн Л.Соёлмаагийн 92.160 төгрөг, иргэн Н.Пүрэвдоржийн 138.240 төгрөг, иргэн Н.Батсайханы 69.120 төгрөг, иргэн З.Энхцагийн 69.120 төгрөг, иргэн Ж.Баяндэлгэрийн 115.200 төгрөг, иргэн Э.Алтантулгын 46.080 төгрөг, иргэн С.Цэнд-Аюушын 46.080 төгрөг, иргэн Х.Рэнцэндоржийн 46.080 төгрөг, иргэн Р.Амгаланбаатарын 46.080 төгрөг, иргэн Б.Батцэрэнгийн 23.040 төгрөг, нийт 2.769.024 /хоёр сая долоон зуун жаран есөн мянга хорин дөрөв/ төгрөгийг,

Мөн тус сумын тэтгэвэр тэтгэмж авагч иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг санаатайгаар буруу тооцож иргэн С.Пүрэвийн 108.180 төгрөг, иргэн Д.Нямжавын 43.560 төгрөг, иргэн Д.Лувсанжамцын 96.800 төгрөг, иргэн Д.Гэсэржавын 96.800 төгрөг, иргэн Б.Тосонгийн 33.880 төгрөг, иргэн Д.Наранцэцэгийн 53.240 төгрөг, иргэн Б.Баясгалангийн 72.120 төгрөг, иргэн С.Мөнхсүлдийн 70.200 төгрөг, иргэн Г.Цэрэнхүүгийн 27.000 төгрөг, иргэн Д.Чулууны 97.200 төгрөг, иргэн Ж.Төмөрбаатарын 97.200 төгрөг, иргэн Б.Чинчулууны 97.200 төгрөг, иргэн П.Сэрээтэрийн 97.200 төгрөг, иргэн Б.Оюунчимэгийн 97.200 төгрөг, иргэн М.Өлзийбатын 132.300 төгрөг, иргэн Д.Лханаагийн 105.300 төгрөг, иргэн Я.Гэрэлчулууны 105.300 төгрөг, иргэн Д.Галбаатарын 105.300 төгрөг, иргэн Б.Нарангийн 82.160 төгрөг, иргэн С.Шоовдорын 117.470 төгрөг, иргэн У.Одхүүгийн 594.900 төгрөг, иргэн З.Эрдэнэчимэгийн 80.240 төгрөг, иргэн А.Чулуунцэцэгийн 64.680 төгрөг, иргэн Д.Батаагийн 72.960 төгрөг, иргэн Н.Батхүүгийн 222.100 төгрөг, иргэн Г.Равдандоржийн 44.430 төгрөг, иргэн Х.Ичинхорлоогийн 100.200 төгрөг, иргэн О.Хандхүүгийн 87.160 төгрөг, иргэн Р.Төмөрийн 106.920 төгрөг, иргэн М.Даваагийн 140.400 төгрөг, иргэн Ц.Далайн 100.200 төгрөг, иргэн Ц.Шоовдорын 344.400 төгрөг, иргэн Б.Пүрэвсэдийн 29.106 төгрөг, иргэн М.Батсайханы 149.240 төгрөг, иргэн Ц.Оросоогийн 41.460 төгрөг, иргэн З.Чинбатын 43.200 төгрөг, иргэн Ч.Цэндмаагийн 35.460 төгрөг, иргэн Б.Түмэн-Өлзийн 200.900 төгрөг, иргэн Ц.Одгэрэлийн 160.490 төгрөг, иргэн С.Нямцэрэнгийн 28.700 төгрөг, иргэн Б.Батхуягийн 55.280 төгрөг, иргэн Б.Баттулгын 160.720 төгрөг, иргэн Н.Галбадрахын 160.720 төгрөг, иргэн П.Цэрэндоржийн 126.280 төгрөг,иргэн Ш.Лануугийн 207.300 төгрөг, иргэн Ц.Насанжаргалын 165.840 төгрөг, иргэн Ш.Баасансүхийн 172.200 төгрөг, иргэн Б.Гансүхийн 91.840 төгрөг, иргэн Р.Болормаагийн 154.980 төгрөг, иргэн Д.Лувсанжамцын 93.600 төгрөг, иргэн Ч.Алтангэрэлийн 113.680 төгрөг, иргэн А.Баасайгийн 35.100 төгрөг, иргэн А.Цогнэмэхийн 144.420 төгрөг, иргэн С.Оюунчимэгийн 254.360 төгрөг, иргэн Ч.Цэрэндоржийн 207.300 төгрөг, иргэн Д.Даваанямын 172.200 төгрөг, иргэн Ю.Батчулууны 172.200 төгрөг, иргэн Б.Батжаргалын 154.980 төгрөг, иргэн Ч.Гүнжилсүрэнгийн 154.980 төгрөг, иргэн Д.Дашбатын 117.470 төгрөг, иргэн Ц.Ганзоригийн 227.360 төгрөг, иргэн Ц.Буянбатын 97.580 төгрөг, иргэн Ц.Чинзоригийн 154.980 төгрөг, иргэн С.Цэрэндолгорын 160.720 төгрөг, иргэн Х.Төрбатын 172.200 төгрөг, иргэн Б.Түмэн-Өлзийн 149.240 төгрөг, иргэн Д.Ишбатын 207.300 төгрөг, иргэн С.Нямцэрэнгийн 149.240 төгрөг, иргэн Л.Янжингийн 6.360 төгрөг, иргэн Ж.Шинэхүүгийн 213.070 төгрөг, иргэн Б.Нацагмаагийн 70.200 төгрөг, иргэн Б.Энэбишийн 57.600 төгрөг, иргэн М.Нямаагийн 47.040 төгрөг, иргэн Ц.Оросоогийн 50.992 төгрөг, иргэн Ё.Сувдмаагийн 32.032 төгрөг, иргэн М.Буянжаргалын 24.140 төгрөг, иргэн Б.Ганчимэгийн 100.000 төгрөг, иргэн Ч.Дашнямын 520.000 төгрөг, иргэн Г.Дэлгэрмаагийн 420.000 төгрөг, иргэн Д.Түмэн-Өлзийн 313.260 төгрөг, иргэн Ч.Дэлгэрмаагийн 190.176 төгрөг, нийт 9.925.686 /есөн сая есөн зуун хорин таван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг тус тус завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Лхамдулам нь 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Бугат сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа давтан үйлдлээр Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн даатгалын сангаас 624.871 /зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун далан нэг/ төгрөгийг, сайн дурын даатгалын шимтгэл төлсөн иргэдийн нийт 2.769.024 /хоёр сая долоон зуун жаран есөн мянга хорин дөрөв/ төгрөгийг,  сумын тэтгэвэр тэтгэмж авагч иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг санаатайгаар буруу тооцож  нийт 9.925.686 /есөн сая есөн зуун хорин таван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг тус тус завшсан гэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Т.Лхамдулам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ:  Би 2012 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлээд Бугат сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд орлого зарлага гүйлгээг яаж хийх талаар би сайн мэдэхгүй байсан ажилд орсоноос хойш надад чиглэл өгөөгүй. Өмнөх байцаагчийн хийж байсан ажлын хуулгыг хараад ажлаа хийдэг байсан. намайг ажил авах үед Нийгмийн даатгалын хэлтсээс ирж ажил хүлээлцэж чи тийм ажил хийнэ гэж хэлж байгаагүй. Арван хэдэн сая төгрөгийн акттай холбоотой асуудал нь би ажил аваад тэтгэвэр тэтгэмж олгосонтой холбоотой байгаа. Тэтгэвэр нь улсын төсвийн санхүүжилтээр олгогддог. Шинээр тэтгэвэр тогтоолт, групп сунгалт зэргийг анхан шатны материалыг бүрдүүлж явуулахаар Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийг нь тогтоож явуулдаг. Түүний дагуу бид нар улсын төсвийн санхүүжилтээс мэдээлэл нь хоцорсон хүмүүсийг тухайн сарын 05-ны дотор нөхөж олгодог байсан. Тэтгэвэр олголт дээр жишээ авахад 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэг хүний материал явуулахад 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бараг 5 сар 06 сард тэтгэвэр тогтоолтын хуудас нь хэвлэгдэж ирдэг. Хүмүүс танай Нийгмийн даатгалынхан ажлаа хийхгүй байна хурдан тэтгэвэр тэтгэмжээ авмаар байна гээд шахаад байдаг юм. Тэгээд тэтгэвэр тэтгэмжийн байцаагчийн утсыг өгөөд энэ утсаар асуу гэхээр Нийгмийн даатгалын хэлтэсээс яах гэж хүний утас өгөөд байгаа юм бэ тэтгэвэр тэтгэмж нь тогтоогдоогүй байна бид нар завгүй байна гэдэг. Хувийн хэргийг захиж байж авахуулах гэхээр тэтгэвэр нь тогтоогдоогүй байдаг. Материал нь дутуу бүрдсэн бол тэр хүний тэтгэвэр тогтоох хугацаа хойшилдог юм. 1 сард материал бүрдүүлж өгөөд 4 сарын сүүлээр тэтгэвэр нь тогтоогдоод ирэхээр өмнөх сар нь мэдэгддэгүй. Хүмүүс нь би хөдөөнөөс эндээс тэндээс ирлээ тэтгэвэрээ аваад явмаар байна гэдэг. Тэтгэврийн дэвтэр гэхэд өмнөх сараа нөхөж тогтоосон талаар мэдэхгүй тухайн сараас нь олгодог утсаар асуух үед Нийгмийн даатгалын хэлтэсийнхэн сумын байцаагчийг их загнадаг. Тэтгэвэр тогтох үед тэтгэврийн данс шинээр үүсч орж ирдэг. Хэлтсээс санхүүжилт нэг удаа орж ирээгүй тул тухайн хүний харилцах дансыг асуугаад тэтгэврийг нь өгдөг. Тэтгэвэр авч байгаа хүмүүс ихэнх нь хөдөөний  хүмүүс байдаг тул чирэгдэл учруулахгүй гээд олгох ёстой тэтгэврийг нь олгодог байсан. Зарлага гаргах зарлагаар олгох гэж байгааг би мэдэхгүй байсан учраас тухайн хүмүүсийг чирэгдүүлэхгүйн тулд тэтгэврийг нь олгодог байсан. Сайн дурын даатгалын тухайд намайг ажилд орох үед хүмүүс өмнө ингээд хийдэг байсан юм гээд жилийн эцэст бөөнөөр нь хийдэг өмнө ингээд хийж болдог байсан гээд 12 сард бөөнөөр нь хийчихдэг байсан. Жилийн эцэст тайлан Нийгмийн даатгалын хэлтэс рүү шивэгдэх үед Хишигжаргал гэдэг байцаагч намайг мангар зөнөгөө чи энэ хүмүүсийн мөнгийг жилийн эцэст бөөнөөр нь хийлгэсэн байна. Тайлан дээр өглөг авлага үүсэх гээд байна үүнийг өөр ямар хүний регистрээр шилжүүлэхийн шилжүүлэх хүмүүс байвал регистрийн дугаарыг сангийн нягтлан бодогч руу хэлээд шимтгэлийн орлогыг шивүүлээтэх дараа нь наад хүмүүсийнхээ мөнгөний учрыг ол гэдэг байсан. Яах гэж нөхөн даатгал хийлгэсэн юм бэ гэж өөр хүмүүс рүү маш их хувааж хийлгэдэг байсан. Одоо надад харах баримт байхгүй тул хэн хэнийхийг яаж шилжүүлсэн талаар тодорхой мэдэхгүй байна. Сумын байцаагчийн сарын 01-30-ны хооронд хийсэн гүйлгээг дараа сарын 05-ны дотор Нийгмийн даатгалын хэлтэс хянаад шивдэг байсан. Намайг зарлагаар буруу гүйлгээ хийж байхад Нийгмийн даатгалын хэлтсийн бүх байцаагч нар онлайнаар хянах боломжтой байсан програм дээр бүгд гарч ирдэг. Улирал бүр сан сангийн нэгтгэлийн тайлан гарч явдаг.  Одоо намайг чи бичиг баримтаа хуурамчаар үйлдээд явуулдаг байсан тул бид нар зарлагаар гаргаж байсан талаар мэдээгүй зөрчил гарлаа гэхээр нь шалгах үед зарлагаар гүйлгээ хийсэн байна гэж байгаа. Нэгдсэн сантайгаа нийлээд 6 сан байгаа тэр 6 санг Бугат сумын 018 гэсэн кодыг хийж ороод ерөнхий ня-бо, сангийн ня-бо, сан санг хариуцсан байцаагч нар үйл ажиллагаанд програмаар нэг бүрчлэн харж хянах боломжтой байсан. Өмнөх байцаагчийн яаж хийж байсанг харж байгаад Улсын төсвөөс хоцорсон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг нөхөж олгож байсан. Энэ хүмүүсийн зөрүү, дутууг зарлагаар олгоод яваад байсан. Энэ хүмүүс нэг жил нь хардаггүй юм аа гэхэд дараа жил нь харж байсан бол зарлага гаргаж тэтгэвэр буруу олгогдож байна гээд заавар зөвлөгөө өгсөн бол түүний дагуу ажлаа зөв хийх байсан гэж бодож байна. Явж явж байгаад хэдэн жилийн дараа зарлагаар буруу гүйлгээ хийж мөнгө авч идэж хохироож гэмт хэрэг үйлдсэн байна гэж сум дээр очиж Лхамдулам тэдэн төгрөг авч идсэн байна бид нар бага дээр нь барьж илрүүллээ гэж олон нийтийн хурал цуглаан дээр зарласан. Түүний дараа 2015 оны 07 сард мөрдөн байцаагч Мөнхнайрамдал хүмүүсээс мэдүүлэг авсан. 2015 оны 04 сарын 19-ны өдөр Чинбат гэдэг хүн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2 байцаагч дагуулж очоод Лхамдулам 15.000.000 төгрөг авч идэж байсан түүнийг бид нар бага дээр нь илрүүлсэн. Дахиж та бүхэн өргөдөл гомдлоо бичиж өгөөрэй би хуулийн хүмүүс дуудаж ирж сургалт сурталчилгаа хийлгэнэ түүнд хамрагдаарай гэсэн. Түүнээс 2-3 хоногийн дараа Нийгмийн даатгалын хэлтсийн  байцаагч Ганзориг нь ирээд хүмүүст хурал хийх үедээ Лхамдулам мөнгө авч идсэн. Хийдэггүй гүйлгээг хийдэг байсан гэж олон нийтэд удаа дараа зарласан. Би айлын ганц охин манай аав ээж 2 хөдөө боломжийн амьдралтай надад шунахайн сэдэлтээр хүний тэтгэвэр тэтгэмж авах сэтгэл байхгүй. Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналтын байцаагч, Ерөнхий ня-бо, хэлтсийн дарга нь сумын байцаагчийн үйл ажиллагааг хянаж улирал бүр сум бүрийг нэг бүрчлэн 5 сангийн орлого зарлагыг програмаас харж улирлын нэгдсэн тайлангаа гаргадаг. Сумын байцаагч нараа хянаж тайлан гаргаж байж энэ хүмүүс адилхан цалин авдаг шүү дээ түүнээс ямар ч хяналт шалгалтгүй сумын байцаагч тэр олон сангийн тайланг ганцаараа дур мэдэж гаргадаг зүйл биш. Зарлага гаргасан бүрээ өөрөө авч идээд дээрээ ямарч хяналт шалгалтгүй ажилладаг байсан зүйл надад байхгүй. Сар бүрийн орлого зарлагын гүйлгээг Нийгмийн даатгалын хэлтэсийн тухайн сарын хуулгатай авч явуулдаг. Хуулга явуулахгүй байсан ч Нийгмийн даатгалын хэлтэсийнхэн өөрсдөө програмаас хараад шивдэг байсан. Би 2015 оны 04 сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод ерөнхий ня-ботой уулзах үед танай сум дээр ажлын хэсэг ажиллах гэж байгаа очиж хэн нь мөнгөө авсан аваагүй баримтаар бүрдүүлэх гэж байна гэж хэлсэн. Гэтэл сумд очоод багийн дарга нараар хүмүүсийг цуглуулуулаад уулзсан. Тэр үед нь би байсан эхлээд хүмүүсээр нь өргөдөл бичүүлж аваад дараа нь зөв өргөл бичиж өгч үү буруу байна уу гэдгийг нь хянаад ярилцана гэсэн. Гэтэл хүмүүсээр та тэдэн төгөрг олгож өгнө үү гэж өргөдөл бичээд ир гэж бичүүлж авчихаад Гунгаажав намайг дуудаж ирүүлээд үүн дээр зөвшөөрсөн гэж бич гэсэн. Тэр үед манай аав ээж 2 хөдөөнөөс ирсэн байсан би 5 сартай жирэмсэн байсан. Би юу ярьж байгаа юм болохгүй гэсэн. Гэтэл үдээс хойш Гунгаажав муу новш минь чамаас болж бид нар ажлаа алдаж байна аймагт манай охин төрсөн байгаа үүн дээр зөвшөөрсөн гэж бич гэж загнаж байгаад тэр хүмүүсийн өргөдөл дээр гарын үсэг зур гэж дарамталж загнаж байсан. Дараа нь 2015 оны 07 сарын сүүлээр төрөх гээд эмнэлэг дээр шинжилгээ өгчихөөд гараад ирж байхад Гунгаажав эхнэртэйгээ явж байгаад 2 тийшээ салаад “өө муу хулгайч намайг танихгүй болсон байна. Чи тэр мөнгөө хурдан төлөөч, манай Арслан өдөр бүр дансаа шалгаж байгаа” гэж хэлээд өнгөрч байсан. Энэ мэтчилэн үнэн зөвийг нь тогтоох биш намайг мөнгө авсан гэдэг байдлаар удаа дараа миний нэр хүндэд халдсан. Мөн миний нэр хүндэд халдаж байгаа асуудлыг шалгаж өгнө үү гэсэн миний хүсэлтийг хүлээж аваагүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Гунгаажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилд орсон гэсэн тушаал гарсан байдаг. Нэг жил ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж зөрчил гаргалгүй байцаагчийн үүргээ биелүүлсэн. 2013 оны сүүлээр бэлэн мөнгө гаргаж Баднаноровоор авахуулж эхэлсэн байдаг. Үүнийг шалгаж үзээд сангийн ня-бо харилцахын хуулгууд засвартай байна гэсэн асуудал тавьсан. Ингээд дотоод хяналт хийсэн энэ хяналтаар зөрчил байгаа нь илэрсэн. Үүнийг тодруулахаар НДХ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Бугат сум дээр очиж ажилласан. Шалгалт хийх үед зөрчил дутагдал байна гэж үзээд энэ хүний ажлыг түдгэлзүүлээд дараагийн ажлын хэсгийг зохион байгуулж шалгах нь зүйтэй гэдэг үндэслэлээр хэлтсийн даргын зөвлөлийн хурал хийгдэж Ерөнхий ня-бо Арсланбаатараар удирдуулсан ажлын хэсэг ажилласан. Энэ шалгалтаар бүх санг байцаагч нартаа ялгаж хуваарилаад шалгасан энэ шалгалтаар 104 хүнтэй холбоотой 13.271.581 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үүнийг барагдуулахаар улсын байцаагчийн акт тогтоож хугацаатай үүрэг чиглэл өгсөн. Ажлын хэсэг Бугат сумд ажиллаж байх үед Лхамдуламын аав, ээж, нөхөр нь байсан өөрөө миний хажууд сууж байсан. Бид нар 100 гаруй бараг 200 хүнтэй уулзаж мөнгө авсан аваагүй зэргийг тодруулж 7 хоног ажилласан. Энэ ажлын үр дүнд 13.271.581 төгрөгийн зөрчил байгаа нь илэрч акт тавигдсан юм. Энэ актууд үндэслэлтэй гэж шинжээчийн дүгнэлтээр гаргуулсан. Лхамдуламын гол зөрчлүүд тэтгэвэр тэтгэмж авагчдын мөнгийг бэлэн бус тооцооны заримаар шилжүүлээгүй, банкны бэлэн мөнгөний зарлага үйлдэн өөрөө эсхүл өөр хүний нэрээр бэлнээр авсан байдаг. Өөр хүний нэр гэдэг нь Баднаноров, Бүжмаа нараар гаргуулсан. Жирэмсэний амралт ажилгүйдлийн тэтгэмжийг тухайн хүмүүст олгоогүй мөн банкны бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэн бэлнээр гаргуулсан. Сайн дурын даатгуулагчийн мөнгийг бэлнээр авч дансанд тушаалгүй өөрөө ашигласан. Зарим даатгуулагчийн шимтгэлийг өөр хүний нэр дээр мэдээллийн санд оруулсан. Даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрийг шимтгэл төлсөнөөр баталгаажуулж өгсөн боловч Нийгмийн даатгалын сангийн дансанд мөнгийг нь хийж мэдээллийг нь оруулаагүй гэх мэт алдаа зөрчил гаргасан. Сайн дурын даатгалын илүү төлсөн мөнгийг даатгуулагчид буцаан олголгүй бэлнээр гаргаж авч завшсан.   Лхамдулам нь 2013 оны 09 сараас эхлээд хууль бус үйлдэл хийж эхэлсэн. Хийсэн үйлдлээ нуун дарагдуулахын тулд банкны харилцах дансны хуулгыг засварлаж, тэтгэвэр тэтгэмжийг эзэнд нь олгосон мэтээр хуурамч материал бүрдүүлж даатгуулагчийн мөнгө үнэн зөв төлөгдсөн байдлаар боловсруулж хуурамч бичиг үйлдэж тайлан мэдээг үндэслэлгүй гаргаж дээд шатны байгууллагын ажилтан удирдлагыг худал баримт мэдээллээр хангаж хуурч байсан. Шинээр тогтоосон тэтгэвэр тэтгэмжийн тогтоосон огноог тэтгэврийн дэвтэрт сар буюу хоногоор хойно тогтоогдсон мэтээр худлаа бичиж мөнгийг бэлнээр гаргаж авсан байдаг. Жишээ нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгосон байхад 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоосон мэтээр дэвтэрт бичиж өгөөд 2 сарын мөнгийг бэлэн мөнгөний зарлага үйлдэж Баднаноровоор дамжуулан гаргаж авдаг байсан ийм жишээ олныг дурдаж болно. Эдгээр үйлдэлүүд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчиж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тэтгэвэр тэтгэмж авагч даатгуулагчид олгоогүй. 23-р зүйлд заасан Нийгмийн даатгалын байгууллагын хууль дээдлэх даатгуулагч ажил олгогчийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхолыг дээдлэн хүндэлдэг заалтыг зөрчсөн. Нягтлан бодох Бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан санхүү нягтлан бодох бүртгэлийн үүргээ биелүүлээгүй 20 дугаар зүйл буюу аж ахуйн нэгж байгууллагын ня-бо нь албан тушаалаа урвуулан ашиглах хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичих Ня-бо бүртгэлийн баримт данс санхүүгийн тайлан хууль тогтоомжийг зөрчиж устгах үрэгдүүлэх нягтлан бодох бүртгэлийн баримт данс санхүүгийн заалтыг засварласан заалтыг ноцтой зөрчсөн байдаг.  Нийгмийн даатгалын байгууллагын ёс зүйн дүрмийн 2.5 –д зааснаар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах бусдад ашиглуулах боломж олгох хамтран оролцох нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн хуурамч бичилт хийх тэтгэврийн даатгалын нэрийн данс хуурамчаар нээх эдгээртэй холбогдсон хуурамч мэдээллийг мэдээллийн санд оруулахгүй байх заалтыг зөрчсөн. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, хууль дээдлэх, шударга ёсны зарчим зэргийг зөрчиж төрийн өмнөөс хууль хэрэгжүүлэх иргэдэд үнэнч шударга үйлчилгээг хүргэх төрийн албан хаагчийн өргөсөн тангаргаа биелүүлээгүй гэж үзэж байгаа. Энэ үндэслэлээр Нийгмийн даатгалын байгууллагаас түр түдгэлзүүлж акт тогтоогдсон юм. Энэ актын 7.080.257 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 6.121.324 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Төлсөн мөнгө нь нийгмийн даатгалын санд байж байгаа. Тэтгэврийн даатгалын санд 4.175.170 төгрөг, ажилгүйдлийн даатгалын санд 810.178 төгрөг, тэтгэмжийн даатгалын санд 65.085 төгрөг, сайн дурын даатгуулагчийн 2.029.824 төгрөг гэх 7.080.257 төгрөг нийгмийн даатгалын сангийн дансанд байж байгаа. Энэ мөнгийг иргэдэд яагаад олгоогүй юм бэ гэхээр акт бүрэн гүйцэд барагдаж хэн хэний мөнгө бэ гэдэг нь гараагүй тул барагдуулах төвөгтэй байна. Банкны хуулгыг Баднаноровт зарлага бэлнээр гаргав гэсэн байгааг хусаад засвар хийсэн байдаг. Бид нар байх ёстой хуулгыг банкнаас хэвлүүлээд авахаар ямар хуулга байна гэхээр 96.800 төгрөг тэтгэврийн зөрүү гэж харагдаж байна. 2014 оны 01 дүгээр сарын 17-нд гарсан байдаг гэтэл 01 дүгээр сарын 17-нд зогсоогдсон тэтгэврийн зөрүү Баднаноровт гээд засварлаад гаргасан байдаг. Үүнийг бид бүхэн тодруулаад шалгаж үзэж харсан. Бэлэн мөнгөний зарлагын гүйлгээг Баднаноровт гэж гаргачихаад үүнийгээ тайланд яаж ирүүлдэг байсан гэхээр хүмүүсийн нэрсийг гараараа бичээд тийм тийм регистртэй хүмүүст тэдэн төгрөг олголоо гэж өөрөө гарын үсэг зураад ирүүлдэг байсан. Энэ баримтаар нь манай санхүүгийнхэн баримтаа шивээд явдаг байсан. Сайн дурыг даатгалд Байгал гэдэг хүн байна энэ хүнийг 2013 оны 07 сараас даатгуулсанаар бичээд Лхамдулам гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл нийгмийн даатгалын хэлтэсийн дансанд орсон мэдээллийг шалгаад үзэхээр 2013 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд 3 сараар даатгуулсан гэж гарч ирдэг. Дэвтэр дээр 7-12 сар даатгуулсан гэж бичиж баталгаажуулсан байна. 2014 оныг 1-12 бүгдийг нь баталж дэвтэрийг нь тагласан харилцах дансаар орсон шимтгэл нь 1-10 сараар гарч ирсэн байдаг. Үүнтэй холбоотой 9 сарын энэ хүний мөнгийг тэр өгсөн болоод дэвтэрийг тэгж тагласан гэвч мөнгө нь орж ирээгүй тул бид нар түүн дээр акт тавьж байгаа юм.  Эдгээр хүмүүс би жилээ гүйцээсэн гээд тэтгэврээ тогтоолгох гээд ирэх үед нь 1 жил 6 сараар дутсан байх жишээтэй тэр энэ хугацаагаар тэтгэвэр авах хугацаагаа алдаж байна. Ийм байдлаар хохирол их гарч ирдэг тул үүнийг зөв ойлгож даатгуулагчдыг хохиролгүй болгох талаас нь Лхамдулам бодох ёстой. Актыг үйлдэх үед аавыг нь суулгаж байгаад үйлдээд өөрөө энэ актанд гарын үсгээ зураад зөвшөөрөөд явсан шүү дээ дараа нь ингэж болохгүй шүү дээ. Хамгийн сүүлд нь сайн дурын даатгалын 691.200 төгрөгтэй холбоотой өргөдөл ирж шалгаад 691.200 төгрөгийн акт бичиж Лхамдуламд танилцуулаад гарын үсэг зуруулах гэхэд Лхамдулам би гарын үсэг зурахгүй гээд явсан. Бусад актууд албан ёсоор зөвшөөрөөд гарын үсэг зурагдсан байгаа. Би Бугат сумд ажиллаж байх хугацаанд энэ хүмүүсээс авсан өргөдлүүд байгаа юм. Энэ хүмүүстэй уулзсан Бүжмаа гэхэд 344.400 төгрөг Цоохүү гэдэг хүний тэтгэврийг бэлнээр авсан байгаа юм. Яагаад Цоохүүгийн тэтгэврийг Бүжмаа бэлнээр авдаг юм бэ гээд шалгаад үзсэн. Бүжмаа нь Лхамдуламтай суудаг халамжийн байцаагч байсан. Тэр хүнээс яагаад энэ хүний тэтгэврийг авч байгаа юм бэ итгэмжлэл байгаа юм уу гэдэг асуудал тавих үед Бүжмаа нь Лхамдулам ямар нэгэн тэмдэглэл байхгүй зарлагын баримтанд гарын үсэг зуруулаад авсан тэгээд өөрөө очоод мөнгийг нь авсан байгаа юм. Цоохүүгийн Шоовдор гэдэг хүн ямар хүн байна гээд судлаад үзэхээр даралт харвасан урьд өмнөхөө мартаж санасан хөгшин хүн байсан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүс маань нийгмийн эмзэг бүлгийн өөрийгөө хамгаалах чадваргүй шахуу болсон хүмүүс байгаа энэ байдлыг нь тодорхой хэмжээнд далимдуулсан гэж бодож байна. Үүнийг нотлох Энх-Амгалан гэдэг залуу байгаа хаан банкинд теллер хийдэг. Тамгын газрын нярав Баднаноров бэлэн мөнгөний гүйлгээг авч байсан. Бэлэн мөнгө тоолж аваад гардаг гараад хэнд өгдөг талаар мэдэхгүй Лхамдулам нь хүмүүсийн гарын үсэгтэй баримт авч ирж авдаг байсан. Бүжмаа заримдаа авдаг байсан ямар мөнгө авч байгааг нь мэдэхгүй баримтын утга нь тодорхой байгаа гэсэн тайлбар өгсөн. Энэ мэт өргөдөл олон байна.   Шинэхүү гэдэг хүн 2015 оны 02 сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоосон. Энэ хүний тэтгэврийн дэвтэрийг бичиж өгөхдөө 2015 оны 03 сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоосон гэж бичиж өгсөн баримт нь байж байгаа. Энэ хүн 3 сарын мөнгөө авсан байна уу үгүй юу гэдгийг шалгаж үзэхэд 3 сар дээр онгорхой өгөөгүй байдаг. Хүн нэг бүрээр тайлбар өгөх боломжтой байна.  Д.Лувсанжамж группын сунгалтын хугацаа 2013 оны 10 сарын 20-ны өдөр дууссан байгаа. Гэтэл 10 сарын 20 хоногт ногдох 69.800 төгрөгийг 2014 оны 01 сарын 17-ны өдөр Баднаноров бэлнээр авсан байгаа юм. Гэсэржав 2013 оны 07 сарын 20-ны өдөр гурпп сунгалт дууссан 7 сард ногдох ёстой 20 хоногийн мөнгө 96.800 төгрөгийг мөн 01 сарын 17-ны өдөр Баднаноровоор дамжуулж бэлнээр авсан. Б.Тосон групп сунгалтын хугацаа 12 сарын 07-ны өдөр дууссан 12 сард ногдох 7 хоногийн мөнгө 33.883 төгрөгийг 01 сарын 24-ны өдөр Баднаноровоор дамжуулан гаргаж авсан байдаг. Ийм жишээ тэтгэвэр дээр 8.882.283 төгрөг буюу 69 хүний тэтгэврийг ингэж бэлнээр гаргаж авсан байдаг. Лхамдулам тэтгэвэр тогтоох ажлыг би хийдэггүй гэж байна. Сумын байцаагч материалыг нь бүрдүүлж тэтгэвэр тогтоогоод нийгмийн даатгалын хэлтэсээс ирүүлээд тогтоосон тэтгэврийг Нийгмийн даатгалын хэлтэс баталж өгдөг юм. Бүх тэтгэвэр улсын төсвөөс гардаг гэж яриад байгаа нь буруу байна. 1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэвэр, цэргийн болон тусгай албан хаагчдын тэтгэвэр улсын төсвөөс санхүүждэг. Бусад тэтгэвэр нь бид бүхний төлдөг Нийгмийн даатгалын шимтгэлээс гарч тэтгэвэр тэтгэмж болж явж байгаа юм. Бугат сум руу шилжүүлж байгаа орлого нь улсын төсвөөс гэж очоогүй Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс санхүүжилт гэж очиж байгаа.  Сумын байцаагч бүх тэтгэвэр тэтгэмжид хяналт тавьж өгч байгаа. Тэтгэвэр тэтгэмжийг тогтоох өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэж өгдөг. Сумын байцаагч нар ачаалал багатай ажиллаж байгаа. Лхамдуламд үүрэг чиглэл өгөөд акт тавигдаад явж л байсан энэ талаар яриад байх илүүц байна. Заавар сургалт семинар өгдөггүй гэж байгаа нь харамсалтай байна. Тэтгэвэр тэтгэмж хэзээ хаана хэнд тогтоогдож байгаа би мэддэггүй гэж байгааг би ойлгохгүй байна тэтгэвэр тогтоох хуудас дээр бүгд тодорхой байж байгаа ингэж ярих нь буруу. Хишигжаргал, Гунгаажав нар дарамталдаг гэж байна ажлын шаардлагын талаар ярьдаг болохоос манай хэлтэст хүн дарамталдаг зүйл байхгүй. Нийгмийн даатгалын тухай хууль, журмуудаар бэлэн мөнгөөр зарлага хийхийг хориглосон байдаг юм. Өөр хүний нэрээр бичээд тушаадаг тийм асуудал байхгүй. Энэ бүх заавар журам бүх хүнд байж байгаа. Сайн дурын даатгалыг бөөнөөр нь хийдэг гэж байна ийм асуудал байхгүй. Сайн дурын даатгал нь гэрээгээр зохицуулагддаг. Төлбөрөө яаж төлөх нь гэрээн дээр нь байж байгаа. Бөөнөөр нь төлсөн гэж яриад байна. Гэрээн дээр сар бүр төлнө гэсэн бол сар бүрийн тэдэнд, улиралд төлөх бол тэдэнд төлнө гээд бичсэн байгаа гэв.

Иргэний хариуцагч Д.Арсланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө маань улсын төсвийн санхүүжилт шимтгэлийн орлогоос бүрдэж байгаа. Үүнийг тухайн орон нутагт бүрдүүлж байгаа хүн маань сумын Нийгмийн даатгалын байцаагч юм. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг сахиулах даатгуулагч иргэдэд үйлчилгээ үзүүлэх бүрэн эрхийг эдэлж байгаа юм. Тэтгэвэр тогтоолт дээр сумын Засаг дарга 1 дүгээр гарын үсгийг зурж 2 дугаар гарын үсгийг сумын байцаагч зурж анхны тогтоолтыг хийнэ. Ингээд Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлнэ үүнийг хяналтын байцаагч нар хянаад компьютерт оруулж баталгаажуулж хэвлээд гаргаж явуулдаг. Лхамдулам хэдэн цаас аваад хүнээр явуулдаг юм шиг яриад байна ийм байж болохгүй. Мөн би ерөөсөө мэдэхгүй хэн илүү өгч байгаа хэн дутуу өгч байгааг тэтгэвэр тэтгэмжийг мэддэггүй гэж яриад байна. Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм байгаа, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх заавар журам байгаа үүн дээр Нийгмийн даатгалын байгууллага ийм ийм ажил хийж алдаа гарвал ийм ийм хариуцлага хүлээнэ гээд зааж өгсөн байгаа. Сар бүр сумын байцаагч нар мэдээлэл өгдөг сар тэтгэвэр авагчийн хөдөлгөөний утсаар өгдөг. Тэтгэвэр авагч нас барсан бол энэ хүн тэдэн сарын тэдний өдөр нас барсан учраас дараа сар тэтгэвэр авахгүй. Энэ хүний группын хугацаа дуусч байгаа тул тэр хүртэл авна түүнээс хойш авахгүй гэж мэдээ өгч үүний дагуу зохицуулагдаж явдаг. Улирал бүр тайлан гарч байгаа 2013 оны 03 дугаар улирлын тайлан байна. Тэтгэврийн санд хэдэн төгрөг байгаа бусад санд хэдэн төгрөг байгаа хэн хэнд хэдэн төгрөг өгсөн, өндөр насны тэтгэвэр хэдэн хүнд өгч байгаа төр хариуцах санхүүжилтээр тэтгэвэр авч байгаа хэдэн хүн байгаа, ямар ямар хүмүүст жирэмсний амралтын тэтгэмж өгсөн гээд нийт сумын хэмжээнд тайлан гараад очдог. Түүний доторх задаргааг сумын байцаагч мэдэж байгаа би мэдэх боломжгүй. Илүү дутуу өгсөн бол заавал өгөөд тамга дараад явдаг юм. Энгийн нэг ажлыг сар бүр давтаад хийдэг үйлдэл шүү дээ ийм зүйлийг ярих байтал өөр зүйл ярьж байна. Миний хувьд ерөнхий ня-бо хүний хувьд жоохон үнэн ярих хэрэгтэй гэж үзэж байна. Бид нар бүх зүйлийг нэг рүүгээ харлуулаад чихээд байгаа зүйл биш шүү дээ гэв.

Гэрч Л.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Манай хяналт шалгалтын журмаар сумдын НДБ-ийн ажлыг 2 жилд тутамд нэг удаа шалгалт хийдэг. Лхамдулам 2015 онд шалгагдах ёстой байсан. Сумын НДБ-ийн ирүүлж байгаа санхүүгийн баримт анхан шатны шалгалтаар ороод компьютерт мэдээллийн баазанд ордог. Бид нар ажлын хэсэг шалгаж зөрчлийг илрүүлэх үед санхүүгийн анхан шатны баримт, банкны хуулыг санаа засварлаж нийгмийн даатгалын улсын байцаагч нарыг төөрөгдөлд оруулах үйлдэл хийж байсан нь илэрсэн... Ямар нэгэн дарамт шахалт байхгүй, тухайн үед мөнгөө авсан уу гэхэд аваагүй гэсэн Лхамдуламаас асуух үед мөнгийг нь өгөөгүй гэж хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд өргөдөл бичүүлж аваад зөвшөөрсөн гэсэн гарын үсгийг нь зуруулж авсан. ямар нэгэн байдлаар тулгаж дарамталсан зүйл болоогүй...” гэв.

Гэрч Б.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бугат сумын байцаагч Банкны хуулга зассан, Баднаноров гэдэг хүнээр гаргасан хуулыг хүн нэг бүр дээр хуурамчаар жагсаалт үйлдсэн байсан. Тэтгэвэр дээр жагсаалтын дагуу шивэх ёстой гэтэл тэр жагсаалтыг хуурамчаар үлдсэн байсан нь илэрсэн... Дотоод хяналт шалгалтаар үзэхэд хуулганы засвар 2013 оны 11 сараас хойш хийгдсэн байсан...” гэв.

Гэрч Н.Янжиндолгор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хуулга дээр Баднаноров гэдэг хүнээр зарлага гаргаж байсан. Сүүлдээ нарийсаад хуулгыг засч эхэлсэн. Хүний тэтгэврийг Баднаноров гэдэг хүний нэр регистрээр бэлэн зарлагаар гаргаж авдаг байсан. Сум бүрт Төрийн банкинд 3, Хаан банкинд 6, сум бүрт нийт 9 данс байгаа. Бугат сумд төрийн банкинд зөрчил байхгүй, Хаан банкинд зөрчил байсан. Хаан банкны хуулгыг засварлаж эхэлсэн. Дээр нь штрикдэх, баллах зурах, хусах зэргээр засварлаж байсан. Эрүүл мэндийн дэвтэр дээр дардаг тамгыг Лхамдулам банкны хуулга дээр дарсан зөрчил илэрсэн. Банкны теллерын хэвлэж гарын үсэг зурж тамга дарсан хуулга банкнаас аваад түүн дээр Баднаноров гэдэг хүнээр зарлага гаргаж түүнийгээ штрикээр арилга өөр хүний тэтгэвэр олгосон гэж бичсэн байдаг. Сүүлдээ банкны хуулгыг цаасыг нь цоолохгүй бичгийг нь арилгаж байгаад принтерээр 9 хүн 10 хүний тэтгэвэр олгов гээд хэвлэж гаргасан зөрчил илэрсэн. Ийм ийм зүйлээс болж Лхамдуламын зөрчил илэрсэн байгаа... Лхамдуламаас мессеж ирнэ. Залгаж яриад дахиж ийм алдаа гаргахгүй түүнийг аргалаад өгөөч гэх байдлаар мессеж ирж байсан тэр болгонд нь хариу бичээгүй утсаа авдаггүй байсан...” гэв.

Гэрч Ц.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ажлын хэсгийг очих үед хүмүүс цугласан байсан. Нэг нэгээр нь дуудаж уулзаад Лхамдуламтай уулзуулж гарын үсэг зуруулаад байсан. Лхамдулам би энэ хүнд энэ мөнгийг өгөөгүй гэж зөвшөөрч гарын үсгээ зураад байсан” гэв.

Гэрч Ч.Баднаноров шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Төрийн бүх байгууллагын банкнаас чекээр авдаг гүйлгээг би авч өгдөг байсан юм... Төрийн санийн төлөөлөгч 1 дүгээр гарын үсэг зураад 2 гарын үсгийг энэ хүн өөрөө зураад авахуулдаг байсан. Авсан мөнгөө ажил дээр нь авч ирж өгдөг байсан... надад мөнгөнөөс өгч байсан тохиолдол байхгүй, би ажил дээр нь хүлээлгэж өгөөд мөнгө чек 2 чинь таарч байна уу гээд гардаг байсан. Хажууд нь 3 хүн суудаг байсан.. Шинэхүү, Мөнх-од гэж хүмүүс ажиллаж байсан энэ хүмүүс надаар зарлагын гүйлгээ бараг хийлгэж байгаагүй, сүүлдээ банкны гүйлгээ хийгээд өгөхөөр нь ингэж мөнгө авдаг болсон юм байна гэж бодож байсан. Шинэхүү нэг удаа л хөдөөний хүнийг бэртсэн байхад хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмж авахуулж байсан. Оршуулгын зардал цөөхөн удаа авахуулж байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч нарын мэдүүлэг нийт 105 хүн, хохирогч Ч.Гунгаажавын мэдүүлэг 6-р хавтас 221-р хуудас, гэрч Л.Энхжаргалын мэдүүлэг 5-р хавтас 140-141-р хуудас, гэрч С.Уянгын мэдүүлэг 5-р хавтас 142-р хуудас, гэрч Г.Сарангэрэлийн мэдүүлэг 5-р хавтас 143-р хуудас, гэрч Ч.Баднаноровын мэдүүлэг 5-р хавтас 144-р хуудас, гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг 5-р хавтас 149-150-р хуудас, гэрч Н.Янжиндолгорын мэдүүлэг 5-р хавтас 191-р хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 7-р хавтас 85-87-р хуудас, Т.Лхамдуламын ажилд томилогдсон тушаал 8-р хавтас 40-р хуудас, Ажлаас чөлөөлөгдсөн тушаал, 45-48-рт НДБ ямар чиг үүрэг хэрэгжүүлэх талаар ажлын байрын тодорхойлолт зэрэг баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр:  24 хохирогчийн анх гаргаж байсан өргөдөл мэдүүлэг, хохирогч Түмэн-Өлзийн мэдүүлэг 2-р хавтас 76-рт, 5-р хавтас 72-73-рт хохирогчоор тогтоосон байцаалт, Ч.Дэлгэрмаагийн мэдүүлэг 2-р хавтас 77-рт, 5-р хавтас 74-75-рт хохирогч иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, хохирогч Тосон 1-р хавтас хохирогч Наранцэцэг 203-204-рт, Ц.Шоовдор 1-р хавтас 98-рт Р.Төмөрбаатар хохирогч Ж.Шинэхүү 101-рт, З.Эрдэнэчимэг 106-р Сэрээтэр, 5-р хавтас 66-67 Гэрэлчулуун 6-р хавтас 251-252 Шоовдор, 1-р хавтас 180-183 Ичинхорлоо, 218-222 Шоовдор Баттулга, 5-р хавтас 70-71 Батжаргал, 59-61 Нямаахүү, 21-22 Сувдмаа, Шинжээчийн дүгнэлт дугаар 215, 6-р хавтас 177-р хуудас Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг, 7-р хавтас 85-87-р хуудас шинжээчийн нэмэлт дүгнэлт дугаар 43, шинээр гаргаж өгсөн мөнгөн шилжүүлэг, Нийгмийн даатгалын санг ийн 1-р улирал санхүүгийн тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв.  

Шүүгдэгч Т.Лхамдулам нь 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа давтан үйлдлээр тэтгэвэр тэтгэмж авагчдын мөнгийг бэлэн бус тооцооны зарчмаар шилжүүлэлгүй, банкны бэлэн мөнгөний зарлага үйлдэн бусдын нэрээр бэлнээр гаргаж авсан, жирэмсэний амралт, ажилгүйдлийн тэтгэмжийг тэтгэмж авагч нэр бүхий хүмүүст олголгүй банкны бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэн бэлнээр гаргуулж авсан,  сайн дурын даатгуулагч нэр бүхий хүмүүсийн мөнгийг бэлнээр авч дансанд тушаалгүй завшсан, даатгуулагч нарын нийгмийн даатгалын дэвтэрийг шимтгэл төлсөнөөр баталгаажуулж даатгуулагч нарт өгсөн боловч Нийгмийн даатгалын сангийн дансанд мөнгийг нь хийж мэдээллийг нь оруулаагүй, сайн дурын даатгалын илүү төлсөн мөнгийг даатгуулагчид буцаан олголгүй бэлнээр гарган авч завшсан, шинээр тогтоосон тэтгэвэр тэтгэмжийн тогтоосон огноог тэтгэврийн дэвтэрт сар буюу хоногоор хойно тогтоогдсон мэтээр худал бичилт хийж мөнгийг бэлнээр гаргаж авч улмаар тэтгэврийн даатгалын сангийн 8382248 төгрөг, ажилгүйдлийн даатгалын сангийн 1543438 төгрөг, тэтгэмжийн даатгалын сангийн 624871 төгрөг, сайн дурын даатгуулагч нараас 2.029.824 төгрөг нийт 13271581 /арван гурван сая хоёр зуун далан нэгэн мянга таван зуун наян нэг/ төгрөгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч, иргэний нэхэмжлэгч нарын  мэдүүлгүүд, яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Лхамдуламын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн “...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас Лхамдуламын гэм буруутайг шууд тогтоосон нотлох баримт байхгүй,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан байдлууд тогтоогдоогүй,  Нийгмийн Даатгалын хэлтэсээс ирсэн зүйл бүрэн биш бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нийт 104 хохирогч гэж авсан боловч хохирогч нь 86 болж байгаа үлдсэн хохирогч нь хаана байгаа юм хохирогч нь тогтоогдохгүй байхад хохирол нь бас тогтоогдоогүй, Нийгмийн даатгал дээр яаж шалгалт хийгддэг талаар бүх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд 13 сая төгрөгний хохирол жирийн төрийн албан хаагчийн хувьд их мөнгө тул мөрдөн байцаалтыг дахиж хийх шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Лхамдулам нь ...ажиллаж байх хугацаанд орлого зарлагын гүйлгээг яаж хийх талаар би сайн мэдэхгүй байсан ажилд орсоноос хойш надад чиглэл өгөөгүй. Өмнөх байцаагчийн хийж байсан ажлын хуулгыг хараад ажлаа хийдэг байсан. Намайг ажил авах үед Нийгмийн даатгалын хэлтсээс ирж ажил хүлээлцэж чи тийм ажил хийнэ гэж хэлж байгаагүй, нийгмийн даатгалын хэлтэсээс сургалт болон холбогдох шалгалтыг хийдэг байсан бол би ийм асуудалд орохгүй байх байсан... гэж мэдүүлж байгаа боловч иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон гэрч нарын мэдүүлэгүүдээр сургалт заавар зөвлөгөөг нийгмийн даатгалын байцаагч нарт онлайнаар байнга өгдөг, жилийн эцэст сумдын бүх байцаагч нарын цугларалтаар сургалт, заавар зөвлөгөөг өгдөг ба шүүгдэгч Т.Лхамдулам нь анх ажилд орсон гэх 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш  бүтэн нэг жил ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж даатгалын байцаагчийн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан ба харин 2013 оны сүүлээс эхлэн бэлэн мөнгө гаргаж Баднаноровоор авахуулж хууль бус үйлдэл хийж эхэлсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн иргэний нэхэмжлэгч нь нийт 104 хохирогчид улсын байцаагчийн актаар хохирол учирсан гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт нийт 99 хохирогчийг хохирогчоор тогтоож байцаалт авсан бөгөөд харин хохирогч Д.Ишбат нь сайн дурын даатгалын шимтгэл төлсөн 276480 төгрөг, тэтгэвэр тэтгэмжийн 207300 төгрөг, хохирогч Д.Лувсанцамж нь  тэтгэвэр тэтгэмжийн  96800 төгрөг, мөн 93600 төгрөг, хохирогч  Б.Түмэн-Өлзий нь тэтгэвэр тэтгэмжийн 200900 төгрөг, мөн 149240 төгрөг, хохирогч С.Нямцэрэн нь тэтгэвэр тэтгэмжийн 28700 төгрөг, мөн 149240 төгрөг, хохирогч Ц.Оросоо нь тэтгэвэр тэтгэмжийн 41460 төгрөг, мөн 50992 төгрөгөөр тус тус  хохирсон болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл дээрхи нэр бүхий хохирогч тус бүрийг хохирогчоор тогтоох 1 тогтоолоор байцаалт авч хавтаст хэрэгт бэхжүүлсэн байна. Мөн зарим тэтгэвэр тэтгэмж авагч нарын дэвтэрийг хуулбарласан баримтууд нь харлаж нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн хэдий ч хохирогч нарын мэдүүлэг болон улсын байцаагчийн акт, шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарт хохирол учирсан болох нь нотлогдсон гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн санхүүжилт шимтгэлийн орлогоос бүрдэж уг орлогыг  орон нутагт бүрдүүлэх эрх бүхий этгээд нь  хуульд зааснаар сумын Нийгмийн даатгалын байцаагч болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Лхамдуламыг байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Мөн бусдад учруулсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000 төгрөгийг тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон болно.

 Шүүгдэгч Т.Лхамдуламд холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнд бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Лхамдулам нь Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн даатгалын сангаас 624.871 төгрөгийг, сайн дурын даатгалын шимтгэл төлсөн иргэдийн нийт 2.769.024 /хоёр сая долоон зуун жаран есөн мянга хорин дөрөв/ төгрөгийг, сумын тэтгэвэр тэтгэмж авагч иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг санаатайгаар буруу тооцож  нийт 9.925.686 /есөн сая есөн зуун хорин таван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг тус тус завшсан гээд нийт хохирол нь 13319581 төгрөг болсон боловч шүүх улсын байцаагчийн акт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нийт 13271581 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзэв.  

Шүүгдэгч Т.Лхамдулам нь тэтгэврийн даатгалын санд 4.175.170 төгрөг, ажилгүйдлийн даатгалын санд 810.178 төгрөг, тэтгэмжийн даатгалын санд 65.085 төгрөг, сайн дурын даатгуулагчийн нэгдсэн санд 2.029.824 төгрөг нийт 7.080.257 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлж төвлөрүүлсэн боловч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүгдэгч Т.Лхамдуламаас хохирлыг бүрэн төлж барагдуулсан нөхцөлд хохирогч нарт дээрхи мөнгийг олгох боломжтой гэсэн үндэслэлээр олгоогүй байх тул уг төвлөрсөн 7080257 төгрөгийг  иргэний хариуцагч буюу Нийгмийн Даатгалын хэлтэс нь нэр бүхий хохирогч нарт буцаан олгох үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ. Түүнчлэн шүүгдэгч  Т.Лхамдулам нь Нийгмийн даатгалын хэлтэстэй  хөдөлмөрийн гэрээ байгуулж Говь-Алтай аймгийн Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа бусдын эд хөрөнгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул хохирогч нарт төлөх үлдэгдэл 6191324 төгрөг болон нийгмийн даатгалын санд шүүгдэгч Т.Лхамдуламын төвлөрүүлсэн 7080257 төгрөг нийт 13271581 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч буюу Говь-Алтай аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэсээс гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгож хохиролгүй болгох нь үндэслэлтэй  байна гэж үзэв. 

Мөн иргэний хариуцагч буюу Нийгмийн даатгалын хэлтэс нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шаардах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Лхамдуламын өмчлөлийн 5 нэр төрлийн 1.760.000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Т.Лхамдуламын иргэний үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь нийгмийн даатгалын санд 7080257 /долоон сая наян мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг төвлөрүүлсэн, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд нь бие биенээ нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ончуул овогт Түвдэндоржийн Лхамдуламыг байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамдуламыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Лхамдуламд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ончуул овогт Түвдэндоржийн Лхамдуламд оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаас  өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч буюу Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс 13.271.581 /арван гурван сая хоёр зуун далан нэгэн мянга таван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч нарт  олгож хохиролгүй болгосугай.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч буюу Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шаардах эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Лхамдуламын өмчлөлийн 500000 төгрөгний үнэ бүхий буйдан, 600000 төгрөгний үнэ бүхий ор, 420000 төгрөгний үнэ бүхий хөлдөөгч, 500000 төгрөгний үнэ бүхий хөргөгч, 250000 төгрөгний үнэ бүхий хоолны шкафийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Лхамдуламаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь нийт 7.080.257 төгрөгийг төлж нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНХТУЯА