Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0398

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0398

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “Г х р” ХХК

          Хариуцагч: АМГТГ-ийн КХ

 

          Нэхэмжлэлийн шаардлага: “Г х р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн Кадастрын хэлтсийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “Г х р” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр гаргасан өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүлээн авч зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэлийн шаардлага нь “Г х р” ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн Кадастрын хэлтсийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан...Үүнд:

          Нэг. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Хар-Уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын Х\/-015361 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1024 дүгээр шийдвэрээр “С” ХХК-д олгосон. “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-015361 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлтийг Кадастрын хэлтэс хүлээн авч, хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 403 дугаар шийдвэрээр манай “Г х р” ХХК -д тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон.

          Ашигт малтмалын хайгуулын ХV-015361 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн тул нөхөн олгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасныг хянан үзээд Кадастрын хэлтэс хүлээн авч, хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр манай “Г х р” ХХК-д ашигг малтмалын хайгуулын ХV-017219 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон.

          “Г х р” ХХК нь 2009 оноос 2015 оны хооронд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ашигт малтмалын хайгуулын XV- 017219 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай болсон.

          Хоёр. Улмаар Улсын Их Хурал 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор энэ хуулийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой болсон.

          Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “... мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан. Уг заалтын дагуу манай компани энэ хуулийн хугацааны дотор буюу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1/15 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын ХV-017219 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлөө Ашигт малтмалын газар /тухайн үеийн/-т гаргасан.

          Гэтэл өнөөдрийг хүртэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын  хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу манай гаргасан өргөдлийг хүлээн авч зохих ажиллагаануудыг хийж хянан шийдвэрлэж хариу өгөх ёстой байтал ашигт малтмалын хайгуулын ХУ-017219 дугаартай тусгай  зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2015 оны 12 дугаар сард дуусгавар болгож бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулиар олгосон тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болжээ.

          Манай гаргасан гомдолд Ашигт малтмал, газрын тосны газар 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн 3/948 тоот албан бичгээр хариу өгөхдөө Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан хуулийн хугацааны дотор буюу 2015 оны 05-р сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын ХV-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлөө Ашигт малтмалын газар/тухайн үеийн/-т гаргасан гэснийг хүлээн зөвшөөрсөн атлаа Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу уг хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай тусгай зөвшөөрлийн талбайн хэсэгт өмнө нь үйл ажиллагаагаа явуулсан талаарх тайлан, мэдээгээ ирүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болжээ.

          Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.6-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хориглосон талбайд үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран өөрсдийн мэдээллийн санд тулгуурлан тогтооно” гэж заасан.

          Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ 120 дугаар тогтоолоор баталсан журамд заасны дагуу гаргасан манай өргөдлийг Төрийн захиргааны байгууллага өөрөө хянан шийдвэрлэх ёстой бөгөөд ашигт малтмалын хайгуулын Х\/-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсэгт өмнө нь хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан  эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын геологийн архив болон тус газрын Геологийн хэлтэс өөрсдөө шалгаж, дээрх 2 байгууллагатай мэдээллээ солилцож тогтоох үүрэгтэй.

          Өнөөдрийн байдлаар манай гаргасан 2015 оны 05-р сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр өргөдпийг Ашигт малтмал газрын тосны газар хүлээж аваад хариуцсан нэгж, албан хаагчаас нэг ч удаа дуудаж уулзаагүй, шаардлагатай  материалыг манайхаас гаргуулж аваагүй. Хариуцагч нь ашиглалтын тусгай  зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа явуулах тусгай  зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан өргөдлийг шийдвэрлэж байгаа талаараа нийтэд мэдээлж байсан атлаа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өргөдлийг шийдвэрлэхгүй удааж байгаа нь Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай  хуулийн 2 дугаар зүйлд “..Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан  бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан  тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж заасныг  хариуцагч зөрчиж байгаа бөгөөд шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй байгаа нь тогтоогдож байна.

          Гурав. Манай “Г х р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай  зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д  "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" гэж зааснаар  дуусгавар болгож байгаа нь “Г х р” ХХК -ийн хувьд хайгуулын  тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байх хугацаанд буюу ойн сан бүхий газрын хилийн  заагтай давхацсан ба Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус үйл ажиллагааны улмаас, нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөлөөс болж тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 12 дугаар сард дуусгавар болсон нь Ашигт малтмал, газрын тосны газар нь манай компанид зохих журмын дагуу нөхөн олговор олгох үүргээс чөлөөлөгдөхгүй.

          Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцпах ёстой байтал манай хайгуулын ХV-017219 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар  болгож бүртгэсэн нь хууль бус байна.

          Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай  зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөх олговор төлөх  бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох" журмын 1 дүгээр зүйлийн 1.1 -д "...тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор”-ыг олгох харилцааг зохицуулсан.

          Гэтэл “Г х р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дээрх зохицуулалтын дагуу шийдвэрлээгүй атлаа Кадастрын хэлтсийн мэдээллийн санд 2015 оны 12 дугаар сард Х\/-017219 дуусгавар болсоноор бүртгэж нөхөх олговор олгохоос татгалзаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн, дотор төлнө” гэснээр нөхөх олговрыг “Г х р” ХХК-д төлөх үүрэгтэй, 14.6-д “нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэснээр манай компанийн тусгай зөвшөөрөл нөхөн төлбөр авснаар дуусгавар болох ёстой.

          Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газар нь манай “Г х р” ХХК -ийн эзэмшиж байсан Х\/-017219 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохдоо нөхөн олговор олгох эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар шийдвэрлэх боломжтой байсан.

          ...Иймд “Г х р” ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын ХV-017219 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн Кадастрын хэлтсийн бүртгэлийг хүчингүй болгож, “Г х р” ХХК -ийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр гаргасан өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүлээн авч зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв.

          Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

          1. "С” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Хар-Уул нэртэй 726.03 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн М24273Х дугаарт бүртгүүлсэн.

          Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн бүртгэлийн И24273Х дугаартай өргөдлийг хянаж Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1024 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 15361Х тоот тусгай зөвшөөрлийг “С" ХХК-д олгожээ.

          “С" ХХК нь ашигт малтмалын хайгуулын 15361Х тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг хянаж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-015361 тоот тусгай зөвшөөрлийг “Г х р” ХХК -д шилжүүлснийг бүртгэсэн байна.

          “Г х р” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-015361 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгох тухай өргөдөл гаргасныг хянаж Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр шинээр ашигт малтмалын хайгуулын ХV-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгожээ.

          Уг ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргаснаар Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 3 жил хугацаагаар сунгасан байна.

          “Г х р” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргах ёстой байсан ч хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна.

          “Г х р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссаныг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУККС-д 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

          2. УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” батлагдан гарсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбилцлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбилцлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан 194 дүгээр “Хилийн заагийг тогтоох тухай” тогтоолоор батлагдсан хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байсан байна.

          Нэхэмжлэгч давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байвал Солбицолд өөрчлөлт оруулж өгөх хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх,Ашигг малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх, хууль журамд заасан хугацаанд нөхөх олговор авах хүсэлт гаргах эрх нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хэдийд ч хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан төдийгүй дээрх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

          “Г х р” ХХК нь Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргана" гэсэн заалтын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд нөхөх олговор авах тухай хүсэлтээ хууль, журамд заасан хугацаанд гаргаагүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй юм. Учир нь Нөхөх олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд улмаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “...хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй...” болохыг дурдсан байна.

          УИХ-аас 2015 оны 02 дугаар сард Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан бөгөөд улмаар Монгол улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах мөн ЗГ-ын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан.

          Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана.” гэж заасан хугацаанд “Г х р” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр ашипг малтмалын хайгуулын ХV-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлөө ирүүлсэн байна.

          Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.”, мөн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “...Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.”, 2.3-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд нөхөн сэргээлт хийхэд гаргах зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрийн ашиглалт явуулсан хугацаанд олсон орлоготой нь уялдуулан нөхөж гаргуулна” гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарахгүй хуулийн зохицуулалт юм.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Г х р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч “Г х р” ХХК-ийн төлөөлөгч тус шүүхэд хандаж “Ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн Кадастрын хэлтсийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “Г х р” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр гаргасан өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүлээн авч зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан хугацааны дотор 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын ХV-017219 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлөө гаргасан...,өнөөдрийг хүртэл өргөдлийг шийдвэрлэж хариу өгөөгүй атлаа тусгай  зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль бус” гэж гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

          Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Хар-Уул нэртэй 726.03 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1024 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 15361Х тоот тусгай зөвшөөрлийг “С" ХХК-д олгосон, тус компани нь тусгай зөвшөөрлөө шилжүүлэх өргөдөл гаргасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-015361 тоот тусгай зөвшөөрлийг “Г х р" ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн, “Г х р” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-015361 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр шинээр ашигт малтмалын хайгуулын ХV-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон, ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргаснаар Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан, тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системд уг тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн үйл баримтууд тогтоогдов.

          Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хуулийн үйлчлэлд хамаарах хилийн зааг, солбицлыг тогтоосон, уг тогтоолын үйлчлэлд нэхэмжлэгч компанийн эзэмшлийн, ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаар талбай хэсэгчлэн багтсан, хэргийн оролцогчид мөн энэ үйл баримттай маргаагүй.

Нэг. “Г х р” ХХК- ийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр гаргасан өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлагын тухайд:

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана.” гэж заажээ.

 Уг хуулийн дагуу нэхэмжлэгч компаниас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр Ашигт малтмалын газарт хандаж, хийлийн зааг дотор олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг гаргасан болох нь нэхэмжлэгчээс хүргүүлсэн албан бичиг, хариуцагчийн тайлбар, Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Э-с тус шүүхэд ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/2676 дугаар албан бичиг, тус байгууллагын ирсэн бичгийн бүртгэлийн 2015 оны 5 дугаар сарын бүртгэл зэргээр тогтоогдсон, талууд энэ үйл баримттай мөн маргаагүй.

Түүнчлэн энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал гаргаж Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг томилсноос үзвэл, уг ажлын хэсгийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн, тухайлбал хориглосон талбайтай давхцалтай байх үедээ тусгай зөвшөөрлийн талбайн давхцалтай хэсгийг буцааж хүлээлгэн өгсөн тусгай зөвшөөрлүүдийн буцаасан хэсгийг эргүүлэн өгөх,…давхцалгүй болсон боловч төлбөр төлөөгүйгээс шалтгаалан үйл ажиллагаа явуулах болсон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг давхцалгүй талбайд...үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой талаар мэдэгдэх...” зэрэг  ажиллагаа хийлгэхээр удирдамж баталж томилсон байна.

Уг ажлын хэсэгт  Ашигт малтмалын газарт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн өргөдөл хүсэлтийг Геологийн алба нэгтгэж ирүүлсэн, уг хүсэлт өргөдлийн жагсаалтын 841 дугаарт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших, ойн сантай 90-100 хувь давхацсан гэх 17219 дугаар тусгай зөвшөөрөл бүхий “Г х р” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийг тус ажлын хэсэгт хүлээлгэн өгч Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн Г.О, хүлээн авсан Геологийн албаны мэргэжилтэн Г.А нар гарын үсгээ зуржээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч компаниас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр Ашигт малтмалын газарт хандаж гаргасан, “...хилийн зааг дотор олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлт”-ийг хариуцагч хүлээж авсан боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор шийдвэрлэж хариу өгөөгүй байгаа нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д "өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг, мөн зүйлийн 5-д “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг ойлгоно гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-д иргэн “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” байхаар, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчим үйлчлэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллагын гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунган уг хүсэлтэд албан ёсны хариу өгөх ёстой байхад хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрлээгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн субьектив эрх, Ашигт малтмалын тухай хуулиар олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Иймд “Г х р” ХХК- ийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр гаргасан өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлээгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. “Г х р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн Кадастрын хэлтсийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

“Г х р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссаныг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгож бүртгэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, 53 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”, 53.1.3-д “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж тус тус заасан.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэхээсээ өмнө тус компанийн,  2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр гаргасан өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байсан боловч ийнхүү шийдвэрлээгүй атлаа тусгай зөвшөөрлийг нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, нэхэмжлэгчээс гаргасан 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэснээс нэхэмжлэгч компанид эерэг болон сөрөг нөлөөлөл бүхий үр дагавар үүсэхээр байсан нь тодорхой байх бөгөөд ийнхүү шийдвэрлээгүй байгаа нөхцөлд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрх болон төрийн захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх тухай хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нэхэмжлэл” гэж “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Иймд “Г х р” ХХК-ийн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Хар-Уул нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г х р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Г х р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-017219 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хүчингүй болгож, “Говийн хөгжил ресорс” ХХК- ийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/15 тоот албан бичгээр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН