Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ПЮ5*******70709 тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хураолдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд Ховд аймагт төрсөн. 1975 Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Монголын Хувьсгалт залуучуудын холбооны илгээлтээр хөдөө аж ахуйн салбарт ажиллахаар гарч 1975 оноос 1978 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар ажилласан. Улмаар 1978 онд Багшийн сургууль элсэн орж, 1982 онд сургуулиа төгсөөд тасралтгүй 32 жил багшаар ажиллаж байгаад 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний 1975-1978 оны хооронд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар ажилласан хугацааны тушаал олдохгүй байх тул надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1975 оны 05 дугаар сараас 1978 оны 05 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд 1975 оны 05 дугаар сараас 1978 оны 05 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1315 дугаартай лавлагаа,

            -Х.*******ийн 1209 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

            -Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

            -Гэрч М.*******ын “би 1972-1979 он хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн барилгын бргиадад ажиллаж байхад Х.******* 1975 онд манай бригадад барилгын ажилтнаар ажилд орсон. Тэрээр 1978 он хүртэл ажиллаад ажлаас гарсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч С.ын “би 1976 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн барилгын бригадад ажилд ороход Х.******* ажиллаж байсан. Бид хоёр 1978 он хүртэл хамт ажилласан. Х.******* тус нэгдлийн барилгын бригадад норомчноор ажиллаж байсан. 1978 оноос тэрээр ажлаас гарсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч Б.ийн “Х.******* 1975-1978 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Үйлдвэр бригадад туслах нормын ажилтнаар ажиллаж байсан. Би мөн тус бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

            -Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар зэрэг баримтууд болно. 

Хүсэлт гаргагч Х.*******ийн 1975 оны 05 дугаар сараас 1978 оны 05 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1315 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Х.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Х.*******тэй хамт ажиллаж байсан гэх М.*******, Б. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч М.*******, Б. нар нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн хүсэлт, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

            Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд 1975 оны 05 дугаар сараас 1978 оны 05 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Х.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1975 оны 05 дугаар сараас 1978 оны 05 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА