Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

         Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Сд холбогдох эрүүгийн 2219000020063 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Ч.С

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ч.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, ..... тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр М.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, данх шидэж түүний эрүү тус газарт цохиж, эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед ... баз хүргэн Г гадагшаа гараад дэлгүүрээс дахиад Сэрүүн нэртэй пиво 2 савыг авч ирээд, дөрвүүлээ суугаад уусан. Тэр үед Г “идэх юм байна уу” гээд асуухаар нь би “боов, боорцог л байна” гэхэд эхнэр С хөргөгчнөөс үхрийн татсан гэдэс гаргаж ирээд “энэ М.Мийн гэрээс ирсэн гэдэс, гэдэс ч гэж дээ голдуу цус байна лээ” гээд Гд өгөхөөр нь би “энэ пизда манайхаас ирсэн юмыг дандаа гоочилж байдаг” гэхэд эхнэр С бид 2 жаахан маргалдсан. Эхнэрийн эгч Н “миний дүүг миний хажууд доромжиллоо” гээд ширээн дээр байсан миний гар утсыг аваад над руу шидэхэд оноогүй, шалан дээр унаад дэлгэц нь эвдэрсэн байсан. Тэгэхээр нь би уурлаад Нтай хэрэлдээд байж байтал С цайны данхаар миний эрүүнд 1 удаа цохиход миний эрүү эвгүй болсон. Би өөрөө Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхэд эрүү хугарсан байсан ... Н нь надад Самсунг А50 загварын гар утас авч өгсөн ... Манай эхнэр С надад 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эмчилгээний зардал 803,000 төгрөгийг өгсөн. Гомдол санал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

          Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... С, М.М хоёр сандал дээр суунгаа хэрэлдэж байгаад С гэнэт босож ирээд, М.Мийг баруун гараараа хацарт нь алгадахад М.М “пизда битгий надад хүрээд бай” гээд босохдоо “удам муутай пизданууд” гэхэд эхнэр Н ширээн дээр байсан халбагыг аваад, М.М рүү шидэхэд оноогүй. Хажуугаар нь өнгөрөхөд дахиад ширээн дээр байсан хар өнгийн гар утсыг аваад шидэхэд гэрийн шалан дээр унаад хагарахад М.М “утас хагарчихлаа ш дээ пизда” гэхэд гал тогооны тавилгын хажууд С зогсож байсан ба С данх аваад М.Мийн толгой руу 1 удаа цохисон. Тэр үед М.М “шүд хөдөлчихлөө пизда, Га эд нар чамайг ингэдэг үү” гэхээр нь “чимээгүй бай, улам уурыг нь хөдөлгөөд байна” гэж хэлээд эхнэр Н болон хүүхдээ дагуулаад явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,

           Гэрч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М.М, С 2 маргалдахаар нь би “одоо болио, гэдсийг муухай гэж голоод идэхгүй гэсэн юм алга” гэж хэлэхэд М.М “муусайн удам муутай гичий нар минь хуц” гэх мэтээр доромжлохоор нь би “чи одоо юу гээд байгаа юм” гэж хэлээд ширээн дээр байсан төмөр халбагыг М.М рүү шидэхэд оноогүй. Мөн ширээн дээр байсан гар утсыг М.М рүү шидэхэд оноогүй. Харин “гар утасны дэлгэц хагарчихлаа” гэж Сд өгөхөд “тэгээд яах гээд байгаа юм” гэж хэлэн пар руу савахад юу ч үгүй эвдэрсэн. Намайг манай нөхөр Г барин “гэр бүлийн асуудалд орж яах гээд байгаа юм” гэж хэлээд хөдөлгөөгүй. С, М.М 2 муудаж байхад цайны шаргал өнгийн данх шалан дээр унахаар нь Сг М.М рүү шидчихлээ гэж бодсон. М.М ёо гэж дуугарах шиг болсон ... Би М.Мийн гар утсыг эвдсэн болохоор 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинээр А50 маркийн гар утсыг авч өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Ч.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой ... Г идэх юм асуухаар нь би хөргөгчөөс чанасан үхрийн гэдэс гаргаж өгөхдөө “М.Мийн гэрээс ирсэн” гэж хэлэхэд М.М уурлаад “наад гичий чинь дандаа ингэж байдаг юм” гэхэд эгч Н уурлаад “чи одоо юу гээд байгаа юм” гээд ширээн дээр байсан халбагыг М.М рүү шидэхэд оноогүй. Дахиад ширээн дээр байсан М.Мийн гар утсыг аваад М.М рүү шидэхэд бас оноогүй ба газар унаад хагарсан. Тэгэхэд М.М “удам муутай гичийнүүд” гэхээр нь би уурлаад гал тогооны тавилга дээр байсан цайны данхыг аваад нөхөр М.Мийн нүүр хэсэгт 1 удаа савсан чинь М.М босож ирээд гал тогооны өрөөнд хэрүүл хийгээд 2 тийшээ алхаж байгаад, М.М “миний эрүү эвгүй болчихлоо” гээд гэрээс гараад эмнэлэгт үзүүлэхээр явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-32, 87-88 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/050 дугаартай “... М.Мийн биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №550 дугаартай “... Дэлгэц /А50 самсунг/ 240,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

          Хохирогч М.Мийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 50-68 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Ч.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, ..... тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр М.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, данхаар цохиж түүний эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүндэвтэр хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Ч.Сгийн үйлдлийн улмаас хохирогч М.Мийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/050 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, шинжилгээтэй холбогдуулан тайлбар өгөх хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Ч.С нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

            Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Ч.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ч.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний төлбөр  803,000 төгрөгийг хохирогч М.Мд төлж барагдуулсан, хохирогчоос хохирол, төлбөргүй болохоо мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Ч.Сд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн “...удам муутай гичийнүүд” гэх мэтээр төрсөн эгчийнх нь дэргэд доромжилсон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 1 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох үүрэг хүлээлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 1 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

          3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          4.Шүүгдэгч Ч.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч       Ч.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА