Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/292

 

 

 

                                       

                                        

 

                                              

 

 

 

         

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Э-д холбогдох эрүүгийн 1710 0042 60286 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Н-ын Э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 17-620 тоотод оршин суух иргэн Ц.Д-ын гражын цоожийг эвдэн, нууцаар, хууль бусаар, нэвтрэн орж гагнуурын аппарат, төмөр тасдагч, дамартай цахилгааны утас, 2 аккумлятор зэрэг эд зүйл хулгайлан 591.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч Н.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Сарын 450.000 төгрөгийн цалин авдаг. Би өндөр насны ээж, 2 өнчин дүү нарын хамт амьдардаг. Надаас өөр хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Манай ээж өндөр насны тэтгэвэрт байдаг. Би гэмт хэрэг үйлдэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд архи уух гээд хулгай хийсэн. Хохирогчийн гэр нь цоожтой байсан болохоор би эзгүй байна гэж мэдсэн. Би хохирогчийг танихгүй. Хохирогчийн гараашийн хаалга доороо зайтай байсан. Татахад хаалга нь онгойсон. Би 2 аккумляторыг 40.000 төгрөгөөр, тасдагч, гагнуурын аппарат, дамартай уртасгагчийг 60.000 төгрөгөөр тус тус зарсан. Энэ мөнгийг би архи уухдаа зарцуулсан. Би хохирогчид хохирол төлбөр бүрэн төлж барагдуулан уучлалт гуйсан. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 1710004260286 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

 “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 17-620 тоотод байх хашаа байшин нь миний нэр дээр байдаг юм. ... Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 17-620 тоотод байх хашаа байшингаа эргэх гээд ирэхэд манай хашаанд байдаг гараашийн хаалга нь онгорхой, цоожийг нь эвдээд орхисон байхаар нь би гарааш руугаа ороход ...баруун хойд талын буланд байсан “Кенн” маркийн гагнуурын аппарат, тасдагч, 60 метрын уртасгагч алга болсон байсан.

Гагнуурын аппарат, тасдагч 2 нь улаан өнгийн “Кенн” маркийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн ба 2016 оны 05 дугаар сард 100 айлын Жоби худалдааны төвөөс 270.000 төгрөгөөр, ...шар өнгийн дугуй дамартай 60 метрийн уртасгагчийг 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Онцлог содон шинж тэмдэг байхгүй. ...Манай гэрт урьд нь хулгай орж байгаагүй. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна.

...Би өмнөх мэдүүлэг дээрээ манайхаас 180 ампертай ачааны Хово машины 2 ширхэг аккумлятор алдагдсан байсныг мэдүүлээгүй орхигдуулсан байсан. Аккумлятор бол манайд байсан хово машиных бөгөөд машинаа зараад аккумлятор нь үлдсэн байсныг зарах гээд хадгалж байсан юм. ...1 ширхэгийг нь 110.000 төгрөгөөр үнэлнэ.

...Гагнуурын аппарат 220 киловаттийн хүчин чадалтай, харин уртасгагч 60 метрийн урттай. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манайхаас хулгайлсан 2 ширхэг аккумляторыг хулгай хийсэн хүн нь Яармагийн эцэст хоёрдагч түүхий эд зардаг хүнд өгчихсөн байсныг цагдаа хурааж аваад, хүлээлгэн өгсөн. Харин гагнуурын аппарат, таслагч багаж, уртасгагч зэргийн үнийг төлсөн. Одоо нэхэмлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х,  24х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Оюунцэцэгийн өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 20-343 тоотод өөрийн хашаандаа түүхий эд авдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 04, 05-ны үед байх ажил дээрээ байж байтал Яармагт хуучин байсан өвгөн Төрөө гээд залуу ирээд “хөдөө ажил хийгээд ирлээ, цалин хөлсөө тавихгүй болохоор нь өөрийнхөө унаж байсан машины 2 ширхэг аккумляторыг аваад ирлээ, хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийхгүй бол хичээл ном эхлээд хэцүү байна” гээд 180 амперийн 2 ширхэг аккумлятор 90.000 /ерөн мянга/ төгрөгөөр зарсан юм. Тухайн үед би өөрийнх нь юм гэж бодоод авсан.  

...2 ширхэг аккумлятор өгсөнийхөө маргааш нь билүү, нөгөөдөр нь том машины 2 ширхэг толь барьчихсан “авах уу” гэж ирэхэд нь “манайх толь авдаггүй” гэж хэлээд Төрөөд “чи одоо том машин тонож зараад байгаа юм уу” гэж асуусан чинь “үгүй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,

 

3. Хохирогч Ц.Д-ын хулгайд алдагдсан гэх гагнуурын аппаратыг 108.000 төгрөгөөр, Кенн брендийн төмөр тасдагч 51.000 төгрөгөөр, дамартай 60 м цахилгааны утас 36.000 төгрөгөөр, Хово маркийн автомашины аккумляторын нэг бүрийн үнийг 198.000 төгрөг гэж тус тус үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан баримтууд /хэргийн 34-35х, 39-40х, 74-75х/,

 

4. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ХУ2-18-405 тоот дүгнэлтэд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 198.000 /нэг зуун ерэн найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хэргийн 74-75х/,

 

5. Хэргийн газарт /Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонтын 17-620 тоот/  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-15х/,

 

6. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 16-17х/

 

7. Хохирогч Ц.Д-ын Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 68х/,

 

8. Шүүгдэгч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож байгааг зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулах болно. Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 13-539 тоотод оршин суудаг байсан юм. Уг хаягнаас 2017 оны 05-р сарын дунд үеэс нүүж аав ээж Нямаа болон 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 2-45 тоотод оршин суудаг болсон.

Би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Яармагийн шинэ эцсийн 52 нэртэй худалдааны төвийн гудамжинд хүмүүстэй архи уусан юм. Тэгээд архи дуусахаар нь Сонсголонгийн 17 дугаар гудамжны 622 тоотод байдаг танил ах Пүүжээ ахынд очсон. Тэгээд очихынхоо өмнө дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи худалдаж авсан юм. Пүүжээ ахынд очиход Пүүжээ ах гэртээ ганцаараа байсан ба дэлгүүрээс худалдаж авсан 0.5 литрийн Хараа архиа хувааж уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусчихаад 17:00 цагийн үед гэрээс нь ганцаараа гараад алхаад явж байхад хажууханд байдаг айл эзэнгүй харагдахаар нь хашааг нь урд талаас нь давж ороод, хашаанд нь байсан гараашийн хаалга модоор дарчихсан, хаалга нь доогуураа зайтай хятад цоожтой байхаар нь зай гарсан хэсгээр нь орох гэсэн боловч багтахгүй болохоор нь татаж онгойлгоход цүүгээрээ салаад, цоож нь мултраад уначихсан.

Тэгээд гарааш руу орж хойд талын буланд шар дарамтай уртасгагч, улаан оруулгатай никель өнгөтэй гагнуурын аппарат, 180 вт хүчин чадалтай 2 ширхэг аккумлятор, төмөр тасдагч байхаар нь нэг нэгээр нь зөөж, хашааны хойд талаар нь давуулаад хашааны буланд нь бөөгнүүлж тавьсан. Тухайн үед би хашааны хойд талаас нь давж гарахад ойр хавьд ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд би цагаан худагны хажууд ...танихгүй хүүхэд ус аваад явж байхаар нь “ах нь юм зөөчихөөд өгье” хэлээд нөгөө хүүхдээс усны тэргийг нь аваад, ....хулгайлж авсан эд зүйлээ усны тэргэн дээр тавиад Яармагийн шинэ эцсийн тэнд ...зам дээр зогсож байсан саарал өнгийн жийп машинтай 50 гаруй насны хүнд тасдагч, гагнуурын аппарат, дамартай уртасгагчийг нийт 60.000 төгрөгөөр зарсан.

Харин үлдсэн 2 ширхэг 180 вт-н хүчин чадалтай аккумляторыг Яармагийн 52 худалдааны төвийн баруун урд талын үзүүрт байдаг Оюунаа гэдэг түүхий эд худалдаж авдаг эмэгтэйд 40.000 төгрөгөөр өгсөн. ...Эд зүйлээ зарсан мөнгөөрөө тэр хавьд байдаг архичидтай хамт архи уугаад дуусгасан. Би хулгай хийхдээ ганцаараа явж байсан, өөр ямар нэгэн хүнтэй хамт яваагүй. Тэр үед би эхнэрээсээ салаад, сэтгэл санаагаар унаад архи уусан үедээ хулгайн гэмт хэрэг үйлдсэн байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би тасдагч, гагнуурын аппарат, дамартай уртасгагчийг худалдаж авсан хүнийг нь урд өмнө харж байгаагүй. Ямар улсын дугаартай, ямар маркийн машин байсныг мэдэхгүй байна. Би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ДЭХАШ-ны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 55х, 57-58х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 59х/, гэрч Н.Есөнцэлмэгийн мэдүүлэг /хэргийн 32х/,  Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт хуульд заасан үндэсэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Э-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Н.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 17-620 тоотод оршин суух иргэн Ц.Д-ын гараашийн цоожийг эвдлэн нэвтрэн орж дотор нь байсан гагнуурын аппарат, төмөр тасдагч, дамартай цахилгааны утас, 2 ширхэг автомашины аккумляторыг хулгайлан авч хохирогч Ц.Д-ын эд хөрөнгөд 591.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- хохирогч Ц.Д-ын: “...би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 17-620 тоотод байх хашаа байшингаа эргэх гээд ирэхэд манай хашаанд байдаг гараашийн хаалга нь онгорхой, цоожийг нь эвдээд орхисон байхаар нь би гарааш руугаа ороход ...баруун хойд талын буланд байсан “Кенн” маркийн гагнуурын аппарат, тасдагч, 60 метрын уртасгагч алга болсон байсан. ...Гагнуурын аппарат, тасдагч 2 нь улаан өнгийн “Кенн” маркийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2016 оны 05 дугаар сард 100 айлын Жоби худалдааны төвөөс 270.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Харин шар өнгийн дугуй дамартай 60 метрийн уртасгагчийг 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Онцлог содон шинж тэмдэг байхгүй. ...Мөн манайхаас 180 ампертай, ачааны Хово машины 2 ширхэг аккумлятор алдагдсан байсныг мэдүүлээгүй орхигдуулсан байна. Аккумлятор нь манайд байсан Хово машиных бөгөөд машинаа зараад аккумлятор нь үлдсэн байсныг зарах гэж хадгалж байсан. Аккумлятор нь 1 ширхэг нь 110.000 төгрөгийн үнэтэй. Хулгай орсон гарааш нь, хашаа байшингийн хамт миний өмчлөлд нэр дээр байдаг юм. ...Гагнуурын аппарат 220 киловаттийн хүчин чадалтай, харин уртасгагч 60 метрийн урттай. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манайхаас хулгайлсан 2 ширхэг аккумляторыг хулгай хийсэн хүн нь  Яармагийн эцэст хоёрдагч түүхий эд зардаг хүнд өгчихсөн байсныг цагдаа хурааж аваад надад хүлээлгэн өгсөн. Харин гагнуурын аппарат, таслагч багаж, уртасгагч зэргийн үнийг төлсөн. Одоо би гомдолгүй учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

- гэрч Ц.Оюунцэцэгийн өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 20-343 тоотод өөрийн хашаандаа түүхий эд авдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 04, 05-ны үед байх ажил дээрээ байж байтал Яармагт хуучин байсан өвгөн Төрөө гээд залуу ирээд “хөдөө ажил хийгээд ирлээ, цалин хөлсөө тавихгүй болохоор нь өөрийнхөө унаж байсан машины 2 ширхэг аккумляторыг аваад ирлээ, хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийхгүй бол хичээл ном эхлээд хэцүү байна” гээд 180 амперийн 2 ширхэг аккумлятор 90.000 /ерөн мянга/ төгрөгөөр зарсан юм. Тухайн үед би өөрийнх нь юм гэж бодоод авсан юм. ...2 ширхэг аккумлятор өгсөнийхөө маргааш нь билүү нөгөөдөр нь том машины 2 ширхэг толь барьчихсан “авах уу” гээд ирэхээр нь “манайх толь авдаггүй” гэж хэлээд Төрөөд “чи одоо том машин тонож зараад байгаа юм уу” гэж асуусан чинь “үгүй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,

- Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонтын 17-620 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-15х/,

- Хохирогч Ц.Д-ын хулгайд алдагдсан гэх гагнуурын аппаратыг 108.000 төгрөгөөр, Кенн брендийн төмөр тасдагч 51.000 төгрөгөөр, дамартай 60 м цахилгааны утас 36.000 төгрөгөөр, Хово маркийн автомашины аккумляторын нэг бүрийн үнийг 198.000 төгрөг гэж тус тус үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан баримтууд /хэргийн 34-35х, 39-40х, 74-75х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.   

 

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж үнэ төлбөргүйгээр, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болно.   

 

Шүүгдэгч Н.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 17-620 тоот дахь иргэн Ц.Д-ын гараашийн цоожийг эвдлэн нэвтрэн орж, уг гарааш дотор байсан гагнуурын аппарат, төмөр тасдагч, дамартай цахилгааны утас, 2 ширхэг Хово маркийн автомашины аккумлятор зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, хохирогч Ц.Д-ын эд хөрөнгөд  591.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч нь эд зүйлсийг зарж борлуулан архи авч уух гэсэн шууд санаатай шунахай сэдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.  

 

Иймд шүүгдэгч Н.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.

 

Хохирогч Ц.Д-ын хулгайд алдагдсан гагнуурын аппаратыг 108.000 төгрөгөөр, Кенн брендийн төмөр тасдагч 51.000 төгрөгөөр, дамартай 60 м цахилгааны утас 36.000 төгрөгөөр, Хово маркийн автомашины аккумляторын нэг бүрийн үнийг 198.000 төгрөг гэж тус тус үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан баримтууд /хэргийн 34-35х, 39-40х, 74-75х/ хэрэгт авагдсан тул уг үнэлгээний тайланг шүүх үнэн зөвд тооцсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нийт 591.000 /таван зуун ерэн нэгэн мянга/ төгрөг гэж тогтоосныг үндэслэл бүхий гэж дүгнэлээ

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн хохирогч Ц.Д-д хулгайд алдагдсан эд зүйлсээс 396.000 төгрөгийн үнэ бүхий 2 ш Хово маркийн автомашины аккумляторыг биет байдлаар нь хохирогчид буцаан өгсөн, үлдсэн эд зүйлс болох гагнуурын аппарат, таслагч багаж, уртасгагч зэргийн үнийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 16-17х/, хохирогч Ц.Д-ын “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. манайхаас хулгайлсан 2 ширхэг аккумляторыг хулгай хийсэн хүн Яармагийн эцэст хоёрдагч түүхий эд зардаг хүнд өгчихсөн байсныг цагдаа хурааж аваад надад хүлээлгэн өгсөн. Харин гагнуурын аппарат, таслагч багаж, уртасгагч зэргийн үнийг төлж барагдуулсан. Одоо би гомдолгүй учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/, мөн түүний “...миний бие нь Н.Э-д гомдолгүй, миний хохирлыг төлж барагдуулсан. Би шүүх хуралд оролцохгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, надад гомдол санал байхгүй.” гэсэн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт баримтаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгч Н.Э-ийн хувьд энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзэв.   

 

Шүүгдэгч Н.Э- нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэгдсэн талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 55х, 57-58х/ авагдсан бөгөөд уг хугацаа тогтоосон дээрх нэг жилийн хугацаа нь 2015 оны 05 сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон байна.  

Иймд шүүгдэгчийг өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон гэж үзэх бөгөөд энэ нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заажээ.

 

Шүүх, шүүгдэгч Н.Э- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.  

 

Түүнчлэн шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар болон бэлэн мөнгөөр нь нөхөн төлж гэм хорыг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хэргийн үйл баримт болон гэм буруугын талаар маргаагүй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт Н.Э- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохиролд тооцож төлөх төлбөргүй, хохирогч Ц.Д- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-ын Э-ийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Э-д 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Э-д оногдуулсан 01 жил /нэг/ 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт Н.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Д- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД