Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/509

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Ням-Очир, шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, Д.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б овогт М-ийн С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802000000191 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн командын инженер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б овогт М-ийн С,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.С- нь БНХАУ-ын “Ч”-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Амгалан дулаан станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх”  CMEC2013C4050 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд “Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол улсын татвар ногдуулах дараах татвар, хураамжуудыг гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч тал болох БНХАУ-ын  “Ч” /C/ нь Монгол улсад төлөгдөх татвар, хураамжийг хариуцахаар үүрэг хүлээсэн байхад албан тушаалын эрх мэдлийг урвуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд Монгол улсад ногдуулах татвар хураамжийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасныг танилцуулалгүйгээр “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад ...газар чөлөөлөх, төмөр зам барьж байгуулах ...зэрэг тооцохгүй үлдээчихсэн ажлууд нэмэгдсэн учраас Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй байна...” гэсэн бодит үндэслэл, тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, уг хуралдаанд оролцсон гишүүдээр тухайн асуудлыг дэмжүүлж Засгын газрын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-1/38 дугаартай албан бичгээр Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр батлан гаргуулж тухайн хуулиудын дагуу Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг батлуулж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж БНХАУ-ын “Ч” /СМЕС/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8,731,362,025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж Монгол улсын эрх, ашиг сонирхолд 8,484,264,045 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн яллагдагч М.С- нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаар тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих /Дархан-Уул/” (ХХYI.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжавыг томилуулж улмаар түүнд “Тендерт оролцож буй компаниудаас “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, тус компанийн Ерөнхий захирал А.Хайратын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжав нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчиж үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 гишүүнээс П.Энхцэлмэг, Б.Баттөмөр, Г.Туяахүү, Б.Өрнөхбаяр, Р.Дорж нар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, дээрх журамд заасны дагуу ирц бүрдээгүй байхад тухайн гишүүдийг оролцсон мэтээр  хууль бусаар хурлын ирцийг бүрдүүлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсаны төлөө өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-уудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээндээ тендер зуучлалын хөлс /2014.05.16-ны өдрийн ЭХА-31/14/ гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800,000,000 төгрөгийг авна гэж тусган, гэрээгээр халхавчлан “Хотгор зам” ХХК-ийн ерөнхий захирал А.Хайратаас:

- Өөрийн хүү С-ийн Д-ын эзэмшлийн Хаан банкин дахь 5085031818 дугаарын дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөг,

- Мөн С.Д-ын эзэмшлийн Голомт банкин дахь 2105103199 дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, мөн өдрөө 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг,

- Мөн өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5043023012 дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200,000,000 төгрөгийг, нийт 266,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.С-: “Би өөрийгөө гэм буруутай үйлдэл хийж хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Засгийн Газрын гишүүн болон Эрчим Хүчний яамны сайдын нэрийн өмнөөс ажлыг хийж, гүйцэтгэж байсан. Миний зүгээс зохиомол гэмт хэрэгт холбогдож буйд санаа зовниж байна. Яамны ажилчид гүйцэтгэгч болон бодлого стратеги төлөвлөлт зохицуулалтын газарт хуваагдана. Амгалан дулааны цахилгаан станцын ажилчид бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын хүмүүсийн тушаалыг биелүүлдэг. Харин Эрчим Хүчний яамны бодлого, төлөвлөлт, зохицуулалтыг Гадаад харилцааны газрын дарга, хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим Хүчний яамны төрийн нарийн бичиг, дэд сайд, сайд гэх хүмүүс шийдвэр гаргадаг. Эрчим Хүчний сайд бүрэн эрхийнхээ хүрээнд эрчим хүчний байгууламжийн бүтээн байгуулалт, хэрэгжилт зэрэгт анхаарал хандуулж ажиллах үүрэгтэй тул бид нарт гарч ирсэн асуудлыг яамандаа шийдэж, түүндээ засвар оруулж Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газрын 16 гишүүн гаргаж ирсэн асуудлыг олон талаас нь хэлэцэж нэгдсэн шийдвэрт хүрдэг. Дараа нь Улсын Их Хуралд асуудлыг өргөн барьснаар эцсийн шийдвэр гардаг ба Улсын Их Хурал Засгийн газрын өргөн барьсан асуудлаар шинэ хууль баталж байсан. Улсын Их Хурлын 76 гишүүн бүр асуудлыг эцсийн байдлаар хэлэлцэж шийдвэр гаргахдаа нэг санал өгөх эрхтэй. Тиймээс улсын яллагчийн намайг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ямар байдлаар Улсын Их Хурлын гишүүдийг залилж хууль батлуулсан талаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ойлгохгүй байгаа учраас улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тендерт ялсан “Хотхор зам” ХХК ажлаа гүйцэтгэж дуусгасан байдаг. Тухайн тендерийг Эрчим Хүчний яам бус Сангийн яам зохион байгуулсан байдаг. Тиймээс яллах дүгнэлтэд намайг ямар байдлаар тендерт нөлөөлж шийдвэр гаргахад нөлөөлсөн талаар ойлгохгүй байна” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй холбоотой хэрэгт авагдсан бичгийн баримтууд:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гадаад улсаас Монгол Улсад үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирж байгаа бараа, материал, ажил үйлчилгээ, хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцсон хэлэлцээрийн дагуу орж ирж байгаа бараа, материал, ажил үйлчилгээг Монгол Улсын хууль гаргаж татвараас чөлөөлж болно. Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын Чтай байгуулсан гэрээний үнийн дүнд татвар багтсан байна. Монгол Улсын Их хурлаас Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг Гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль гарсан байна. Энэ хуулийг хэрэгжүүлж, уг компанийг татвараас чөлөөлөх ёстой боловч татвар ногдох хэмжээгээр гэрээний үнийн дүнд өөрчлөлт орох ёстой. Монгол Улсын Их хурлаас хууль гаргаж татвараас чөлөөлсөн тохиолдолд ямар бараа материалыг татвараас чөлөөлөх вэ гэдэг жагсаалтыг Засгийн газраас баталж өгдөг. Засгийн газрын тогтоолд дурдсанаас өөр төрлийн бараа материалыг чөлөөлөх ёсгүй. Амгалан дулааны цахилгаан станцын хувьд 8,731,362,025 төгрөгийн татвар чөлөөлсөн бол энэ үнийн дүнг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцох ёстой. Тэгэхээр БНХАУ-ын Чд олгосон 75.9 сая ам доллараас 8,731,362,025 төгрөгийг хасаж тооцох ёстой байсан...” /1-р хх-ийн 14-15/ гэсэн,

Гэрч С.Батзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод Амгалан дулааны станцыг улсын төсөв болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр барихаар шийдвэрлэсэн. Тухайн үед Хөгжлийн банкинд Амгалан дулааны станцыг барих 75,9 сая ам.долларыг шууд гаргаад өгөх эх үүсвэр хязгаарлагдмал байсан тул эх үүсвэрийг нь Засгийн газраас шийдэж өгсөн. Шийдэж өгөхдөө БНХАУ-тай хоёр улсын харилцан тохиролцсон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хятадын Хөгжлийн банкнаас манай банкыг 162 сая ам.долларын зээл авахыг зөвшөөрсөн. Энэ 162 сая ам.доллараас манайх Амгалан дулааны станцын санхүүжилтийн 75,9 сая ам.долларыг гаргахаар шийдвэрлэсэн. Амгалан дулааны станцыг барьж гүйцэтгэх ажлыг БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацаар хийлгэхээр тохирч Эрчим хүчний яам гэрээг шууд уг компанитай байгуулсан байсан. ...Хөгжлийн банкны Төлөөлөн удидах зөвлөлийн 2014 оны 81 дүгээр тогтоолоор Хөгжлийн банкнаас Эрчим хүчний яаманд 75,9 сая ам долларын зээл олгох шийдвэр гарсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яам, Эрчим хүчний яам, Хөгжлийн банкны төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гурвалсан гэрээг байгуулсан. Энэ гэрээн дээр санхүүжилтийг ямар шаардлага хангасны дараагаар олгох талаар тодорхой тусгаж өгсөн байгаа. Манай банк зээлийг Эрчим хүчний яамны хүсэлтийн дагуу холбогдох материалыг нь хянаж үзээд олгодог байсан. Яам, гүйцэтгэгч компани хоёрын хооронд байгуулсан гэрээгээр төслийн гүйцэтгэлээр санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт орж дүн буурсаныг мэдээгүй тул 17,410,000 ам.долларын санхүүжилтийг олгосон...” /1-р хх-ийн 16-17, 18-19, 20/ гэсэн,

Гэрч Э.Уянга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоол гараад манай банкинд ирсэн, бид нөгөө талдаа энэ төсөлд чинь манай банк ямар үүрэгтэй хэрхэн яаж оролцох нь тодорхойгүй байна гэдэг саналаа хэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 155 дугаар тогтоолоор Амгалан дулааны станцын санхүүжилтэд манай банкыг санхүүжилтийн баталгаа гаргахыг зөвшөөрсөн. Ингэж манай банк төсөлд оролцох нь тодорхой болсон. Уг тогтоолын дагуу Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамтай манай банк гурвалсан “Баталгааны төлбөрийг эргэн төлөх нөхцөлийг тохиролцох” гэрээг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Баталгаа гаргаснаас хойш манай банк тухай бүр гүйцэтгэлийн материалыг аваад төслийн хэрэгжилттэй танилцаж байсан. 2014 оны улсын төсөвт Амгалан дулааны станцын санхүүжилт суух ёстой байсан боловч санхүүжилт суугаагүй ба 2015 оны улсын төсөвт уг мөнгө суух нь эргэлзээтэй болсон тул Амгалан дулааны станцын санхүүжилтийг яаж хийх нь тодорхойгүй болсон. Яг энэ үед Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 116 дугаар тогтоолоор манай банкыг Хятадын Хөгжлийн банктай 162 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрч зөвшөөрөл олгосон. Уг зээлээс Амгалан дулааны станцын санхүүжилтийг хийхээр болсон...” /1-р хх-ийн 21-22/ гэсэн,

Гэрч Г.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрчим хүчний яаманд Амгалан дулааны станцын санхүүжилтэд зориулж нийт 75,9 сая ам долларын зээлийг олгосон. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Улсын Их хурлын 81 дүгээр тогтоол, Засгийн газрын мөн өдрийн 219 дүгээр тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын 42 дугаартай тогтоолуудаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн багцийг Хөгжлийн банкнаас Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Эрчим хүчний яамтай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоогүй дээрх шийдвэрүүд гарсан тул Эрчим хүчиний яаманд олгосон зээлийг яаманд нь шилжүүлж өгөөд зээлийг хаасан. Одоо манайд Амгалан дулааны станцтай холбоотой зээлийн өглөг, авлагын тооцоо байхгүй...” /1-р хх-ийн 23, 24/ гэсэн,

Гэрч Г.Одонтуул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулинд Амгалан дулааны станцын санхүүжилтэд 66.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан байсан. Амгалан дулааны станцад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга ажлын гүйцэтгэлийн тайланг нь баталгаажуулж, Хөгжлийн банкинд ирүүлэхэд гэрээний дагуу манайх гүйлгээ хийдэг байсан. Энэ зарчмаараа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Дэлгэрцогтоос 22.77 сая ам долларын санхүүжилт олгож өгөхийг хүссэн байна. Үүнийх нь дагуу Мөнхбат захирлын зөвшөөрлөөр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17.4 сая ам долларын гүйлгээ хийх шийдвэр гарсан. Манайх зээлийн шийдвэрийн дагуу зарлагын гүйлгээ хийхдээ эх үүсвэрээсээ шалтгаалаад зарлагын гүйлгээ хийдэг...” /1-р хх-ийн 32-33/ гэсэн,

Гэрч Ц.Алтангадас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани Амгалан дулааны станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Техник эдийн засгийн үндэслэлийг манай компани боловсруулаад урьдчилсан технологийн схем буюу ажлын даалгавар боловсруулдаг. Гүйцэтгэгч компани манай боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан технологийн схем зураг ажлын даалгаварт нийцсэн байх ёстой. Үүнийг тухайн компани дизайн зургаа гаргаад яамаар шалгуулж баталгаажуулаад барилга угсралтын зургаа хийдэг. Манайх техник эдийн засгийн үндэслэл боловсруулахдаа хамгийн сүүлийн үеийн байгальд хор хөнөөлгүй, агаар бохирдуулдаггүй эргэлтэт буцламтгай шаталттай зуухны технологийг сонгосон. Ингэснээр зуухнаас гарах утаанд агуулагдах хорт бодисыг 99.99 хувь шүүдэг. Мөн үнсээ хуурайгаар ялгаж, хадгалж байгаад тусгай машинаар зайлуулдаг, вагон хөмрөгч буюу нүүрсийг автоматаар вагоноос буулгах төхөөрөмжийг техник эдийн засгийн үндэслэлд оруулж өгсөн нь Монгол Улсад анх удаа шинэ технологи болж өгсөн. Манай ажлын даалгавараар Амгалан дулааны станцын вагон хөмрөгч хийгдсэн. Манай өгсөн ажлын даалгаврын дагуу Амгалан дулааны станцын бүх ажил хийгдсэн. Манайх техник эдийн засгийн үндэслэл хийхдээ Амгалан дулааны станцын хөрөнгө оруулалтын зардлыг 75 сая ам доллар байхаар зураг хийсэн...” /1-р хх-ийн 49-50, 51-52/ гэсэн,

Гэрч П.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үнэлгээний хороо байгуулагдахаас өмнө ажлын хэсэг гараад БНХАУ, БНСУ, ОХУ руу явж газар дээр нь туршлага судалж ирсэн. Манай үнэлгээний хороо байгуулагдахад уг ажлын хэсгээс манай үнэлгээний хороонд тендерийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэж үзсэн 12 компанийн нэр өгсөн. Уг 12 компани руу манай ажлын хэсгээс Амгалан дулааны станцын тендерт оролцооч гэж урилга явуулсан, урилгын дагуу ирүүлэх саналын хугацаа нь богино байна гээд үнийн санал ирүүлэх хугацааг ямар ч байсан хоёр удаа сунгасан. Хугацаа дуусаад материал хүлээж авахад 12 компаниас БНХАУ-ын дөрвөн компани материалаа ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо хуралдаад дээрх дөрвөн компанийн материалтай танилцаад БНХАУ-ын СМЕС гэж компанийг сонгоод сайдад зөвлөмж хүргүүлсэн. Энэ компани шалгарч ажил хийгээд сүүлийн хэдэн жил нэр нь сонсогдоод байдаг байсан. Ажлын хэсэг нийт таван удаа хуралдаад би бүгдэд нь оролцсон, тав дахь хурлаар материал ирүүлсэн компаниудын материалыг үнэлээд сайдад танилцуулахаар болж ажлын хэсгийн үүрэг дууссан...” /1-р хх-ийн 56-57/ гэсэн,

Гэрч Ц.Баярбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Олонхийн саналаар СМЕС-ийг сонгосон, СМЕС-ийг үнэлгээний хороо хамгийн бага үнийн санал өгсөн, ажлын туршлагатай, дээр нь хугацааны хувьд түргэн барьж ашиглалтанд оруулна гэснийг харгалзан үзэж сонгосон байсан. ...СМЕС-ээс гэрээнд тусгагдаагүй ажил гээд 200 гаруй ажлын жагсаалт гаргаж үзүүлж байсан, би тийм юм байхгүй, түлхүүр гардуулах нөхцөл гэдэгт наад ажлаа бүгдийг нь станцын ажилдаа багтааж хий гэдэг шаардлагыг тавиад жагсаалтыг хянаж үзээд ихэнх ажлыг нь хасаад дээр дурдсан ажлууд болон зөвшөөрч болох бусад ажлыг хянаж, жагсаалт гаргаж өгч байсан.

...Гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудалд би оролцоогүй, СМЕС-ийг яагаад татвараас чөлөөлөх болсныг мэдэхгүй. Би яамыг төлөөлж ажлын хэсэгт ажиллаж СМЕС-тэй харилцаж байхдаа зөвхөн техниктэй холбогдолтой маргаантай асуудал гарвал шийдэх, зураг төсөл болон барилга угсралтын ажил хоёр зөрж байвал түүний шийдлийг гаргаж өгөх ажлыг хийж байсан. ...Миний хувьд татвараас чөлөөлж өгөөч гэж танилцуулж байгаагүй, би зөвхөн техникийн талын асуудлыг хариуцаад явж байсан, санхүүгийн асуудалд оролцож байгаагүй. Би сайдад Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлын явц болон техникийн талаас нь танилцуулаад явж байсан, санхүүгийн талаас танилцуулж байгаагүй. ...Бодлогын хэрэгжилтийн газар сайдад гааль болон НӨАТ-аас чөлөөлж өгөхгүй бол болохгүй гэж танилцуулж байгаагүй. ...Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг манай газар бэлтгэж өгч хэлэлцүүлээгүй. ...СМЕС-ээс эхний ээлжинд тавьж байсан асуудалд 1. Дулааны станцыг барих газрыг цэвэрлэх, 2. Барилга барих талбай руу орж ирсэн голын голдирлыг өөрчлөх, 3. Барилгын гадна талын хамгаалалтын хашааг барих гэсэн асуудлуудыг гаргаж ирсэн. Гэрээгээр дээрх бүх асуудлыг гүйцэтгэгч тал хариуцна гэж тусгаагүй болохоор захиалагч хариуцахаар болоод байсан.

Миний хувьд СМЕС-ийг та нар тендерт шалгарсан болохоор газрын доорх суурийн хог болон хамгаалалтын хашаагаа өөрсдөө барьцгаа, харин голын голдирлыг өөрчлөх шилжүүлэх асуудлыг би яамны удирдлагад танилцуулж өгье, эхний ээлжинд танайх хийцгээ гэж хэлсэн. Тухай бүр гарч байгаа асуудлыг төрийн нарийн бичгийн даргад танилцуулж байсан...” /1-р хх-ийн 92-93, 13-р хх-ийн 245-246/ гэсэн,

 

Гэрч Г.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Гэрээгээр Амгалан дулааны станц барих газрын газар шорооны ажлыг яам хариуцах ёстой байсан боловч энэ ажлыг СМЕС хийж гүйцэтгэсэн. 800 орчим метр газар Эрчим хүчний яам төмөр зам тавьж өгөх ёстой байсан боловч тавьж өгөөгүй, үүнийг СМЕС өөрсдөө тавьсан. Цахилгаан дулаантай холбоотой асуудал, гэрээ сунгаж ажил гүйцэтгэсэнтэй холбоотой гадаад ажилчдын ажлын байрны төлбөрийг СМЕС болон хятадын тал хариуцаж байсан. Гэрээнд тусгагдаагүй ажил хийгдсэн гэж гэрээний үнэ өөрчлөгдөөгүй...” /1-р хх-ийн 94-95/ гэсэн,

 

Гэрч Д.Зоригт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнууд надад танилцуулахдаа техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан жишиг үнэд төслийн гэрээний нийт зардал багтаж байгаа, Засгийн газрын тогтоолд заасан үнэд мөн адил энэ станц багтаж баригдаж байгаа гэж байсан. Гэхдээ олон төрлийн зардлыг тооцоогүй, дутуу тооцсон байна, тэр нь их хүндрэл учруулж байсан. Гааль болон НӨАТ-ын зардлыг гэрээнд яаж тусгасан талаар яриагүй, Улсын Их хурлаас шийдвэр гаргаад татвараас чөлөөлсөн нь энэ салбарт том дэмжлэг болсон гэж байсан...” /1-р хх-ийн 106-107/ гэсэн,

 

Гэрч Б.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаа уг станцыг Монгол Улсын Эрчим хүчний хууль, барилгын хууль тогтоомжид нийцүүлэн бариулах, мөн гүйцэтгэгч СМЕС компанийг Монгол Улсын хууль тогтоомжийн мэдээллээр хангах, барилгыг богино хугацаанд чанартай барьж гүйцэтгүүлэх зорилгоор байгуулагдаж ажиллаж байсан. СМЕС-тэй байгуулсан гэрээгээр уг станцыг 18 сарын дотор барьж ашиглалтанд оруулахаар тохирсон, их шахуу ажил байсан. ...СМЕС-ээс манай ажлын хэсэгт төсөв мөнгө хүрэхгүй байна гэж хүсэлт тавьж байгаагүй, ийм ажил хийлээ, үүний мөнгийг оруулж өг гэж материалаа өгдөг байсан. ...СМЕС-ийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх болсныг мэдэхгүй байна. Хятадууд яамны удирдлагатай харьцаад явчихдаг байсан, анхны үндсэн том гэрээн дээр хятадууд татвараа хариуцахаар тохирсон байсан боловч сүүлд нэмэлт ороод татварыг Монгол тал хариуцахаар болсон, үүний шалтгааныг мэдэхгүй, яамны удирдлагууд мэдэж байгаа. Татвараас нийт 8 орчим тэрбум төгрөг чөлөөлсөн гэдгийг санаад байгаа юм. ...СМЕС-ээс гэрээнд тусгагдаагүй нэмэлтээр хийж гүйцэтгээд энэ ажлынхаа тайланг гаргаж манай төслийн нэгжид ирүүлсэн. СМЕС-ээс ирүүлсэн нэмэлт ажлын тайлан нь гүйцэтгэгчээс бид нар ийм ажил хийсэн, энэ ажлынхаа зардлыг гаргуулж авна гэж ирүүлж байгаа хүсэлт гэж ойлгосон. Гэрээнд нэмэлт ажлын талаар тусгасан зүйл байгаагүй. СМЕС-ээс ирүүлсэн нэмэлт ажлын тайланг манай төслийн нэгж хүлээн аваад нэг бүрчлэн үзээд уг ажлуудыг нэмэлт ажилд тооцох үгүйг хянаад яаманд хүргүүлж байсан, нэмэлт ажилд тооцох үгүйг бид нар шийдэхгүй, энэ асуудлыг яам шийдэх эрхтэй. ...СМЕС-ээс нийт 8,511,584,311 төгрөгийн нэмэлт ажил хийсэн гээд зардлаа нэхэмжилсэн, СМЕС хийсэн ажлаа хэтэрхий өндөр үнээр үнэлж байна, дээр нь тухайн ажил нь гэрээгээр нэмэлт ажилд тооцогдох үгүйг хянаж үзэх зорилгоор манайх инженерүүдээ гаргаад СМЕС-ээс ирүүлсэн нэмэлт ажлын зардлыг гаргуулахаар ажилласан. Үүний үр дүнд 5,797,169,320 төгрөгний үнэ бүхий нэмэлт ажил тооцож болно, харин 2,714,417,990 төгрөгний ажлыг нэмэлт ажилд тооцохгүй, гэрээгээр гүйцэтгэгч хийх ёстой гэж үзээд тооцоогүй. Нэмэлт ажлаар тооцож болох 5,797,169,320 төгрөгийн ажлаас санхүүгийн баримтын шаардлага хангасан 2,410,708,352 төгрөгийн ажил байна гэж тооцсон.

...СМЕС-с нэмэлт ажлын зардлыг шийдвэрлэж өгнө үү гэж Эрчим хүчний яаманд санал хүргүүлж байсан харин татвараас чөлөөлөх асуудлаар манайхаас санал гаргаж байгаагүй, татварын асуудлыг бид нар ерөөсөө мэдэхгүй...” /1-р хх-ийн 238-239, 241-243, 244, 13-р хх-ийн 247/ гэсэн,

 

Гэрч Ч.Цогтсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...СМЕС-ээс гэрээнд тусгагдаагүй ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн, гэрээнд тусгагдаагүй боловч хийж гүйцэтгэсэн ажлын тайлан манай компани дээр байгаа.

СМЕС-ээс нийт 20 ажлыг хийж гүйцэтгэсэн гэж зардлын тайлан болон холбогдох баримтуудаа ирүүлж байсан, гэхдээ 20 ажлыг хийгээд нэг дор бүгдийнх нь баримтыг ирүүлээгүй, ажил нэг бүрээр тус тусад нь баримтаа ирүүлж байсан.

...СМЕС-с анх 8,511,578,311 төгрөгийн нэмэлт ажлыг тооцуулахаар санал ирүүлсэн ба манайх судалж үзээд тэдний өгсөн үнийн саналаар тооцож үзэхэд 5,797,169,320 төгрөгийн ажлыг нэмэлт ажилд тооцож үзэж болохоор байсан боловч үүнээс санхүүгийн баримтын бүрдлийг нь нягталж үзээд 2,714,417,990 төгрөгний ажлыг хүлээн зөвшөөрч болно гэж санал гаргасан. СМЕС-ээс ирүүлсэн ажлын тооцоог 2014 оны 11 дүгээр сараас эхэлж бодож эхэлсэн ба 2015 оны 6 сарын 15-ны өдөр гэхэд санал эцсийн байдлаар нэгтгэж гаргасан...” /1-р хх-ийн 247-248/ гэсэн,

 

Гэрч Донг Ли Ли мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани тендерт оролцохоор үнийн санал ирүүлэхдээ 60,000,000 ам долларын үнийн санал ирүүлсэн, гэхдээ дараа манай компани дахиж үнийн санал өгсөн ба тэгэхдээ 75,900,000 ам доллар болгож өгсөн. Ингэж үнийн санал өгөх болсон шалтгаан нь нүүрстэй вагон хөмөрч нүүрс буулгах автомат хөмрөгч, вагон хөмрөгчөөс буулгасан нүүрсийг автоматаар зуух руу зөөх технологийг нэмж суурилуулах шаардлагатай болсон. Анх манай өгсөн үнийн саналд вагоноос нүүрсийг ингэж автоматаар буулгахгүй гэж техникийн саналаа өгч байсан. Мөн Амгаланд хоёр ширхэг машин шинээр худалдаж авч өгсөн, дөрвөн ширхэг худаг шинээр ухсан, янданг өндөрлөсөн, мөн гаалийн болон НӨАТ, төслийн хяналтын мөнгө, төслийг хэрэгжүүлсэн санхүүжилтийн зээлийн хүү зэрэг нэмэгдсэн зэргээс гэрээний үнийн дүн 75,900,000 ам доллар болсон. ...Амгалан төслийг хурдан дуусгахын тулд гэрээнд заагдаагүй нэмэлт илүү ажил олныг хийж гүйцэтгэсэн. Нэмэлтээр хийсэн ажлуудын үнийг шууд хэлж мэдэхгүй байна...” /2-р хх-ийн 66-67, 69, 73/ гэсэн,

 

Шүүгдэгч М.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2012 оноос 2014 оны хооронд Эрчим хүчний сайдаар ажилласан, намайг сайдаар ажиллаж байхад их олон төсөл хэрэгжсэн, би хамгийн чухал төслүүдийг анх хэрэгжүүлсэн. Монгол Улсын хувьд нэг дугаарын төсөл бол Амгалан байсан. Амгалан бол нэг газрын даргын санаачилсан зүйл биш, Улаанбаатар хотын хувьд зайлшгүй ажил байсан, Амгалан бол мөрөөдөл болчихсон төсөл байсан. Эрчим хүчний салбарт хэрэгжих төслүүдийг сайдын зөвлөлийн хурлаар оруулж эрэмбэлсэн. Намайг Эрчим хүчний сайдаар ажил авсан байх үед эдийн засгийн өсөлттэй үе байсан тул цахилгааны эх үүсвэр дутагдалтай байсан. Би цахилгааны дутагдлаас яаж хурдан гарах вэ гээд салбарын эрдэмтдийг цуглуулж уулзсан, мөн сайдын зөвлөлийн хурал, Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дээрх төслүүдийг хэрэгжүүлэх дэмжлэг авсан, нэг үгээр хэлбэл албан даалгавар авч байсан. Үүнийхээ дагуу би Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Амгалан дулааны станцыг барихдаа Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулж дэмжлэг авсан. ...Би 2013 оны 2 сард техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, Засгийн газарт танилцуулаад Засгийн газраас Амгалан дулааны станцыг барь гэсэн шийдвэр гарсан. ...Засгийн газрын шийдвэр бол тендергүйгээр шууд маш хурдан барь гэсэн шийдвэр байсан. Бид тендер зарлаад 12 компанийг оролцуулах шийдвэр гаргаад тендерт оролцох урилга өгсөн, Герман, ОХУ, Солонгос улсын компаниудыг судалсан боловч үнэ өндөр байсан тул орхисон. Сонгон шалгаруулалтанд БНХАУ-ын 12 компанийн дунд явагдсан. Тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулаад бэлэн боллоо гэхээр нь сайдын зөвлөлийн өрөөнд зөвлөлийн гишүүдийн хамт орж танилцсан. Сонгон шалгаруулалтад оролцсон компаниуд зарим нь үнээр, зарим нь технологоор хасагдсан. Хамгийн бага үнийн саналыг 30 гаруй сая ам доллартай санал өгсөн нэг компани байсан боловч техникээр гологдоод хасагдсан. Үнэлгээний хорооноос БНХАУ-ын Чайна машинери инженеринг гээд компани шалгарсан. ...Анх 60 сая ам долларын үнийн санал ирүүлсэн боловч гэрээ байгуулахдаа 75,9 сая ам доллар болсон. Ингэж үнэ өссөн хамгийн том өсөлт нь даатгалын зардал гэж гарсан, техникийн хяналт тавих ажлын зардал, нүүрс хадгалах битүү сав болон вагоноос нүүрс буулгах зэрэг ажил нэмэгдсэн. Засгийн газрын хурал дээр гэрээ байгуулахад СМЕС-ийн даатгалын зардал, техникийн хяналтын зардал, нүүрс хадгалах битүү сав, вагон нүүрс буулгах зэрэг ажил нэмэгдээд байна, үүнийг яах вэ гэж танилцуулахад ерөнхий сайдаас би чамд түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй гэрээ байгуул гэж шийдвэр өгсөн гэж хэлсэн. Би Засгийн газрын хуралдаанд оруулахдаа энэ бүх асуудлыг бичгээр оруулж танилцуулсан...” /2-р хх-ийн 83/ гэсэн,

 

Гэрч Н.Алтанхуяг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:   “...Засгийн газрын 2013 оны 155 дугаар тогтоолоор Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлын санхүүжилтэд шаардагдах 75,9 сая хүртэлх ам долларыг 2014-2015 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх гэж шийдвэрлэсэн байна. Тэгэхээр Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлын санхүүжилтыг 75,9 сая хүртэлх гэж үнийг Засгийн газрын 2013 оны 155 дугаар тогтоолд заасан байна, энэ тогтоол үнийн дүнг зааж өгөхдөө “хүртэл” гэж зааж өгсөн байна, энэ нь үүнээс хэтрүүлэхгүйгээр үүнээс доош үнийн дүнгээр гэрээ байгуулахыг дэмжсэн гэсэн үг. ...СМЕС компани Монгол Улсад ажил гүйцэтгэхэд хамаарах бүх төрлийн татвар, хураамжийг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байсныг мэдээгүй, хэрэв мэдэж байсан бол манай Засгийн газраас ийм хуулийн төсөл Улсын Их хуралд санаачилж оруулахгүй...” /2-р хх-ийн 122-123/ гэсэн,

 

Гэрч Ч.Улаан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:   “...Ер нь бол тулгамдсан, яаралтай хэрэгжүүлэх төсөл байсан, Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж байх ёстой гэдэг байр сууринаас асуудал танилцуулагдаж, гишүүд тийм байр суурьтай байсан. ...Гэрээгээр татварыг гүйцэтгэгч тал хариуцахаар болсон гэдэг мэдээллийг бид нар аваагүй. С- Засгийн газрын хуралдаанд төсөвт өртөг нь 8-10 сая ам.доллараар 70 сая ам.доллар дээрээ нэмэгдээд байна, энэ нь гааль болон НӨАТ болно, Хөгжлийн банкны хүүтэй мөнгөөр гааль, НӨАТ төлмөөргүй байна гэж хэлж байсан байна. Тэгэхээр энэ танилцуулж байсан байдлаас харахад Гааль, НӨАТ-ын талыг нь Монгол Улс хариуцах ёстой байсан, энэ татварыг нэмэх юм бол төслийн хэрэгжих үнэ нэмэгдэж байна гэж танилцуулж байсан байна. Хэрэв хууль гараад Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн бол төсөвт өртөг нь багасах ёстой. Бид нар май гээд төлбөрийг нь өгч чадахгүй болохоор татвараас чөлөөлж өгч байгаа гэсэн үг...” /2-р хх-ийн 124-125/ гэсэн,

 

Гэрч Д.Тэрбишдавга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр үедээ Засгийн газрын хуралдаан дээр өөрийн байрь суурийг илэрхийлж байсан, бүтээн байгуулалтын ажлыг яаралтай хурдан хийх нь маш чухал боловч шууд гэрээ байгуулах, алтан татварын асуудлыг эргэн сайн анхаарч хараарай гэж сануулж байсан. ...Ямар ч байсан татвараас чөлөөлөх ёстой гэдэг байрь суурийг С- илэрхийлж байсан, би татвараас чөлөөлөх асуудал дээр өөрийн байрь суурийг илэрхийлж байсан...” /2-р хх-ийн 126-127/ гэсэн,

 

Гэрч Д.Дэлгэрцогт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...СМЕС-ийг технологийн үзүүлэлт, техникийн шийдэл, санхүүгийн чадавхи, Олон Улсын нэр хүнд, ажлын туршлага зэргийг үндэслээд шалгаруулсан, СМЕС нь Хятадын төрийн өмчит компани байсан, хэдэн төгрөгийн үнийн санал ирүүлж байсныг санахгүй байна. Улсын Их хурлаас хууль баталж татвараас чөлөөлсөн асуудлын хувьд БНХАУ-ын “Ч” энэ асуудлыг надтай ярихгүйгээр шууд сайдтай “зардал өсөөд байна” гэж яриад татвараас чөлөөлүүлэх хүсэлт тавьсан юм байна лээ, тэр дагуу сайд хүсэлтийг нь судалж үзээд Засгийн газар, Их хуралд оруулж шийдвэрлүүлсэн юм байна лээ. Сайд намайг үүний дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруул гээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан нөхцлөөр гэрээ байгуулсан, гэрээний дагуу Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хийгдсэн. ...Татвар ногдох хэмжээгээр гэрээний үнийн дүн багасах ёстой, гэрээний өөрчлөлтөөр татвар ногдох хэмжээгээр гэрээний үнийн дүнг хасах шийдвэр гараагүй юм байна лээ, сүүлд С- сайд надад хэлэхдээ гэрээнд тусгагдаагүй олон ажлын зардал их гарсан тийм болохоор татвараас чөлөөлж энэ мөнгийг нь хаасан гэж хэлж байсан. Тэгэхээр ийм нөхцөл байдалтай байсан болоод гэрээний үнийн дүнг багасгаагүй байх. Нэмэгдэл ажилтай холбоотой ажлыг бол сайн мэдэхгүй, газар чөлөөлөлтийн асуудлыг хот маш их мөнгө гаргаж хийсэн, газар цэвэрлэх асуудал байсныг бол мэдэж байна, түүнийг нэмэлт ажил хийж байна гэж СМЕС ярьдаг байсан.

...Сайд надад хэлснээр татвараас чөлөөлөөд нэмэлт зардлуудыг нь энд шингээгээд яв гэсэн үүрэг даалгавар өгч байсан, дахиж өөр олон юм ярихгүй шүү гэж хэлж байсан, цаад тал сайдад ямар асуудал тавьж байсныг мэдэхгүй. Ер нь ний нуугүй хэлэхэд СМЕС-ээс асуудал тавихдаа эхлээд сайдтай уулздаг байсан, сайд түүнийг нь дамжуулж надад хэлэхээр нь би сайдад бичгээр энэ асуудлыг нь авч албан ёсоор тавиул гэж шахдаг байсан.

...Үнэлгээний хорооны даргаар Пүрэвжавыг тавих нь зөв гэж сайд хэлсэн, тийм хандлага харуулж байсан. Ямар нэгэн бичиг баримт урьдчилж бэлтэгдэггүй, ерөнхийдөө ярилцаад мэргэжилтэнд хэлээд тушаалын төсөл бэлтгүүлдэг. Энэ тендерт Эрчим хүчний хөгжлийн төвөөс Ерболат гэж хүнийг тавьсан, тэгэхээр тэндээс санал болгосон байх. Сайдын зүгээс ямар хүн оруулах талаар санал хэлэх асуудал байдаг, тэр дагуу нь өөрчлөлт оруулбал оруулаад тушаал гаргадаг...” /2-р хх-ийн 215-218, 219-220, 226-227, 228-230, 10-р хх-ийн 39-40/ гэсэн,

 

Гэрч С.Баярбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тендерт шалгарсан “Ч” гэрээний төслөө танилцуулаад явж байсан, гэрээний хэлцэл гэдэг нь ихэвчлэн техникийн асуудал байгаа. Манай ажлын хэсгээс үнэ өсгөх шийдвэр гараагүй, тэр компанитай үнийн талаар хэлцэл хийх үед яригдаагүй. Нэмэлт ажил гэдэг болон техникийн талын асуудал байсан, нэмэлт ажлыг техникийн талын хүмүүс мэдэх ёстой, бид нар хоорондоо ярилцаж тохироод дундын хувилбар оллоо гааль, худалдааны татвараас чөлөөлөөд хоорондоо зохицоод явахаар боллоо гэж би сайдад танилцуулж байгаагүй, дундын хувилбар гэж ерөөсөө яриагүй. ...СМЕС-ийг гэрээнд зурсан төсөвт өртөгөө багтаа гэж шаардлага тавьдаг байсан, тэгэхэд нөгөө талаас гэрээнд заагаагүй ажил байна гэхэд бидний зүгээс гэрээнд заагдсан төсөвт хөрөнгөндөө багтаа гэхээс өөр юм хэлж байгаагүй...” /2-р хх-ийн 234-237, 249-250/ гэсэн,

 

Гэрч Б.Шинэбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эдийн засгийн хөгжлийн яамыг төлөөлж Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх СМЕС2013С4050 дугаартай гэрээн дээр би гарын үсэг зурсан. Засгийн газрын тогтоолд Хөгжлийн банкыг зээл олго, баталгаа гарга гэсэн тогтоол гарсан тул түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. Тэгэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах асуудалд оролцоогүй...” /3-р хх-ийн 21-22, 23-25, 26-28/ гэсэн,

 

Гэрч Б.Сандуйжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Энэ ажлын хэсгийг Баярбаатар дарга ахалж ажилласан, ажлын хэсэг ажил эхэлснээс хойш ажилд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор байгуулагдан ажилласан, ажлын хэсгийхэн байнга хуралдаад явж байсан. Ажлын хэсэг нь техникийн болон улсын комисс ажиллах хүртэл техник, технологитой холбоотой асуудал дээр шийдвэр гаргаж явсан. ...Миний зүгээс татвараас чөлөөлөх саналыг Эрчим хүчний сайдад танилцуулж байгаагүй...” /1-р хх-ийн 77-79, 14-р хх-ийн 31-32/ гэсэн,

 

- Гэрч Д.Дэлгэрцогт, С.Баярбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р хх-ийн 244-248/,

 

- Гэрч Л.Мөнхцог, С.Баярбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /3-р хх-ийн 3-6/,

 

- Татварын улсын байцаагч, шинжээч Ш.Хашхүү, Х.Алтанхүү нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэд:  “...Дүгнэлт: Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Ч” /Chine Machinery Engineering Corporation буюу СМЕС/ хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан СМЕС2013С4050 дугаартай гэрээний нэгдүгээр бүлгийн “Хэсэг-2 Гэрээний нөхцөл”-ийн 3 дугаар зүйлд: “3.1 ...Гэрээний үнэ нь гэрээгээр хүлээсэн бүхий л үүрэг, ажлын зураг төсөл, хэрэгжилт, гүйцэтгэлд шаардлагатай бүхий л зүйлсийг тус тус хамарсан байна. Гэрээний үнэ нь Гэрээний хэлэлцээрийн Хавсралт-1 Гэрээний үнийн хуваарьт заасанчлан нийт 75,900,000.00 (далан таван сая есөн зуун мянга) америк доллар байна. Гэрээний нийт үнийн дагуу хийгдэх бүх төлбөрүүд америк доллар байна. Гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш Гэрээг хэрэгжүүлэх хугацаанд Гэрээний үнэд гүйцэтгэгчийн импортоор авсан болон дотоодоос авсан бараа материалын импортын болон НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Монгол Улсад ажиллах гүйцэтгэгчийн боловсон хүчинд хамаарах хувь хүний орлогын албан татвар зэрэг орсон байна. ...Гүйцэтгэгчид төлөх төлбөр нь гэрээний хэрэгжилтийн явцад гарч болох бүх төрлийн зөрүү, төлбөрийн нэхэмжлэлийг тооцоогүй, ямарваа нэг зөрчил маргаан үүсээгүй, шимтгэл тооцоогүй, ирээдүйд гарах татвар хураамж, гаалийн хураамж, үүрэг хариуцлага, байгалийн учруулж болох хохирол зэргийг тооцоогүй, мөн Монгол Улс дахь эрх бүхий байгууллагын оногдуулсан болон хураасан татвар хураамж зэргийг суутгаагүй Гэрээний нийт үнэ байна.”, 9 дүгээр зүйлд: “9.1 Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын гадна ногдуулах захиалагч болон гүйцэтгэгчид хамааралтай бүх төрлийн татвар, хураамж, шимтгэлийг гүйцэтгэгч хариуцна. Эдгээр нь дор дурдсанаар хязгаарлагдахгүй бөгөөд өөр бусад төрлийн татвар хураамж байж болно. а) Үйлдвэрлэлийн татвар, НӨАТ болон борлуулалтын татвар; b) Тэмдэгтийн хураамж; с) Гаалийн татвар, төслийн тоног төхөөрөмж, бараа материалд ногдох экспортын татвар хураамж; d) Гүйцэтгэгчид хамааралтай хэрэглээний бараа, тоног төхөөрөмж болон гэрээний хэрэгжилттэй холбоотой гуравдагч орноос татсан бараанд ногдох экспортын болон гаалийн татвар хураамж; е) Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон ашгийн татвар; f Гүйцэтгэгчийн боловсон хүчинд хамааралтай Нийгмийн даатгалын зардлууд; g) Гэрээний хэрэгжилттэй холбоотой гарч болох өөр бусад татвар, хураамжууд. 9.2 Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын дотор ногдуулах татвар, Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон, дээр дурдсан 9.2 дах хэсэгт зааснаас бусад татвар хураамж, төлбөрөөс гүйцэтгэгч чөлөөлөгдөх эрхтэй. Хэрвээ эдгээр татвар хураамжаас Монгол Улсын хуулийн дагуу чөлөөлөгдөхөөргүй бол тэдгээрийг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс богино хугацаанд төлж барагдуулах үүргийг захиалагч хүлээнэ. Эдгээр татвар хураамжийг төлсөнөөс хойш 14 хоногийн дотор төлсөн тухай баримтыг захиалагч гүйцэтгэгчид гаргаж өгөх үүрэгтэй. Эдгээр татвар хураамжийг хугцааанд нь төлөөгүйтэй холбоотой гарсан торгуулийг захиалагч хариуцна.” гэснээс өөрөөр тус СМЕС2013С4050 дугаартай гэрээнд ямар нэгэн дүн бүхий татвар хураамжийн талаар тусгаагүй байна.

Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ- ын “Ч” /Chine Machinery Engineering Corporation буюу СМЕС/ хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан СМЕС2013С4050 дугаартай гэрээнээс харахад СМЕС нь төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой Гааль болон НӨАТ-ыг хариуцахаар байсан байна. Мөн СМЕС2013С4050 дугаартай гэрээний Нэгдүгээр хавсралт: Гэрээний үнийн хуваарьт тус гэрээний нийт үнийн дүн болох 75,900,000.00 (далан таван сая есөн зуун мянга) америк долларын задаргааг харуулсан байх бөгөөд тэнд “Санхүүгийн зардал” гэж 7,563,800.00 (долоон сая таван зуун жаран гурван мянга найман зуу) америк долларын зардлыг тусгасан нь татвар хураамжтай холбогдолгүй зөвхөн зээлийн даатгалын зардал болох 4,665,687.00 (дөрвөн сая зургаан зуун жаран таван мянга зургаан зуун наян долоо) болон хүүгийн зардал болох 2,898,113.00 (хоёр сая найман зуун ерэн найман мянга нэг зуун арван гурав) америк долларын дүн бүхий зардлуудын нийлбэр болох тухай Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2013 онд гаргасан “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний товч танилцуулга болон 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Амгалан дулааны станц”-ын ажлын хэсгийн явцын тайлан болон “Ус-15” Дулааны станцын төслийн үнийн дүнгийн тайлбар баримт, бичигт тусгасан байв. Монгол Улсын Их хурлын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, мөн өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 219 дүгээр тогтоолын дагуу “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажилд шаардагдах тоног төхөөрөмжийг Гааль болон НӨАТ-с чөлөөлөх нөхцөл байдал үүссэн байна. Монгол Улсын Их хурлын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, мөн өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан СМЕС2013С4050 дугаартай гэрээнд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр оруулсан 1 дэх удаагийн нэмэлт өөрчлөлт, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр оруулсан 2 дахь удаагийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэгчийг татвараас чөлөөлж, татварыг захиалагч тал хариуцах үүргийг хүлээсэн. Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУлсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5 дугаар зүйлд: “Төлөөлөгчийн газар 1. Энэхүү хэлэлцээрт “Төлөөлөгчийн газар” гэж аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн явуулдаг байрлалыг хэлнэ. 2. “Төлөөлөгчийн газар” гэдэгт тухайлбал: а) аж ахуйг удирдан явуулж буй газар; б) салбар байгууллага; в) албан контор; г) үйлдвэр, завод; д) цех, тасаг; е) уурхай, газрын тос, байгалийн хий болон байгалийн бусад ашигт малтмал олборлож буй газар орно. 3. “Төлөөлөгчийн газар” гэдэгт түүнчлэн дараах зүйлийг хамааруулна: а) 18 сараас илүү хугацаагаар үргэлжлэх барилгын талбай, барилга байгууламж, угсралт, суурилуулалтын ажил болон эдгээртэй холбогдсон удирдлага, хяналтын үйл ажиллагаа; б) 18 сараас илүү хугацаагаар үргэлжлэх тухайн барилга байгууламж, эсвэл түүнтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад ажиллаж буй ажиллагсдаараа дамжуулан Хэлэлцэн тохирогч нэг Улсын аж ахуйн газраас үйлчилгээ үзүүлэх, үүнтэй холбогдсон зөвлөгөө өгөх. ...5. Энэхүү зүйлийн 1 ба 2 дугаар заалтыг үл харгалзан 6 дугаар заалтад хамаарах бие даасан эрх бүхий төлөөлөгчөөс бусад этгээд Хэлэлцэн тохирогч Улсад Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж гэрээ /контракт/ байгуулах эрх эдэлдэг бол уг аж ахуйн нэгжийг Хэлэлцэн тохирогч Улсад төлөөлөгчийн газартай гэж үзнэ...” гэж заасны дагуу БНХАУ-ын Chine Machinery Engineering Corporation буюу СМЕС компани нь өөрийн өмнөөс аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг “СЕМС Амгалан төслийн баг” нэртэй төлөөний газрыг Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагууд (Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар болон Татварын алба)-д 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлж, 9909567 тоот регистрийн дугаар авсан байна. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: “18.1.Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: 18.1.1 .татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасны дагуу татвар төлөгч нь тайлант хугацаанд татвар ногдох зүйл, татвараа өөрөө тодорхойлдог юм. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 9909567 тоот регистрийн дугаартай “СЕМС Амгалан төслийн баг” төлөөний газар нь албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланг дараахь байдлаар гаргаж татварын албанд ирүүлсэн байна. Үүнд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2015 оны 4 дүгээр улиралд 840,702,786.29 төгрөгийн татвар ногдох орлого, 446,966,394.99 төгрөгийн хасагдах зардал, 393,736,391.30 төгрөгийн татвар ногдуулах орлогод 39,373,639.1, 2016 оны 2 дугаар улиралд 322,679,527.68 төгрөгийн татвар ногдох орлоготой, 248,187,123.73 төгрөгийн хасагдах зардалтай, 74,492,403.95 төгрөгийн татвар ногуулах орлогод 7,449,240.40, нийт 46,822,879.5 төгрөгийн албан татвар ногдуулан, төсөвт төлсөн байна. Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2015 оны 4 дүгээр улиралд 646,447,162.70 төгрөгийн орлогод 64,644,716.27, 2016 оны 2 дугаар улиралд 188,045,777.64 төгрөгийн орлогод 18,804,577.76, нийт 83,449,294.03 төгрөгийн албан татвар ногдуулан төсөвт төлсөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2016 онд 114,179,375.80 төгрөгийн албан татвар ногдуулж, хүлээн авсан өр болох 103,910,696.80 төгрөг болон 135,209,285.70 төгрөгийн худалдан авалтын хасалтыг тооцож 82,880,787.00 төгрөгийн албан татварыг төсөвт төлсөн байна. “СЕМС Амгалан төслийн баг” төлөөний газар нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 557 дугаартай татан буугдах тухай албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хандсаны дагуу тус хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Баярмаа, О.Эрдэнэхалиун нар нь татварын хяналт шалгалт хийх 24160700351 дугаартай томилолтын дагуу шалгалт хийсэн байна. Тус шалгалтаар “СЕМС Амгалан төслийн баг” төлөөний газар нь 2015 оны жилийн эцсийн тайлангаар ногдуулсан 39,373,639.1 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил илэрч, татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 240010714 тоот актаар 9,764,662.50 төгрөгийн торгууль, 5,243,623.80 төгрөгийн алданги, нийт 15,008,286.30 төгрөгийн төлбөр ногдуулсаныг төлж барагдуулсан байна. “СЕМС Амгалан төслийн баг” төлөөний газар нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын төрлүүд болон татварын торгууль, алдангийн орлогоор төсөвт нийт 228,161,246.9 (хоёр зуун хорин найман сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг ерэн мөнгө) төгрөг төлсөн байна. “СЕМС Амгалан төслийн баг” төлөөний газар нь Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг татварын албанд мэдүүлсэн байна. Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд: “6.1.Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно. 6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно...” гэж заасны дагуу “СЕМС Амгалан төслийн баг” төлөөний газрын 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс өмнөх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх боломжгүй юм. Гэхдээ 2014 онд зохиож Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга Я.Пүрэвжаваар батлуулсан “Амгалан” дулааны станцын ажлын гүйцэтгэлийн төсвөөс харахад НӨАТ-т 9,869,188,304 (есөн тэрбум найман зуун жаран есөн сая нэг зуун наян найман мянга гурван зуун дөрөв) төгрөг төсөвлөсөн, мөн Амгалан дулааны станцыг барих төсөлд олгосон санхүүжилтын баримтаас харахад НӨАТ-т 7,471,326,748.0 (долоон тэрбум дөрвөн зуун далан нэгэн сая гурван зуун хорин зургаан мянга долоон зуун дөчин найм) төгрөгийг төсөвлөсөн байдал харагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцаж үзэхэд Амгалан дулааны станцын төсвийг зохиохдоо гаалийн албан татварыг бараа материалын үнэд оруулж тооцоолсон гэж гэрчүүд мэдүүлсэн байна.

Монгол Улсын Их хурлын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, мөн өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 219 дүгээр тогтоолын дагуу Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлсөн нийт дүн нь 8,731,362,025.0 (найман тэрбум долоон зуун гучин нэгэн сая гурван зуун жаран хоёр мянга хорин тав) төгрөг байна.

Монгол Улсын Их хурлын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, мөн өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль нь 2014 оны 5 дугаар сарын 09- ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэхээр хуулинд заасан байна.

Амгалан дулааны станцын барилга угсралтын ажпыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татварт 8,731,362,025.0 (найман тэрбум долоон зуун гучин нэгэн сая гурван зуун жаран хоёр мянга хорин тав) төгрөг төлөх ёстой байсан боловч хуулийн дагуу чөлөөлөгдсөн.

Монгол Улсын Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Ч” /Chine Machinery Engineering Corporation буюу СМЕС/ хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан СМЕС2013С4050 дугаартай гэрний нэгдүгээр бүлгийн “Хэсэг-1 Гэрээний хэлэлцээр”-ийн 3 дугаар зүйл, “Хэсэг-2 Гэрээний нөхцөл”-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйл, “Нэмэлт өөрчлөлт-1”-ийн 12 дугаар зүйл, “Нэмэлт өөрчлөлт-2”-ын 2 дугаар зүйл, 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн гэрээний нийт үнийн дүнгээс Гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн дүнг хасаж шилжүүлэхээргүй байна.

Учир нь Монгол Улсын Их хурлын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг баталсан хэдий ч ажил гүйцэтгэх СМЕС2013С4050 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа чөлөөлөгдсөн албан татварын дүнгээр гэрээний үнийн дүнг багасгах эсэх талаар 2 тал тохиролцоогүй байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно” /4-р хх-ийн 118-123/ гэсэн,

 

- Шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай /5-р хх-ийн 7-42, 43-65/ дүгнэлтүүд,

 

- Шинжээч М.Оюунбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Ч”-тай 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр СМЕС2013С4050 дугаартай гэрээг байгуулсан, уг гэрээнд зааснаар гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил гарч ирсэн тохиолдолд төлбөрийг нь хэрхэх талаар тусгаагүй байсан. Харин сүүлд БНХАУ-ын “Ч”-иас гэрээнд тусгагдаагүй, нэмэлтээр хийж гүйцэтгэсэн 20 ажлын жагсаалтыг Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанд гаргаж өгсөн байдаг. Энэ 20 ажил нь ямар ажил байсан талаар бидний гаргасан дүгнэлтэд дэлгэрэнгүй бичсэн байгаа. Эдгээр нэмэлт ажлуудаас СА-8 гэж нэрлэсэн үйлдвэрийн талбайгаас гаднах төмөр замын нэмэлт зураг төслийн үнэ 8,050,000 төгрөг гэж нэхэмжилсэн ба Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаа уг ажлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ ажил нь гэрээнд тусгагдаагүй ажил байсан, үүнийг нэмэлт ажилд тооцох боломжтой ажил байсан тул нэмэлт ажилд 7,000,000 төгрөг гэж тооцсон.

Мөн СА-15 гэж нэрлэсэн цахилгаан болон ахуйн хэрэглээний усны төлбөрт СМЕС компани 147,548,293.51 төгрөг нэхэмжилснийг Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаа хянаж үзээд 111,068,692 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ ажил нь гэрээнд тусгагдаагүй ажил байсан, үүнийг нэмэлт ажилд тооцох боломжтой ажил байсан тул нэмэлт ажилд 111,068,692 төгрөг гэж тооцсон.

Мөн СА-16 гэж нэрлэсэн харуул хамгаалалтын зардал гэсэн ажилд СМЕС компани 247,865,358.1 төгрөг нэхэмжилснийг Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаа хянаж үзээд 129,029,288 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ ажил гэрээнд тусгагдаагүй ба үүнийг нэмэлт ажилд тооцох боломжтой байсан тул нэмэлт ажилд 129,029,288 төгрөг гэж тооцсон. Ингээд нийт 3 ажлын 247,097,980 төгрөгийг нэмэлт ажилд тооцох боломжтой байсан гэж бид дүгнэлт гаргасан. СМЕС-н нэмэлт ажилд тооцуулахаар өгсөн бусад ажил нь үндэслэлгүй гэж бид үзэж дүгнэлт гаргасан.

Тухайлбал СА-11 гэж нэрлэсэн газар доорхи байгууламжийн битон хучлага хийх ажилд 321,412,256.61 төгрөг нэхэмжилсэн байдаг. СМЕС-ийн нэмэлт ажилд тооцуулах гээд байгаа газар доорхи байгууламжийн битон хучлагын ажил нь Монгол Улсын Барилгын норм, дүрмийн дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа "Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах төлөвлөлт”-д заасны дагуу заавал хийгдэх ёстой ажил байсан. Үүнийг гэрээнд тусгасан, тусгаагүй барилгын норм дүрмийн дагуу заавал хийх ёстой ажил байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд зааснаар түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ гэдэг нь тухайн Амгалан дулааны станцыг барихад шаардагдах цогц ажлыг хэлээд байгаа юм. Өөрөөр түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд нэмэлт ажил гэж гарах ёсгүй. Гүйцэтгэгч тал түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа бол бүх л ажлыг хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл Засгийн газрын тогтоолоор Амгалан дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр шууд гэрээ байгуулах гэж заасан байгаа боловч гүйцэтгэгч тал нь нэмэлт ажил гэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан СМЕС2013С4050 дугаартай гэрээгээр Монгол Улсад төлөх бүх татвар хураамжийг гүйцэтгэгч тал хариуцахаар тохирсон байсан. Уг гэрээний дагуу барилга угсралтын ажил 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн, гэтэл барилга угсралтын ажил эхлэхээс өмнө буюу 2013 оны 7 дугаар сард Эрчим хүчний яамнаас СМЕС-ийг татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлж байсан. Бид холбогдох баримтуудтай танилцахад ажил эхлээгүй байхад яагаад татвараас чөлөөлүүлэх хүсэлт хүргүүлж байсан нь тодорхойгүй байдаг. СМЕС2013С4050 дугаартай гэрээнд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж татвар хураамжийг захиалагч тал хариуцахаар тохирч, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их хурлаас Амгалан дулааны станцын барилга угсралтын ажилд шаардагдах тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хууль гаргуулсан байдаг. Хэргийн материалтай танилцахад уг хуулийг Эрчим хүчний сайд М.С- Засгийн газраар хэлэлцүүлэн дэмжүүлж, Улсын Их хуралд өргөн мэдүүлж батлуулсан байдаг. Улсын Их хурлаас хууль гаргаж татвараас чөлөөлсөн бол татвар ногдох хэмжээгээр гэрээний үнийн дүнг багасгах ёстой байсан боловч багасгаж тооцоогүй байдаг. Яагаад татварыг захиалагч тал хариуцах болсон нь тодорхойгүй байдаг. Засгийн газрын хуралдаанд М.С- сайд татвараас чөлөөлөх хуулийн төслийг танилцуулахдаа татвараас чөлөөлөх үндэслэлээ бодит байдалтай нийцэхгүйгээ хэлж тайлбарласан байдаг...” /5-р хх-ийн 68-69/ гэсэн,

 

- Шинжээч П.Бямбажав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Засгийн газрын 2013 оны 55 дугаар тогтоолоор Амгалан дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэй шууд гэрээ байгуулах эрхийг олгосон байдаг. Түлхүүр гардуулах нөхцлөөр гэрээгээ зөв байгуулаад явсан бол нэмэлт ажил гэсэн зүйл гарч ирэхгүй. Тендерийн хуулийн дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ гэж зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмжийн тооцоо, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон бүх ажил бараа ажил үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг хэлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу гэрээг байгуулсан нэмэлт ажил гарахгүй байсан. Бид нар СМЕС-ээс нэмэлт ажилд тооцуулахаар ирүүлсэн 20 ажлаас СА-8, СА-15, СА-16 гэж нэрлэсэн 247,097,980 төгрөгийн ажлыг нэмэлт ажилд тооцох боломжтой гэж үзэж дүгнэлт гаргасан. СА-8 дугаартай ажил буюу төмөр замын нэмэлт зураг төслийн үнэ болох 8,050,000 төгрөгийг нэхэмжлснийг Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанаас хянаж үзээд 7,000,000 төгрөгөөр хүлээн зөвшөөрсөн байсан. Энэ нь үйлдвэрийн бүсээс гаднах төмөр замыг шинэчлэх ажлын зураг учраас нэмэлт ажилд тооцох боломжтой байсан. СА-15 дугаартай цахилгаан болон ахуйн хэрэглээний усны төлбөрийг Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанаас хянаж үзээд 111,068,692 төгрөгөөр хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг нь төсөвт туссан нэмэлт зардлаас тооцох ёстой боловч гэрээндээ энэ зардлыг гүйцэтгэгчийг үнэ төлбөргүй цахилгаан, усаар хангана гээд заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр гэрээг нь бариад энэ ажлын төлбөрийг нэмэлт ажилд тооцож болох юм гэж үзсэн. СА-16 дугаартай ажил буюу харуул хамгаалалтын зардлын төлбөр болох 129,029,288 төгрөгийг Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанаас хянаж үзээд хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг нь энэ ажлыг мөн л дээрх тайлбарын адил төсөвт суусан нэмэлт зардлаас тооцох ёстой байсан боловч мөн гэрээний захиалагчийн хүлээх үүрэг хариуцлага хэсэгт ажлын талбайн харуул хамгаалалтыг хариуцна гээд заасан байгаа тул энэ зардлыг гэрээний дагуу нэмэлт зардалд тооцох боломжтой гэж үзсэн болно. “Амгалан” дулааны станцын төсөвт нэмэгдэл зардал гээд 4,526,606,242 төгрөг, магадлашгүй ажлын зардал гээд 2,027,633,896 төгрөг тус тус төсөвлөсөн байгаа. Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэмд заасны дагуу нэмэгдэл зардпаас барилгын гүйцэтгэгч байгууллагын захиргааны болон талбайн удирдлага зохион байгуулалт, үйлчилгээ, үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдсон зардлыг гаргах ёстой байдаг. Нэмэгдэл зардлыг ийм зүйлд зарцуулах ёстой байдаг. Гэтэл нэмэгдэл зардлаар санхүүжүүлэх ёстой байсан зүйлүүдийг гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил хийсэн гээд мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Уг нь бол нэмэгдэл зардал гэж төсөвт тусгасан 4.5 тэрбум төгрөгөөр тэр бүх ажлыг хийх ёстой байсан. Үүнээс гадна магадлашгүй ажлын зардал гэж 2,027,633,896 төгрөг төсөвлөсөн байдаг. Энэ зардал нь болохоор барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцад батлагдсан зураг төсөвт тусгагдаагүй ажил гарч ирсэн тохиолдолд захиалагч гүйцэтгэгч 2 харилцсан тохиролцож тэр мөнгөөр магадлашгүй ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Гэтэл гүйцэтгэлийн баримт бичиг болон техникийн болон улсын комиссын актанд Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцад магадлашгүй ажил гарч ирж, түүнийг хийж гүйцэтгэсэн талаар акт баримт огт байхгүй байгаа...” /5-р хх-ийн 70-71/ гэсэн,

 

Шүүгдэгч М.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Амгалан дулааны станцын төслийг Амгалан дулааны станцын төслийн нэгжийн захирал, яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга нар хариуцан ажиллаж байсан. Гэрээ хийгдсэнээс хойш төсөлтэй холбоотой газар чөлөөлөх асуудлаас эхлээд танилцуулж явсан, газар чөлөөлөхөд Нийслэл газар чөлөөлсөн нэртэй боловч уг газрыг ажил эхлүүлэх хэмжээнд бэлтгэж өгөөгүй, хогоо орхиод явсан, үүнийг цэвэрлэх, мөн Амгалан дулааны станц барьсан газрын доогуур гол урсаж байсан тул голын голдиролыг өөрчлөх зэрэг ажил хийхэд 2 тэрбум орчим төгрөгийн зардал гарч байгаа юм. ...Гэрээнд ороогүй нэмэгдэл ажлыг Монголын тал авч явах шаардлагатай байсан, 20 бил үү 26 тэрбум төгрөгийн нэмэгдэл санхүүжилтийг шийдүүлэхээр манай ажлын хэсгийн дарга нар байнга танилцуулж байсан. Монгол улс ийм томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлж үзээгүй, Эрчим хүчний салбар түүхэндээ ийм томоохон хэмжээний төслийг эхнээс нь дуустал хийж үзээгүй байсан, тийм болороор техник эдийн засгийн үндэслэл боловсруулах болон гэрээ хийхдээ дутуу бодсон, дутуу тооцоолсон зүйлүүд маш их байсан. Би энэ талаар Ерөнхий сайд Алтанхуягт нэмэгдэл зардлыг шийдэж өгөөч гэж хэлж байсан, тэгэхэд та нар энэ үнийн дүнд багтаана гэсэн, наад үнийн дүндээ багтааж хий гэдэг байсан. Ажлын хэсэг яаман дээр хуралдаад СМЕС 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэгдэл ажлын төлбөр нэхээд байна, үүнийг төлөхгүй бол ажил зогсох гээд байна гэж хэлж байсан, СМЕС барилгын ажлыг удаа дараа зогсоож байсан. Ажлын хэсэг бид нар хоорондоо ярилцаж тохироод дундын хувилбар оллоо, гааль худалдааны татвараас чөлөөлөөд хоорондоо зохицоод явахаар боллоо гэсэн, үүнийг шийдчихвэл ажил ямар ч асуудалгүй явах юм байна гэж тохирсон, үүнийг Ерөнхий сайд Алтанхуягт танилцуулахад Улсын Их хуралд танилцуулья гээд Засгийн газрын шийдвэр гараад Улсын Их хуралд танилцуулаад гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн шийдвэр гарсан. ...Би Засгийн газрын хуралдаанд Амгалан дулааны станцыг барихад нэмэгдэл зардал гараад ажил зогсоход хүрээд байна гэж танилцуулж байсан. ...Түлхүүр гардуулах нөхцөл бол гүйцэтгэгч тал дулааны станцыг ашиглахад бэлэн болгон хүлээлгэж өгөх ёстой. Гэхдээ Монгол талаас гаргаж өгсөн техник эдийн засгийн үндэслэлийн дагуу ажлаа хийж хүлээлгэж өгөх ёстой. Гэрээгээр Монголын тал бараг өөрсдөө ажил хийгээгүй, бараг ч гэж хийгээгүй дээ. Та нар бүгдийг нь хийгээд дуусгачих гэж хэлээд хийлгэсэн. ...Засгийн газраас 75,9 сая ам долллараар байгуул гэж зөвшөөрөл олгосон...” /13хх-ийн 34-37/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Эрчим хүчний яам, БНХАУ-ын машин инженеринийн компанийн хооронд байгуулсан Амгалан дулааны станц, түүний дулааны шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах, түүний тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах, барих ажлын СМЕС2013С4050 дугаартай гэрээ, нэмэлт өөрчлөлт, хавсралт, гэрээний хэлэлцээр /5-р хх-ийн 226-250, 6-р хх-ийн 1-63, 65-134, 135-138, 139-159, 15-р хх-ийн 137-142/,

- Амгалан дулааны станцын барилгын ажлын зураг төсөлд магадлал хийгдсэн тухай баримт /7-р хх-ийн 19-112/,

- Гаалийн албан татвараас чөлөөлөх 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн  тухай Монгол Улсын хууль /5-р хх-ийн 173/,

- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тухай Монгол Улсын хууль /5-р хх-ийн 174/,  

- Хууль батлагдан гарсантай холбоотой Монгол Улсын Засгийн газрын тогтоол, холбогдох баримтууд /5-р хх-ийн 175-212/,

- Амгалан дулааны станцын Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх тухай Монгол Улсын хуулийн танилцуулга, үзэл баримтлал /4-р хх-ийн 213-218, 219-222, 5-р хх-ийн 162-169, 212-215/,

- Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбоотой баримтууд /2-р хх-ийн 152-157, 160-164/,

- Техник эдийн засгийн үндэслэлийн товч танилцуулга /2-р хх-ийн 169-170, 14-р хх-ийн 225-226/,

- Техник эдийн засгийн үндэслэл, эцсийн тайлан /14-р хх-ийн 73-192/,

- Монгол Улсын Их хурлын болон Засгийн газрын тогтоолууд /1-р хх-ийн 28, 29, 30-31, 37-38, 12-р хх-ийн 14-20/,

- Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг гаалын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тухай баримт /4-р хх-ийн 82-96/,

- Амгалан дулааны станц төслийн хүрээнд гарч байсан Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд, Зөвлөх үйлчилгээний гэрээ болон холбогдох бусад баримтууд /4-р хх-ийн 131, 132-158, 162-191, 200, 5-р хх-ийн 89-90, 172, 8-р хх-ийн 105-142, 143-145, 161-250, 9-р хх-ийн 1-96, 10-р хх-ийн 6-7/,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /4-р хх-ийн 229-234/,

- Үнэлгээний хороо байгуулах тухай болон холбогдох бусад баримтууд /14-р хх-ийн 194-201, 218-225/,

- Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /14-р хх-ийн 202-204, 228-231, 235-245/,

- Ажил гүйцэтгэх СМЕС2013С4050 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын тухай баримт /7-р хх-ийн 228-238, 239-250, 8-р хх-ийн 19/,

- Зээлийн дансны хуулга /1-р хх-ийн 26-27/,

- Час гаргаж өгсөн баримтууд /8-р хх-ийн 37-77, 12-р хх-ийн 45-48/,

- Амгалан дулааны станц болон түүний дулааны шугам сүлжээний төсөл /8-р хх-ийн 82-93/,

- Амгалан дулааны станцын ажлын хэсгийн явцын тайлан /8-р хх-ийн 96-103/,

- Засгийн газрын хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 130-151, 158-159, 14-р хх-ийн 39-43/,

- Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлд: “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажилд зориулан оруулж ирэх тоног төхөөрөмжийг Гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Амгалан дулааны станцын барилга угсралтын ажилд зориулан оруулж ирэх тоног төхөөрөмжийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.1-д заасны дагуу гаалийн албан татвар төлөх хугацааг 2 сарын хугацаагаар сунгахаар тогтов...” /2-р хх-ийн 143-147/ гэсэн,

- Санхүүжилттэй холбоотой Хөгжлийн банк, Сангийн яам, Эрчим хүчний яамдуудын албан бичгүүд /1-р хх-ийн 40, 41-42, 43-44, 45-46/,

- “УС 15” дулааны станцын товч танилцуулга /Амгалан дулааны цахилгаан станцын төслийн анхны нэршил “УС 15” байсан, 1-р хх-ийн 113-123, 15-р хх-ийн 13-27, 54-60/,

- Захиалагчийн техникийн хяналт тавих, зардал хуваах гэрээ /1-р хх-ийн 128-133, 149-154/,

- Тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажилд тавих техник хяналтын гэрээ /1-р хх-ийн 206-210, 211-215/,

- Дулааны станц барих тухай товч танилцуулга /2-р хх-ийн 193-199, 202-207/,

- БНХАУ-ын Час Эрчим хүчний яам болон Амгалан дулааны станцад нийлүүлсэн барааны татвар ногдуулсан тухай баримт /4-р хх-ийн 76-80/,

- Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлын болон бусад тэмдэглэл /5-р хх-ийн 93-97, 7-р хх-ийн 193-196, 199-203/,

- Амгалан дулааны станц ХХК-иас хураан авсан Амгалан дулааны станц дээр ажилласан Техникийн комиссын гишүүдийн хийж гүйцэтгэсэн ажлын бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 110-135/,

- Амгалан дулааны станцын дэд станцын өргөтгөлтэй холбоотой буримтууд /7-р хх-ийн 114-185, 12-р хх-ийн 32-43/,

- Төлбөрийн баримт, дансны хуулгууд /7-р хх-ийн 207-223, 8-р хх-ийн 97-195/,

- Тайлан /9-р хх-ийн 197-250, 10-р хх-ийн 1-5/ зэрэг нотлох баримтууд,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй холбоотой хэрэгт авагдсан бичгийн баримтууд:

Гэрч Я.Пүрэвжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тендерийн үнэлгээний хорооны даргаар тэр бүр тавигдаад байдаггүй, намайг захиалгаар үнэлгээний хорооны даргаар тавьсан талаар анх мэдээгүй. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайд М.С- нар надад тендерт “Хотгор зам” гэж компани орж байгаа анхаарч үзээд дэмжээрэй гэж хэлсэн. Тэгээд худалдан авах ажиллагаа явагдсан, гэхдээ би хурлыг зохион байгуулж явахаас биш, тэрнийг дэмж, үүнийг дэмж гэж чиглэл өгөөгүй. Гишүүд өөрсдөө материалтайгаа танилцаад шаардагдах материалаа цуглуулаад хурлаа хийгээд явж байсан. Би Ерболатад төрийн нарийн бичгийн дарга, сайд нар энэ тендерт “Хотгор зам” ХХК-ийг захьсан шүү, тэгэхээр хууль журмынха дагуу асуудлаа хараарай гэж хэлсэн, түүнээс биш “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул, би чамд мөнгө өгнө гэдэг ч юм уу ийм хуулиас гадуур чиглэл өгөөгүй. Тэгээд үйл явдал болдогоороо болж тендерийн хорооны зөвлөмж гарсан, тендерийн хорооноос “Хотгор зам” ХХК-тай гэрээ хийх зөвлөмжийг Төрийн нарийн бичгийн  даргад өгсөн, Төрийн нарийн бичгийн даргаас гэрээ хийх үүргийг өгсний дагуу “Хотгор зам” ХХК-тай захиалагчийг төлөөлж гэрээ байгуулсан. Тендерийн хорооны ирц хүрээгүй бол хурал хийхгүй, хуралд ирээгүй гишүүд бичгээр юм уу, амаар саналаа урьдчилж өгсөн гэж танилцуулсан гэж би ойлгож байна. Үнэлгээний хорооны тайлан, хурлын тэмдэглэл хаана байгааг мэдэхгүй, би аваагүй, архивт байх ёстой, архивт Ерболат өгөх ёстой...” /10-р хх-ийн 42-43/ гэсэн,

 

Гэрч Е.Ерболат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хурал хийхийн өмнө намайг Пүрэвжав дарга тендерт оролцож байгаа компаниудын үзүүлэлтийг хүснэгтээр гаргаад бэлдээрэй гэж хэлсэн, тэгэхдээ мөн Хотгор зам ХХК-тай өрсөлдөж байгаа нөгөө хоёр компаниас зөрчил олно шүү гэж хэлэхээр нь би нэг компанийг нь тусгай зөвшөөрөлгүй, нөгөө компанийг нь борлуулалтын орлого хүрэхгүй гэсэн зөрчил олоод үүнийгээ хүснэгтээр хийгээд Пүрэвжавт үзүүлэхэд үүний дагуу хүснэгтээ хийгээд бэлтгэ гэхээр нь би тэр дагуу хүснэгтээ хийж бэлтгэсэн. Шалгаруулах 6 дугаар хурал ирц хүрээгүйгээс болоогүй, би хурал болсон үгүйг бүрэн санахгүй байна. Дөрвөн хүн ирээгүй бол ирц хүрэхгүй, хурал болоогүй л гэсэн үг, тухайн үед Пүрэвжав дарга надад чи үнэлгээний тайлан хурлын протоколуудыг бэлдээд хуралд ирээгүй гишүүдээр нөхөж гарын үсэг зуруул гэж хэлж байсныг санаад байна. Түүний дагуу 6 дугаар хурлын тэмдэглэлийг би Дорж, Туяахүү нараар гарын үсэг зуруулсан, энэ хоёроос өөрөөр мөн Эрчим хүчний яаман дээр очиж хурлын тэмдэглэлд нөхөж гарын үсэг зуруулсан, тэгэхдээ Энхцэлмэг, Баттөмөр хоёрын нэгээр нь нөхөж зуруулсан уу, эсхүл хоёулангаар нь нөхөж зуруулсан уу гэдгээ бол санахгүй байна, ямар ч байсан яаман дээр очиж нөхөж гарын үсэг зуруулсан. Би тендерийн бичиг баримтыг барилгын хяналтын инженер Д.Чулуунбатад гэж хариуцсан инженерт нь тендерт оролцсон компаниудын бичиг баримт, тендерийн үнэлгээний тайлан, тендерийн бичиг баримт зэргийг хүлээлгэн өгсөн. Бичиг баримт үйлдсэн эсэхээ санахгүй байна...” /10-р хх-ийн 43-44, 48/ гэсэн,

 

Гэрч П.Энхцэлмэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Уг тендерийн үнлэгээний хороонд намайг хэн оруулсын талаар мэдэхгүй, Ерболат  над руу утсаар яриад үнэлгээний хорооны гишүүнээр орсон байна, үнэлгээний хороо хуралдах гэж байна, та ирж хуралдаа сууна уу, энэ хурлаар тендерийг нээж, оролцогч нараас материал хүлээж авах гэж байна гэж хэлсэн, тэр хуралд нь би ажилтай байсан учир оролцож чадаагүй. Дараа нь Ерболат тендерт оролцогч нараас материал хүлээж авсан, та ирж танилц гэхээр нь очиж танилцсан. Тэр хурлыг Пүрэвжав дарга даргалсан, энэ хурал дээр бид нарт тендерт оролцохоор материалаа өгсөн компаниудын материалтай танилцаад тарсан. Түүний дараа Ерболат яаман дээр ирж надтай уулзаад тендерт оролцсон компаниудаас Хотгор зам ХХК үзүүлэлтээрээ нэгд орсон тул шалгаруулсан шүү гэж танилцуулаад баримтан дээр гарын үсэг зуруулсан. Би энэ компанийг шалгаруулах хуралд суугаагүй. Санхүүгийн тайлан зөрчилтэй бол шалгаруулахгүй байх зарчмыг миний өмнө орж ажиллаж байсан үнэлгээний хороо барьж ажилладаг байсан...” /10-р хх-ийн 68-69/ гэсэн,

 

Гэрч Б.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хотгор зам ХХК уг тендерт шалгарсан талаар мэдээд байна, гэхдээ Хотгор зам ХХК-ийг шалгаруулах хуралд би суугаагүй, сүүлд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ерболат надтай уулзаад тендерт Хотгор зам ХХК шалгарсан баримтан дээр гарын үсэг зуруулах гэсэн юм гэхээр нь энэ компани яаж шалгарсан бэ гэхэд энэ компани бусдаасаа бага үнэтэй байсан тул үнээр нь шалгаруулсан гээд тендерт оролцогч нарын гаргасан үнийн жагсаалтыг үзүүлсэн, түүгээр Хотгор зам ХХК бол бусдаасаа бага үнэтэй байсан, нэгэнт шалгаруулсан байсан тул би баримтан дээр нь гарын үсэг зураад явуулсан. Тендерийн баримт бичигт тусгах шаардлага нөхцлүүдийг боловсруулснаа санахгүй байна, би боловсруулаагүй. Тендерийн нээлт хийх, оролцогч компаниудын материал хүлээж авах хуралд бас оролцоогүй...” /10-р хх-ийн 70-71/ гэсэн,

 

Гэрч Г.Туяахүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би үнэлгээний хорооны гурван хуралд суусан, эхний хурал тендерийн нээлтийн хурал байсан, хоёр дахь хурал нь материалтай танилцах, гуравдахь нь тендерийг үнэлэх хурал байсан. Тэр хуралд миний санаж байгаагаар Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга Пүрэвжав, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нар оролцсон хурал байсан, би тэр хуралд ороод Хотгор зам ХХК-ийг дэмжиж байна гэж саналаа хэлээд гарын үсэг зурчихаад гараад явсан. Яагаад энэ компанийг дэмжих болсон эхээр уг компани техникийн үзүүлэлт, ажил хийж гүйцэтгэх хугацааг нь хараад дэмжиж саналаа өгсөн. Санхүүгийн үзүүлэлтийг нь хараагүй, уг компанийн өгч байгаа санал нь тендерийн үнэд багтаж байгаа тул түүнийг шаардлага хангаж байна гэж үзсэн. Би Эрчим хүчний хөгжлийн төв дээр ирж Пүрэвжав, Ерболат хоёрыг байхад Хотгор зам ХХК-ийг дэмжиж байна гэж саналаа өгсөн, би яг хэзээ гэдгийг бол санахгүй байна, миний хувьд 2014 оны 4 дүгээр сарын 10, 11-ний үед бол Дарханд ажлаа хийгээд байж байсан...” /10-р хх-ийн 72-73/ гэсэн,

 

Гэрч Б.Өрнөхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үнсэн сангийн хаягдлийн даланг барихад үерийн суваг, далан байгууламж баримт тусгай зөвшөөрөлтэй, эсхүл Зам тээврийн яамнаас авдаг замын далан барьдаг тусгай зөвшөөрөлтэй далан барьж байсан туршлагатай компани оролцвол дээр байх гэж саналаа хэлж байсан санагдаж байна. Өөрөөр сайн санахгүй байна. Яагаад гэвэл далан барих зөвшөөрөлтэй, туршлагатай компаниар ийм ажил хийлгэх шаардлагатай гэж үзээд тэгэж хэлж байсан. ...Хотгор зам ХХК-ийг тухайн үед шалгарсан гэж сонсож байсан, шалгаруулсан хуралд сууснаа санахгүй байна. ...Одоо би бодоод байхад миний суусан нэг хуралд тендерт оролцохоор материалаа өгсөн компаниудын материалтай танилцаж байсныгаа санаад байна, тэр хурал гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурал байсан байх. Тэр хуралд Пүрэвжав, Туяахүү, Ерболат, Дорж нар байсан, Энхцэлмэг сүүлд хуралд орж ирж байсан шиг санагдаж байна, энэ хүмүүстэй хамт хуралд сууж байсныгаа тод санаж байна, тэгэхээр миний суусан хурал тендерийн нээлтийн хурал болж таарч байна, өөрөөр тэгэж үнэлгээний хорооны хуралд олон удаа суугаагүй...” /10-р хх-ийн 77-79/ гэсэн,

 

Гэрч Р.Дорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний суусан хурал бол тендерийн нээлтийн хурал /тендерт оролцогч нараас материал хүлээж авах тухай/ байсан, өөрөөр хуралд суугаагүй. Энэ тендерт ямар компани шалгарсан талаар бол мэдэхгүй байна. Би хөдөө гадаа их явдаг тул тэр бүр хуралд ордоггүй байсан...” /10-р хх-ийн 80-81/ гэсэн,

 

Гэрч Ч.Баярмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т үнэлгээний хорооны хуралдаан 75 хувийн ирцтэйгээр хуралдсанаар хүчин төгөлдөр хуралд тооцно...” /10-р хх-ийн 99/ гэсэн,

 

Гэрч Ж.Одончимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Түншлэлийн гэрээ” гэсэн ийм гэрээ байгуулагдсан талаар мэдэхгүй байна. Хотгор зам ХХК-ийн дансаар манай компанийн данс руу мөнгө орж ирж байсныг санаж байна. 200 сая төгрөг орж ирснийг нарийн тайлбарлаж мэдэхгүй, би захирал Д-ын хэлснээр ойлгохдоо “Хотгор зам” ХХК нь Дарханд дулааны цахилгаан станцын үнсний сантай холбоотой ажил хийж байгаа, тэр ажил дээр нь манай компани хамтарч оролцож ажилласан, түүнээс орж ирж байгаа мөнгө гэж хэлсэн. ...200 сая төгрөг орж ирсний дараа Д- захирал надад “Хотгор зам” ХХК-иас үлдэгдэл мөнгө орж ирэх ёстой, тэдний компанитай холбогдоод энэ тухай асуугаарай гэхэд нь би “Хотгор зам” ХХК-ийн нягтлан гэх хүний утасны дугаарыг захирал Д-оос аваад яриад үлдэгдэл тооцоотой байгаа гэсэн тэр тооцоог хэзээ, яаж хийх вэ гэхэд ажлаа хүлээлгэж өгч дуусаагүй байгаа, дууссан үед тооцоо хийнэ гэж хэлсэн. ...Компанийн үйл ажиллагаанд мөнгө хэрэг болсон үед С- даргад хандаж мөнгө хэрэгтэй байгаа хүсэлтээ тавьдаг, дарга үүнийг шийдэж компанид мөнгө оруулж ирдэг, энэ мөнгөнийх нь эх үүсвэрийг хэлж мэдэхгүй, захирлаас асуудаггүй, тийм мөнгийг санхүүгийн баримтандаа захирлын тооцоо гээд бичээд явдаг...” /10-р хх-ийн 133-134/ гэсэн,

 

Гэрч С.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Түншлэлийн гэрээг өмнө харж байгаагүй гэрээ байна, гарын үсгийн дарц байдаг, энэ ямар учиртай гэрээ болох талаар мэдэхгүй, манай байгууллага ийм үйл ажиллагаа буюу Дарханд ямар нэг ажил хийгээгүй, манайд цахилгааны ямар ч мэдлэгтэй хүн байхгүй, юун үнсэн сан барих, тийм үйл ажиллагаа ч явуулж байгаагүй. Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих тендерт оролцоогүй. Хайрат гэдэг хүнийг танихгүй, Хотгор зам ХХК-ийг сайн мэдэхгүй. Хайрат гэх хүн болон Хотгор зам ХХК-иас ямар нэгэн байдлаар мөнгө авсан асуудал байхгүй.

...Залуу Монгол ХХК-ийн нарийн бичгийн ажилтан Мөнхцацралаас Хотгор зам ямар учиртай юм бэ, миний нэрийн өмнөөс байгуулсан гэрээний талаар асуухад аав, Мөнхцацрал, ня-бо Одончимэг нарийн бичгийн ажилтан Мөнхцацрал нарт чиглэл өгөөд Хаан банкнаас зээл авахын тулд манай компанид орлого орж ирнэ гэсэн агуулга бүхий хуурамч гэрээг Хотгор зам ХХК-тай байгуулан уг гэрээнд миний гарын үсгийн дардасыг надаас асуухгүй дарсан юм билээ. Уг хуурамч гэрээний дагуу Хаан банкнаас зээл авсан, би яг аль зээл дээр дээрх хуурамч гэрээг ашигласныг мэдэхгүй байна. Манай компани Хаан банкнаас 4 сая орчим долларын зээлтэй байгаа. ...Манай аав бид хоёрын дунд хувийн тооцоо байдаг, хэн хэн нь өрх толгойлсон эрчүүд, манай аав л Хотгор зам ХХК-ийн хүмүүст манай дансны дугаарыг, мөнгөн дүнгийн хамт өгсөн. Манай аав хүнээс авах ёстой байсан зээлээ чиний данс руу хийлгэсэн гэсэн, би ямар хүнээс авах авлага гэдгийг асуугаагүй...” /10-р хх-ийн 135-136, 137/ гэсэн,

 

Гэрч С.Д-, Ж.Одончимэг нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /10-р хх-ийн 138-139/,

 

Гэрч Х.Буджав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Залуу Монгол ХХК-ийн нарийн бичгийн дарга Д.Мөнхцацрал гэж хүнийг танихгүй, энэ хүнтэй уулзаж байгаагүй. Залуу Монгол ХХК-ийн ямар ч хүнтэй уулзаж байгаагүй, би ямар бичиг баримт хуулбарлаж өгөөгүй, би нэг ч хүнд тендерийн материал хуулбарлаж өгөөгүй.

...Надад техникийн талын мэдлэг байхгүй, би 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хотгор зам ХХК-д ажилд орсон. Би ковшийг бүртгэхийн тулд хэн нэгнээс асуусан байж таараа, энэ тоог агаараас авчираад тавиагүй, надад энэ ковш 70 сая төгрөг гэж анхан шатны баримт өгсөн хүн байхгүй. Энэ үнийг надад Хайрат, Хайратын эхнэр Гулназ, Мурат нарын нэг нь хэлсэн. Өөр надад хэлээд байх эрх бүхий хүн байхгүй. Сүүлд 137 сая төгрөгийг ковшийн үнэ гээд Муратын эхнэр рүү шилжүүлсэн болохоор 70 сая төгрөгийн өглөгөө хаагаад Муратад манай бүртгэл дээр өөр өглөг байхгүй байсан тул 67 сая төгрөгийг авлага гээд бүртгэсэн байгаа. Тэгсэн одоо надад Хайрат хэлэхдээ 70 сая төгрөгийг яагаад 2013 онд Муратаас авсан ковшны үнэ гэж хааж байгаа юм бэ, энэ чинь буруу байна, би Хотгор зам ХХК-ийг ах дүү нараасаа хөрөнгө авч байгуулсан, би 2010 онд ах дүү нараасаа ковш аваад төлбөрийг нь 2013 онд шилжүүлсэн, гэтэл чи буруу хаачихсан байна гэж хэлээд байгаа, би үүнийг мэдэхгүй. Тайлан дээр өмнө нь Муратаас өглөг, авлага гэсэн юм байхгүй байсан, намайг ажил авахад өмнө нь санхүүгийн баланс дээр техник байсан боловч ямар ямар техник байсан нь тодорхойгүй байсан. Тийм болохоор би балансдаа 889 сая төгрөгийн техник гээд үнийн дүнгээр нь биччихсэн. ...Би Залуу Монгол ХХК-ийн хүмүүстэй утсаар ярьж байгаагүй, 2015 онд манайд Алья гэж нягтлан байсан, түүнтэй холбоо барьсан байхыг үгүйсгэхгүй, гэхдээ Аль компанийн өглөг, авлагыг мэдэхгүй. Миний хувьд манай компаниас мөнгө нэхсэн хүмүүст санхүүжилт орж ирэхээр өгнө гэж жижүүрийн үгийг бол хэлээд явдаг байсан. 3алуу Монгол ХХК Дарханд ямарч ажил хийгээгүй. Надтай Дарханы ажлаар ярьж байна, өглөгөө хэзээ өгөх вэ гэхээр мөнгөгүй байна, санхүүжилт орж ирэхээр өгье гэж хэлж байсан байхыг үгүйсгэхгүй...” /10-р хх-ийн 143-145, 146-147, 148-149/ гэсэн,

 

Гэрч Т.Аманбол мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 6 бил үү 7 сард Сайхан гэж жолооч ачиж аваачсан. Дараа хэдэн сарын дараа сэлбэг захиалж авч байсан. Тэгэхээр жил гарангийн хугацаанд Өмнөговь аймгийн Цагаан хаданд хэрэглэсэн байсан, хоёр ковш аваагүй, нэг л ковш авсан...” /10-р хх-ийн 171-172, 174-175/ гэсэн,

 

А.Хайрат мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ах Мурат над руу утсаар яриад нэг гэрээнд гарын үсэг зураад өгчихөөч гэж хэлэхээр нь би ахаас ямар учиртай юм бэ гэхэд манай найз С- банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм байна, түүнд хэрэглэх юм гэж хэлсэн. Тухайн үед бараг гэрээг гүйцэт уншихгүйгээр гарын үсэг зурсан, манайд холбогдолгүй гэрээ байна гээд би гарын үсэг зурсан, Д- гэж хүнийг би нэг ч удаа харж байгаагүй, одоо ч харвал танихгүй, би банкинд зээл хөөцөлдөж байгаа юм байна гэж бодоод гарын үсэг зураад тамга дараад өгчихсөн. Бид нар хийсэн гэрээний нэг хувийг заавал авч үлддэг учир манай компанийн ажилчид нэг хувийг авч үлдсэн байх. Би С-ээс 200 сая төгрөгөөр ковшийг ахаараа дамжуулж худалдаж авсан, Мурат ах надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 60 сая төгрөг өгсөн, түүнийг ямар учиртай мөнгө, хэнд өгснийг нь ч сайн мэдээгүй, 2 болон 4 сая төгрөгөөр 6 сая төгрөг ч мөн адил ах хүнд өгчих гэхээр нь өгсөн. Хэнд ямар учиртай мөнгө болоод өгч байсныг мэдэхгүй. ...Манай компанийн тендерийн материалыг ганцхан Буджав бүрдүүлж өгдөг, надад энэ талаар ойлголт байхгүй. Би өөрөө С-тэй биечлэн уулзаж тендерт нөлөөлсөн асуудал байхгүй...” /13-р хх-ийн 58-59/ гэсэн,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн А.Хайратын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Миний хувьд Дарханы цахилгаан станцын хаягдал үнсэн сан шинээр барих ажлын тендерт шалгаруулсны төлөө Эрчим хүчний сайд М.С-ийн хүү Д-ын данс руу 66 сая төрөгийг шилжүүлсэн. Миний хувьд С.Д-ыг огт танихгүй, одоо ч харвал танихгүй, миний төрсөн ах Мурат Д-ын дансыг манай ня-бо Буджавт өгч уг 66 сая төгрөгийг шилжүүлсэн, үүнийгээ би хүлээн зөвшөөрч байна. Харин Залуу Монгол ХХК-ийн данс руу шилжүүлсэн 200 сая төгрөг бол тендертэй хамааралгүй, ковшны үнэ. Манай компани М.С-ээс ковшийг 2013 онд бил үү, 200 сая төгрөгөөр худалдан авсан, ковш худалдаж авах асуудлыг ах Мурат С-тэй ярьж худалдж авсан, түүнээс худалдаж авсан ковшны мөнгө болох 200 сая төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн...” /13-р хх-ийн 93/ гэсэн,

“...Хотгор зам ХХК нь С-ын хүү Д-ын Залуу Монгол ХХК-тай байгуулсан тендер зуучлалын гэрээний дагуу Эрчим хүчний сайд М.С- манай компанийг Дарханы дулааны станцын үнсэн сангийн тендерт ялуулсны төлөө 266 сая төгрөгийг Залуу Монгол ХХК руу болон Д-ын данс руу шилжүүлсэн нь үнэн...” /14-р хх-ийн 13-14/ гэсэн,

 

Шүүгдэгч М.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Гэрээг үзлээ, манай найз Муратын компани байна, 20-30 жилийн найзууд, энэ гэрээгээр мөнгө авсан асуудал байхгүй, тендерт хамтарч орьё гэсэн, манай талаас мөнгө оруулах ёстой байсан. Мөнгө оруулж чадаагүй дангаараа өөрөө л явуулсан байх, энэ гэрээний дагуу тендерт хамтран ороогүй байх. ...Мурат 60,000 ам доллар Сингапурт явж байхдаа надаас авсан, тэгээд тэр мөнгөө манай барьж байгаа барилга руу оруулсан байж магадгүй. Манай компани Хотгор зам ХХК хоёр худалдан авах ажиллагаанд хамтарч орохоор ярилцсан юм байна, тэгээд гэрээ хийсэн юм байна. Надад хамтарч оръё гэж Мурат хэлсэн, би болохгүй, мөнгө ч байхгүй, ашиг сонирхлын зөрчил болно гэж хэлсэн, тэгээд ийм гэрээ хийгдчихсэн явсан л юм байна. Тендерт манай компани ороогүй, энэ тендерт нөлөөлсөн зүйл байхгүй. ...Нүүрсний ковшийг Мурат зээлээч гээд авсан, 100 сая төгрөгт өгсөн санагдаж байна.

...Залуу Монгол ХХК, Хотгор зам ХХК хоорондоо хэлцэл хийж, 6 кубын шанагтай ковшийг тухайн үеийн үнээр нь буюу 200 гаран сая төгрөгөөр зарсан. Ковш борлуулахтай холбоотой бичиг баримтыг би мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид гаргаж өгсөн. Хотгор зам ХХК-иас Залуу Монгол ХХК руу шилжин орж ирсэн мөнгийг “орлого” гэж бүртгэж авсан байгаа, хахуулийн мөнгийг орлого гэж бүртгэдэг компани гэж байхгүй. ...Д- надад тайлбарлахдаа бид нарыг покер тоглож байхад дилер хийсний мөнгө Мурат ахаас орж ирсэн гэж байна лээ. Д- өөрөө ч сайн санахгүй байна лээ.

...Миний хувьд төрийн нарийн бичгийн дарга Дэлгэрцогт, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Пүрэвжав нарт Хотгор зам ХХК-ийг шалгаруул гэж ямар нэг хууль бус чиглэл өгч байсан асуудал байхгүй...” /13-р хх-ийн 39-40, 41-43, 89-90/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /13-р хх-ийн 80-82, 83-86/,

- Тендерийн хороо байгуулах тухай тушаал, холбогдох баримтууд /10-р хх-ийн 89, 90-93/,

- Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалын хуулбар /10-р хх-ийн 102-116/,

- Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, түүнд үзлэг хийсэн тухай /10-р хх-ийн 49-51, 53-61/,

- Дансны хуулга, төлбөрийн баримт, нэхэмжлэхтэй холбоотой баримтууд /10-р хх-ийн 177-206, 208-221, 222-231, 233-241, 13-р хх-ийн 110-111, 114/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /13-р хх-ийн 115-116/,

- Хотгор зам ХХК-ийн санхүүгийн баримтууд болон албан бичгүүд /10-р хх-ийн 242-250, 11-р хх-ийн 1-15, 16-26/,

- Залуу Монгол ХХК, Хотгор зам ХХК-иудын дансны хуула, төлбөрийн баритууд /11-р хх-ийн 101-136, 139-140, 143-146, 149-250, 12-р хх-ийн 1-11/,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /12-р хх-ийн 61-89/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 92-94, 106-107, 125-126, 127, 135-137, 143-146/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 95-96, 108-109, 147-150, 152-153, 4-р хх-ийн 1-70/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 97-98, 138/,

- Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх-ийн 110-121/,

- Эрчим хүчний яам, “Хотгор Зам” ХХК-ийн хооронд байгуулсан Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих /Дархан-Уул/-ийн (XXYI.1.63) ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ЭХА-031/14 дугаартай гэрээ, гэрээний хавсралт /3-р хх-ийн 155-156, 159-168, 10-р хх-ийн 25-30/,

- “Залуу Монгол” ХХК, “Хотгор Зам” ХХК-ийн хооронд байгуулсан Түншлэлийн гэрээ /3-р хх-ийн 180-183, 10-р хх-ийн 14-17/,

- Холбогдох бусад баримтууд /3-р хх-ийн 169-179, 5-р хх-ийн 143-160/,

- Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /13-р хх-ийн 145-149, 16-р хх-ийн 8-9/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /12-р хх-ийн 228-230, 231-236/,

- Эд зүйлийн үнэлгээ /13-р хх-ийн 8-17/,

 

- Шүүгдэгч М.С-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /12-р хх-ийн 92/, Монгол Улсын хилээр гарч байсан тухай лавлаа /12-р хх-ийн 121-123/, тээврийн хэрэгслийн гавлагаа /12-р хх-ийн 136/, ял шалгах хуудас /12-р хх-ийн 181/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /13-р хх-ийн 134/, дансны хуулга /14-р хх-ийн 47-51, 15-р хх-ийн 216-218, 221-230/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.С-ийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Ч”-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Амгалан дулаан станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” CMEC2013C4050 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд “Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол улсын татвар ногдуулах дараах татвар, хураамжуудыг гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч тал болох БНХАУ-ын  “Ч” /C/ нь Монгол улсад төлөгдөх татвар, хураамжийг хариуцахаар үүрэг хүлээсэн байхад албан тушаалын эрх мэдлийг урвуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд Монгол улсад ногдуулах татвар хураамжийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасныг танилцуулалгүйгээр “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад ...газар чөлөөлөх, төмөр зам барьж байгуулах ...зэрэг тооцохгүй үлдээчихсэн ажлууд нэмэгдсэн учраас Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй байна...” гэсэн бодит үндэслэл, тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, уг хуралдаанд оролцсон гишүүдээр тухайн асуудлыг дэмжүүлж Засгын газрын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-1/38 дугаартай албан бичгээр Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр батлан гаргуулж тухайн хуулиудын дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг батлуулж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж БНХАУ-ын “Ч” /СМЕС/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8,731,362,025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж Монгол улсын эрх, ашиг сонирхолд 8,484,264,045 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан...” гэж заасан ба энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...уг гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол...” гэж заажээ.

Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан өөрийн эрх мэдлийг өөрийн эрхэлж буй албан тушаал, байгууллага, улс орны эрх ашгийн эсрэг ашигласан үйлдэл, эс үйлдэхүй байх ба төр, нийгэм, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны сонирхолд хохирол учруулсан үр дагавар байж, үйлдэл, үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байхаар хуульчилсан ба М.С- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын ямар эрх мэдлийг улс орны эсрэг ашиглаж, албаны ямар эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, БНХАУ-ын “Ч” /СМЕС/-д ямар давуу байдал бий болгон Монгол улсын эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Хууль тогтоох засаглалыг Улсын Их хурлын гишүүд, орон нутагт иргэдийн хурлын төлөөлөгчид хэрэгжүүлдэг ба М.С- нь Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлуулахдаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их хуралд танилцуулсан болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Алтанхуягийн “...Анхны болон нэмэлт гэрээний талаар надад танилцуулж байсан, Засгийн газрын хуралдаанаар нэмэлт зардал гарч байгаа талаар танилцуулахад С- сайдад анхны мөнгөн дүнгээс хэтрүүлэхгүйгээр шийдвэрлэх аргыг өөрсдөө ол гэж хэлсэн. Техник эдийн засгийн үндэслэлийг Амгалан дулааны станцыг бүтээн байгуулахаас өмнө хийсэн, бодит байдал дээр тооцоолоогүй зардал гарсан. ...Анхны гэрээгээ өөрчлөөд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж өөрчлөөд, чөлөөлөх талаар хоёр дахь гэрээг нэмэлт болгож хийгээд Засгийн газрын хуралдаанаар оруулсан, анхны өртөг хэдэн төгрөг болох талаар анхны гэрээнд байгаа. 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Уг асуудлаас санал боловсруулаад Засгийн газарт танилцуулахыг С- сайдад, Эдийн засгийн хөгжлийн асуудал учир Батбаяр сайдад, санхүүгийн асуудлыг Сангийн сайдад даалгасан шийдвэр гаргасан. Хөрөнгийг Засгийн газар шууд гаргаж чадахгүй учир баталгаа гаргаж, буцаад төлөгдөх ямар боломж байна түүнийгээ судал гэж буцааж байсан. 2013 оны 4 дүгээр сард Амгалан дулааны станцыг барих зардал дахиж гэж оруулж ирсэн, 75,9 сая ам долларыг улсын төсөвт суулгахаар хэрэгжүүл гэж байсан. Энэ хэмжээний мөнгийг 2014, 2015 оны төсөвт оруулахыг даалгаж, энэ мөнгийг гаргахыг Хөгжлийн банкинд даалгасан шийдвэр гарсан, татвараас чөлөөлөх тухай зөвшөөрсөн тогтоол гарсан, дараа нь хууль баталсан. 75,9 сая долларт багтаа гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. ...М.С- сайд гүйцэтгэгч компанитайгаа яриад цахилгаан станцыг барихад шаардагдах гадаадаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өргийн албан татвар, гаалиас чөлөөлөөд хийсэн ажлых нь хөлсөнд багтаавал бага дүн гарна, энэ дүнд нь хааж болох тухай хэлцэл хийж ирсэн, тэгэхээр нь бид нар за тэгьё, тэгэж болвол болно, өмнөх 75,9 сая ам доллар өөрчлөгдөхгүй гээд Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалиас чөлөөлөх асуудлыг Засгийн газар Улсын Их хуралд оруулаад хуулийг баталж гаргасан...” /16-р хх-ийн 218/ гэсэн, гэрч Д.Зоригтын “...Гэрээнд зааснаас илүү зардал гарсны улмаас 20 гаруй сая долларын ажил нэмэлтээр гарсан. Чөлөөлөгдсөн гаалийн хэмжээ 3-4 сая доллар байсан, гэтэл гүйцэтгэгч талаас гаргасан зардлууд 20 гаруй сая доллар болсон, энэ зардлаа авна, үгүй бол ажлаа зогсооно гэдэг шаардлага тавьдаг, харин татвараас чөлөөлсөн өөр эх үүсвэр байхгүй, энэ үнэндээ багтаах санал гаргаж байсан. Ийм тохиролцоод хүрч чадахгүй байсан. ...Гүйцэтгэгч талын шахалтанд ороод 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөд тусгасан ажил хийгдсэн бол илүү зардал төлөх үүргийг Монгол Улсын тал хүлээх байсан...” /16-р хх-ийн 220/ гэсэн мэдүүлэг, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлүүд, Улсын Их хурлаас батлан гаргасан Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. Иймд Нийслэлийн прокурорын газраас М.С-д дээрх үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Ч”-ийн хооронд байгуулсан “Амгалан дулаан станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” CMEC2013C4050 дугаартай гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр биш 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан /5-р хх-ийн 226-250, 6-р хх-ийн 1-63, 65-134/ болохыг тэмдэглэж байна.

 

Харин шүүгдэгч М.С- нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаар тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих /Дархан-Уул/” (ХХYI.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах ажлын хэсгийн даргад “Тендерт оролцож буй компаниудаас “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө Залуу Монгол ХХК, Хотгор зам ХХК-ийн хооронд хоёр жилийн хугацаатай 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 01/05 дугаартай Түншлэлийн гэрээг байгуулж, Хотгор зам ХХК-ийн Ерөнхий захирал А.Хайратаас өөрийн хүү С.Д-ын эзэмшлийн Хаан банкны 5085031818 дугаартай дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөгийг, Голомт банкны 2105103199 дугаартай дансаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг, 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг, өөрийн үүсгэн байгуулсан Залуу Монгол ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5043023012 дугаартай дансаар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдаар дамжуулан нийт 266,000,000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Гэрч Я.Пүрэвжавын “...Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайд М.С- нар надад тендерт “Хотгор зам” гэж компани орж байгаа анхаарч үзээд дэмжээрэй гэж хэлсэн. Тэгээд худалдан авах ажиллагаа явагдсан, гэхдээ би хурлыг зохион байгуулж явахаас биш, тэрнийг дэмж, үүнийг дэмж гэж чиглэл өгөөгүй...” /10-р хх-ийн 42-43/ гэсэн, Е.Ерболатын “...Шалгаруулах 6 дугаар хурал ирц хүрээгүйгээс болоогүй, би хурал болсон үгүйг бүрэн санахгүй байна. Дөрвөн хүн ирээгүй бол ирц хүрэхгүй, хурал болоогүй л гэсэн үг, тухайн үед Пүрэвжав дарга надад чи үнэлгээний тайлан хурлын протоколуудыг бэлдээд хуралд ирээгүй гишүүдээр нөхөж гарын үсэг зуруул гэж хэлж байсныг санаад байна. Түүний дагуу 6 дугаар хурлын тэмдэглэлийг би Дорж, Туяахүү нараар гарын үсэг зуруулсан, энэ хоёроос өөрөөр мөн Эрчим хүчний яаман дээр очиж хурлын тэмдэглэлд нөхөж гарын үсэг зуруулсан, тэгэхдээ Энхцэлмэг, Баттөмөр хоёрын нэгээр нь нөхөж зуруулсан уу, эсхүл хоёулангаар нь нөхөж зуруулсан уу гэдгээ бол санахгүй байна, ямар ч байсан яаман дээр очиж нөхөж гарын үсэг зуруулсан...” /10-р хх-ийн 43-44, 48/ гэсэн, Р.Доржийн “...Миний суусан хурал бол тендерийн нээлтийн хурал /тендерт оролцогч нараас материал хүлээж авах тухай/ байсан, өөрөөр хуралд суугаагүй. Энэ тендерт ямар компани шалгарсан талаар бол мэдэхгүй байна. Би хөдөө гадаа их явдаг тул тэр бүр хуралд ордоггүй байсан...” /10-р хх-ийн 80-81/ гэсэн, Ч.Баярмаагийн “...Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т үнэлгээний ххорооны хуралдаан 75 хувийн ирцтэйгээр хуралдсанаар хүчин төгөлдөр хуралд тооцно...” /10-р хх-ийн 99/ гэсэн, Ж.Одончимэгийн “...Би “Түншлэлийн гэрээ” гэсэн ийм гэрээ байгуулагдсан талаар мэдэхгүй байна. Хотгор зам ХХК-ийн дансаар манай компанийн данс руу мөнгө орж ирж байсныг санаж байна. 200 сая төгрөг орж ирснийг нарийн тайлбарлаж мэдэхгүй, би захирал Д-ын хэлснээр ойлгохдоо “Хотгор зам” ХХК нь Дарханд дулааны цахилгаан станцын үнсний сантай холбоотой ажил хийж байгаа, тэр ажил дээр нь манай компани хамтарч оролцож ажилласан, түүнээс орж ирж байгаа мөнгө гэж хэлсэн...” /10-р хх-ийн 133-134/ гэсэн, С.Д-ын “...Түншлэлийн гэрээг өмнө харж байгаагүй гэрээ байна, гарын үсгийн дарц байдаг, энэ ямар учиртай гэрээ болох талаар мэдэхгүй, манай абйгууллага ийм үйл ажиллагаа буюу Дарханд ямар нэг ажил хийгээгүй, манайд цахилгааны ямар ч мэдлэгтэй хүн байхгүй, юун үнсэн сан барих, тийм үйл ажиллагаа ч явуулж байгаагүй. Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих тендерт оролцоогүй. Хайрат гэдэг хүнийг танихгүй, Хотгор зам ХХК-ийг сайн мэдэхгүй. Хайрат гэх хүн болон Хотгор зам ХХК-иас ямар нэгэн байдлаар мөнгө авсан асуудал байхгүй...” /10-р хх-ийн 135-136/ гэсэн, Х.Буджавын “...Надад техникийн талын мэдлэг байхгүй, би 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хотгор зам ХХК-д ажилд орсон. Би ковшийг бүртгэхийн тулд хэн нэгнээс асуусан байж таараа, энэ тоог агаараас авчираад тавиагүй, надад энэ ковш 70 сая төгрөг гэж анхан шатны баримт өгсөн хүн байхгүй. Энэ үнийг надад Хайрат, Хайратын эхнэр Гулназ, Мурат нарын нэг нь хэлсэн. Өөр надад хэлээд байх эрх бүхий хүн байхгүй. Сүүлд 137 сая төгрөгийг ковшийн үнэ гээд Муратын эхнэр рүү шилжүүлсэн болохоор 70 сая төгрөгийн өглөгөө хаагаад Мратад манай бүртгэл дээр өөр өглөг байхгүй байсан тул 67 сая төгрөгийг авлага гээд бүртгэсэн байгаа. Тэгсэн одоо надад Хайрат хэлэхдээ 70 сая төгрөгийг яагаад 2013 онд Муратаас авсан ковшны үнэ гэж хааж байгаа юм бэ, энэ чинь буруу байна, би Хотгор зам ХХК-ийг ах дүү нараасаа хөрөнгө авч байгуулсан, би 2010 онд ах дүү нараасаа ковш аваад төлбөрийг нь 2013 онд шилжүүлсэн, гэтэл чи буруу хаачихсан байна гэж хэлээд байгаа, би үүнийг мэдэхгүй...” /10-р хх-ийн 143-145, 146-147, 148-149/ гэсэн мэдүүлгүүд болон А.Хайратын гэрчээр өгсөн “...Манай ах Мурат над руу утсаар яриад нэг гэрээнд гарын үсэг зураад өгчихөөч гэж хэлэхээр нь би ахаас ямар учиртай юм бэ гэхэд манай найз Сономпид банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм байна, түүнд хэрэглэх юм гэж хэлсэн. Тухайн үед бараг гэрээг гүйцэт уншихгүйгээр гарын үсэг зурсан, манайд холбогдолгүй гэрээ байна гээд би гарын үсэг зурсан, Д- гэж хүнийг би нэг ч удаа харж байгаагүй, одоо ч харвал танихгүй, би банкинд зээл хөөцөлдөж байгаа юм байна гэж бодоод гарын үсэг зураад тамга дараад өгчихсөн. ...Би С-ээс 200 сая төгрөгөөр ковшийг ахаараа дамжуулж худалдаж авсан, Мурат ах надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 60 сая төгрөг өгсөн, түүнийг ямар учиртай мөнгө, хэнд өгснийг нь ч сайн мэдээгүй, 2 болон 4 сая төгрөгөөр 6 сая төгрөг ч мөн адил ах хүнд өгчих гэхээр нь өгсөн. Хэнд ямар учиртай мөнгө болоод өгч байсныг мэдэхгүй...” /13-р хх-ийн 58-59/ гэсэн, яллагдагчаар өгсөн “...Хотгор зам ХХК нь С-ийн хүү Д-ын Залуу Монгол ХХК-тай байгуулсан тендер зуучлалын гэрээний дагуу Эрчим хүчний сайд М.С- манай компанийг Дарханы дулааны станцын үнсэн сангийн тендерт ялуулсны төлөө 266 сая төгрөгийг Залуу Монгол ХХК руу болон Д-ын данс руу шилжүүлсэн нь үнэн...” /14-р хх-ийн 13-14/ гэсэн мэдүүлэг, Түншлэлийн гэрээ, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, Эрчим хүчний яам, Хотгор зам ХХК-ийн захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, С.Д-ын Хаан болон Голомт банкны, Залуу Монгол ХХК-ийн Хаан банкны дансны хуулгууд, улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбарууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцохоор,

3 дахь хэсэгт гэмт үйлдэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэж дууссан үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулахаар тус тус заажээ.

“Залуу Монгол” ХХК болон “Хотгор зам” ХХК-ийн хооронд Түншлэлийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, улмаар “Хотгор зам” ХХК-ийн Ерөнхий захирал А.Хайратаас С.Д-ын эзэмшлийн Хаан банкны 5085031818 дугаартай дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, Голомт банкны 2105103199 дугаартай дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, М.С-ын үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5043023012 дугаартай дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус тус гүйлгээ хийсэн байх тул уг гэмт хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхэлж, 2015 оны 7 дугаар сарын 10-ны гүйлгээ хийсэн өдөр гэмт хэрэг төгссөн байна гэж шүүх үзэв.

Иймээс шүүх бүрэлдэхүүн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа /5 жил/ өнгөрөөгүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

Нийслэлийн прокурорын газраас М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлөх зүйтэй гэж үзэв. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...их буюу онц их хэмжээний хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 4 дэх хэсэгт “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ...гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, ...бусдаар дамжуулан хахууль ...авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, ...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хахууль авах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч М.С-д 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж хэрэглэхдээ буруу хэрэглэснийг шүүх хуралдаанаар засаж боломжтой гэж үзэв.

Ингэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласныг шүүх хуралдаанаар зөвтгөх нь М.С-д холбогдох хахууль авах гэмт хэргийн зүйлчлэл болон бусад байдалд нөлөөлөхгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой.

 

Шүүхээс шүүгдэгч М.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Хайратад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар тусгаарласан /13-р хх-ийн 145-149, 16-р хх-ийн 8-9/ бөгөөд шүүгдэгч М.С-д холбогдох эрүүгийн 1802000000191 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хахууль авсан арга, түүний хэр хэмжээ, гэрээнд заасан үнийн дүнгийн хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хуульд заасны дагуу хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хахуульд 266,000,000 төгрөг авсныг гэм буруутай этгээдээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай тогтоолоор М.С-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхонд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206004965 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 25 дугаар гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206003327 дугаартай үйлчилгээний зориулалттай байр /12-р хх-ийн 228-230/ зэргийг битүүмжилсэн,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хийсэн эд зүйлийн үнэлгээгээр /13-р хх-ийн 8-17/ 12,444,984,410.00 төгрөгөөр үнэлэгдсэн М.С-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхонд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206004965 дугаартай амины орон сууцнаас 266,000,000 төгрөгийг зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Палас ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 25 дугаар гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206003327 дугаартай үйлчилгээний зориулалттай байрыг битүүмжилснийг хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн D00000314 дугаартай М-ийн С-ийн дипломат паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Залуу Монгол” ХХК болон “Хотгор зам” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч М.С- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч өмгөөлөгч нараас М.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, Түншлэлийн гэрээг “Залуу Монгол” ХХК, С.Д- Хаан банкнаас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2 тэрбум төгрөгийн зээл авахдаа зориулж байгуулсан, “Залуу Монгол” ХХК-ийн Хаан банкны дансаар орж ирсэн 200 сая төгрөгийг М.С- БНХАУ-аас 2012 онд Монгол Улсын хилээр оруулж ирээд 2013 онд А.Хайратад зарсан ковшны үнэ, С.Д-ын Хаан болон Голомт банкны дансаар шилжүүлж авсан 66 сая төгрөгийг А.Муратаас М.С-д өгөх байсан өглөг байсныгаа дансаар шилжүүлж авсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хоёр жилийн хугацаатай 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, 800 сая төгрөгийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкнаас авсан зээлийн баримтанд гаргаж өгч байгаа нь цаг хугацааны хувьд, мөн М.С- нь өргөгч машин /ковш/-ыг БНХАУ-аас худалдан авч Монгол Улсын хилээр оруулж ирээд 2013 онд А.Хайратад зарж, төлбөрийг 2015 онд шилжүүлсэн гэдэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн А.Хайрат, М.С- нарын мэдүүлгээр өргөгч машин /ковш/-ы үнийн дүн зөрүүтэй, М.С- нь А.Муратаас авах ёстой байсан авлага байсныгаа шилжүүлж авсан гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хөтөлбөргүйгээр нотлож чадаагүйн дээр гэрч Х.Буджавын “...Би ковшийг бүртгэхийн тулд хэн нэгнээс асуусан байж таараа, энэ тоог агаараас авчираад тавиагүй, надад энэ ковш 70 сая төгрөг гэж анхан шатны баримт өгсөн хүн байхгүй. Энэ үнийг надад Хайрат, Хайратын эхнэр Гулназ, Мурат нарын нэг нь хэлсэн. Өөр надад хэлээд байх эрх бүхий хүн байхгүй. Сүүлд 137 сая төгрөгийг ковшийн үнэ гээд Муратын эхнэр рүү шилжүүлсэн болохоор 70 сая төгрөгийн өглөгөө хаагаад Муратад манай бүртгэл дээр өөр өглөг байхгүй байсан тул 67 сая төгрөгийг авлага гээд бүртгэсэн байгаа. Тэгсэн одоо надад Хайрат хэлэхдээ 70 сая төгрөгийг яагаад 2013 онд Муратаас авсан ковшны үнэ гэж хааж байгаа юм бэ, энэ чинь буруу байна, би Хотгор зам ХХК-ийг ах дүү нараасаа хөрөнгө авч байгуулсан, би 2010 онд ах дүү нараасаа ковш аваад төлбөрийг нь 2013 онд шилжүүлсэн, гэтэл чи буруу хаачихсан байна гэж хэлээд байгаа, би үүнийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.С-д Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийнг 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.С-д Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч М.С-д Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Б овогт М-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М-ийн С-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сономилээс 266,000,000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай тогтоолоор М.С-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхонд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206004965 дугаартай амины орон сууцнаас зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Палас ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар гудамжинд байрлалтай үйлчилгээний зориулалттай байрыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1802000000191 дугаартай хэрэгт хураагдан ирүүлсэн D00000314 дугаартай М-ийн С-ийн албаны гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Залуу Монгол” ХХК болон “Хотгор зам” ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн 1802000000191 дугаартай хэрэгт гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.С- энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

      

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                              Д.АЛТАНЖИГҮҮР