Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00917

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2017/00917

 

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1986 онд төрсөн, 31 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дүгээр багийн.. дугаар гудамжны ..тоотод оршин суух, СЮ..... дугаар регистртэй, Ямаат овогт Бямбадоржийн Хонгорзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр Отгонширэвгэрт оршин суух, РС........ дугаар регистртэй, эрэгтэй, ......... овогт О.М-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/00810/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Х нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд М-тэй танилцсан. Үерхэж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Т төрсөн. Одоо 6 настай, надтай хамт байдаг. Хүүгээ 2 нас хүрсэний дараа хөдөө гэрлүүгээ яваад ирье гэж хэлээд эргэж ирээгүй. Манай хүүхэд энэ жил 6 настай хүүхдээ өөрөө овоглуулъя гэж бодсон чинь надтай ирж уулзаагүй. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан. Би М-г Улаанбаатар хот явсан хойгуур нь авч очоод иргэний бүртгэл дээр иргэний үнэмлэхийг нь авч очоод хүүхдээ эцгээр нь овоглуулчихсан юм. Хүүхдээ гарснаас хойш Мягмарсүрэн бидэн дээр ирэх нь багассаар бүүр 2013 оноос хойш холбоо тасарсан, утсаа ч авдаггүй. Иймд О.М-ээс хүү Тэмүүлэнд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Х-тай 2010 онд танилцаж, үерхэж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Т-ээ төрүүлсэн нь үнэн гэвч бид хоёрын сэтгэл санаа таарахгүй болж хамт байх хэцүү болсон цаашид хамт амьдрах боломжгүй тул хүү Т-гийн хүүхдийн тэтгэлэгийг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч О.М-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.        

Б.Х, О.М нар 2010 онд танилцан, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү М.Т төрж, эхийнхээ асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “РД: рю....., хүүхдийн овог: С, Эцэг /эх/-ийн нэр: М, нэр: Т, 2011.11.01 өдөр төрснийг Мөрөн төрснийг 2011 оны 12 сарын 16-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн РД:рс......, овог: С, Эцэг /эх/-ийн нэр: О, нэр: М, Эхийн РД:СЮ......., овог: Я, Эцэг /эх/-ийн нэр: Б, нэр: Х, Бүртгэсэн: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Улсын бүртгэгч/ бүртгэлийн ажилтан/ Ч.А” гэх бичилттэй №0000692139-Г/896 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Далайн-Элбэрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү М.Т нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг О.Мягмарсүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү М.Т-г  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Т 6 нас 7 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч О.М төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү М.Тэмүүлэн  сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагч О.Мягмарсүрэнгээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч О.М-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                              

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С овогт О.М-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Х-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагч О.М-ээс гаргуулан улсын орлогод оруулсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ОТГОНБЯМБА