| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00370/И |
| Дугаар | 420 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 420
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Төрийн банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй С.Доржготов, Д.Бүжинлхам нарт холбогдох 4.268.354 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Завхан салбар нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн С.Доржготов, Д.Бүжинлхам нар нь банктай 2010 оны 12 сарын 14-ний өдөр 12 тоот Орон сууц худалдан авах гэрээг байгуулан 15.200.000 төгрөгийн зээлийг 0.92 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийнбарьцаанд Улиастай сумын Жинст багийн 30 айлын 12 тоот 34.5 мкв 2 өрөө орон сууц барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж хугацаа давтан хэтрүүлж байгаа тул С.Доржготов, Д.Бүжинлхам нараас 4.268.354 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суух Д.Бүжинлхам нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Доржготов овогтой Бүжинлхам миний бие өөрийн аав Содхүү овогтой Доржготовын хамт Төрийн банкнаас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 4.162.784 төгрөг, хүү 87.675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466 төгрөг, нийт 4.250.889 төгрөг, нотариатын хөлс 17500 төгрөг, нийт 4.268.389 төгрөгийг хариуцан төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Миний аав Улаанбаатар хотод хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаа учир энэ зээлийн үлдэгдэл 4.268.389 төгрөгийг би хариуцан төлөх болно. Миний бие энэ асуудлаар давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Завхан салбар нь иргэн С.Доржготов, Д.Бүжинлхам нарт холбогдуулан 4.268.389 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бүжинлхам нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.268.389 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82965 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. Төрийн банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй С.Доржготов, Д.Бүжинлхам нарт холбогдох 4.268.389 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4.268.389 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Д.Бүжинлхамын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 82965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41482 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 41482 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ