Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар аймгийн Ерөнхий прокурорын орлогч С.Батмөнх-Очир,

         Хохирогч Х.Идэрбаатар,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

         Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Батмөнх-Очироос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ад холбогдох эрүүгийн 2219000560065 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Ц.А

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ц.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Өндөр довын 3-308 тоотод оршин суух Х.Идэрбаатарын гэрийн хаалгыг эвдэлж гэмтээн, 430,000 төгрөгийн хохирол учруулан, улмаар тухайн айлд орж, иргэн Х.Идэрбаатарын Самсунг А12 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Х.Идэрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тухайн үед би гэртээ ганцаараа унтаж байсан. Тухайн үед нэг хүн хаалга тогшсон.  Намайг хэн бэ гэж асуухад хаалгаа гээд байсан. Би тухайн үед чи, явж амар, айл андуурсан байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг чимээгүй болсон. Би тэгэхээр нь явчихлаа гэж бодсон. Дараа нь гэнэт гадаа хаалга түчигнээд байсан. Би гайхаад босоод гарч ирэхэд үүдэнд А орж ирсэн байсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ, хаалга, үүд эвдээд орж ирэх юм. Тухайн үед архи уусан болохоор нь чи арай хэтрүүлсэн байна, явж амар гэж хэлсэн. Тэгээд А нь хэсэг чимээгүй байж байгаад гэрт орж ирээд ална шүү, писда минь гэж хэлээд гар далайхад нь би тонгойсон. Тухайн үед гар утсыг маань авсан байх. Би бол тэр үед утас авсан гэж мэдээгүй. Тэгээд А гэрээс гараад явсан. Дараа нь эхнэртэйгээ утсаар ярих гэтэл гар утас байгаагүй. Тэгээд Аг авсан гэж бодоод араас нь шууд гарсан боловч гадаа байгаагүй. Тэгээд хажуу айлынхаа гэр рүү явж эхнэртээ цагдаа дуудаарай, гэртээ байж байгаад хүнд дээрэмдүүлчихлээ гэж хэлээд дахин Аг ойр орчим байж магадгүй гэж гараад хайсан. Дараа дахин хажуу айл руу очиход унтсан байхаар нь айл, амьтан унтсан юм чинь гээд хойд айл руугаа очоод дахин эхнэртэйгээ яриад цагдаад дуудлага өгсөн. Би дараа нь байшингийн гадаа энэ хүнийг хайгаад хараад байж байсан. Тэгээд А нь манай гудамжинд хүүхдээ дагуулаад гарч ирсэн. Тэгэхээр нь би очиж уулзаад та утсаа өгөөч, эхнэр рүүгээ  ярих гэсэн юм, сая дээрэмдүүлээд гэж хартал миний утсыг авсан хүн байсан. Тэгээд би таниад за, хөгшөөн би цагдаа сэргийлэх дуудсан гэхдээ эрх хүмүүс байна. Миний гар утсыг гаргаад өгчих, би чиний царайг харсан, танина гэхэд би аваагүй, хүн андуурсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь  за, за тэгвэл цагдаа дуудсан, одоо ирнэ гэж хэлэхэд цагдаа ирсэн. Тухайн үед цагдаа хараад намайг уучлаарай гар утсыг чинь буцаагаад өгөх гэж байсан юм гэж хэлсэн. Тухайн үед надад өгөөгүй, цагдааг өөрийг нь машинд суулгахаар нь өгсөн байсан. Дараа нь мөрдөн байцаагч хамт оръё гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн би бүх үйл, явдлыг цагдаад хэлсэн. Намайг гэртээ байж байгаараа маргааш мөрдөн байцаалт авна гэж хэлсэн ...” гэв.

          Хохирогч Х.Идэрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 23 цаг 10 минутын үед намайг гэртээ унтаж байхад манай байшингийн гадна хаалгыг хүн нүдээд байсан. Хэн бэ гэж асуухад согтуу хүн байхаар нь “чи айл андуурсан байна, гэртээ харьж амар” гэсэн. Тэгтэл гадна хаалга эвдээд үүдний хэсэгт орж ирээд, дотор хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь би “чи ямар учиртай юм бэ, би унтаж амарч байна” гэсэн чинь “пизда минь чамайг ална” гээд хаалга нүдээд байсан. Тэгээд хэсэг хугацаанд чимээгүй байсан. Гадна хаалга хаах чимээ гарсан. Дахин гадна хаалга онгойх чимээ гарсан. Тэгээд дотор хаалга эвдээд ороод ирсэн. Орж ирээд “пизда минь чамайг ална” гээд над руу зүүн гараа далайгаад цохих гээд тонгойсон. Би орон дээрээ хэвтэж байсан юм. Тэгээд би “чи харьж амар, айл андуурсан байна, ингэж болохгүй” гэсэн чинь баруун гараараа миний хэвтэж байсан орон дээр тулаад өндийсөн. Энэ үедээ миний гар утсыг авсан. Тэгээд би хувцсаа өмсөөд араас нь гарсан чинь хаашаа явсныг нь мэдэхгүй алга болсон байсан. Би хажуу айлын хүний утсыг гуйж, өөрийн утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан ... Огт танихгүй хүн байсан ба 165 см орчим өндөртэй, 30 орчим настай, хүзүүндээ шивээстэй байсан. Шивээс нь юуны шивээс байсан талаар хараагүй. Шар царайтай, туранхай, намхан хүн байсан. Цэнхэр женсэн өмд, хар савхин хүрэмтэй, хар саравчтай малгайтай, малгайтай цамцтай, хар маск зүүсэн байсан, гутлыг нь мэдэхгүй байна. Би 2021 оны 11 дүгээр сард уг утсыг зээлээр 490,000 төгрөгөөр худалдан авсан. Хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 40-41, 55 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Ц.Агаас мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... тухайн үед би найз Даштай хамт нүхэн гарцын дэргэд Хараа нэртэй, 0,75 литрийн архи хувааж уусан. Идэрбаатарын байгаа хашаа, байшинд өмнө нь манай найз Цогбаяр байдаг байсан. Би Цогбаярын гэрт орж байна гэж бодоод Цогбаярыг хаалгаа тайлахгүй байна гэж бодоод хаалгыг нь хүчтэй татаж эвдэж ороход Цоггэрэл байхгүй, танихгүй залуу байсан. Байшинд ороход танихгүй залуу байхаар нь “Цогбаяр хаана байна” гэж асуусан. Тэгэхэд тэр залуу “чи айл андуурсан байна, ингэж болохгүй” гэхээр нь би орон дээр байсан хар өнгийн гар утсыг аваад гарсан. Тэр айлд байсан залууг зодож цохисон асуудал байхгүй. Би тэндээс гараад гэртээ очиж хувцсаа солиод гарсан. Уг авсан утас нь Самсунг А12 маркийн хар өнгийн утас байсан. Уг утсыг эзэнд нь өгсөн. Хаалга эвдсэн хохирол 430,000 төгрөгийг төлсөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 43, 53 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/009 дугаартай “... Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Гутлын улны мөрийн нийт урт 31 см, өсгийн өргөн 9,7 см, өлмийн өргөн 11,5 см хэмжээтэй, мөрийн ул хэсэгт 34 ширхэг тэгш бус, зууван хэлбэрийн хээтэй байна. Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын улны мөр нь иргэн Ц.Агаас хураан авсан гутлын мөртэй тохирч байна. Шинжилгээний явцад асуултад дурдаагүй өөр нөхцөл байдал илрээгүй болно ...“ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-921/2680 дугаартай “... Гар утас /самсунг А12/ 350,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас/,

          Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

          Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 56, 58-66 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Ц.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Өндөр довын 3-308 тоотод оршин суух Х.Идэрбаатарын гэрийн хаалгыг эвдэлж гэмтээн 430,000 төгрөгийн хохирол учруулан, улмаар тухайн айлд орж, иргэн Х.Идэрбаатарын Самсунг А12 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэн хариуцсан, хамгаалах үүрэг бүхий хүнээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ц.А нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Өндөр довын 3-308 тоотод оршин суух Х.Идэрбаатарын гэрийн хаалгыг эвдэлж гэмтээн 430,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг, мөн хохирогч Х.Идэрбаатарын хар өнгийн, Самсунг А12 маркийг гар утсыг орон дээрээс илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

          Хохирогч Х.Идэрбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед “хар өнгийн, Самсунг А12 маркийн гар утсыг хүлээн авсан, хаалга эвдсэний төлбөр 430,000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирол төлбөргүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Ц.Ад ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял тус тус шийтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь 7 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн Эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримт болох 43 размерын ногоон өнгийн дотортой, хар өнгийн 1 хос пүүзийг шүүгдэгч Ц.Ад буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосугай

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь 7 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Шүүгдэгч Ц.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн Эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримт болох 43 размерын ногоон өнгийн дотортой, хар өнгийн 1 хос пүүзийг шүүгдэгч Ц.Ад буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч       Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

               

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА