Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 017/2013/0000/З |
Дугаар | 221/МА2014/0095 |
Огноо | 2014-02-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2014/0095
С.С-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн С.С, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, Д.Т нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 549 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С.С-ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дугаар захирамжийн С.С-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 станцын хойд талд 1702 м кв газрыг С.С-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг зөрчсөн бөгөөд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 291, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх заалтыг зөрчсөн. Мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон зэрэг хууль зүйн үндэслэлгүй захирамж гарсан учир дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг дарга нь 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар С.С-д тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 станцын хойд талд аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хуулбар хувь явуулалгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмшүүлсэн. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ээлжит 8 дугаар хуралдаанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 24.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжийн С.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 549 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С-ын“Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол, тус дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/31 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 4/02 дугаар тогтоолоор даалгаснаар Баянгол дүүргийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин Баянгол дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хууль тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад газар олгосон гэж үзэн Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжийн С.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын хойд талд орших иргэн С.С-д эзэмшүүлэх эрх олгосон газар нь Баянгол дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр тусгагдаагүй байхад Баянгол дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлалгүйгээр хууль зөрчин олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн С.С-ын Баянгол дүүргийн газрын албанд хандаж гаргасан “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээснээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу газар эзэмшүүлэх тухай” хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжаар түүнд газар эзэмших эрхийг шинээр олгосон байхад нэхэмжлэгч газар эзэмших эрхийг шилжүүлж авсан буюу “газар эзэмших эрхийг шинээр аваагүй, урьд нь эзэмшиж байсан этгээд төлбөрөө төлөөгүй байсныг нөхөн төлсний үндсэн дээр авсан” гэж зөрүүтэй үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ялангуяа нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар тэрээр газар эзэмших эрх үүсэхээс өмнө эрх бүхий байгууллагатай хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг
өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээх талаар тохиролцоогүй, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулаагүй зэрэг нь тогтоогджээ.
Тиймээс С.С-д үүссэн газар эзэмших эрх нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг шинээр олж авах болон шилжүүлж авах тухай холбогдох заалтуудын аль алиных нь дагуу үүсээгүй байгаа учир маргааны бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
|