| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00439/И |
| Дугаар | 421 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 421
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сургуульд ерөөсөө суугаагүй. Багаасаа эцэг, эхийн хамт Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал малласан. 1984 онд 16 насанд хүрч түүнээс хойш нэгдлийг тартал л мал малласан. Энэ талаар надад хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөгүй. Өрхийн тэргүүн гэдэг утгаараа аавын нэр дээр хөдөлмөр хөлс тооцогддог байсан. Мөн манайх шагнуулж байсан боловч аавын нэрээр л шагнал урамшуулал авдаг байсан. Надад олгогдоггүй байсан болохоор энэ талаар нотлох баримт байхгүй байна.
Иймд намайг 1984 оны 03-р сарын 05-наас 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* 1984 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан гэх боловч энэ талаарх бичиг баримт байхгүй байна.
Гэвч түүнийг эцэг *******гийн хамт мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн ...******* Завхан аймгийн ******* сумын сургуулийн 4-р ангийг төгссөн болов уу даа, бараг сургуульд суугаагүй байх. Багаасаа л хөдөө Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж ирсэн. Манай аав, ээж *******ын аав, ээжтэй ойр саахалт байдаг байсан болохоор сайн мэднэ. Би 1984 онд аймгийн төв дээр ирсэн. Зуны амралтаараа *******д гэртээ очих болгонд ******* малаа маллаад байж л байдаг байсан. Манай хоёр их ойрхон нутгалдаг байсан. ...******* аав *******, ээж ******* нарын хамт тасралтгүй мал малладаг байсан... гэсэн,
гэрч Д.*******гийн ...******* Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд байнгын мал малладаг байсан. Сургуульд бараг суугаагүй байх. Шувт хөдөө эцэг, эхийн хамт мал малладаг байсан. Бог голдуу мал малладаг байсан. Аавыг нь *******, ээжийг нь Дулам гэдэг байсан. Тухайн үеийн нэгдлийн дарга *******, тоо бүртгэгч гэж хүмүүс байсан. Нэгдэл 1990 онд хувьчлагдах хүртэл ******* тасралтгүй мал малласан... гэсэн,
гэрч Б.гийн ...******* Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн ******* багт 1980 оноос хойш мал маллаж байсан. 1994 онд Энхбаяр гэж хүнтэй гэр бүл болоод мал малласан. Одоо хүртэл малаа маллаж байгаа. ...хүнтэй суухаасаа өмнө бол аав *******, ээж Дулам нарын хамт шувт хөдөө мал малласан хүн... гэсэн мэдүүлгүүдээр Ц.*******ыг эцэг *******гийн хамт мал маллаж байсан гэж үзэх үндэстэй.
Мөн хүсэлт гаргагчийг дээрх хугацаанд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2017 оны 08-р сарын 15-ны өдрийн тоот лавлагаагаар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1984 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ