| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00393/И |
| Дугаар | 425 |
| Огноо | 2017-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 425
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ч.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* сумын Оргил нэгдэлд анх 1971 онд мал маллаж байсан. Мал маллаж байгаад 1977 онд цэргийн албанд татагдаж 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдөр халагдан ирсэн. Халагдаж ирээд нэгдэлдээ малчнаар орж нэгдэл тартал мал малласан.
1970 оны хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримтуудаа үрэгдүүлсэн тул намайг 1974 оны 07-р сарын 01-нээс 1977 оны 06-р сарын 12-ны өдөр хүртэл, мөн 1980 оны 06-р сарын 30-наас 1991 оны 12-р сарын 31-нийг дуустал хугацаанд Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсныг минь тогтоож өгнө үү.
Миний бие Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг бөгөөд мал маллаад бүл зав муутай учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ч.******* 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсан болох нь 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1988, 1989, 1990 онуудад авч байсан хөдөлмөр хөлс тооцсон баримт, 1989, 1990 онд шагнуулж байсан баярын бичгүүдээр нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Н.*******ын ...******* бид хоёр 3-р анги хүртэл нэг ангид сурдаг байсан юм. ******* 3-р ангиа төгсөөд мал дээр гарсан хүн. *******гийн аав ******* сумын Оргил нэгдлийн ******* гэж аварга тууварчин хүн байсан. ******* аавыгаа дагаад тууварт их явсан. ******* эхээс олуулаа. ******* аймгийн аварга тууварчин хүртэл болж байсан. Шагнуулаад гадаад явж байсан санагдаж байна. Манай ангийн Ш.******* гэдэг хүнтэй гэр бүл болсон. Манайх 1984 онд айл болсон. *******гийнх манайхыг гэр бүл болохын өмнө билүү хойно л гэр бүл болж байсан юм. Хэдэн онд гэдгийг нь сайн санахгүй байна. ... гэсэн,
гэрч Д.*******ийн ...******* 1980 он байна уу, 1981 оноос байна уу Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. ******* 1991 онд нэгдэл тартал мал малласан. ******* 1977-1980 оныг хүртэл цэргийн алба хаасан. Эцэг эхээс их олуулаа байдаг байсан. Ер нь байнга л мал маллаж ирсэн хүн. Аав ******* нь их мал туудаг хүн байсан. ******* ч гэсэн мал тууж байсан. Гэхдээ хэдэн онд мал тууж байсныг сайн санахгүй байна. ******* аав *******, ээжийнхээ хамт мал маллаж байсан. Ээжийнх нь нэрийг мартчихсан байна. тасралтгүй мал малласан... гэсэн,
гэрч Б.*******ын ...******* гэж хүнийг 1982 оноос хойш ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсныг нь мэднэ. Манай хоёр айл саахалт байсан юмаа. Аав *******, ээж нарын хамт мал малладаг байсан. Би тухайн үед 16 настай байсан. ******* аавынхаа хамт мал туудаг байсан.... гэсэн мэдүүлгүүдээр Ч.*******гийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар******* овогт *******ын *******г 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ