Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/585

 

                                                 

 

                                                                          

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Р-ын Б-д холбогдох эрүүгийн 18100 1791 0519 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

           

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, “Хан Гарьд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, хххх тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Р-ын Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн замын урд талд баригдаж буй барилгын манаачийн өрөөнд иргэн А.Ц-ын хоолой, ядам хурууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч Р.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг гаргасан. Би “Хан Гарьд” харуул хамгаалалтын ХХК-д хамгаалагч ажилтай. Сарын 350.000 төгрөгийн цалин орлоготой, эхнэр өндөр насны тэтгэвэрт байдаг. Би тухайн өдөр барилга дээр ажиллаж байсан хоёр хятад ажилтанд тамхи хүргэж өгөхөд, тэд надад архи өгсөн. Тэгээд ээлж буух дөхөж байсан учир өгсөн архийг нь ажил дээрээ ганцаараа уусан. Ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэсэн дүрэм журам байдаг. Хааяа миний бие өвдөхөөр би архи уудаг байсан.

Би ажлын талбайд обьектоо эргээд явж байхад цаасны хутга газарт байхаар нь гутлынхаа илүү гарсан улыг огтлох санаатай авсан байсан. Тухайн үед надад хүн хутгалах санаа зорилго байгаагүй, өөрөө согтуу байсан болохоор хохирогчийг яагаад хутгаар зүссэнээ сайн санахгүй байгаа юм. Миний буруу. Би хохирогч Цэрэнбадамд эмчилгээний зардалд тооцон 300.000 төгрөг төлсөн. Өнөөдөр би хохирогчтой уулзсан, түүний бие, эрүүл мэндийн байдал хэвийн сайн гэсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, цаашид архи уухгүй. Улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялыг хэсэгчлэн төлж, биелүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 18100 1791 0519 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хятадын төмөр замын барилгын хашааны манаачийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-5х/,

 

2. Хохирогч А.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би “Хан Гарьд” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Монфрэш” ХХК-д харуулын үүрэг гүйцэтгэж байхад 23:00 цагийн үед захирал Цолмонбаатар оператор Мандуухайгаар дамжуулж надад “55 буюу Яармагт байх обьект дээр харуул Бямбаа согтуу байна гэнэ, ээлж хүлээгээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би шуурхай албаны Анхтүвшинтэй хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн замын урд талын барилгын хашаанд байрлах 55 дугаартай харуулын байран дээр ирсэн. Анхтүвшин бид хоёрыг ирэхэд Р.Б нь харуулын байрны гадаа согтуу, машин гаргахгүй гээд зогсож байсан. Анхтүвшин намайг харуулын байр руу ороход “ээлжээ хүлээгээд авчих” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би Бямбаа гэх хүн дээр очоод “та харуулын байран дээрээ архи ууж болохгүй ш дээ, таньтай ээлж солилц гэж байна” гэж хэлээд харуулын байр руу ороход намайг заамдаад нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд намайг харуулын байрнаас гарах гэхэд гаргахгүй, надтай ноцолдоод байсан. Энэ үед шуурхай албаны Анхтүвшин гаднаас орж ирж бид хоёрыг салгасан. Би гадаа гараад захирал Цолмонбаатар болон оператортой утсаар ярьж “ээлж хүлээж авсан” талаар илтгээд байж байтал Бямбаа нь араас хүрч ирээд миний хоолойг зүсчихсэн. Тэгэхээр нь би Бямбааг “та яаж байгаа юм бэ, миний хоолойг зүсчихлээ ш дээ” гэж хэлээд зүүн шанаа хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд шуурхай албаны даргад ...“энэ хүн миний хоолойг зүсчихлээ” гэж хэлсэн. Тэр үед  миний хоолойноос цус их гарч байсан болохоор шуурхай албаны дарга намайг Гэмтэлийн эмнэлэг рүү авч явсан.

Би Бямбаа гэх хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Намайг гараа атгаж байгаад миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд хоолойг хутгаар зүссэн. Тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. Шуурхай албаны дарга бие засах гээд явсан байсан. Миний хоолойд 5 оёдол тавьсан. Ярьж, юм идэхэд хөндүүртэй байгаа. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бямбаа гэх хүн нилээн согтуу байсан. Бямбаа миний хоолойг зүсэхэд би холдуулах гээд нэг удаа зүүн шанаа руу нь цохисон. Би 9214 дугаартай шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Р.Б надад учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би эмчилгээ хийлгээгүй болохоор нэхэмжлэх зүйлгүй. Хэргийн материалд хавсаргуулах баримт байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-13х, 62-63х/,

 

3. Гэрч У.Анхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би “Хан Гарьд” хамгаалалтын албаны шуурхай албаны дарга ажилтай. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед манай захирал Цолмонбаатар залгаад “55 дугаар постон дээр гарч байгаа Бямбаа гэдэг харуул архи уусан байгаа учраас 22 дугаар постон дээр гарч байгаа Цэрэнбадам гэдэг харуулыг сольж гаргаад Бямбаа гэдэг харуулыг гэрт нь хүргэж өгөөдөх” гэж хэлсэн учраас би “Монфреш” дээр очиж Цэрэнбадамыг аваад Яармагт байдаг 55 дугаар постон дээр очоод Цэрэнбадамыг “манаачийн байр руу ороод ээлжээ хүлээж аваад Бямбааг аваад гараад ир” гэж хэлээд оруулчихаад хүлээгээд харуулын цонхоор харж байхад Цэрэнбадам, Бямбаа хоёр хоорондоо барьцалдаад авахаар нь харуулын байранд ороод салгасан. Цэрэнбадамыг “гадаа гараад байж бай” гэж хэлээд би Бямбаагийн хувцас цүнхийг нь аваад , гарч машин дээрээ очоод хийх хооронд Цэрэнбадам “Анхтүвшин ахаа миний хүзүүг энэ харуул зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгээд очоод харахад Цэрэнбадам гараараа хүзүүгээ дарсан,  гарыг нь дагаад цус гарч байсан. Тэгээд би түүнийг машинд суулгаад Яармагийн гүүрний постон дээр гарч байсан харуул Тогтохыг дуудаж “Бямбааг харж байгаарай” гэж хэлээд Цэрэнбадамтай хамт Гэмтэлийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн.

Цэрэнбадамын биед Бямбаа гэмтэл учруулсан, яг юугаар гэдгийг нь би хараагүй. Хүзүүний төвөнхний дээд хэсэгт хөндлөн, бас баруун гарын ядам хуруу нь зүсэгдсэн байсан. Цэрэнбадам харуулын байрнаас гарахдаа зүгээр гарсан ямар нэгэн цус гарсан гэмтэл учирсан зүйл байгаагүй. Намайг харуулын байрнаас гарч ирээд Бямбаагийн хувцас цүхнийг машинд хийж байх хооронд Бямбаа Цэрэнбадамын хүзүүг нь зүсэж гэмтэл учруулсан гэж надад хэлсэн. Тухайн үед би сандарсандаа Бямбаагийн гарт хутга байсан эсэхийг анзаарч харж чадаагүй.

Цэрэнбадам нь эхлээд Бямбаатай барьцалдаж авахдаа цохиогүй гарыг нь бариад зогсож байсан. Сүүлд хоолойгоо зүсүүлчихээд нэг удаа цохиж байх шиг байсан. Тухайн асуудал болох үед Бямбаа, Цэрэнбадам, бид гурваас өөр хүн байгаагүй. Хэрэг болсон газар хяналтын камер байхгүй. Цэрэнбадам согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бямбаа нь нилээн согтуу байсан. ...Цэрэнбадам надад хэлэхдээ “цаасны хутганы ир” байсан гэж хэлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-22/,

 

 4. Гэрч Б.Мандуухайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 07 сарын 26-ны өдөр оператораар ажиллаж байсан. Манай үүрэг гүйцэтгэж байгаа харуулууд өглөө ээлж авснаас хойш шөнийн 12 цаг хүртэл нэг цаг тутамд, шөнийн 12 цагаас өглөөний 07 цаг хүртэл 30 минут тутамд оператаруудад мэдээгээ өгдөг юм. Тухайн өдөр пост 55 дээр үүрэг гүйцэтгэж байсан Р.Б нь 20 цагаас хойш утсаа авахгүй байсан. 22 цагийн үед ерөнхий захирал Цолмонбаатар надруу яриад “пост 55 дээр ажиллаж байгаа Бямбаа согтуу байгаа юм бишүү, чи цаг цагт нь мэдээгээ авч байгаа юу“ гэж  хэлсэн. Тэгээд шуурхай албаны Анхтүвшин ганцаараа явах гэж байгаад болиод пост 22 дээр үүрэг гүйцэтгэж байсан Цэрэнбадамыг надаар дуудуулаад тэр хоёр пост 55 руу явсан.

23 цагийн үед Цэрэнбадам руу залгахад “би постоо авах гэж байна” гэж ярихад нь би “чи утсаа таслалгүй байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд Цэрэнбадам “таны ээлжийг хүлээж авахаар ирлээ, та яагаад архи уучихсан юм бэ” гэж хэлэхэд Бямбаа нь “миний архи уух, уухгүй чамд ямар хамаатай юм” гээд утас нь шуугиад байсан. Хэсэг хугацааны дараа Бямбаа “чиний хоёр нүдийг ухаад гарт чинь бариулаад шоронгийн хадаас болгоно” гээд орилж байх нь надад сонсогдсон. Тэгээд утас нь шуугиж байгаад тасарсан. Манай захирал Цолмонбаатар залгаад “нөгөө Цэрэнбадамын хоолойг нь хэрччихсэн гэнэ ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цэрэнбадам руу залгахад “Бямбаа ах намайг дуудаад, хоолойгоор тэврэх шиг болоод хоолой зүсчихлээ” гэж хэлэхээр нь би “цус нь хэр гарч байна” гэхэд Цэрэнбадам “гараараа дараад тогтохгүй байна, хажуугаар нь гоожиж байна” гэж хэлсэн. 30 орчим минутын дараа “Гэмтэл рүү явж байна” гэж хэлсэн. Би Бямбаа гэх хүнийг харж байгаагүй, ямархуу зан авиртай хүн бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

5. Нийт урт 10см, 1,8 см өргөнтэй цаасны хутганы ажлын хэсгийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол /хэргийн 44х/, 

 

6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 45-46х/,

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9214 дугаартай дүгнэлтэд:

1. А.Ц-ын биед хүзүү, баруун ядам хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,

 

 8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Р.Бгийн яллагдагчаар өгсөн:

  “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Би “Хан Гарьд” харуул хамгаалалтын газар 2016 оноос хойш ажиллаж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү Молл худалдааны төвийн замын урд талын зам гүүрийн бэлдэцийн талбай буюу пост 55 гэж нэрлэх газар үүрэг гүйцэтгэсэн.

Надтай хамт гарах ёстой хүн тэр өдөр гараагүй. Тухайн өдөр 19 цагийн үед хоолоо аваад явж байхад барилга дээр ажилладаг 2 хятад иргэн дуудаад, өрөөндөө оруулж “Талын хар” гэх архинаас 2 хундага өгөхөөр нь би уучихаад постон дээрээ ирж хоолоо идчихээд хашаагаа тойрч эргэсэн. Тухайн Хятадуудад хааяа даа би тусалдаг байсан болохоор намайг дуудсан байх гэж бодож байна. Хашаан дотуур объектоо эргэж явж байгаад би газраас цаасны хутганы ир олоод халаасандаа хийсэн байсан. Тухайн үед өмсөж явсан гуталны өлмийний хаймар нь илүү гарчихсан байсан болохоор тэрийг авах гэж цаасны хутганы ирийг авсан. Тэгээд 21 цагийн үед гэрээсээ авч ирсэн 0,33 литрийн “Хараа” архийг ганцаараа уучихсан. Нилээн согтсон байсан болохоор постныхоо гадаа сууж байсан санагдаж байна. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн намайг аваад явсан.

Би А.Ц-тай маргалдсан байх. Би сайн санахгүй байгаа. Хажууд Цэрэнбадам, Анхтүвшин нар байсан. Би А.Ц-ын хоолойг нь цаасны хутганы ирээр зүсчихсэн. А.Ц- намайг нэг удаа нүүр рүү цохисон гэж хэлж байсан. Би сайн санахгүй байна. Би тухайн өдөр анх удаа Цэрэнбадамтай тааралдсан. Шүүх эмнэлгийн 9214 дугаартай дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлүүдийг А.Ц-д би учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-43х/ болон түүний хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 51х/, хохирогч А.Ц-ын “Хохирол төлбөрт тооцон 300.000 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хангалттай баримтууд гэж шүүх үнэлж, дүгнэсэн болно

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Бгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Р.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн замын урд талд баригдаж буй барилгын манаачийн өрөөнд иргэн А.Ц-ыг “та харуулын байран дээрээ архи ууж болохгүй ш дээ, таньтай ээлж солилц гэж байна” гэж хэлэхэд заамдаж нүүр рүү нь цохиж, хоолой, ядам хурууг нь цаасны хутганы ирээр зүсэж, биед нь “хүзүү, баруун ядам хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч А.Ц-ын мэдүүлэг /хэргийн 11-13х, 62-63х/, гэрч У.Анхтүвшин /хэргийн 22-22/, Б.Мандуухай /хэргийн 23-24х/ нарын мэдүүлэг, хэргийн газарт /Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хятадын төмөр замын барилгын хашааны манаачийн байр/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-5х/, “нийт урт 10см, 1,8 см өргөнтэй цаасны хутганы ажлын хэсэг”-ийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол /хэргийн 44х/,  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 45-46х/, “...А.Ц--н биед хүзүү, баруун ядам хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9214 дугаартай дүгнэлт /хэргийн 26х/, шүүгдэгч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй  нотлогдож тогтоогдсон байна.

 

 Хохирогч А.Ц-ын биед учирсан “хүзүү, баруун ядам хуруунд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Р.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ маргалдан, гартаа барьсан цаасны хутганы ирээр зүссэн үйлдэлтэй шалтгаант холбоотой, шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Р.Бгийн хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн шүүгдэгч Р.Б нь хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймд шүүгдэгч Р.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,  мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ, сувилгаа хийлгэх зэрэг болон бусад зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэргийн хохирогч А.Ц- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэлийн шаардлага гаргасан талаар хэрэгт баримтгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 300.000 /гурван зуун мянга/ төгрөг нөхөн төлснийг хохирогч нь хүлээн авч, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн баримттай байна.

 

Иймээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн 51 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн нь шүүгдэгч Р.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болохыг нотлох ба тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа ...учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.2 дахь заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.

 

Шүүх, шүүгдэгч Р.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсний тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 10 см, 1,8 см өргөнтэй цаасны хутганы ажлын хэсгийг /хэргийн 44х/ зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисст” шилжүүлж, уг хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ц- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

                                                     ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Р-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Р.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 10 см, 1,8 см өргөнтэй цаасны хутганы ажлын хэсгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Р.Б нь 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч А.Ц-д нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэсүгэй.

 

6. Энэ хэрэгт Р.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Р.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД