Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Догмиддорж,

         Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эд холбогдох эрүүгийн 2219000000108 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         М.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч М.Э нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарлаг шанд хорооллын 58 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн С.Төгсжаргалын эзэмшлийн 76-76 ДГН улсын дугаартай, Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, 430,000 төгрөгийн, мөн 49-91 ДГС улсын дугаартай Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгслийн копутыг хонхойлгон зурж, гэмтээсний улмаас 250,000 төгрөгийн, нийт 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч М.Эын шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч С.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 10 цагийн үед эхнэр Бадамханд нь ээж, аавынхаа гэрээс ирэхдээ “Бид хоёрын машиныг хүн гэмтээсэн байна” гэхээр нь би гэрээс гараад өөрийн 76-76 ДГН, 49-91 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээ харахад сувдан цагаан өнгийн 76-76 ДГН улсын дугаартай, Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гол хэсэгт нь цохиж хагалсан. Харин улаан өнгийн, 49-91 ДГС улсын дугаартай Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгслийн копутыг хонхойлгон зурсан байсан. Тэгэхээр нь байрныхаа СӨХ-ийн хяналтын камерыг шүүсэн ... М.Эаас хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан  ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

          Гэрч Б.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... намайг гэртээ байж байхад өмнө нь үерхдэг байсан залуу Э миний 96233033 дугаарын гар утас руу залгаад “машиныг чинь эвдсэн, хохь чинь” гээд нэлээн согтуу ярьсан. Тэгэхээр нь би гэрээс гараад 49-91 дугаарын машинаа харахад урд копуд нь хонхойж, зурагдсан байхаар нь машинаа унаад салсан нөхөр Төгсжаргалын гэрийн гадаа ирэхэд Төгсжаргалын цагаан өнгийн 76-76 ДГН улсын дугаартай, Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан байсан. Тэгээд би Төгсжаргалын гэрт ороод “машиныг чинь Э эвдсэн байна” гэхэд Төгсжаргал гараад, машинаа үзээд орцны үүдэнд байдаг хяналтын камерыг шүүж үзэхэд бичигдсэн зүйл байгаагүй.  ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,

          Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө би жаахан сэтгэл санаагаар унаад архи уумаар болоод, Дэнжийн дэлгүүр явах замдаа найз бүсгүй Бадамхандын унадаг   49-91 ДГС улсын дугаартай, Ниссан Жуке маркийн машин Нарлаг шандын авто зогсоол дээр байхыг хараад өмнө нь найз бүсгүйн хуучин нөхөр нь амьдардаг гэдгийг сонсож байсан учир Бадамхандын салсан нөхрийн унадаг машиныг хайсан. Учир нь өмнө нь найз бүсгүй Бадамханд нь над дээр ирэхдээ унаж ирдэг байсан болохоор мэднэ. Тэр үед найз бүсгүй Бадамханд салсан нөхрийнхөө сувдан цагаан өнгийн 76-76 ДГН улсын дугаартай, Тоёота Камри маркийн машиныг унаж ирэхэд нь би “хэний машин юм бэ” гэхэд “салсан нөхөр Төгсөөгийн машин” гэхээр нь би “яагаад буцаад нөхөртэйгөө харилцаатай, машиныг нь унаад яваад байгаа юм бэ” гэхэд Бадамханд “хүүхдээ цэцэрлэгээс өгч авч бай гээд машинаа өгсөн” гэж тайлбарлаж байсан. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир Бадамхандад жаахан гомдож бухимдаад, улаан өнгийн 49-91 ДГС улсын дугаартай Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгслийн копутан дээр нь цохисон. Мөн улаан өнгийн 49-91 ДГС улсын дугаартай Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгслийн хойд талд байсан сувдан цагаан өнгийн 76-76 ДГН улсын дугаартай, Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг хараад, өмнө нь найз бүсгүй Бадамхандын хэлж байсан “Төгсөө бол аймар хүн, намайг үнэхээр зовоодог байсан, мөн хүүхдийг минь над дээр байлгахыг хүсдэггүй, хэцүү байдаг” гэснийг санаад уур хүрээд 76-76 ДГН улсын дугаартай, Тоёота Камри маркийн машин дээр гарч зогсоод, “Бадамаа” гэж чангаар хашхираад буцаад буухдаа халтираад, урд салхины шилийг нь хөлөөрөө гишгэж цуулсан ...   ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугаартай “... салхины шил /урд/ 400,000 төгрөг, эд анги солих 30,000 төгрөг, нийт 430,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 699 дугаартай “... капут 60,000 төгрөг, будах зардал 170,000 төгрөг, 100 гр будаг, лак 20,000 төгрөг, нийт 250,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,

          Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 53, 56-65 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч М.Э нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарлаг шанд хорооллын 58 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн С.Төгсжаргалын эзэмшлийн 76-76 ДГН улсын дугаартай, Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, 430,000 төгрөгийн, мөн 49-91 ДГС улсын дугаартай Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгслийн копутыг хонхойлгон зурж, гэмтээсний улмаас 250,000 төгрөгийн, нийт 680,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Иймд шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Хохирогч С.Төгсжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед “хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирол төлбөргүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Э нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА